500 сая хүртэлх төгрөгийн зээлийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгохоор тусгажээ

Өнгөрөгч баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Ж.Ганбаатар нарын таван гишүүний санаачилсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн, дэмжлээ. 800 гаруй мянган хүн ажиллаж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд төрийн бодлого, дэмжлэг дутагдаж байгааг гишүүд онцлоод, энэ салбарынхны бараа, бүтээгдэхүүний борлуулалт, худалдааг нь дэмжих, гарааны бизнес эхлүүлж байгаа өрхийн үйлдвэрлэлд барьцаа хөрөнгө шаардахгүй, итгэлийн зээл олгох, зээлийг Төрийн банкаар дамжуулан урт хугацаанд бага хүүтэйгээр олгох нь зүйтэй гэсэн санал хэлж байлаа.

Хууль санаачлагч Ж.Ганбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа “Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хувьд банкнаас зээл авах нөхцөл, шалгуур, дарамтыг багасгах үүднээс 500 сая хүртэлх төгрөгийн зээлийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас, 500 саяас 2.5 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаас авахаар тусгасан” хэмээн онцолсон. Хуулийн үйлчлэх хүрээнд нийтийн хоолны салбар хамрагдсаныг дурдаад, жилийн орлого нь 2.5 тэрбум төгрөөс дээш орлоготой буюу сүлжээ ресторан хамаарахгүйг тодотгов.

Түүнчлэн төрийн бус байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой компани, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газар, гадаад улсын хуулийн этгээд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх, согтууруулах ундаа импортлох зэрэг аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн хүрээнд тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуйн нэгж уг хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүйг хэлсэн. 

Д.Лүндээжанцан: -Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо сайн ажиллаж буй. Хамгийн их анхаарал татсан асуудлын талаар хуулийн төсөл өргөн барьсанд талархаж байна. Төслийг хэрхэн шалгаруулах, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих талаар хэр тусгав. 

Ж.Ганбаатар: -Дотоодод үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүн бага байгаа нь үнэн. Гэхдээ шингэн бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэх нь жилээс жилд нэмэгдэж байгаа. Төсөл сонгон шалгаруулах талаар Засгийн газрын холбогдох гишүүн журам гаргаж, зохион байгуулна. 

Н.Оюундарь: -Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зээлийг арилжааны банкаар олгох нь өрсөлдөөн бий болгоно. Өөрөөр хэлбэл, зээлийг сангаар биш, арилжааны банкуудаар олгох боломжтой юу? 

Ж.Ганбаатар: -Зээлийг банкаар олгоход бас сул тал бий. Тайлан тооцоо, барьцаа хөрөнгө нэхдэг нь дөнгөж бизнес эхлүүлж буй хүмүүст хүнд тусдаг. Сангаас олгоход ч тодорхой сул тал, гажуудал бий. Тиймээс 500 сая хүртэлх төгрөгийн зээлийг сангаас, үүнээс дээш бол банкаар олгохоор тусгасан юм. 

Ч.Улаан: -Хүнсний аюулгүй байдалтай шууд холбоотой нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгчид жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт хамаарах уу. Нийтийн хоолны салбар их орхигдсон, тэднийг төрөөс дэмждэггүй. Тэгсэн атлаа хамгийн их ажлын байр бий болгодог. Энэ талаар төсөлд хэрхэн тусгасан бэ? 

Ж.Ганбаатар: -Нийтийн хоолны салбар бүрэн хамаарна. Харин 2.5 тэрбум төгрөгөөс дээш орлоготой тохиолдолд уг хуульд хамаарахгүй. Аюулгүй байдлын тухайд холбогдох хуульд нь анхаарал хандуулж ажиллана. 

О.Баасанхүү: -Тэдгээр аж ахуйн нэгжүүдийг орлогыг хэрхэн тогтоох вэ? 

Ж.Ганбаатар: -Хөрөнгийг хамааруулахгүй. Ажиллуулж байгаа хүнийх нь тоо чухал. Тоног төхөөрөмж бол дараагийн асуудал. 1-9 хүртэл ажилчинтай бол бичил бизнес эрхлэгч. 2.5 тэрбум бол зөвхөн борлуулалтын орлого гэдгийг тодотгох нь зүйтэй болов уу. 

Б.Батзориг: -Одоогийн байдлаар манай яаманд энэ чиглэлээр 1500 орчим төсөл ирсэн байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид бизнесээ өргөжүүлэх, орлоготой, ажилтай болох хүсэлтэй хэдий ч эдийн засгийн нөхцөлөөс үүдэн төрөөс 70-хан тэрбум төгрөг төсөвт суулгасан. Тэдний хүссэн дэмжлэгийг төр өгч чадахгүй байгаа нь үнэн. Байгаа төсөвтөө тааруулж л ажиллаж байна. Энэ хууль батлагдвал зээлийн хүү нэг оронтой тоо руу орно гэж найдаж байна. 

Б.Ундармаа: -Энэ төрлийн зээлийн хугацаа маш богино байдаг. Үүнийг сунгах талаар ямар зохицуулалт тусгасан бэ? 

Ж.Ганбаатар: -Зээлийн талаар журмаар нарийвчлан зохицуулахаар тусгасан. Хуульд тодорхой тусгана гэвэл болохгүй зүйлгүй. Гэхдээ бүгдийг хуульчлах нь бас сул талтай. 

“ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧ НЬ ГОМДОЛ ГАРГАХДАА 20 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГИЙН БАРЬЦАА БАЙРШУУЛНА” 

Энэ өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн. Тендерт шалгарсан боловч чанаргүй ажил гүйцэтгэдэг компаниудыг олон нийтэд ил тод болгож, үйл ажиллагааг нь хязгаарлах цаг болсныг цөөнгүй гишүүн хэлж байсан юм.

Мөн ногоон худалдаа болон дотоодын үйлдвэрлэлийг дэмжих хөшүүргийг уг хуульд тусгах, үнэлгээний шатнаас эхлээд тендер шалгаруулах ажиллагааг шударга, ил тод болгох шаардлагатай гэсэн санал давамгайлав. Үүнээс гадна тендерийн талаар гомдол гаргахад барьцаа төлбөр тавихаар хуульд тусгасан нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж байгааг дурдсан. Уг хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийнхэн “Сүүлийн жилүүдэд тендер шалгаруулалтыг санаатайгаар удаашруулах, өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор гомдол, маргаан гаргах нь нэмэгдсэн.

Тухайлбал, 2017 онд 5900 орчим тендер зарласны 813-т нь гомдол, санал ирсэн. Улс орны бүтээн байгуулалттай холбоотой төсөл, арга хэмжээг хугацаанд нь хэрэгжүүлэх үүднээс тендерт оролцогч нь гомдол гаргахдаа 20 сая хүртэлх төгрөгийн төлбөрийг барьцаа болгож Төрийн санд байршуулж, хариуцлагажуулахаар хуулийн төсөлд тусгасан. Үндэслэлгүй гомдол гаргасан тохиолдолд барьцаа төлбөрийг нь улсын орлого болгоно” гэв. 

Түүнчлэн Улсын бүртгэлийн багц хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Мөн Ерөнхий сайдын Монгол орны хөрс, бэлчээр, тариалангийн газрын хамгааллын асуудлаар хийсэн мэдээллийг сонсов.

Улаанбаатар хотын хөрсөн дэх хүнд металлуудын агууламжийг бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулахад, хромын агууламж 76.3, хар тугалгынх 71.1, цайрынх 80.3, зэсийнх 65.8, кадмийнх 48.7, никелийнх 52.6 хувиар тус тус их байгаа нь судалгаагаар тогтоогдсон талаар Ерөнхий сайд мэдээлэлдээ онцолсон. Мөн нийслэлийн нянгийн бохирдол 2014 оны байдлаар нийт дээжний 88 хувьд нь илэрсэн байна.

Тэр дундаа гэр хороолол, томоохон зах, хур хогийн цэг орчмын хөрсөнд нянгийн бохирдол маш их байгаа бол хотын хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээний томоохон төвүүдийн орчимд аммонийн агууламж ихтэй, нийт хөрсний дээжний 72 хувь нь сульфатын бохирдолтой гарчээ. Харин тариалангийн үйлдвэрлэлд ашиглаж буй нийт талбайн 61.4 хувь нь хүчтэй, 34.9 хувь нь дунд, 3.7 хувь нь сул элэгдэлд орсноос тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ, Төв, Булган аймгийн талбайн 52-81 хувь нь хүчтэй элэгдэлд орсон байна.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай