Польш улсаас авах 50 сая еврогийн зээлээр нийгмийн шинж чанартай төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлнэ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, Сейм дэх Польш-Монголын парламентын бүлгийн дарга Марек Жонса тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэ оны сүүлчээр Варшав хотноо хуралдах Монгол, Польшийн парламентын комиссын хуралдаан хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа болон хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэж байгаагаа тэрбээр илэрхийллээ.

Өнгөрсөн онд шийдвэрлэсэн Польш Улсаас авах 50 сая еврогийн зээлээр нийгмийн шинж чанартай чухал төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх болно. Түүнчлэн амжилттай хөгжиж буй батлан хамгаалах салбарын харилцааг цаашид өргөжүүлэх, харилцан мэдээлэл солилцох хэлэлцээрийг ойрын үед байгуулах нь чухал гэдгийг УИХ-ын дарга М.Энхболд тэмдэглэж хэлэв.

Тэрбээр Польш Улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр гэрээ хэлэлцээр байгуулах байр суурийг баримталж байгаагаа илэрхийллээ. Мөн боловсролын салбарын хамтын ажиллагааны уламжлал, туршлагадаа түшиглэн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах суралцагчдын тоог нэмэгдүүлэхэд анхаарал тавих, байнгын ажиллагаатай Элчин сайдын яамдыг хоёр талд нээн ажиллуулах, бүс нутаг, олон улсын байгууллагуудын хүрээнд бие биенийг дэмжиж ирсэн байр сууриа цаашид үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа онцлов.

Ноён Марек Жонса хоёр орны парламент дахь бүлгүүд идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцлоод, “Айлчлалын үеэр эдийн засаг, батлан хамгаалах, боловсролын зэрэг салбарын хамтын ажиллагааны асуудлаар Монголын талтай санал солилцоно. Түүнчлэн манай талаас санал болгож буй хэд хэдэн асуудлыг хөндөж ярилцахаар төлөвлөж байна” гэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай