Хан-Уул, Чингэлтэй дүүргийн ӨЭМТ цусны даралт хэмждэг аппараттай боллоо

Сүхбаатарын талбайд “Цусны даралтаа хянаж сурцгаая” эрүүл мэндийн өдөрлөгийн нээлт боллоо. “Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж буй тус арга хэмжээнд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв болон Сонгдо, Интермед, Грандмед, Мөнгөн гүүр, Номун зэрэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд оролцож байна.

 Швейцарь улсын “Новартис сан” сайн санааны байгууллага "Эрүүл зүрх-Эрүүл хот" хөтөлбөрийг санаачлан гурван тивийн 3 улсад нэгэн зэрэг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Ази тивээс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг сонгоод байгаа билээ.

Энэхүү хөтөлбөрийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан”, Швейцарь улсын “Новартис сан” болон бусад талууд хамтран хэрэгжүүлж байна. Мөн тус хөтөлбөр нь Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгагдсан юм. 

Хөтөлбөр хэрэгжсэнээр нийслэлийн иргэдэд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ тэр дундаа, цусны даралт ихсэлттэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажил чанартай, хүртээмжтэй болохын зэрэгцээ Улаанбаатар хот “Цусны даралт ихсэлтийг амжилттай бууруулж, хянаж чадсан” жишиг хот болж, дэлхийн бусад хотод үлгэрлэх боломж бүрдэх юм байна.

Цусны даралтаа хянаж сурцгаая” эрүүл мэндийн өдөрлөгийн үеэр төслийн хүрээнд анхдагч загвар Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс бусдыгаа манлайлж, сайн ажилласан зарим ӨЭМТ-ийг шагнаж урамшуулсан. Мөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ӨЭМТ-үүдийг цусны даралт хэмжих автоматжуулсан аппаратаар хангах ажлын хүрээнд өнөөдөр төлөөлөл болгож Хан-Уул, Чингэлтэй дүүргийн ӨЭМТ-д уг багаж хэрэгслийг гардуулан өглөө нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай