ИНЕГ, МИАТ ТӨХК-ийн нар дарга улсын төсвөөс их хэмжээний мөнгө хууль бусаар гаргуулжээ

Монголын Үндэсний бөхийн холбооноос АТГ-т гомдол мэдүүллээ. Учир нь ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, хэлтсийн дарга Г.Батбаяр, МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр нар нь Монголын Үндэсний бөхийн холбооны нэрийг хууль бусаар ашиглан, маргааш буюу энэ сарын 25-ны өдөр "Аваргуудын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан"-ыг зохион байгуулахаар төсвөөс татвар төлөгчдийн их хэмжээний мөнгийг хууль бусаар гаргуулжээ. Тэд өргөдөлдөө "Шүүхийн шийдвэрээр Р.Нямдорж гэгч нь “Монголын Үндэсний Бөхийн Холбоо” ТББ-г хууль бусаар 20 орчим жил удирдсан нь тогтоогдсон бөгөөд 2017 онд арга буюу Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албанаас дээрх 6 удаагийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг биелүүлж, МҮБХ-ны “Их Эе”-ийг зарлан хуралдуулж Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр сонгосон. Иймд Р.Нямдорж, Д.Данзан, Б.Бат-Эрдэнэ нарын хууль бусаар хэрэглэж байгаа тамга, гэрчилгээг хүчингүй болгож, МҮБХ-ны гэрчилгээнд МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбатыг бүртгэж, тамга олгосон байдаг. Гэтэл дээрх хүмүүс хуурамч тамга тэмдэг ашиглан, иргэдийг мунхруулж, улсын төсвөөс их хэмжээний  мөнгө "идэж" буй юм. Албан ёсны МҮБХ ТББ нь өөрсдөө Аваргуудын нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулах санхүүгийн болоод техникийн хангалттай хүчин чадалтай байхад заавал төсвийн, татвар төлөгчдийн мөнгөнөөс их хэмжээний мөнгийг жил бүр дээрх этгээдүүдэд өгч, улсыг хохироож байгаа үйлдлийг шалгаж, улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлж, дээрх албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн, хариуцлага тооцож, дахин улсыг хохироож, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй, ашиг сонирхлын зөрчил бүхий этгээдүүдэд өгөх гэж байгаа гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нэн даруй таслан зогсоож өгнө үү" гэсэн байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай