Олон намын дунд олигтой нь алга

 Гучаад жилийн хугацаанд хоёрхон нам засгийн эрх ээлжилж барилаа, улс орныг авч явах бодлоготой, төлөвшсөн нам алга, гуравдагч хүчний орон зай хоосон байна гэсэн үгс танил сонсогдож байгаа биз. 1990 онд олон намын тогтолцоонд шилжсэнээс хойш монголчууд эвлэлдэн нэгдэх эрх чөлөөгөө эдэлж, бишгүй олон нам байгуулсан. Өнөөгийн байдлаар Улсын дээд шүүхэд 28 нам албан ёсоор бүртгэлтэй, хоёр нам шинээр бүртгүүлэхээр бичиг баримтаа бүрдүүлж байгаа сурагтай. Гуравхан сая хүн амтай хэрнээ 30 шахам намтай Монгол Улс намын дутагдалд ороод байгаа нь хачин юм шүү.

Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын олонх нь цаасан дээр л оршин тогтнодог, зарим нь дарга болон түүний гэр бүлээс өөр гишүүн, дэмжигчгүй гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Өнгөрсөн УИХ-ын сонгуульд нэгэн нам сүржин амлалт, мөрийн хөтөлбөр боловсруулан оролцсон бөгөөд нэр дэвшигчдийнх нь жагсаалтад намын дарга, түүний эхнэр, эхнэрийн ээж, аав гэсэн хэдэн хүний л нэр бичигдсэн байж билээ. “Улс төрийн нам гэдэг нь үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн, засгийн эрх авах эцсийн зорилготой хэсэг бүлэг хүний нэгдэл” хэмээн тодорхойлдог. Тэгвэл дээр жишээ авсан нам уг тодорхойлолтод нийцэх үү.

Үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэхэд гэр бүлийн гишүүн байх, эсэх нь хамаагүй гэж тайлбарлаж болох юм. Харин “гэр бүлийн” уг намд засгийн эрхийг авах эцсийн зорилго байсан гэдэгт итгэхгүй байна. Гэхдээ ямар ч зорилгогүйгээр тэгж яваагүй нь лав. Даргынхаа халаасанд “явдаг” намууд сонгуулиар ийнхүү ил гарч, онилсон хүнийхээ өрсөлдөж буй тойрогт “шавар” хаан, санал хуваана хэмээн айлгах нь багагүй ашигтай бизнес болоод буй нь нууц биш. Дээд шүүхэд бүртгэлтэй олонх намын гүйцэтгэдэг үүрэг ердөө л энэ. Аз таарвал

зарим нэг нь том намын бөөрөнд наалдаж, төрд шургална. Бидний “жижиг” хэмээн өхөөрддөг улс төрийн намууд өнгөрсөн хугацаанд ийм л замаар явж, ингэж л амьдарч ирсэн. Энэ нь хэн нэгний нөлөөгүй, итгэл үнэмшил, саналаараа төр, засгаа байгуулах иргэдийн эрхийг зөрчиж, нийгмийг булингартуулахад багагүй хувь нэмэр оруулж буй.

Улс орныг удирдан авч явах чадвар, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх бодлогогүй, иргэдийн сонголт хийх боломжийг нэмэгдүүлж чадахгүй, бүр байг гэхэд баруун, зүүнээ ч ялгахгүй улс төрийн нам нэртэй байгууллагуудыг цаашид алга дэлгэн тосон авч, өсгөж, үржүүлээд л байх уу. Нэгэнт байгуулагдсан, бодлого, үзэл баримтлал, боловсон хүчин, өрсөлдөх чадвар, гишүүн, дэмжигчийн аль нь ч байхгүй, товчхондоо даргаасаа өөр хэнд ч хэрэггүй энэ олон намыг яах ёстой юм бол. “Амьгүй” намуудыг татан буулгавал иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхэнд халдсан болох уу.

“Том” гэх тодотголыг өөртөө наасан хоёр нь ч “жижгүүд”-ээсээ дээрдэх юмгүй. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Уг нь ардчилсан тогтолцоон дахь улс төрийн намууд нийгэмд бодлогоороо өрсөлдөж, зарчмаараа манлайлах учиртай. Улс орны хөгжлийг урагшлуулахын тулд бидэнд ямар боломж, хувилбар байна, түүнийгээ хэрхэн, яаж хэрэгжүүлэх вэ гэдгээ намууд санал болгодог байх ёстой. Харин манайд энэ тал нь анхнаасаа дутмаг байсан. Харамсалтай нь, одоо бүр үгүй болж.

Ердөө л эрх мэдлийн өрсөлдөөн, түүнийг дагасан мөнгөнд хэн илүү хяналт тавих вэ гэх зодоон болж байна. Улс төрийн намаар дамжуулан албан тушаалд очсон хүмүүс намын үзэл баримтлал, хөгжлийн бодлого гэхээс илүүтэй тухайн нөхцөл байдалд эрх мэдлээ яаж удаан хадгалах вэ, түүнийг яаж төвлөрүүлэх вэ, би болон манай бүлэг хэрхэн ажиллавал илүү их ашиг хүртэх вэ гэж бодох болсон” гээд намуудыг нэн яаралтай шинэчлэх ёстойг сануулсан. Манай улсын хувьд намуудыг шинэчилнэ гэдэг нь Улс төрийн намын тухай хуулийг өөрчилнө гэсэн үг болоод байгаа юм.

Монголын улс төрийн хүчнүүдийн хөгжил, төлөвшил нэг л буруу замаар яваад байгааг, үүнд ямар нэг шийдэл, зохицуулалт хэрэгтэй талаар судлаачид, мэргэжлийнхэн цөөнгүй жил ярилаа. Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөхийг ч шахаж, шаардаж ирсэн. 2011 оноос хойш энэ талаар олон санаачилга гарч, олон ч хуулийн төсөл бичиж байж. Харин том гэгддэг хоёр нам үүнийг ажил хэрэг болгох сонирхолгүй байдаг бололтой.

Улс төрийн намуудын тухай хуулийг 1990 онд анх баталсан бөгөөд энэ нь нэг намын тогтолцооноос олон намын тогтолцоо руу шилжих үйл явцыг зохицуулахад чиглэж байв. Хожим 2005 онд уг хуулийг шинэчлэн найруулсан ч энэ нь оновчтой, дорвитой эрх зүйн орчин бүрдүүлээгүй талаар судлаачид ярьдаг. Улс төрийн нам дотоод ардчилалтай, санхүү, үйл ажиллагааны хувьд ил тод, бодлогын нам байж чадахгүй байгаагийн шалтгаан ч уг хуульд бий гэх. Улс төрийн эрүүл орчин бүрдүүлэхэд шаардлагатай өөрчлөлтийг уг хуульд хийх нь өөрсдийнх нь эрх ашигтай зөрчилддөг болохоор УИХ-д суудалтай намууд, шийдвэр гаргагч улстөрчид энэ асуудалд хойрго хандаж ирсэн хэмээн хардаж болохоор.

Хамгийн сүүлийн жишээ гэвэл 2016 онд Ерөнхийлөгч Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл санаачлан, улс төр судлаач, эрдэмтдийг оролцуулан боловсруулж, УИХ-д өргөн барьсан ч дэмжлэг аваагүй. Энэ удаагийн парламент мөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт судлаачдыг багтаасан дэд ажлын хэсэг байгуулж, энэ оны гуравдугаар сард багтаан төслөө боловсруулж дуусгахыг зорьж буй тухай яриа сонсогдсон ч өнөөгийн байдлаар төсөл ч сураггүй, ажлын хэсэг ч таг чиг. Харин энэ асуудлыг сонирхон анзаардаг хүмүүс Улс төрийн намын тухай хууль энэ парламентын үед шинэчлэгдэнэ гэсэн горьдлого тээсээр л суугаа.

ИНФОГРАФИК

БАЙР СУУРЬ

Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх нь зүйтэй гэдэгт иргэд санал нэгдэж буй. Чухам юуг яаж өөрчлөх ёстой талаар зарим улстөрч, судлаачийн байр суурийг хүргэж байна.

Орон нутгийн сонгуульд оролцох ёстой юу гэдгийг эргэж харах цаг болсон

Я.Содбаатар (УИХ-ын гишүүн):

-Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлд нэлээд нухацтай хандах ёстой. Уг хуулийг шинэчлэх гэж хоёр парламент дамжин ажлын хэсэг ажиллаж байна. Үүнийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэж хэлэх хэд хэдэн үндэслэл бий. Нэгдүгээрт, улс төрийн нам гэж юуг хэлэх вэ. Сонгууль болохоор “амилдаг”, эсвэл хэдэн арван жилийн турш ганц хүнийх мэт байсаар ирсэн намуудыг цаашид яах ёстой вэ. Өөрөөр хэлбэл, улс төрийн нам гэж ямар институц байх вэ гэдгийг зөв тодорхойлох шаардлагатай.

Жишээ нь, парламентад суудалтай л бол улс төрийн нам гэж үздэг жишиг олон улсад байна. Эсвэл үндэсний хэмжээний бүтэц, зохион байгуулалттай бол нам гэж үзэх нь бий. Мөн гишүүний тоогоор буюу хүн амын тодорхой хувийг давахуйц дэмжлэгтэй бол улс төрийн нам гэж үздэг. Энэ мэт шалгуурыг уг хуульд тусгах цаг нь болсон. Хоёрдугаарт, намын мөн чанар нь манлайлал байдаг. Бодлогын, боловсон хүчний төдийгүй үйл ажиллагааны хувьд манлайлагч байх ёстой. Намуудын манлайлах чадвар үгүй учраас рейтинг нь унаж, улмаар намгүй нийгэм байгуулъя гэх хандлага гарах болсон шүү дээ. Манлайллыг хэрэгжүүлэх арга замыг нь хуулиар тодорхой болгох ёстой.

Гуравдугаарт, санхүүжилтийн асуудал тавигдана. Намыг санхүүжүүлдэг хэд хэдэн хувилбар бий. Парламент болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад авсан суудлын тогоор нь санхүүжүүлдэг. Герман гэх мэт оронд ашигладаг сангаар дамжуулан бодлогын санхүүжилт хийх хувилбар ч байна. Ямар ч байсан улс төр дэх мөнгөний нөлөөллийг багасгах арга замыг хайж, тодорхой шийдэлд хүрэх байх. Үүнээс гадна улстөржилт хэрээс хэтэрлээ гэж ард түмэн ярьж байна. Ялангуяа анхан шатанд ийм байдал бүр гаарлаа. Тиймээс орон нутгийн буюу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын сонгуульд нам оролцох ёстой юу гэдгийг эргэж харах цаг болсон.

Хэсэг бүлгийн үзэл бодол, хэрэгцээг л тодорхойлохоос биш, нийтийн эрх ашгийг хангаж чадахгүй байна

А.Эрдэнэбаяр (Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооны тэргүүн):

-Гуравхан сая хүнтэй манай улс ийм олон намаар яах юм бэ. Намууд улс орныг түйвээгч бүлэглэл, намчирхал нь ард түмнийг талцуулагч хортой үзэл болоод удлаа. Энэ олон намаас иргэд залхаж байна. Улс төрийн нам нь хэсэг бүлэг хүний үзэл бодол, хэрэгцээг л тодорхойлохоос биш, нийтийн эрх ашгийг хангаж чадахгүйд хүрсэн. Намууд гишүүний тооны хойноос хөөцөлдөж, үйл ажиллагаа нь гишүүдээ өмчлөхөд чиглэсээр байгаа нь том асуудал. Намын хатуу гишүүнчлэлд нийгэм хуваагдлаа.

Тиймээс Улс төрийн намын тухай хуульд Монгол Улсыг улс төрийн намын бүлэглэлийн хатуу гишүүнчлэлээс чөлөөлөх, улс төрийн болон орон нутгийн гурван удаагийн сонгуульд үр дүн гаргаагүй намыг татан буулгах, УИХ-ын гишүүдийг тухайн тойргийн сонгогчдын гуравны хоёрын саналаар эргүүлэн татах зэрэг өөрчлөлтийг нэн тэргүүнд хийх ёстой. Энэ саналыг төсөлдөө тусгахыг Улс төрийн намын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос хүсэж байна. Хөгжлийн гарцыг тодорхойлж чадах 5-10 намтай, нам нь хатуу гишүүнчлэлгүй болсон тохиолдолд өнөөдөр үүсээд байгаа олон асуудал шийдэгдэнэ. Намууд чанартай, чадвартай байх нь чухал.

ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА

Нам байгуулах нь зөөлөн, тэсэж үлдэх нь хатуу шалгууртай байх ёстой

Э.Гэрэлт-Од (улс төр судлаач, доктор):

-Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах дэд ажлын хэсэгт байгаа хүний хувьд та нэн тэргүүнд ямар өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байна вэ?

-Манай орны өнөөгийн нөхцөл байдал, улс төрийн намуудын төлөвшил, иргэдийн хүсэлт, шаардлага, дэлхий нийтийн хандлагуудыг дүгнэж үзвэл, улс төрийн намын нийгэмд гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны зарчмыг дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэх, “бодлогын нам” болгох, нам үзэл баримтлал, үнэт зүйлдээ нийцсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлдэг байх, улс төрийн намын санхүүжилт нээлттэй, тайлагнадаг болгох зэрэг үзэл санаа, зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай. Төрийн болон хувийн санхүүжилтийн холимог зарчмыг хэвээр хадгалах боловч эх үүсвэр, хэмжээ, хуваарилалт, санхүүжилтийн зарчим, зарцуулалтын зориулалтыг хуульд илүү нарийвчлан тусгах, намд өгч буй хандивыг хянадаг төрийн тогтолцоог бий болгох нь зүйтэй.

Мөн улс төрийн намыг бүртгэх, хянах тогтолцоог шинэчлэх, тухайлбал, сонгуулийн төв байгууллага улс төрийн намын бүртгэл, хяналтын тогтолцоог хариуцах, намын дэргэд судалгаа, хөгжлийн төв ажиллуулах, эдний үйл ажиллагааг төр тодорхой хэмжээнд дэмжин санхүүжүүлдэг байх нь зөв. Улс төрийн нам нь дотоод үйл ажиллагаандаа ардчилсан зарчмыг тууштай хэрэгжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. Аливаа шийдвэр гаргахдаа намын гишүүдийн оролцоог өргөжүүлэх зэрэг зохицуулалтыг шинээр тусгах хэрэгтэй байна.

-Намуудын нэр хүнд унаснаас сүүлийн үед олон намын тогтолцоог шүүмжлэх, бүртгэх босгыг өндөрсгөхийг хүсэх хандлага ажиглагдах боллоо. Судлаачийн хувьд энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Намуудын нэр хүнд унаж буй нь үнэн. Энэ нь хуулийг шинэчлэн найруулах нэг хэрэгцээ. Өнгөрсөн хугацаанд улс төрийн намууд хуулийн хариуцлага хүлээдэггүй, ил тод бус байдал газар авсантай холбоотой. Намыг бүртгэх босгыг өндөрсгөж болно. Энэ бол улс төрийн шийдэл. Гэхдээ намуудыг ил тод, хариуцлагатай, нээлттэй үйл ажиллагаа явуулдаг улс төрийн ардчилсан институц болгох хэмжээнд зохицуулах нь зөв. Харин нөлөө бүхий намуудыг хадгалах, бусад улс төрийн намыг хязгаарлах түвшинд энэ санаа явж байгаа бол зохимжгүй. Ер нь бол нам байгуулах нь зөөлөн, нам байх нь хатуу зохицуулалттай байх ёстой. Ийм түвшинд ч зохицуулалт хийх ёстой.

-Бодлого, үзэл баримтлал, үнэт зүйл, боловсон хүчин, өрсөлдөх чадвар, гишүүн, дэмжигчийн аль нь ч байхгүй, цаасан дээр л байдаг намуудыг яах ёстой вэ. Татан буулгах гэх мэтийн зохицуулалтыг хуульд оруулах боломжтой юу?

-Ардчилсан нийгэмд нам байгуулах, иргэд эвлэлдэн нэгдэхэд хүчтэй хязгаарлалт тавих нь зохимжгүй. Харин нам байгуулж болно. Харин сонгууль бүрт оролцох, үнэт зүйлээ олох, хөгжүүлэх, дэмжигчдээ нэмэгдүүлэх, жил бүр тайлан, тооцоогоо хуулийн дагуу хийдэг, гишүүд нь дотоод асуудлаа шийдвэрлэдэг, дотоод ардчилалтай л байх ёстой.

Түүнээс биш танай намын өрсөлдөх чадвар муу байна, тиймээс татан буулгалаа гээд иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдаж болохгүй. Хуулийн хугацаа өгөөд, тодорхой хугацаанд бэхжих, өсөх боломжийг олгодог байх ёстой. Тэр хугацаанд сонгогчдын тодорхой хэмжээний дэмжлэг авч чадахгүй бол татан буулгах, эсвэл тарах үндэслэл болж болно. Мөн иргэд энэ эрхээ хамгаалах, ҮХЦ-д хандаж гомдлоо шийдвэрлүүлэх боломжийг олгох нь зүйтэй.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

С.БЯМБАЦОГТ: Хуулийн төслийн үзэл баримтлал үндсэндээ бэлэн болсон

Бэлтгэсэн: Б.Номин


УИХ-ын дарга захирамж гарган Улс төрийн намын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулаад буй. Уг ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогттой ярилцлаа.

-Улс төрийн намын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг хэр идэвхтэй ажиллаж байна вэ. Төсөл хэзээ бэлэн болох бол?

-Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэхгүйгээр төрийн нэр хүнд, засаглалын тогтвортой байдлын талаар ярих нь утгагүй. Бид идэвхтэй ажиллаж, нийгмийн бүхий л хүрээний саналыг авч, уг хуулийн төсөлд тусгахыг зорьж байна. Олон талын судалгаа хийж, хэлэлцүүлгүүд зохион байгууллаа. Дахиад ч хийнэ. Хийдэлгүй, чамбай сайн хууль батлахын тулд “долоо хэмжиж, нэг огтлох” учиртай. Хуулийн төслийн үзэл баримтлал үндсэндээ бэлэн болсон. Гэхдээ улс төрийн намтай холбоотой асуудал нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай уялдаж байгаа. Тиймээс хөнгөн хуумгай хандаж болохгүй. Байшин барихтай зүйрлэвэл сууриа сайтар тавиагүй байж ханаа өрчихөж болохгүй л дээ. Гэсэн хэдий ч ажлын хэсгийнхэн маань аль болох хугацаа алдахгүйг хичээж байгаа.

-Бодлогын намыг нийгмээрээ хүсэмжилж байна. Уг хууль ч бодлогын нам төлөвшүүлэх, төрүүлэх эрх зүйн үндэс, орчин болно гэж найдаж буй. Энэ чиглэлд ямар нэмэлт, өөрчлөлт тусгахаар байна вэ?

-Яг үнэн. Өнөөдөр бодлого ярьдаг нам бараг үгүй боллоо. Улс орныг яаж хөгжүүлэх, хүн ардын амьдрал ахуй, ирээдүйг хэрхэн төсөөлж байгаа болон түүндээ хүрэхийн тулд яг ямар арга замаар, юуг хийж, хэрэгжүүлэх вэ гэх зэргээр сонгуулиар дэвшүүлж буй зүйлс нь хүртэл тодорхой биш болсон. Намуудын бодлогыг тодорхойлдог хүмүүсийн орон зайг зүгээр л эрх мэдэлд шунасан, алба тушаал горилсон, мөнгөтэй, улс төрийн шуналтнууд эзэлж байна.

Өндөр мэдлэг, боловсролтой, чадвартай, сэтгэлтэй хүмүүс яагаад намаас, бас төрөөс зугтаад байна вэ гэдгийг юуны түрүүнд бодох ёстой. Итгэл үнэмшлээрээ нэгдсэн, эгэл жирийн гишүүдийнхээ хүчин зүтгэл дээр тогтож яваа намаа хувийнхаа компани шиг харсан хэдэн нөхөр тэнд танц эргээд байгаа болохоор улс төрийн намуудын нэр хүнд улам бүр унаад байгаа юм. Бодлого, хөгжил яриад зогсохгүй, түүнийгээ бодитоор хэрэгжүүлдэг нам л сорилт, хүлээлтэд тэсэж үлдэнэ. Тэрхүү сорилтыг давах дархлаа нь Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл гэж үзэж байгаа.

-Энэ хүрээнд зайлшгүй хөндөх зүйл нь санхүүжилт. Намуудыг төрөөс санхүүжүүлэх санал ажлын хэсгийнхэнд давамгайлж буй сурагтай. Санхүүжилтийн талаарх гол өөрчлөлтийг ямар байдлаар тусгаж байгаа вэ?

-Мөнгөтэй нэгэн, бизнесийн бүлэглэлийн халаасанд намуудыг хийчихгүй байхаас бүх зүйл эхэлнэ. Аливаа зүйл хоёр талтай. Гэхдээ аль нь зөв талдаа илүү жин дарж байна вэ гэдгийг л тунгаах учиртай. Өнөөдөр зөвхөн намын гишүүдийнхээ татвараар оршин тогтнож байгаа нам бий юү. Би л хувьдаа “Үгүй” гэж хэлнэ. Яах вэ, улс төрийн голлох хоёр намын тухайд сонгогчдоос авсан саналынхаа хувиар төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт авч байгаа.

Гишүүд нь алдаг оног ч гэсэн татвараа төлж байгаа биз. “Хандив” гэсэн халхавч дор наймаа, тохироо байхыг ч үгүйсгэх арга алга. УИХ-д суудалгүй намуудын тухайд санхүүжилт нь бүр ч хүнд байгаа. Ганц нэгхэн мөнгөтэй, нөлөөтэй хүний далбаан дор явж байгаа гэхэд хилсдэхгүй. Тиймээс ч гишүүд нь итгэл үнэмшил гэхээс илүүтэй эзэн нь болчихсон дарга, удирдлагынхаа дохио зангаагаар хөдөлж байна. Уг нь сонгогчдоос авсан саналынх нь эрэмбээр төсвөөс бүрэн санхүүжүүлж, төр өгснөө бүрэн хянадаг, зарцуулалт нь шилэн болчихвол намын хүрээнд яригддаг өндөр түвшний авлига аяндаа алга болно. Тэгэхээр төрд авлига цэцэглэх үндэс нь үгүй болно гэсэн үг.

Гэвч ингээд ярихаар татвар төлөгчдийн мөнгөөр намууд тансаглах нь гэх зэргээр мушгиж, шүүмжилдэг. Нөгөө талаас төсвөөс санхүүжүүлэх сургаар баахан жалга, довны нам байгуулагдах эрсдэл бас бий. Тиймээс юутай ч эхний ээлжинд намын санхүүжилт гэдэгт гишүүдийн татвар, сонгогчдоос авсан саналын хувиар тооцсон төсвийн санхүүжилт, тодорхой хязгаарлалт бүхий хандив зэргийг хамааруулахаар төсөлд тусгаад байна. Гэхдээ санхүүжилт нь олон нийтэд ил, хатуу хяналттай, тодорхой хязгаартай байх ёстой  гэж бид үзэж байгаа.

-Намуудын бүртгэл, гишүүнчлэл, тэднийг татан буулгах үндэслэл, хариуцлага гэх зэрэг анхаарал татаж ирсэн, зарчмын асуудлуудад ажлын хэсгийнхэн санал нэгдэж, гол концепцоо гаргаж чадсан уу?

-Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхөд арай эрт байна. Бид ажлын хэсгийн түвшинд энэ талаар ярьж байгаа. Тухайлбал, намуудыг бүртгэх үүргийг сонгуулийн төв байгууллагад хариуцуулах нь зүйтэй байж магадгүй гэж үзсэн. Энэ нь эргээд намуудын хариуцлагатай холбоотой шүү дээ. Намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөр, санхүүжилт, бүртгэх, татан буулгах зэрэг эрх, үүргийг улс төрөөс бүрэн хараат бус байгууллагад төвлөрүүлэх нь чухал. Гэхдээ энэ нь эцсийн шийдэл хараахан биш. Хамгийн зөв шийдэл аль нь вэ гэдэг нь хэлэлцүүлгийн явцад тодорхой болох байх.

-Энэ хаврын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэж амжих болов уу?

-Уг нь бид идэвхтэй ажиллаж байна. Гэхдээ арай л амжихгүй юм шиг байна. Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл нь Үндсэн хуулийн өөрчлөлттэй нягт холбоотой гэж би дээр хэлсэн шүү дээ.

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай