ТАНИЛЦ: АНУ-ын Фулбрайтын тэтгэлэгт "TEA" хөтөлбөр гэж юу вэ?

Фулбрайтын Дунд сургуулийн багшийн хөтөлбөр (Фулбрайтын TEA) нь дунд сургуулийн Англи хэл, нийгмийн ухаан, математик болон бусад шинжлэх ухааны багш нарт зориулсан 5-6 долоо хоногийн академик сургалтын хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь багш нарт АНУ-д мэргэжил дээшлүүлэх, туршлага солилцох, АНУ-ын талаарх мэдлэг нэмэгдүүлэх боломжийг олгодог.

Хөтөлбөрт хамрагдсан багш нар АНУ-ын их дээд сургууль дээр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн багш нарын хамтаар зургаан долоо хоногийн заах арга зүй, хичээлийн төлөвлөгөө, сургалтын стратеги, багш нарын манлайлал, сургалтын технологи зэрэг сэдвүүдээр эрчимжүүлсэн сургалт авч, Америк багш, оюутнуудтай ажиллаж туршлага судлах боломжийг мөн олгоно.

Фулбрайтын TEA хөтөлбөр нь хавар, намрын семестерт буюу жилд хоёр удаа хэрэгждэг ч сонгон шалгаруулалтыг нэг удаа явуулж жилд 3-4 багш хамрагддаг.

Тэтгэлэгт дараах зүйлсийг хамруулан ойлгоно:

  • Тээврийн бүх зардал: Олон улсын болон дотоодын аялал (нэр дэвшигч нь Улаанбаатар хотоос өөр газар оршин суудаг тохиолдолд дотоодод хийгдэх визтэй холбоотой аяллын зардал зэрэг орно);
  • Амьдрах буюу хоол унд, орон байрны зардал: Оролцогчид их сургуулийн дотуур байранд байрлаж, хоолны болон нэмэлт зардлын тэтгэмж авна;
  • Эрүүл мэндийн даатгал: Оролцогчид өөрсдийн хөтөлбөрийн хугацаанд гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалаар хангагдана;
  • Визний зардал: АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдыг визний төлбөрөөс чөлөөлнө;
  • Аяллын тэтгэмж: Оролцогчид ачаа болон аялалтай холбогдолтой бага хэмжээний бусад тэтгэмжийг олгоно.

Хөтөлбөрийн бүрэлдэхүүн:

Фулбрайтын TEA хөтөлбөр нь олон улсын, дунд сургуулийн Англи хэл, нийгмийн ухаан, математик болон бусад шинжлэх ухааны багш нар болон дээрх бүх чиглэлийн тусгай боловсролын багш нарт АНУ-д зургаан долоо хоногийн мэргэжил дээшлүүлэх боломжийг олгодог ба хөтөлбөрт оролцогчид нь өрсөлдөөнт шалгаруулалтаас шигшигдсэн сургуулиуд дээр 18-20 хүнтэй группд хуваагдан байршина.

Хөтөлбөр нь академик сургалт болон багшлах дадлагаас бүрдэнэ:

Академик сургалт: Шинэ заах арга зүй, хичээлийн төлөвлөгөө боловсруулалт, сургалтын стратеги, сургалтын технологи зэрэг сэдвүүдээр академик сургалтад хамрагдана. Англи хэлний чадвараа ахиулах шаардлагатай багш нарт хэлний эрчимжүүлсэн сургалтыг мөн санал болгодог.

Багшлах дадлага: Дадлагыг АНУ-ын дунд сургууль дээр явуулах ба энэ нь дадлагажигч багшид Америк багш, оюутнуудтай ажиллаж, туршлага судлах боломжийг олгодог. Оролцогчийг дэмжлэг, зөвлөгөө авах, соёлын хөтөлбөрт оролцох боломжуудаар мөн хангана.

Хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн багш байрлаж байсан Америкийн дунд сургууль болон өөрийн сургуулийн хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, багш нарт сургалт явуулах, нэн шаардлагатай сургалтын материалын тусламж авах зэрэг солилцоотойгоо холбоотой төсөл хөтөлбөрүүдэд ЭСЯ-аас туслалцаа хүсэх боломжтой.

Фулбрайтын TEA хөтөлбөр нь эмэгтэй хүүхдийн боловсролын дэмжих АНУ-ын Төрийн департаментын санаачлагыг дэмжиж жил болгон нэг групп оролцогчдыг тус чиглэлээр илгээдэг. Тус чиглэлийг сонирхсон багш нар өргөдөл дээрээ тодорхойлж өгөх боломжтой.

Тавигдах шаардлагууд:

Хөтөлбөрт хамрагдагчдад тавигдах үндсэн шалгууруудад:

  1. Монгол Улсын иргэн бөгөөд Монгол Улсад оршин сууж байх;
  2. Бакалаврын зэрэгтэй, дунд сургуульд бүтэн цагаар ажиллаж байгаа багш байх;
  3. Өргөдөл гаргаж буй чиглэлээрээ 5 болон түүнээс дээш жилийн мэргэжлийн туршлагатай байх;
  4. Дараах чиглэлийн багш байх: Англи хэл, Математик, Шинжлэх ухаан, Нийгэм судлал эсвэл Тусгай боловсрол;
  5. АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон оролцогчид давуу талтай. АНУ-ын ногоон карт эзэмшигч монголчууд өргөдөл гаргах эрхгүй болохыг анхаарна уу.

Оролцох боломжгүй нөхцөлүүд:

Фулбрайтын TEA хөтөлбөр нь дадлагад суурилсан тул боловсролын яамны ажилчин, сургуулийн удирдлага, их дээд сургуулийн багш, хувиараа Англи хэлний багш, сурагчдын дийлэнх хувийг гаднынхан эзэлдэг сургуулийн багш нар хамрагдах боломжгүй болно.

Сонгон шалгаруулах явц:

АНУ-ын Засгийн газрын бүхий л тэтгэлэгт хөтөлбөр нь сонгон шалгаруулалт дээр суурилсан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн нэр дэвшигчдийн онцгой нөхцөлийг тооцон үзэх ч эцсийн шийдвэрийг өргөдлийн чанар болон ярилцлагын үеэр үзүүлж буй нэр дэвшигчийн ерөнхий чадамж дээр тулгуурлан хийдэг аж.

Фулбрайтын TEA хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын үндсэн шатуудад:

Техникийн шалгалт: Өргөдлийг бүрэн гүйцэд бөглөсөн эсэхийг шалгах анхан шатны шалгуур. Энэ шатанд дараах хоёр зүйлийг шалгадаг:

  1. Өргөдөл болон хавсралт материалууд бүрэн байгаа эсэх
  2. Өргөдөл гаргагч нь тавигдсан үндсэн шалгуурыг хангасан эсэх

Өргөдөл хяналт: Техникийн шалгуурыг давсан өргөдлүүдийг өргөдөл хяналтын хороонд илгээнэ. Энэ шатанд нэг өргөдөлтэй дор хаяж гурван хүн уншиж танилцана.

Анхан шатны шалгаруулалт: Өргөдөл шалгах хорооны зөвлөмжийн дагуу ярилцлаганд дуудах өргөдөл гаргагчдыг тодруулна. Анхан шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг ярилцлаганд биеэр ирж оролцохыг урина.

Ярилцлага: Ярилцлагын ЭСЯ-ны болон бусад боловсролын салбарын төлөөллүүд удирдан явуулах ба дэлхийн хэмжээнд өрсөлдүүлэх нэр дэвшигчдийг сонгон шалгаруулна.

Нэр дэвшүүлэлт: Ярилцлагын шатнаас сонгогдсон нэр дэвшигчдийн өргөдлийг ЭСЯ-аас АНУ-ын Вашингтон хотноо байрлах Фулбрайтын TEA хөтөлбөрийн оффист илгээнэ.

Эцсийн шалгаруулалт: Дэлхийн хэмжээний шалгаруулалтаас шалгарсан оролцогчид хөтөлбөрт хамрагдах эрхтэй болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.irex.org/project/fulbright-teaching-excellence-and-achievement-program-fulbright-tea авна уу.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай