Хуулиар хамгаалуулсан хулгайн анчид олшрох нь

Зураг дээрх хүмүүс Баянзүрх дүүргийн нутаг, Улиастайн Баянголын ам орчмоос өнгөрсөн долоо хоногт ан хийх гэж завдаад баригдсан аж. Тухайн хэсгийг хариуцсан байгаль хамгаалагч ээлжит шалгалтаа хийж явахдаа тэднийг орчин тойрноо гэрэлтүүлж байхыг харжээ. Ингээд яахыг нь хэсэг харзнасан гэнэ. Гэтэл тэд амьтны сэг сахин суусан аж. Тэдний зорилго нь саарал чоно агнах байж. Харамсалтай нь, тэдэнд ямар ч хариуцлага хүлээлгээгүй гэх.

Нийслэлийн ногоон бүс дэх зэрлэг амьтны тоо толгой сүүлийн жилүүдэд цөөрсөн гэх таагүй мэдээ дуулдаад удсан. Улаанбаатар хот хаяагаа тэлж, оршин суугчид нь олширч, бэлчээр хумигдсаны уршгаар амьтад дайжсан гэж холбогдох албаныхан хэлдэг. Тэгвэл сүүлийн жилүүдэд эзэндээ гологдож, зэрлэгшсэн ноход зэрлэг амьтдад халтай болоод буй. Ноход сүрэглэн ой, хээрээр тэнүүчилж, зэрлэг амьтдаар хооллохоор завддаг нь нийслэл орчмын ногоон бүс дэх амьтдын тоо толгойг цөөрүүлэх нэгээхэн шалтгаан болж байгаа гэдэг.

Хэдэн зуун метр явалгүй, хотоос холгүйхэн очоод буга, гөрөөс, илий, янзага зэрэг амьтныг хардаг байх нь нийслэлийн иргэдэд бухимдлаа тайлах давуу тал болох нь дамжиггүй. Мөн Улаанбаатар хотыг зорьж ирсэн жуулчдыг татахад ч эдгээр амьтан дэм үзүүлэх нь гарцаагүй. Гэтэл өдгөө нохой бус, цусыг нь уух, эсвэл зугаагаа гаргах гэсэн хүмүүс тэдэнд аюул учруулдаг боллоо. Тэд ганган машин хөлөглөн, үнэтэй, хүчин чадал сайтай буу агсаж ан хийхээр нийслэлийн ногоон бүсэд шөнийн цагаар хэрэн хэсүүчилж буй аж. Ингэхдээ хурц гэрлээр амьтдыг айлгаж, энд тэнд отох нь хэвийн үзэгдэл.

Уг нь өнгөрсөн хоёр жил нийслэлийн ногоон бүс дэх зэрлэг амьтдын тоо толгой бага боловч өсчээ. Хот тойрон идээшиж буй амьтдын талаар нийслэлийн БОАЖ-ын газрын Амьтан, ургамал, химийн бодисын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатараас тодруулахад “Өнгөрсөн 2016 онд нийслэлийн Байгаль орчны газраас агнуур зохион байгуулалтын тайлан хийлгэсэн. Энэ үеэр нийслэлийн ногоон бүс дэх хөхтөн амьтныг тоолсон. Өнгөрсөн дөрөвдүгээр сард нийслэлийн БОАЖ-ын газрынхан байгаль хамгаалагчдын оролцоотойгоор хөхтөн амьтнаа дахин тооллоо. Зэрлэг амьтдын тоо толгой олширсон гэх таатай дүн гарсан” гэсэн юм.

Мөн тэрбээр “Ийнхүү зэрлэг амьтдын тоо толгой олширч буй нь биотехникийн арга хэмжээний үр дүн гэж үзэж байгаа. 2017 онд анх удаа ногоон бүсэд био техникийн арга хэмжээ хэрэгжүүлж, найман цэгт 100 боодол өвс, дөрвөн тонн хужир тавьж өгсөн юм. Өнөө жил үүнийгээ үргэлжлүүлж одоогийн байдлаар 45 боодол өвс, 250 кг хужир тавиад байна. Ингэснээр амьтад дайжилгүй, хотын ногоон бүсэд идээших болсон. Гэвч зэрлэгшсэн ноход, хулгайн анчид тэднийг үргээсээр байна.

Бид нийслэлийн Захирагчийн ажлын албаныхантай хамтран зэрлэг нохой устгах ажлыг тогтмол зохион байгуулж ирсэн. Түүнчлэн хулгайн анчдын үйлдлийг хязгаарлахаар байгаль хамгаалагчид өдөр бүр эргүүл хийж байна. Хүссэн болгон ан хийхээр завддаг байсан үеийг бодвол ийм зөрчил цөөрсөн. Гэхдээ нууцаар гэрэлтүүлдэг явдал байсаар байна” гэж ярьсан юм. Хулгайн анчид арайхийн үржиж буй амьтдын тоог цөөлөхөөр “хүчин зүтгэж” байна гэсэн үг.

Уг нь Амьтны тухай хуулийн 11.1.10-т “Хот, тосгоны ногоон бүсэд судалгаа шинжилгээ, халдварт өвчний голомт эрүүлжүүлэх, ан амьтны тоо толгойг зохицуулахаас бусад зорилгоор агнуурын амьтан агнах, барихыг хориглоно” гэж заасан байдаг. Гэвч хүмүүс үл ойшоож байгаа аж. Байгаль хамгаалагч Х.Бямбаа “Хүмүүс хавар хууль бусаар ан хийх гэж оролдох нь элбэг. Сүүлийн үед иргэд байгаль хамгаалах ажилд идэвхтэй оролцдог болсон. Бид мэдээллийнх нь дагуу шалгалт хийдэг. Өнгөрсөн өвөл манай энэ хавиар (Гачуурт, Шар хоолойн ам) ийм гурван зөрчил гарсан. Зарим үед иргэдийн мэдээллээр мөшгөөд алдах нь ч бий” гэсэн юм.

Харин бусад байгаль хамгаалагч “Хулгайн анчидтай тэмцэх нь бидний хийдэг гол ажил боллоо. Тэдэнтэй өдөр, шөнөгүй л хөөцөлдөж байна. Тэдэнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжгүй тул өчнөөн хугацаа зарцуулж, “муур, хулгана” аятай хөөцөлдөн байж барьж аваад сануулаад л өнгөрдөг” хэмээн ярив.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан ногоон бүс, алслагдсан дүүрэг, хороодын нутаг дахь хууль бус мод бэлтгэл, ан агнуураас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр арав хоногийн өмнөөс хяналт, шалгалт хийж эхэлжээ. Уг шалгалтын талаар тус газрынхан “Амьтны тухай хууль тогтоомжоор хориглосон хугацаанд зэвсэг хэрэглэн ан хийхээр завдах зөрчил гарсаар байна. Хүмүүс хүчин чадалтай тээврийн хэрэгслээр гэрэлтүүлэх тохиолдол цөөнгүй байгааг илрүүлсэн” гэлээ.

Харин ийм зөрчил гаргасан хүмүүст ямар хариуцлага ногдуулдгийг лавлахад “Амьтан агнасан бол тухайн хүний автомашин, бууг хурааж, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар Зөрчлийн тухай хуульд тусгасан. Иргэнийг 150-300, хуулийн итгээдийг 1500-3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэв. Өөрөөр хэлбэл, хууль зөрчин амьтан агнасан, түүнийг нь баримтаар нотолсон тохиолдолд л гэмт этгээдэд хариуцлага хүлээлгэнэ гэсэн үг. Харин хууль зөрчин ан хийхээр завдсан хүмүүст оноох ял, тооцох хариуцлага алга. Энэ талаар эх сурвалжууд “Зөрчлийн хуульд “завдах” гэсэн заалт байхгүй. Тийм болохоор ногоон бүсэд ан хийхээр завдсан хүнд торгууль ч ногдуулж болохгүй” гэсэн юм.

Орчныхоо экосистемийг эрүүл байлгаж, элдэв халдварт өвчин гарахаас сэргийлж байдаг саарал чоныг агнахаар завдаад баригдсан дээрх хүмүүст хариуцлага тооцоогүйн шалтгаан энэ. Зэвсэг нь зөвшөөрөлтэй байсан тул тэднийг яаж ч чадалгүй тавьж явуулсан тухайгаа байгаль хамгаалагч халаглан ярьсан. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулдаггүй юм гэхэд, нийслэлийн удирдлага журам гаргаж, ногоон бүс дэх амьтдыг хамгаалах шаардлага тулгарсныг энүүхнээс мэдэж болохоор. Эс бөгөөс техник, хэрэгслээрээ илүүрхсэн хулгайн анчид байгаль хамгаалагчдыг үл ойшоож, дорд үзэн уйдаагаа гаргахаар ой дундуур дарь үнэртүүлэх тохиолдол гаарах нь. Тэд өлссөндөө ан хийхээр яваагүй нь лавтай.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай