Цэцэд АН-ын гишүүд төвхнөх нь

 Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дууссан Н.Жанцан, Д.Наранчимэг, Т.Лхагваа, Д.Сугар нарыг улираахгүй нь. Учир нь тэдний оронд томилуулахаар санал болгосон хүмүүсийн нэр өчигдөр ил болов. Томилогдсон өдрөөр нь тооцвол бүрэн эрхийн зургаан жил нь хэдийнэ хэтэрсэн хоёр ч хүн ажлаа өгөх эрхмүүдийн дунд бий. Н.Жанцан, Д.Наранчимэг нарыг 2011 оны тавдугаар сарын 5-нд томилсон бол Т.Лхагваа, Д.Сугар нарыг 2012 оны тавдугаар сарын 9-нд баталсан билээ.

Цэцийн есөн гишүүнийг гурав гурваар нь Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүхээс санал болгосны дагуу зургаан жилийн хугацаатайгаар томилдог. Д.Сугарыг УИХ-аас санал болгон томилсон бөгөөд нөгөө гурав нь өмнөх Ерөнхийлөгчөөс “илгээлт” авсан хүмүүс. Энэ удаа УИХ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгыг нэр дэвшүүлж буй бол Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарыг санал болгожээ. Тэдний хэн хэнийг нь дэмжих нь зүйтэй гэдэгт өчигдрийн ээлжит хуралдаанаараа МАН-ын бүлгийнхэн санал нэгдсэн байна.

Өмнө нь Х.Баттулга Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн Р.Бурмааг Ардын намынхан дэмжихгүй гэдгээ илэрхийлж байсныг бодвол энэ удаа Төрийн тэргүүний саналд хүндэтгэлтэй хандаж, хатуурхахгүй бололтой. Харин АН-ынхан өчигдөр хуралдаагүй бөгөөд тэд дээрх нэр дэвшигчдийг дэмжих, эс дэмжих нь үнэмлэхүй олонхтой парламентын шийдвэрт тэгтлээ нөлөөлөхгүй биз ээ. Өөрөөр хэлбэл, Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр, Ш.Солонго нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох нь тодорхой бололтой.

Б.Буяндэлгэр

Ш.Солонго

Г.Туулхүү

Ц.Нанзаддорж

Үндсэн хуулийн цэцэд үеэ өнгөрөөсөн улстөрчдийг томилдог, АН, МАН гэлтгүй аль эрх барьж буй нь өөрийн хүнээ тэнд тавьдаг гэх ойлголт хэдийнэ тогтсон тул одоогийн Ерөнхийлөгч өөрт “ногдсон” гурван суудлаа ямар хүмүүст санал болгож буй нь яах аргагүй анхаарал татаж байна. Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд заасны дагуу Цэцийн гишүүн нь хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, эрүүгийн ял шийтгэлгүй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэн байх ёстой.

Энэ оны эхээр зохион байгуулсан ротацын сонгуулиар АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн болсон Ц.Нанзаддоржийг Төрийн өмчийн хорооных гэж тодотгодог. Анх байгуулагдахад нь газар, хэлтсийн даргаар ажиллаж, тус байгууллагын удирдлагаар гурван ч удаа томилогдож, байсан түүнийг ийн тодорхойлоос өөр аргагүй ч байж мэднэ. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа АН олонх болоход тэрбээр Төрийн өмчийн хорооны даргаар томилогдсон ч төд удалгүй ажлаас нь чөлөөлсөн бөгөөд 2015 онд шүүхийн бичигтэйгээр эргэн ирсэн юм.

Төрийн өмчийн хорооны анхны дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын одоогийн дарга З.Энхболдтой олон жил хамт ажилласан нь тэднийг ойрын харилцаатай гэж үзэх шалтгаан болдог. Бүх зүйл төрийн мэдэлд байсан нийгмийг өөрчлөн байгуулсны дараа өмч хувьчлах их ажлыг эхлүүлсэн тэднийг энэ хэрээр хардлага дагадаг. Албан тушаалын давуу байдлаа ашиглан өнгөтэй, өөдтэйг нь өөртөө болон өрөөл бусдад хуудуутай хувьчилсан гэх хардлага Ц.Нанзаддоржоос салдаггүй. Тухайлбал, Төрийн өмчийн

хорооны даргаар ажиллаж байсан, өдгөө Цэцийн гишүүн Д.Сугартай хамтран 90 гаруй км төмөр замыг “ор сураггүй алга болгосон” дуулианд холбогдож байв. Гэсэн ч тэдний хэнийх нь ч гэм буруутайг тогтоож, ял шийтгэл оноосон зүйл алга. Нэг нь Цэцийн гишүүнээр зургаан жил ажиллаад, нөгөө нь тус суудалд горилж явна.

Д.Сугарын оронд нэр дэвшүүлэхээр яригдаж буй Ш.Солонгыг харин “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрынх” гэх нь бий. Тэрбээр 1984 онд Москвагийн улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөнөөсөө хойш тухайн үеийн Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт мэргэжилтнээс эхлээд тасралтгүй ажилласан нэгэн.

Ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойших бүхий л Засгийн газар, Ерөнхий сайдын нүүрийг үзсэн тэрбээр 2012 оны сонгуулийн дараа ажлаасаа халагдсан. Гэсэн ч түүнийг хууль бусаар ажлаас чөлөөлснийг шүүх тогтоосон тул одоогийн албандаа эргэж ирсэн юм. Сонирхуулахад, Ц.Нанзаддоржийг 2015 онд албаа өгсний дараа Төрийн өмчийн хорооны даргыг түр орлон гүйцэтгэгчээр Ш.Солонгыг томилж байсан билээ.

Хурандаа Г.Туулхүү нь ШШГЕГ-ын дэд даргаар 2014 оноос ажиллаж буй. МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр дүүргэсэн тэрбээр Гаалийн ерөнхий газар, Дархан-Уул аймгийн шүүхэд ажиллаж байжээ.

Б.Буяндэлгэр нь Дорнод аймгаас АИХ-д сонгогдсон 19 депутатын нэг. 1960 онд төрсөн. Эрхүүгийн улсын их сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэсэн юм байна. 1984 онд сургуулиа төгссөнөөс хойш аймгийн Засаг даргын Тамгын газар, Залуучуудын холбоонд ажиллажээ.

Улмаар 1993-2008 онд хувийн хэвшилд хүч үзсэн бөгөөд 2009 оноос УИХ-ын Тамгын газрын судалгааны төвийн ахлах референтээр ажилласан аж. 2012 оны орон нутгийн сонгуулиар Дорнод аймгийн ИТХ-д ИЗНН-аас нэр дэвшин сонгогдсон бөгөөд 2016 оны сонгуулийн босгон дээр АН-д элссэн юм.

Цэцийн гишүүн нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу албан тушаалаасаа чөлөөлөгдөж болохоор хуульчилсан байдаг. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн алба хаах насны дээд хязгаар 65. Энэ үүднээс харвал тэд ингээд томилогдчихвол нэг удаагийн бүрэн эрхийг насны хувьд юутай ч давчихаар хүмүүс аж.

Тухайлбал, гишүүн Н.Жанцан, Т.Лхагваа нар дээрх хязгаарыг давсан тул Цэцийн бүрэлдэхүүнээс чөлөөлөгдөх нөхцөл бүрдсэн гэж хэлж болохоор юм. Гэвч төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол Цэцийн гишүүнээс чөлөөлөгдөж болно гэсэн нь чөлөөлөгдөхгүй байж ч болно гэсэн үг. Өнгөрөгч парламентын үед гишүүн Х.Тэмүүжин Цэцийн гишүүдийн насны хязгаар болон бусад цөөнгүй асуудал хөндсөн хууль санаачлан батлуулсан нь анхаарал татаж байв.

Мөн тэрбээр “Үндсэн хуулийн цэц үеэ өнгөрөөсөн улстөрчдийн морг болсон” гэж үглэн, шүүмжлүүлэн байж оруулсан “Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно” гэсэн заалтыг хүчингүй болгосноор Цэцийн гишүүнээр хэдэн ч удаа томилогдон ажиллаж болох нөхцөл бүрдсэн. Одоогийн гишүүдээс Н.Жанцан дөрөв, Д.Наранчимэг 2005 оноос хойш хоёр удаа улиран томилогдсон байх жишээтэй.

Юутай ч улиран сонгогдох хийгээд насны хязгаарыг хослуулсан хязгаарлалт үгүй хойно хэнийг хэдэн ч удаа, хэд хүртэл нь Цэцийн гишүүнээр ажиллуулах вэ гэдэг нь тухайн үеийн эрх баригчид, санал болгон томилуулах эрх бүхий субъектуудын ааш аягаас хамаарах хэрэг болж буй гэлтэй. Энэ удаа ч аль нэг нам, эрх бүхий этгээдэд ойр хүмүүс уг суудалд очдог гэдгээс тэгтлээ гажих томилгоо болохгүй нь бололтой. АН-ын нэн шинэ гишүүд Цэцэд төвхнөх нь ээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай