Овечкины 13 жилийн мөрөөдөл биелэхэд ойрхон байна

 

Үндэсний хоккейн лигийн Стэнлийн цомын төлөөх өрсөлдөөн тун чиг ширүүн өрнөж байна. Тэр дундаа “Дорнод” конференцийн багууд гайхалтай тэмцлээр үзэгчдэд бэлэг барилаа. Өнөө өглөө “Вашингтон Кэпиталс”, “Тампа Бэй” клубүүд конференцийн шувтаргын цувралын долоо дахь тоглолтоо хийхэд АНУ-ын нийслэлийн баг 4:0-ээр хожиж олон жилийн хүсэл мөрөөдөлдөө нэг алхам урагшиллаа. Учир нь “Кэпиталс” клуб “хүчирхэг баг” хэмээх хүндлэлийг цөөнгүй улиралд  хүртэж ирсэн ч Стэнлийн цомын шигшээ шатанд 20 жилийн дараа шалгарч байна. Оросын легионер, улирлын шилдэг довтлогчийн долоон удаагийн шагналт, олон дээд амжилтын эзэн Александр Овечкин ҮХЛ-д хөл тавьсанаасаа хойш 13 жилийн турш дээрх шатанд үлдэж байгаагүй юм. Тиймээс нийслэлийн баг хамт болон болоод хотын иргэдийн хувьд энэ нь том баяр цэнгэл болон тохиож байна. Одоо туйлын мөрөөдлөө гүйцэлдүүлэхэд тэдэнд  4-7 тоглолт л үлдлээ.

Шигшээ өрсөлдөөнд Овечкин ба түүний “Вашингтон” багийг “Вегас Голден Найтс” хүлээж байна. Тус клуб мөн л дуулиантайгаар энэ өндөрлөгт гарч ирсэн. Дөнгөж өнгөрсөн улиралд байгуулагдсан атлаа “Өрнөд” конференцийнхээ хүчтэй өрсөлдөгчдийг шил дараалан ялсан юм. Хоёр багийн цуврал тавдугаар сарын 28-ны өглөө эхэлнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай