Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нарын 2018 оны тавдугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулахдаа, 2017 оны байдлаар бүртгэлтэй 155,065 аж ахуйн нэгжээс 78,585 нь үйл ажиллагаа явуулж байгааг дурдсан. Эдгээрийн 86 хувь нь жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт хамаарч 800 гаруй мянган хүн ажиллаж байгааг дурдсан. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, хөнгөлөлттэй зээл олгох, зээлийн баталгаа гаргах зэргээр төрөөс дэмжлэг үзүүлж ирсний үр дүнгийн талаарх тоон мэдээллийг тэрбээр танилцуулсан.

Улс орны эдийн засаг эрчимтэй хөгжиж, зах зээлийн харилцаа гүнзгийрэх тусам Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийг шинэчлэх, зохицуулалтыг өөрчлөх шаардлага үүссэн тул төслийг боловсруулсан байна. Төсөлд хуулийн зорилгыг жижиг, дунд үйлдвэрийг төрөлжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн улс орны эдийн засагт эзлэх хувийг дээшлүүлэх зэрэг хэмжиж болохуйц байдлаар томъёолсон байна. Мөн тэдгээрийн ангилалыг тодорхой болгож, иргэд хөдөлмөр эрхлэлтээ өргөжүүлэн компани, хоршоо байгуулах замаар жижиг дунд бизнесийн дэмжлэгт хамрагддаг байх зарчмын шинжтэй өөрчлөлтийг тусгасан байна. Мөн одоо хэрэгжиж буй хууль дахь тунхаглалын шинжтэй жижиг, дунд үйлдвэрийн дэмжлэгийн талаарх бодлого, үндсэн чиглэлийн талаарх заалтуудыг өөрчлөн найруулж, хуулийн үйлчлэх хүрээг нарийвчлан тогтоож, ажил олгогч нарын ажлын байр шинээр бий болгох сонирхолыг эдийн засгийн хөшүүрэг ашиглан нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгасан болохыг Ж.Ганбаатар гишүүн танилцуулав. Үүний зэрэгцээ жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн ангилалд хамаарах аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр 1 хувь болгох, уг хуулийн үйлчлэлд хамаарч буй аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангаа жилд 1 удаа хялбаршуулсан байдлаар гаргадаг байхаар төсөлд тусгажээ. Мөн жил бүрийн улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 10-аас доошгүй хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг жижиг, дунд бизнес эрхлэхэд зориулахаар төвлөрүүлэх, эцсийн бүтээгдэхүүн борлуулалтыг дэмжихтэй холбоотой зохицуулалтыг тусгасан байна.

Танилцуулгатай холбогдуулан ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдээ орлоготой байлган амьдралын чанарыг дээшлүүлэх асуудалд анхаарал хандуулж, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн, батлахыг дэмжиж буйгаа Л.Элдэв-Очир гишүүн илэрхийлсэн юм. Жижиг дунд бизнес, үйлдвэр, үйлчилгээг дэмжих, цаашдаа тус тусдаа бие даан хөгжих орчныг бүрдүүлэх нь нийгмийн ач холбогдол өндөр гэдгийг тэрбээр онцолж байв.

Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, жижиг дунд бизнес, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийнхээ тоон мэдээллийг нягтлан тэдгээрт хүртээмжтэй, оновчтой бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг саналыг Л.Энх-Амгалан гишүүн хэллээ. Мөн энэ салбарт учирч буй бэрхшээл, саадыг зөв тодорхойлох нь зүйтэй. Татварын дарамт, төрийн үйлчилгээний хүнд суртал, санхүүжилтийн өндөр зардал, өндөр өртөгтэй дэд бүтэц, өрсөлдөх чадвар сул хууль эрх зүйн орчин зэрэг асуудлыг цогцоор нь харж, хуулийн төслийг хэлэлцэх ёстой гэдгийг тэмдэглэлээ. Ийнхүү хэлэлцээд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь нь дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай