Японы зах зээлд голионы бэлдмэлийг борлуулах боломж бий

С.ЦЭРЭНДУЛАМ


Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Д.Энхжаргалын урилгаар Олон улсын найрамдлын зөвлөлийн Монгол, Японы соёл, эдийн засгийн солилцооны нийгэмлэгийн ерөнхийлөгч Наохико Ито тэргүүтэй арлын орны тэргүүлэгч компаниудын төлөөлөл тус санд зочилжээ.

Энэ удаагийн уулзалтыг шинжлэх ухааны салбарын хүний нөөцийг чадваржуулж, хоёр орны эрдэмтдийн хамтарсан төсөл хэрэгжүүлэх, Японы санхүүжилттэй тэтгэлэгт эрдэмтдээ хамруулахаас гадна Монголын инновацын бүтээгдэхүүнийг тус орны зах зээлд гаргаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, гадаад борлуулалтын суваг нээх зорилгоор зохион байгуулав. Шинжлэх ухаан, технологийн сангийн дэргэдэх Эрдэмтдийн инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим гэж бий.

Эл танхимд 100 орчим нэрийн бүтээгдэхүүн байдаг аж. Уулзалтын үр дүнд тэдгээр бүтээгдэхүүнээс хонины сүүлний цэвэр тос, бог малын элдсэн арьс, гүзээний хуурай бэлдмэл, алтан  гагнуурын цай, голионы бэлдмэл, нэхий суудлын бүрээс зэрэг эмчилгээ, өдөр тутмын хэрэглээний зориулалттай 14 нэр, төрлийн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд танилцуулахаар сонгожээ.

Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд цэвэр байгалийн гаралтай, химийн бодис агуулаагүй, эмчилгээний үр дүн өндөртэй гэх зэрэг давуу талтай. Дээрх 14 бүтээгдэхүүнээс хэдийг нь сонгох, ямар хэмжээгээр, хэзээ борлуулж эхлэхийг Японы тал шийдвэрлэж хариу өгөх аж.

Өнгөрсөн онд тус сангийн санхүүжилтээр Монгол эрдэмтдийн бүтээсэн, арваад бүтээгдэхүүнийг Хятадын зах, зээлд танилцуулснаас барагшуны бэлдмэл, адууны хатаасан мах, давирхайн болон батганы тос зэрэг дөрвөн бүтээгдэхүүнийг тус улсад борлуулах эрх авчээ. Дашрамд дурдахад, Шинжлэх ухаан, технологийн сан 2017 онд 10.2 тэрбум төгрөгөөр 500 орчим төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн байна. Энэ нь өмнөх оноосоо нэг тэрбумаар өссөн дүн гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай