Гризманн: 115 саяар“Барселона”-д

Орчин цагийн хөлбөмбөгийн өнгийг тодорхойлж байгаа тоглогчдын нэг Антуан Гризманн “Барселона” багт очих тохироонд хүрсэн талаар Испанийн “Marca” сонин мэдээллээ. Гризманн шинэ багтайгаа таван жилийн гэрээ байгуулсан бөгөөд жилд 15 сая еврогийн цалин авахаар болжээ. Энэ нь баг дотроо Лионель Мессигийн дараа бичигдэх хэмжээний цалин юм. Хэрэв тэрбээр байгуулсан гэрээнээсээ буцвал Каталоны багт 20 сая еврогийн нөхөн төлбөр төлөх юм байна. “Атлетико” клуб лидер тоглогч авч үлдэх бүх талын аргыг хэрэглэж байгааг тул “Барселона” эрсдэлээс сэргийлэх үүднээс дээрх заалтыг гэрээндээ тусгасан байна.

“Барселона” франц хөлбөмбөгчинтэй хувийн гэрээ байгуулахаас өмнө “Атлетико” клубтэй удаан хугацааны турш хэлэлцээр хийж, эцсийн дүнд 115 сая еврогийн тохиролцоонд хүрчээ. Энэ нь хэдий их мөнгө ч “Барселона”-гийн хувьд тун чиг амжилттай наймаа юм. Учир нь өнгөрсөн жил “ПСЖ” Неймарыг 222 сая еврогоор худалдан авсан наймаанаас болж хөлбөмбөгчдийн үнэ огцом өндөрт хөөрч, өдгөө дундаж түвшний тоглогчдын үнэ 50 сая еврод хүрээд байгаа юм. Каталоны клуб 2017 онд 21 настай Усман Дембелег 105 сая еврогоор авсан ч амжилтгүй наймаа болоод байна. Учир нь Дембеле гэмтэл бэртэлд олон өртсөн нь “Барселона”-гийн 2017-2018 оны улирлын төлөвлөгөөг нураасан юм. Тиймээс түүнийг ирэх улиралд Английн “Ливерпүль”-д зээлээр тоглуулж магадгүй байна.

Зүүн жигүүрийн довтлогч Гризманн Неймараас хойш эзэнгүй болсон тус байрлалд эзэн бүрэн сууж чадна хэмээн Каталоны багийн удирдлага үзэж байна.  Гризманн ч өөрийн түвшинг өнгөрсөн улирлын турш харуулсан бөгөөд Испанийн Ла лигад 19 гоол оруулсан. Мөн Европа лигийн шигшээ тоглолтод хоёр гоол оруулан “Атлетико” багаа аваргалуулав. Тэрбээр Ла лигагийн сүүлийн таван уилийн турш 15-аас дээш гоол оруулсан өндөр амжилтыг үзүүлж байна. “Барселона” одоогоор Гризманны наймааг нууцалж байгаа бол франц тоглогч энэ долоо хоногт хэвлэлийн хурал зарлаж мэдэгдэл хийхээр төлөвлөсөн гэнэ.

Харин “Барселона”-гийн лидер Лионель Месси түүний трансферийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хэлэхдээ “Антуан топ хөлбөмбөгчин. Хэрэв тэр манай багт ирвэл баяртай байх болно” хэмээжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай