С.ОЮУНЧИМЭГ: Швейцарьт янзлахгүй гэсэн цагийг зассандаа бахархдаг

Манай улсад мэргэжлийн цаг засварчин цөөхөн бий. Тэр дундаа мастер цагчин долоохон байдаг аж. Гэсэн ч эдний дундаас цагны эх орон гэгддэг Швейцарь улсад данстай болсон Монгол Улсын мастер цагчин С.Оюунчимэгтэй ярилцлаа.


-Цаг засварчны мэргэжил эзэмшсэн түүх тань уншигчдад сонин байх болов уу. Эндээс ярилцлагаа эхлэх үү?

-Хүний хувь тавилан их сонин. Би 1974 онд 19 дүгээр сургуулийг төгссөн. ЗХУ-ын Ахуйн үйлчилгээний техник мэргэжлийн сургуульд суралцах томилолт аваад, яаманд бүртгүүлэх гээд ээж очиж уулзтал “Та хамгийн түрүүнд ирсэн учраас сонголт их байна. Хүүхдэдээ ямар мэргэжил сонгох вэ?” гэж асуусан юм билээ. Гуталчин, үсчин, цаг засварчин, оёдолчин гээд янз бүрийн л анги байж. Тэдгээрээс цаг засварчин нь нарийн ур чадвар шаардсан, эмэгтэй хүнд тохирох, хөнгөхөн, сайхан мэргэжил санагдаж л дээ.

Энэ түүхийг би одоогоос 20-иод жилийн өмнө л сонссон. Тухайн үедээ аав, ээжийнхээ зааварласнаар л суралцсан. Яагаад намайг цаг засварчин болгосон юм бол гэж ер асуугаагүй. Уг нь сургуулиас үсчний ангид оруулна гэж байсан юм. Гэтэл аав минь “Оросын шар толгойг засах гэж хаа байсан хол явж сурах хэрэг байна уу” гэсэн. Надад бол мэргэжил нь чухал биш, гадаад явах нь л их сонин байлаа. Тэгээд Улаанбаатараас 10, орон нутгаас 15, нийт 25 охин хоёр орчуулагч багшийн хамт ЗХУ-ын Ярославль хот руу явж байлаа. Хоёр багш хичээл орчуулж өгч, сургасан. 25 охиноос дөрөв нь онц сурч, IV зэрэгтэй төгссөний нэг нь би.

-Монголын анхны мэргэжлийн цаг засварчдыг бэлтгэсэн гэсэн үг үү?

-Монголын цаг засварчдын түүх 1937 оноос эхтэй. Өнгөрсөн жил 80 жилийн ой тохиосон. Дээр үед бол гарын дүйтэй, техникт авьяастай хүмүүсийг дагалдуулж сургадаг байж. Яг мэргэжлийн цаг засварчин тоотой хэдхэн бий. Мэргэжлийн засварчин бэлтгэх сургуульд бид нар анх явж байлаа. Биднээс хойш дөрвөн анги төгсөөд дахиж энэ мэргэжлээр манайхаас хүн суралцаагүй. Одоо манайд мэргэжлийн 125 цаг засварчин бий. Манай улс цаг үйлдвэрлэх боломжгүй учраас засаж сургах бодлогоор ЗХУ-аас зөвхөн бидэнд зориулж цаг засварчны шинэ анги нээж сургасан нь тэр юм билээ. Түүнээс өмнө болон хойно ч дахиж цаг засварчин бэлдээгүй.

Бидний сурч байсан Ярославлийн хажуугийн Углич хотод “Чайка” цагны үйлдвэр байлаа. Уг үйлдвэрээс хүн тус бүрт таван ширхэг шинэ цаг авчирч дадлага, сургуулилалт хийлгэсэн. Шинэ авчирсан цагнуудаа задалж, угсарч, эвлүүлнэ. Эхнээс нь дуустал, нэгбүрчлэн задалж, буцааж угсардаг байв. Бид цаг үйлдвэрлэх бус, засаж сурч буй учраас тэр. “Чайка” хамгийн жижиг цагт тооцогддог учраас нарийн мэдрэмж шаарддаг. Ингэж мэргэжлийнхээ ажлыг “Чайка” цаг эхлүүлсэн.

-Сургуулиа дөнгөж төгссөн хүүхдүүд таньж, мэдэхгүй газар очиход нэлээд хүндрэл бэрхшээл тулгарсан байх.

-Аав, ээжээсээ холдож үзээгүй хүүхдүүд гэрээ их санана. Нэг өдөр амралтын өрөөндөө тойрч суугаад уйлж байхыг багш хараад сургуулийн захиргаанд хэлжээ. Түүнээс хойш амралтын өдрөөр биднийг байранд байлгахгүй, гадуур дагуулж гарч, салхилуулдаг болсон. Өвөл цана, чаргаар гулгуулдаг болсны хүчинд цанаар гулгаж сурч байлаа. Бид цаг засахдаа заавал дуран зүүх ёстой. Багш нар ч үргэлж тэрийг шаардана. Нарийн чимхлүүр ажил учир нүдний хараа муудахаас сэргийлж байсан юм билээ. Гэтэл бид нар дурангаа зүүж, харж чадахгүй их хөглөнө. Дөнгөж сурч буй хүмүүс онилж харах хэцүү шүү.

-Цаг засаж, угсарч сурахад хамгийн чухал нь юу вэ?

-Ганц цаг засахад биш, аливаа зүйлийг төгс сурч, эзэмшихэд уйгагүй хичээл зүтгэл чухал гэж боддог. Аав, ээжийнхээ сургаснаар мэргэжилдээ дурлаж, зүтгэсний хүчинд сургуулиа онц дүнтэй төгсөж, 2009 ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайгаас Монгол Улсын мастер цагчин гэсэн цол, тэмдэг гардсан. Улсын хэмжээнд мастер цагчин долоохон бий. Энэ цолыг авна гэдэг хариуцлага нэмэгдэж буй хэрэг юм. Нэг өглөө сэрэхэд л хамаг юм орвонгоороо өөрчлөгдсөн байж мэдэх, техник, технологийн үсрэнгүй хөгжлийн үе учраас үргэлж суралцаж, хөгжих шаардлагатай. “Миний цаг ажиллахгүй байна.Та л засаж чадна” гэсэн хүн ирэхэд “Би чадахгүй” гээд буцаах эрхгүй. Чадахын төлөө л хичээх ёстой болдог.

-Сургуулиа төгсөж ирээд хаана ажилласан бэ?

-1976 онд биднийг төгсөж ирэхэд анхны мэргэжилтэн ирж байгаа гээд хадаг сүүтэй угтсан. Улаанбаатараас явсан 10 хүүхдийг “Урт цагаан”-д ажиллуулсан. 1980-аад оны дунд үеэс электрон цаг манай улсад дэлгэрч эхлэхэд Унгарын мэргэжилтнүүд бидэнд зориулж сургалт зохион байгуулаад, Германы төхөөрөмжөөр тоноглож өгсөн. Ингэж манай улс электрон цаг засварын төвтэй болж, дөрвөн цагчин хариуцан ажиллаж байтал 1998 онд хувьчилж, ажлын байрыг минь дуудлагааар худалдсанаар харьяалагдах газаргүй болсон доо. Түүнээс хойш ширээгээ аваад зай гарсан газар болгонд сууж, нэг жил гаруй явсан. Гэтэл нэг танил маань “Их дэлгүүрт дандаа мэргэжлийн бус цаг засварчин суудаг. Хэл ам их гардаг юм билээ. Чи ирж ажиллаач” гэж зөвлөснөөр 1999 оны намар Улсын их дэлгүүрийн цагчин болсон түүхтэй.

-Гар утас бий болсноор хүмүүс цаг төдийлөн сонирхохоо больсон гэж санагддаг.

-2000 он хүртэл хүмүүс цагийг байнга хэрэглэдэг байсан. Харин гар утас хэрэглээнд нэвтэрснээр төдийлөн ойшоохгүй, бугуйн цагаар яадаг юм гэх хандлагатай болж эхэлсэн. Гэсэн ч цаг бол нэр төрийн баталгаа гэдэг ойлголт хэдэн жилийн өмнөөс түгж, хүмүүс буцаад сонирхож эхэлж буй.

-Цаг засварчин бэлтгэхээ больсон гэсэн. Та шавь бэлдсэн үү?

-Анхны мэргэжилтнүүд болох бид 60 нас хүрч байна. Хамгийн сүүлд төгссөн ангийнхан 50 настай болсон. Ингэхээр мэргэжлийн хүн улам цөөрөх гээд байна. Би гурван охинтой. Том охиноо наймдугаар ангиас нь дагалдуулж бэлдсэн. Швейцарь улсад цаг засварын мэргэжлээр сурч, хажуугаар нь цагний үйлдвэрт ажиллаж буй. Одоо дөрөвдүгээр курст сурч байна. Өнгөрсөн жилээс зээ хүүгээ бэлдэж эхэллээ. Сүүлийн үеийн хүүхдүүд утастай их найзлах болжээ.

Өдөр, шөнөгүй утас ширтээд байхаар нь нэг өдөр “Миний хүү компьютерийн мундаг мэргэжилтэн л болохгүй юм бол утас ширтэж цагаа битгий үр. Бас чам шиг туранхай, эцэнхий хүн ачигч ч хийж чадахгүй. Ээж, эмээ хоёрынхоо мэргэжлийг эзэмших үү” гэтэл зээ хүү минь зөвшөөрөөд, засварчнаар дагалдан ажиллаж байгаад одоо Швейцарьт суралцаж байна. Тус улсад цагны 500 гаруй үйлдвэр бий. Цаг үйлдвэрлэлээр анхдагч улс учраас охин, зээ хүүгээ тус улс руу явуулсан.

Швейцарьт жил бүр зохиогддог цагны олон улсын үзэсгэлэнд би өнгөрсөн гуравдугаар сард оролцох үеэрээ хүүгийнхээ сургуультай танилцсан. Ингээд гурван үеийн цаг засварчин бэлтгэгдэж байна даа. Хамт төгссөн хүмүүсээс мастер Энхжаргал хоёр охиноо сургасан. Үүнээс гадна Ахуйн үйлчилгээний захиргаанд өргөдөл гаргаад орон нутгийн хоёр хүнийг зургаан сарын хугацаатай дагалдангаар ажиллуулж сургасан. Гэхдээ тэд одоо энэ чиглэлээрээ ажилладаггүй юм билээ.

-Таны зассан хамгийн эртний цаг хэдэн оных байсан бэ?

-Цаг бол их удаан хэрэглэгддэг эд. 43 жил цаг засах явцад минь “Аав, ээж, эмээ, өвөөгөөс үлдсэн юм. Ажиллахаа больчихлоо” гэх хүмүүс ирдэг. Социализмийн үед 800, 900 төгрөгийн үнэтэй байсан швейцарь цаг одоо мэр сэр харагддаг л юм. Тухайн үед ЗХУ-д цагны 19 үйлдвэр байсан. Манайхан ихэвчлэн орос цаг зүүдэг. Хамгийн эртний цаг гэвэл 2014 онд Швейцарьт очиход охины минь хадам аав “Миний хоёр цагийг засаад өг. Энд засуулах гэхээр дээр үеийнх учраас сэлбэг байхгүй гэх юм.

Миний өвөөгийн зүүж байсан цаг”гэсэн. Швейцарь хүн л дээ. Цаг засна гэж бодолгүй явсан учрас надад багаж хэрэгсэл байхгүй, охины сургалтад ашигладаг хэдхэн багаж байлаа. Юутай ч харъя гээд задалтал эвдэрсэн зүйл байхгүй, олон жил болсон учраас угаагаад, тослоод угсархад л ажиллаж эхэлсэн. Эзэнд нь өгтөл маш их баярлаад “Та үнэхээр цагчин юм байна” гэж хэлсэн. Би ч Швейцарьт засахгүй гэсэн цагийг нь зассандаа өөрөөрөө бахархсан шүү. Эндээс монгол, гадаад хүний ялгаа харагдаж буй. Гадаад хүн болох, болохгүйг нь мэдэлгүйгээр зориглон хийдэггүй. Монголчууд л зориглож чадна. Монголчууд хүсвэл юуг ч хийж чадна гэж боддог.

-Швейцарь цагийг засах эрхтэй анхны цагчин болсон гэсэн. Ямар шалгууртай юм бэ?

-Манай гэр бүл гурван үеийн цагчин болж байна гэж сая хэлсэн. Үүнийгээ бид цааш нь хөгжүүлж, цагны соёл түгээхийг зорьдог. “Их үнэтэй авсан юм. Эвдэрчихлээ” гээд дуураймал, хуурамч цаг авч ирэх хүн цөөнгүй. Брэнд цаг биш байна гэдгийг хэлэх хэцүү. Гэхдээ л хэлэхгүй бол “Брэнд цагийг минь хуурамчаар солиод өгчихлөө” гэвэл яах вэ. Тиймээс иргэд хуурамч зүйлд мөнгө үрэхгүй байгаасай гэсэн үүднээс охинтойгоо хамтарч цагны дэлгүүр ажиллуулж эхэлсэн.

Швейцарь брэндийн цагийг албан ёсны эрхтэйгээр борлуулж, засвар үйлчилгээг нь ч хариуцах эрхтэй болж буй юм. Тэндхийн цагны үйлдвэрийн эзэд ихэвчлэн гэр бүлээрээ цагчин байдаг юм билээ. Тэдэнтэй уулзаад “Гурван үеэрээ цагчин болж байна” гээд хэлэхэд их дуртай хүлээж авсан. Гол шаардлага нь “Бидний цагийг худалдаж болно. Гол нь засварчинтай байх ёстой” гэдэг юм билээ. Тэгээд л миний ур чадварыг үнэлж хамтарч ажиллахыг зөвшөөрч, эрх олгосон. Өөрөөр хэлбэл, брэнд бүтээгдэхүүнээ хамаагүй хүнээр оролдуулахгүй л гэсэн үг. Тиймээс зөвхөн цаг биш, сэлбэг, засвар, зай гээд бүх хэрэгслээр нь хангасан.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

Илгээх

Энэ тухай