Баавгайн эд эрхтэн тээвэрлэсэн этгээдүүд ял шийтгүүлэв

Хан Хэнтийн салбар уулс, Хангайн нуруу, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн нутагт хууль зөрчин хүрэн баавгай агнах явдал гарсаар байна. МБА-ны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид хууль зөрчин ховор амьтан агнасан нэг бус хэргийг илрүүлэн шалгаж, заримыг нь шүүх хэлэлцэн ял шийтгэжээ.

Улсын хэмжээнд “Байгалиа хамгаалъя” аян ид өрнөж байгаа. Дээрх хэлтсээс энэ аяны хүрээнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж буй. Хүрэн баавгай агнасан, тээвэрлэсэн, эд эрхтнийг нь худалдаж, худалдан авсан хүмүүст хуулийн хариуцлага тооцсон талаар дээрх хэлтсийн ахлах мөрдөгч, хошууч Б.Батсүрэнгээс тодрууллаа.

-Хүрэн баавгайн эд эрхтнийг нь худалдсан хэргийг танай хэлтэст шалгаж байгаа юм билээ. Энэ төрлийн хэрэгт зөвхөн агнасан хүнд нь хариуцлага тооцдог гэсэн ойлголт иргэдийн дунд байдаг. Энэ талаар тайлбар өгөөч.

-Монгол Улсын Амьтны тухай хуулийн 4.1.4-т “Ховор амьтан” гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг ойлгоно” гэж заасан. Мөн Засгийн газрын 2012 оны долдугаар тогтоолын I хавсралтад хүрэн баавгайг ховор амьтны жагсаалтад оруулсан. Гэвч иргэд хууль эрх зүйн мэдлэг дутмагаасаа болоод ч тэр үү, эсвэл баригдахгүй гэж боддог юм уу, хүрэн баавгай агнах, эд эрхтнийг нь худалдсан тохиолдол гарсаар байна.

Ховор амьтан агнахаас гадна тэдгээрийн гаралтай түүхий эд, эрхтнийг нь хадгалсан, худалдсан, тээвэрлэсэн бол агнасантай адилтгаж үзэхээр хуульчилсан. Тодруулбал, Амьтны тухай хуулийн 37.3-т “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж заасан байгаа.

-Баавгай агнасан нэг бус хүнийг шүүхээр шийтгүүлсэн гэсэн. Ямар шийтгэл ногдуулсан бол?

-Энэ төрлийн нэг бус хэргийг шүүх шийдсэн. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн иргэн О-д холбогдох хэрэг. Тэрбээр хүрэн баавгайн толгой, сарвуу бүхий арьс тээвэрлэж яваад саатуулагдсан юм. Тус шүүхээс иргэн О-д нэг жил тэнсэн харгалзах ял оноож, тээврийн хэрэгслийг нь улсын орлогод авах, уг амьтны экологи, эдийн засгийн үнэлгээ болох 6.5 сая төгрөгийг хоёр дахин нугалж буюу 13 сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр болсон.

Иргэн О баавгайг өөрөө агнаагүй гэдэг ч дээр дурдсан Амьтны тухай хуулийн 37.3-т заасны дагуу ийм шийтгэл ногдууллаа. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, багаж, зэвсгийг ч улсын орлого болгохоор хуульчилсны дагуу ийн шийдвэрлэсэн.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай