Мал эмнэлгийн ерөнхий газартай болно

“Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Ингэснээр Мал эмнэлэг, үржлийн газрын нэрийг Мал эмнэлгийн ерөнхий газар болгон өөрчлөх аж. Нэрийг өөрчилснөөр "Мал, амьтны эрүүл мэндийн тухай" хууль хэрэгжих боломжтой болох бөгөөд мал эмнэлгийн нэгдсэн, шуурхай удирдлагын босоо тогтолцоог бүрдүүлэх, мал үржлийн албаны чиг үүргийг бодлогын түвшинд зохицуулах юм байна.

Тодруулбал, 1993 онд баталсан “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн хэрэгжилтийн явцад мал эмнэлгийн болон мал үржлийн албаны хариуцан хэрэгжүүлэх чиг үүрэг ялгавартай нь тодорхой болсноос гадна хийдэл, зөрчил нэлээд гарч байсан, хуулийн хамрах хүрээг тэлж, дэлхий нийтийн жишигт нийцүүлэх хэрэгцээ үүссэн зэргийг харгалзан тус хуулиар зохицуулж байсан харилцааг салгаж, бие даасан хуулиар зохицуулах шаардлага бий болжээ. Дээрх асуудлыг шийдвэрлэх зорилгоор УИХ-аас 2017 оны арванхоёрдугаар сард “Мал амьтны эрүүл мэндийн тухай”, “Малын генетик нөөцийн тухай” гэсэн хоёр хуулийг баталсан билээ.

2018 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчлэх эдгээр хоёр хуулийг хэрэгжүүлэхийн тулд одоогийн Мал эмнэлэг, үржлийн газрын чиг үүргийг хоёр салгах шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзсэн байна. Ингэхдээ:

  1. Мал эмнэлгийн чиглэлийн үйл ажиллагааг Мал эмнэлгийн ерөнхий газар хариуцаж,
  2. Малын үржил, бүртгэлийн чиглэлийн үйл ажиллагааг одоо хариуцаж байгаа хэлтсийг нь (Мал эмнэлэг, үржлийн газарт) Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бүтцэд шилжүүлж, мал үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалтыг хариуцан ажиллуулахаар өөрчлөх ажээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай