АРНАУД СУАРАТ: УИХ-ын ажлын хэсэг шалгалт хийж буй нь “Оюутолгой”-н талаарх бүх мэдээллийг хүргэх боломж гэж харсан

 Дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг, уул уурхайн гигант “Rio tinto”-гийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суараттай ярилцлаа. Монголын эдийн засгийн чуулганы хоёр дахь өдөр буюу уржигдар тэрбээр хүндэт зочны илтгэл тавих үеэрээ “Хөгжилд хамтдаа хүрье, хүчээ нэгтгэе” хэмээн уриалсан билээ.


 -Та Оюутолгойн уурхайд олон удаа очив уу?

-Би “Rio tinto”-гийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирлаар ажиллаад хоёр жил болж байна. Энэ хугацаанд Монголд байнга ирсэн. Ирэх бүртээ уурхайд очиж ажилладаг. Ажилчдынхаа хийж бүтээж буй үйлс, өөрчлөлт, шинэчлэлүүдийг маш өөдрөгөөр дүгнэж байгаа. “Оюутолгой” компанид одоо 14 000 хүн ажиллаж байгаагийн 94 хувь нь монголчууд. Богино хугацаанд дотоодын ажилчдын тоо ийм өндөр хувьд хүрсэн нь гайхалтай. Энэ нь бидний нийгмийн хариуцлагад ихээхэн чухал төдийгүй Монгол Улсын эдийн засаг дахь үр ашгийг нэмэгдүүлэхэд нөлөөтэй.

Ил уурхайг ажиллуулж эхлээд таван жил болж байна. Оюутолгой нь “Rio tinto”-гийн уурхайнуудаас аюулгүй байдлаа хамгийн сайн хангаж чадсан. Энэ нь маш том ололт. Оюутолгойд долоон тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байгаа. Далд уурхайн бүтээн байгуулалтад жилд нэг тэрбум ам.доллар зарцуулж байна. Нийт таван тэрбум долларт хүрэх юм. Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил ахицтай яваа.

-Дэлхийн зах зээлд 2020 оноос зэсийн үнэ өсөж эхэлнэ хэмээн таамаглаж буй гэсэн. Энэ оргил үе хэр удаан үргэлжилнэ гэж харж байна вэ?

-Оюутолгойн далд уурхайгаас 2020 оноос хүдэр олборлож эхлэхэд зах зээлийн таатай үе тохионо гэж бид үзэж байгаа. Зах зээлд хомсдол үүсэх учраас тэр. Энэ нь зэсийн үнэд эергээр нөлөөлнө. Улс орнуудын зэсийн эрэлт өсөх төлөвтэй. Ер нь уг металлын эрэлт жилд 2-3 хувиар нэмэгдэж байгаа. Аж үйлдвэржилт, хотжилт, барилгажилт, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр олшрох, цахилгаан машины үйлдвэрлэл нэмэгдэж буй нь үүнд гол хүчин зүйл болохоор байна. Нөгөөтэйгүүр, улс орнуудын нийлүүлэлт багасах, одоо ажиллаж буй уурхайнууд дахь нөөцийн агууламж буурч, зарим уурхай хаагдаж байгаатай холбоотой. “Rio tinto” стратегийнхаа хүрээнд Оюутолгойд хөрөнгө оруулсан.

Энэ оргил үе яг тодорхой, тийм хугацаанд үргэлжилнэ гэж хэлэх хэцүү л дээ. Учир нь түүхий эдийн үнэ өсөхөд үүнийг дагаад компаниуд, улс орнууд зэсийн уурхайд хөрөнгө оруулж эхэлснээр нийлүүлэлт нэмэгдэнэ. Ингэснээр үнэ буурна. Ямартай ч цөөнгүй хэдэн жил үргэлжлэх байх гэж харж байна.

-Монголын эдийн засгийн чуулганы үеэр та өчигдөр (уржигдар) “Оюутолгойн далд уурхайг ашиглалтад оруулсны дараа нийт 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байх болно. Энэ нь Монголын ДНБ-ээс ч илүү” гэсэн. Ордын нөөцийн 80 хувийг агуулж буй далд уурхайгаас хүдэр олборлож эхлэхэд зах зээл дэх ханш таатай байх талаар ярилаа. Их хэмжээний хөрөнгө оруулаад, ирээдүйгээ өөдрөгөөр харж байна л даа. Гэтэл манай УИХ-аас Оюутолгойн хөрөнгө оруулалтын, гүний уурхайн бүтээн байгуулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулсан. Үүнийг дагасан сөрөг мэдээлэл төслийн явцад саад болох вий гэсэн болгоомжлол танд бий юү?

-Монголын эдийн засгийн чуулганы үеэр талуудын түншлэл маш чухал гэдгийг дурдсан. Би дэлхийн таван тивд уул уурхайн салбарт ажилласан. Өнгөрсөн хугацаанд юу ажигласан бэ гэвэл “Оюутолгой” шиг том төсөлд тогтвортой байдал чухал. Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээнүүд нь “Оюутолгой”-г цаашид үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэхэд үр нөлөөтэй. Хөрөнгө оруулагч “Rio tinto”, “Turquoise hill resources” болон гүний уурхайн төсөлд зээл олгосон олон улсын банк, санхүүгийн 20 байгууллагынхан төсөл цаашид үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Хамтын ажиллагааны баримт бичгээ мөрдөх ёстой. Ингэснээр хөрөнгө оруулалтын найдвартай орчин бүрдүүлэхэд тустай.

-“Rio tinto” группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак саяхан “Bank of America Merrill Lynch”-ийн зохион байгуулсан хурлын үеэр Ардчилсан Бүгд Найрамдах Конго Улс, Өмнөд Африк, Монгол, Австралийн уул уурхайд үндсэрхэг үзэл эрчээ авч байгааг дурдсан. Бусад компанийн төлөөлөл ч энэ тухай ярьдаг. Та уул уурхайн салбарт 25 жил ажилласан туршлагатай. Ер нь бусад оронтой харьцуулахад Монголд ажиллахад хэр хүндрэлтэй вэ?

-Оюутолгойг дэлхийн зэсийн гурав дахь том уурхай болох ирээдүй хүлээж байгаа. Бид хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлнэ. Уул уурхайн үндсэрхэг үзэл нь эрсдэлтэй гэдгийг бид өнгөрсөн хугацаанд харлаа. “Оюутолгой” төслийн талаар баримтгүй, тооцоо судалгаагүй маш олон мэдээлэл цацагддаг. Заримыг нь улс төрийн шалтгаантай болов уу гэж хувьдаа бодож байна. Монгол Улсад “Оюутолгой” төслийн үзүүлж буй үр өгөөжийн талаар олон нийтэд зөв мэдээлэл өгөх ёстой гэж бид үзэж байгаа.

Жишээлбэл, 2010 оноос хойш 1.7 тэрбум ам.долларын татвар, хураамж төлсөн. Энэ нь эдийн засгийг дэмжихэд чамлахааргүй дүн. “Оюутолгой” компани 2015-2016 онд Монгол Улсын хамгийн том татвар төлөгч байгууллагаар шалгарсан. 2017 онд “Топ 100” аж ахуйн нэгжийн гуравдугаарт эрэмбэлэгдлээ. Далд уурхайг ашиглалтад оруулснаар Монголын ДНБ-ий 30 хувийг бүрдүүлнэ. Мөн ханган нийлүүлэгчдийн бараа бүтээгдэхүүнээр дамжуулан эдийн засагт нөлөө үзүүлж байгаа. Манай зүгээс орон нутгаас бүтээгдэхүүн худалдан авах хэмжээг нэмэгдүүлэх стратеги баримталдаг.

УИХ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн бидний гэрээгээр хүлээсэн үүрэг, амлалтын хэрэгжилтийг шалгаж байгаа. Үүнийг том боломж гэж харж байна. Яагаад гэвэл бүх хүн “Оюутолгой”-н үйл ажиллагаа, мэдээ, тайлантай танилцах юм. Ингэснээр “Оюутолгой”-н эдийн засагт үзүүлж буй үр нөлөөг олон нийт, ард иргэдэд илүү сайн таниулах, тайлбарлах боломж бүрдэнэ хэмээн найдаж байна. Монгол Улсын Засгийн газар “Оюутолгой” төслийн 34 хувийг эзэмшиж буй ч эдийн засгийн өгөөжийн 50 гаруй хувийг хүртэж байгаа шүү дээ.

-Хөрөнгө оруулалтын гэрээний ил тод байдлыг олон улсын байгууллагууд өндрөөр үнэлсэн гэсэн. Гэвч энэ гэрээг тойрсон маргаан манай улстөрчдийн дунд үргэлжилсээр. Энэ талаар та ямар байр суурьтай байдаг вэ?

-“Rio tinto”-гийн үнэт зүйлс бол шударга байх, харилцан хүндлэх, ил тод байх юм. Монгол Улсын Засгийн газрын төлөөллүүдтэй хэлэлцэн эдгээр гэрээг байгуулсан. Гэрээ байгуулсны дараа олон нийтэд ил болгон, цахим хуудсандаа байршуулсан. Үүнийг олон улсын ТББ-ууд өндрөөр үнэлж, сайн жишиг тогтоож байна гэж дүгнэсэн. Гэрээ маш сайн болсон гэж боддог. Өмнө нь хэлсэнчлэн УИХ-ын ажлын хэсгийн шалгалт аль аль талдаа үр дүнтэй байна гэж бодож байна.

-“Оюутолгой” дахь Монголын ханган нийлүүлэгч хэдэн зууд хүрсэн гэсэн. Тоо нь олон ч нийлүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээнийх нь үнийн дүн ямар байдаг бол. Жишээлбэл, томоохон машин механизм, өөрөө буулгагч зэргийг Монголоос нийлүүлж чадахгүй тул хэдий олон ханган нийлүүлэгч бий гэж буй ч гадаадынхтай харьцуулбал худалдан авалтын дүнгийн бага хэсэг нь дотоодод ногддог байж магадгүй юм.

-Бид худалдан авалтаа гурван шат дарааллаар авч үздэг. Нэгдүгээрт, Монголоос авч болох зүйлсийг эндээс л авна. Хоёрдугаарт, том тоног төхөөрөмж, машин техник нийлүүлэгчийг (гадаадын) заавал монгол компанитай түншил гэж бодлогоор шахдаг. Гуравдугаарт, ноу-хауг Монголд нутагшуулахад дэмжлэг үзүүлснээр урт хугацаанд тогтвортой, найдвартай ханган нийлүүлэлтийн сүлжээ үүсгэх зарчим баримталдаг. Монголын үйлдвэрлэгчдийг тууштай дэмжиж буйн үр дүн гарч эхэлсэн.

Тухайлбал, хөдөлмөр хамгааллын хэрэгслүүдийг монгол компаниас авч байна. Бээлий, гутал зэргийг энд дурдаж болно. Ер нь нийт худалдан авалтын дүнгийн 85 хувь нь монгол компаниудад ногдож байгаа. 2010 оноос хойш татвар, ханган нийлүүлэлт, цалин хөлс гээд нийт 7.5 тэрбум ам.долларыг Монгол Улсад зарцуулсан. Энэ нь Монгол Улсын эдийн засаг, валютын ханш тогтворжиход нөлөө үзүүлсэн.

-Цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулахад “Оюутолгой”-д эрчим хүч ихээхэн чухал. Уурхайд эрчим хүч нийлүүлэх Тавантолгойн цахилгаан станц барих төслийн явц гацсан гэж ойлгож байгаа. Тэгвэл дөрвөн жилийн дотор хэрэгжүүлэх боломжтой эрчим хүчний эх үүсвэрийг шийдвэрлэх ажлаа эхлүүлсэн гэж “Оюутолгой”-н зүгээс мэдээлсэн. Энэ ажил ямар шатанд байна вэ?

-Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу дөрвөн жилийн дотор эрчим хүчээ дотоодоос авах үүрэг хүлээсэн. Энэ тоолуур гүйж эхлээд дөрвөн сар өнгөрөөд байна. Гэрээгээр хүлээсэн үүргээ бид бүрэн биелүүлж, дотоодоос эрчим хүчээ хангана.

-Өөрсдөө цахилгаан станц барина гэсэн үг үү?

-Цахилгаан станц барих тохиромжтой газар хаана вэ, ямар технологи хамгийн сайн бэ, санхүүжилтийг нь хэрхэн шийдэх вэ зэргийг олон хүний бүрэлдэхүүнтэй баг судалж байгаа.

-Манайх шиг зэсийн нөөцтэй Чили улс уул уурхайнхаа ачаар бусад салбараа өндийлгөж чадсан. Таны хувьд зэсийн үйлдвэрлэлийн чиглэлээр дагнасан арвин туршлагатай. Тус улсын туршлагаас Монголд тусгаж болох зүйлс юу байгааг ажиглаж байв уу. Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлнэ гэж ярьсаар байгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй л байна.

-Чили бол уул уурхай, тэр дундаа зэсийн үйлдвэрлэлийнхээ ачаар эдийн засгаа үлэмж өсгөж чадсан орон. Тус улс эхлээд уул уурхайгаа хөгжүүлсэн. Үүний тулд төрийн өмчит “Codel­co” компаниараа дамжуулаад хууль, эрх зүйн тогтвортой орчин бүрдүүлсэн байдаг. Гадаадын хувийн компаниудтай гэрээ байгуулахдаа эрх зүйн орчноо хамгийн багадаа 30 жилээр тогтвортой байлгаж чадсан. Энэ нь хамгийн эхний гол шалгуур байсан болов уу. Үүний дараа эдийн засгаа төрөлжүүлэхэд анхаарсан.

Монголын хувьд эхлээд “Оюутолгой” төслөө амжилттай хэрэгжүүлсний дараа эдийн засгаа төрөлжүүлэхээр ажиллах нь илүү утга учиртай байх болов уу. Оюутолгойг дагасан ханган нийлүүлэлтээр дамжаад эдийн засаг төрөлжиж эхэлсэн гэж болно. Бид дотоодын худалдан авалтаа улам бүр нэмэгдүүлэхийг зорьж байгаа.

-Оюутолгойн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын зардал хоёр тэрбум ам.доллароор хэтэрсэн гэх шүүмжлэл гарч байсан. Монголоос барилгын, цахилгааны, усны зөвшөөрөл авахад хугацаа алдсан нь үүнд нөлөөлсөн гэдэг. Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдэхгүй гэж хэлж чадах уу?

-“Оюутолгой” бол цогц, том төсөл. Аливаа хяналтыг маш сайн тавьж байгаа. Үнэлгээг тогтмол хийдэг. Хамгийн сүүлчийн үнэлгээгээр аюул осолгүй, бүтээн байгуулалтын зардлыг төсөвтөө багтаан, цаг хугацаандаа гүйцэтгэж байгаа гэж дүгнэсэн. Өнгөрснийг эргэн харвал монголчууд өмнө нь далд уурхайд ийм олноороо ажилладаггүй байсан. Монголд хэрэгтэй олон мэргэжилтнийг бэлтгэж буйдаа баяртай байгаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай