Хүнийслийн эрин

 “Драгон” авто вокзалын орчимд сүүлийн үед “урт гартнууд” улам олширсон тухай дуулддаг нь ортой аж. Саяхны нэг өдөр Архангайгаас ирсэн эгчийгээ тосохоор тэнд очтол шуудангийн автобустай зэрэгцээд үймсэн олны дунд хоёр нөхөр “но”-той гэгч нь эргэлдээд болдоггүй. Харваас хөдөөнийх, ядарсан байрын шинжтэй ахимаг насны нэгэн эмэгтэй автобусны тээшнээс ачаагаа олж, буулгах гээд жолоочийг царайчлан, будилж цөхсөөр өнөөх хоёрын “өгөөш” болов бололтой. Тас сугавчилсан том саарал цүнхнээс нь нүд салгахгүй дагуулж байсан тэдний нэг нь эгчийг утсаа гаргаад хүүхдүүдтэйгээ ярих хооронд онгорхой цахилгаанаар нь гараа сэм явуулахыг хараад тэссэнгүй “Хулгайч” гээд хашхирчихлаа.

Цахиртсан энэ дуунаар хөөрхий эгч хулгайд хамаг юмаа алдахаас аврагдаж (тэрбээр хүүхдийнхээ хонхны баярт оролцох санаатай хотод иржээ), талархлын үгээр намайг шагнасан бол хоёр хулгайчийн сүлбэх мэт зэвүүн, хүйтэн харцанд хамаг бие дагжив. Үүнийг анзаарсан эгч хажуугаас нудраад “Иймэрхүү хүмүүсээс болгоомжлохгүй бол аюултай гэсэн шүү” хэмээн аяархан шивнэсэн. Энэ бүхэн нүдэн дээр болж өнгөрсний дараа “Өө, муусайн хулгайч нар дандаа ингэдэг юм” хэмээн тал талд шаагилдсан хүмүүс бүгдээрээ тэднийг анзаараагүй юү, эсвэл “Хүнд туслах гэж байж өөртөө гай тариад яах вэ” гээд амаа хавчсан уу, мэдэхгүй.

Хүний мөс чанар өдөр хоногоор “хайлж” буй учраас өнөөгийн нийгмийг “Зэрлэг капитализм” хэмээн зарим сэхээтэн тодорхойлсон нь оносон юм шиг ээ. Тэр тусмаа хүн хүнийхээ төлөө гэсэн монголчуудын тийм нэг нандин эрхэм чанар, элгэн халуун сэтгэл хаана гээгдчихсэн юм бол гэмээр гунигтай үе бишгүй таарах. Тоглоомын талбайд байсан хүүхдүүдийн нэг нь гулгуур руу авирч байгаад хөл алдан унахдаа уруулаа сэтэлсэн “хэрэг” мандах үеэр нэгэн эмээгийн хэлсэн үг, хүнийрхүү зангийн тухай найзаасаа сонсоод гайхах, харамсах зэрэгцэж билээ.

Хоёр хүүхдээ салхилуулж байсан ээж нь түр зуур дэлгүүр ороод ирэхийн хооронд бага нь ахыгаа дагаж хуучин төмөр гулгуур өөд авирах гээд унахдаа лаазны ирмэг дээр таарчихаж. Энхрий охиных нь ам, хамар цус нөжиндөө хутгалдсаныг хараад балмагдсан ээж “Би танд охиноо захисан шүү дээ. Харж байхгүй яав аа” хэмээн уйлахад эмээ өөдөөс нь “Одоогийн хүүхдүүд ямар хүний үг авах биш. Зөндөө л хэлсэн” гээд жишимгүй сууж байсан гэдэг.

Хүний жаахан үрийг өөрийн ач, зээтэй адилтган бодсон бол эмээ түүнийг аашлаад, аргадаад, эсвэл бүр “алган боов” үзүүлээд ч хамаагүй болиулж болмоор. “Монш чинь үгэнд орохгүй болохоор нь гар хүрчихлээ шүү” гээд намбайж суувал эмээг ямар ч эх хүн ойлгоно доо. “Хүний амьдрал маньд ямар хамаа байх вэ”, “Бусдын асуудал надад хүртээлгүй” гэсэн хувиа хичээх үзлийн шилэн хоргоор нэг нэгнээсээ тусгаарлагдсан нийгэмд эхийн сэтгэлийн үнэ цэнэ хүртэл энэ зэргийн “шалгуурт” бүдрээд байхаар яах вэ.

Хөхөө өвлийн хүйтнээр хаа хамаагүй явуулын хүмүүст цай, хоол дөхүүлж өгөх гэж яваад амиа алддаг өндөр ээжийнх шиг агуу сайхан сэтгэлийг өнөө хүн бүхнээс нэхэх гэсэнгүй. Зүгээр л монголчууд бие биедээ хүн ёсны үүднээс хандаж, ажил, амьдралд нь хэрэгтэй зөвлөгөө өгч, шаардлага тавьж хүртэл чадахаа байсан тухай яриад байна. Урин дулаан цаг айлсах яагаа ч үгүй байхад нимгэн хөнгөн хувцсандаа орсон охид бүсгүйчүүдийг “Эд нарын байж байгаа царайг хараач” хэмээн нийгмийн сүлжээгээр дуу дуугаа авалцан өөнтөглөж, баалахын оронд “Эмэгтэй хүн доороосоо дулаан байх ёстой юм шүү” гэж хүний сайхан сэтгэлээ дэлгэсэн нь хэд бол.

Бага байхад манай нутагт гол усандаа зартай хоёр айхтар агсам хүн байж билээ. “Өнөөх чинь согтуу ирж байна шүү, хутга, шөвгөө далд хийгээрэй” хэмээн айл саахалтаар нь бажга алдуулдаг тэд ээжээс минь л ганц эмээдэг сэн. “Хүн хүний амны зугаа болоод ингэж явах ч гэж дээ...” гэх зэргээр ээж хоёуланг нь зад загнахдаа загнаж, алгадахдаа алгадаад “номхруулна”. “Улаан нүүрэн дээр минь үнэнийг хэлж, болохгүй бол алгадаад авах хүн танаас өөр үгүй.

Алгадуулах, аашлуулах ээжтэй байх сайхан” хэмээн асга цутга уйлах нулимс нь хуурамч байгаагүйг хожим ээжийгээ бурхан болоход мэдэрсэн дээ. Архинаас гарч, хот орон газар бараадан ажил, амьдралаа өөд нь татсан нэг нь лав ээжийн минь ажил явдалд зорин ирж байв. Хүмүүний амьдрал хязгааргүй баян, эр хүн туг ч барьж, тугал ч хариулж болдгийг ээжийн минь үгнээс ойлгосон тухайгаа тэрбээр хэлж билээ.

Харин өнөө цагт нийгмийн сүлжээнээс хараад байхад нэг зүйл дотор арзасхийлгэх болов. Нэгнээ шүүмжлэх бус доромжилсон, хүний сайн сайхны төлөө гэхээсээ илүү муу муухайг нь үзэх гэсэн явуургүй арга улам бүр газар авсаар байна. Зохиолч, сэтгүүлч С.Батмөнх агсан тэртээ 1991 онд бичсэн “Муухай монгол хүн” номдоо “Ажил хийдэггүй хүнд шаардлага тавьсан даргыгаа “захиргаадав”, “дарангуйлав” гэж өөдөөс нь асан буруутгаж, огцрохыг шаардана. Оронд нь өөрөө бус гэхэд өөртэйгөө нэлээд төстэй нөхрийг, эсвэл найзыгаа тавьж, улс оронд “өөрчлөлт шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд” чухал хувь нэмэр оруулна...” хэмээн монголчуудын атаархуу, хулчгар занг ний нуугүй дэлгэж байж. Тэгвэл өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд ийм байдал улам дордсон уу гэхээс дээрдээгүй.

Хүний мууд дуртай, нэгнийгээ хардаж сэрдэх донтой монголчуудад ардчилсан нийгмийн хэт эрх чөлөө харин ч нэг “зохижээ”. Хүнд хэрэгтэй, зөв зүйтэй шаардлага тавьдаг ч хүнгүй, эсрэгээрээ өөрийнх нь төлөө хэлснийг шингээгээд авчих ухаангүй харалган залуус олшров. Нүүр нүүрээ хараад асуудлаа шийдэж чадахгүй, дэлгэцийн цаанаас нэгнээ яаж ч болох “эрх чөлөөний амт”-нд шүлэнгэтэн дурласан хүмүүс өдгөө улам л эх захаа алдах болов. Ажилтандаа хатуухан үг хэлсэн дарга хүн доромжилсон хэргээр шоронд шомбойж мэдэх цөвүүн цаг наашилж байх шиг.

Дориухан яваа нэгнийхээ мууг үзэх гэсэн арчаагүй, атгаг санаа, эцэс төгсгөлгүй энэ хардалт үнэндээ цөөхөн монголчуудын хувьд эмгэнэл юм. Энэ байдлаараа бол удахгүй цэргийн ангийн захирагч хүртэл “атаманууд”- аараа хэдэн бухал өвс хадуулаад, малчдад тус нэмэр хүргэж ч болохгүйд хүрэх вий. Улсаас цэргүүдийг үнэгүй хооллож, хувцаслаж байгаагийнх цаг давчуу, яарч тулгамдсан үед тиймхэн тусыг нь авч болно доо.

Харин тэгснийх нь төлөө үхэн хатан ялархаж, дээшээ матаас бичиж гүйдэг доожоогүй эрс Монголын армийн нэр хүндийг гутаах ёсгүй. Одоо бүр цэцэрлэгийн жаал хүртэл багшийгаа ширүүхэн дуугарвал “Цагдаад хэлнэ” гэх нь холгүй болж. Бухын хүзүүнээс хатуу “сээртэй” буруу эрхэлсэн хүүхдүүд өнөөдөр маш олон болсныг цэцэрлэг, сургуулийн багш нар хэлдэг. Хичээлээ хий, эрүүл ахуйн зөв дадал хэвшилд суралц хэмээн зүй ёсны шаардлага тавихаар хүүхдүүд нь орой очоод аав, ээждээ хов зөөдөг учраас гурвалжин, дөрвөлжин маргаан үүсэх вий гэсэндээ “амаа хавчдаг” тухайгаа тэд учирладаг.

Эцэст нь “Зурагтайгаа олон нийтийн сүлжээгээр дэлгэгдэхгүйн тулд “зөв” амьдарч байгаа нь тэр” гэж энэхүү эмгэнэлт инээдмийн нийгмийн дүр төрхийг эерүүлэн тайлбарладаг нь л хамгийн хөгийн.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай