Степан Бандера гэж хэн бэ?

Н.Энхтүвшин


Дэлхийн олон нийтийн анхаарлыг өнөөдөр яахын аргагүй Киевын хямрал татаж байна. Эв нэгдэлгүй, хээл хахуульд баригдсан улс орон яаж эдийн засгийн хямралд орж, бусдын идэш болон, нуран унаж байгааг та бид харж байна. Гэхдээ энэ бидний ярих сэдэв биш. Харин Евромайданы гол баатруудын нэг болох барууны хэт даврагсад гээд байгаа бандеруудын тодруулбал тэдний үзэл бодлыг үндэслэгч Степан Бандерын тухай өгүүлэх болно.

Өчигдрийн шүтээн өнөөдөр адгийн шаар болж, эсвэл заналт дайсан байсан нэгэн өнөөдөр үлгэр дууриалал болох нь жирийн үзэгдэл болжээ. Ийм хүнийг шүтэн бишэрч байх гэж эсвэл үзэн ядаж байх ч гэж дээ хэмээн гутарч суух уу, ашгүй нэг түүхийн үнэнийг мэддэг байж хэмээн баярлах уу мэдэхгүй. Үүнийг бичигч би социализмын үеийн орос дунд сургуулийг төгссөн нэгэн. Арван жил бидний толгойд Степан Бандера нь фашистын гар хөл болсон аймшигт яргачин гэсэн бодлыг суулгасан.

Гэтэл 2006 онд Украинд Степан Бандерагийн мэндэлсний 100 жилийн ойг албан ёсоор тэмдэглэж, түүний дүрстэй мөнгөн тэмдэгт гарган, төрсөн нутагт нь дурсгалын цогцолбор барих нь тэр. Үүгээр ч зогсохгүй 2010 онд тус улсын ерөнхийлөгч асан В.Ющенко Бандераг Украин улсын баатар цолоор нөхөн шагнав. Эл явдал Украинд төдийгүй олон улсад багагүй эсэргүүцэлтэй тулгарсан билээ. 

Тэгэхээр Степан Бандера гэж хэн байв аа?

Энэ хүний тухай нэгдсэн үзэл бодол байхгүй аж. Зарим нь түүнийг гитлерын гар хөл, нацистын гэмт хэрэгтэн гэдэг бол нөгөө хэсэг нь Украины тусгаар тогтнолын төлөөх тэмцэгч, эх оронч гэж үзнэ. Түүний хувь заяаг цагтаа Гитлер ч, Сталин ч өөр өөрийнхөөрөө шийдэж байжээ. Фашистын толгойлогч Бандераг концлагерьт хорьсон бол, большевикийн удирдагч түүнийг устгахыг тушаасан аж. Степан Андреевич Бандера хэмээх энэ украин эр 1908 онд Баруун Украины Галич буюу одоогийн Ивано-Франков мужийн Угрынив хэмээх тосгонд төржээ.

Өөрийнхөө намтарт тэрбээр “украины төлөө эх оронч үзэл шингэсэн гэр бүлд өссөн” гэж бичсэн байдаг. Үнэхээр ч түүний эцэг 1918 онд Украин Гүрэн хэмээх улс байгуулагдахад идэвхитэй оролцож Баруун Украины парламентад депутатаар сонгогдож байжээ. Гэвч 1920 онд Баруун Украиныг Польшууд эзлэн авчээ. Харин гол үндсэрхэг үзлээ Степан Бандера Украины үндэсний тэмцлийг дэмжсэн залуучуудын нууц бүлгэмүүдээс олж авсан гэдэг.

Тэрбээр тавдугаар ангиасаа эхлэн эдгээр нууц бүлгэмийн гишүүн болсон аж 1927 онд Бандера Львов хотын политехникийн их сургуульд амжилттай элссэн ч төгсөж чадаагүй байна. Учир нь улс төрийн үзэл бодлоосоо болж шоронд суужээ. Алдарт Украины үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллага 1929 онд байгуулагдаж нэн түрүүний зорилгодоо тусгаар тогтносон Украин улс байгуулахыг тусгажээ. Тэдний гол дайсан бол польшууд байв. Эл байгууллагын хамгийн идэвхтэй гишүүдийн нэг нь Степан Бандера байсан нь мэдээж.

 Баруун Украин польшийн засаг захиргааг хүлээн зөвшөөрөхгүй байлаа. Хүн амын тооллогыг эсэргүүцэн, сонгуульд оролцохоос татгалзаж, эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж, үе үе зэвсэгт мөргөлдөөн гарна. 1930-аад оны Баруун Украинд байдал улам хурцадмал болжээ. Хүн амын эсэргүүцэлтэй тулгарсан Польшийн эрх баригчид тус газар нутгийг “цэвэрлэх” үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Берёза Картузская гэдэг газар асар том хорих лагерь байгуулж украинчуудыг үй олноор нь хомроглон барих болсон байна.

1932 онд Украины үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллага Бандерагийн Польшийн эрх баригчдын эсэрг явуулсан тэмцлийг үнэлэн түүнийг орлогч даргаараа сонгов. Ялангуяа түүний зохион байгуулсан Львов хотын цагдаагийн газрын даргын аллага хамтран зүтгэгчидэд нь их таалагджээ. Гагцхүү Украины үндсэрхэг үзэлтнүүд ганц польшуудыг төдийгүй орос болон еврейчүүдийг ч мөн адил үзэн яддаг байв. 1933 оны намар Бандера Львов хотод суух ЗХУ-ын консулын газар руу зэвсэгт халдлага зохион байгуулсны улмаас ерөнхий консул шархдаж томилолтоор ирээд байсан зөвлөлтийн дипломат ажилтан Александра Майлов алуулжээ.

Үүнийгээ тэд Зөвлөлтийн мэдэлд байгаа Украиныг өлсгөлөнд нэрвүүлснийх нь төлөө коммунистуудад өгч байгаа цохилт гэж мэдэгдсэн байна. Бандерагийн нэр хүнд асар их өсөж байлаа. Яваандаа Украины үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллагынхныг бандерчууд гэдэг болжээ. Гэвч польшийн нууц тагнуулын албаны нэгэн баримт түүхчдийн сонирхолыг их татсан байдаг. Зөвлөлтийн консулын эсрэг явуулсан халдлагын өмнөхөн Украины үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллагын удирдлагатай урьд нь Польшид тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан Германы хошууч Кнауэр уулзжээ.

Тэр уулзалтын дараа Абвер тус байгууллагад 40 мянган марк өгсөн тухай тэрхүү баримтанд дурьдсан аж. Украины үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллагын дээрх халдлагыг Германы захиалгаар хийсэн гэсэн нотолгоо харамсалтай нь олдоогүй байна. Тус байгууллагад хөрөнгө мөнгө шаардагдах нь ойлгомжтой. Харин энэ асуудлаа тэд заримдаа цэвэр дээрмийн аргаар шийддэг байлаа.

Орос, польш, еврей эзэдтэй дэлгүүр, үйлдвэр, үйлчилгээний газар, банкуудыг “Тусгаар Украины төлөө хөрөнгө цуглуулах” уриан доор цөлмөн дээрэмддэг байжээ. 1934 онд Польшийн Дотоод хэргийн яамны сайдын амь насанд халдах үйл ажиллагааг зохион байгуулсныхаа төлөө Бандера 11 хамтран зүтгэгчидтэйгээ баригдан Варшавын шүүхээс цаазаар авах ял сонсжээ. Гэвч өршөөлийн хуулийн ачаар цаазын ялыг бүх насаар нь хорих шийтгэлээр сольсон байна.

Германд засгийн эрхэнд Гитлер гарч ирснээр Украины үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллагын Берлин дэх салбар гестапогийн ерөнхий штабын мэдэлд тусгай алба гэсэн нэртэйгээр оржээ. Тэнд Польшийн болон ЗХУ-ын эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагаанд дайчдыг бэлтгэдэг байв. Степан Бандераг Польшийн шорон нэг ёсондоо оросуудын өшөө авалтаас аварсан гэж хэлж болно. Учир нь түүнийг шоронд хоригдож байх хооронд Украины үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллагын гол том удирдагчид Зөвлөлтийн Дотоод хэргийн яамнаас явуулсан алуурчдын гарт нас барцгаасан байлаа.

Ингээд 1939 оны намар нэг талаас гуравдугаар Рейхын цэрэг нөгөө талаас улаан арми нийлээд Польшийг эзлэн хоёр хувааж орхив. Бандара шоронгоос суллагдсан аж. Зөвлөлтийн мэдэлд очсон Баруун Украин харьцангуй тайван байдалтай байлаа. Тиймээс Бандерагийн гэр бүл Львов хотод байсан тул тэрбээр нууцаар тийш явжээ. Удалгүй Баруун Украинд ч Зөвлөлтийн хэлмэгдүүлэлт эхэлсэн байна. Бандерагийн эцэг, хоёр эгч нарыг 1940 оны тавдугаар сард баривчилсан аж. Эцэг Бандерагаас улс төрийнх нь үзэл бодлын талаар байцаан асуусан протоколд “Би үзэл бодлоороо украин үндсэрхэг үзэлтэн болохоос шовинист биш.

Украничуудын сэтгэлд нийцсэн хамгийн зөв төрийн тогтолцоо бол бие даасан тусгаар Украин улс” гэж хариулсан” хэмээн бичсэн байдаг аж. Тавдугаар сарын 8-нд Киевын хаалттай шүүх Андрей Бандераг буудан алах шийдвэр гаргажээ. Марта болон Оксана гэдэг хоёр эгч нь Красноярск муж руу цөллөгдсөн аж. Бандера Польшийн Краков хот руу буцсан байна. Энэ мөчийг Германий Абверын алба овжин ашиглажээ. Украины үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллагын Берлин дэх салбар Бандераг урьжээ. Тэр үед тус байгууллага хэд хэд хуваагдсан байсан бөгөөд Бандера Украин дахь нууц хэлбэрт ороод байсан байгууллагыг толгойлж байв.

Тухайн үед Бандерагийн толгойлж байсан байгууллага 50 мянган гишүүнтэй байжээ. Мэдээж фашистууд эл байгууллагыг Германчууд Бандераг Зөвлөлтийн эсрэг хамтран ажиллах санал тавьжээ. Ухаантай, зальтай, зорилгодоо үнэнч Степан Бандера германчуудын далд санааг олж харж чадаагүй байна. Гитлерийн арми ЗХУ руу дайрахад Украины үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллага Баруун Украинд Улаан армийн эсрэг маш ширүүн тулалджээ. Тийм дээ ч фашистууд Львов хотыг өөрсдөө эзлэх гэж яараагүй байна. Хэсэг хугацаанд эл хот Украины үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллагын мэдэлд орсон аж.

Энэ мөчийг украины ард түмний хүсэл мөрөөдлийг биелүүлэх цаг хэмээн Бандера үзэв. Эхлээд сэтгэл нь хөөрсөн бандерчууд хотынхоо еврейчуудыг хомроглон устгажээ. Бохир ажлыг нь өмнөөс хийсэн тэдэнд фашистууд талархал илэрхийлэх нь мэдээж. Ингээд 1941 оны зургадугаар сарын 30-нд Бандера дур мэдэн Львов хотод “Украины улсын сэргэн мандалын баримт бичиг” тунхаглаж Засгийн газраа бүрдүүлэв. Уг хуралд германы абверын дэслэгч сууж байсан бөгөөд уг ажиллагааг хууль бус, украинчууд Германы эрх баригчдын мэдэлд байгааагаа мартаж болохгүй, дайны үеэр дотоод улс төрийн асуудлыг шийдэх нь хориотой хэмээн тайлбарлаад үгээ уламжлал ёсоор “Хайль Гитлер!” гэж дуусгажээ.

Гэтэл хариуд нь Бандерагийн баруун гар болох Ярослав Стецько босож ирээд “Хайль Бандера!” гэхэд танхим тэр чигээрээ түүнийг даган “Хайль Бандера” хэмээн уухайлсан аж. Танхимд байсан германы офицерууд бүгд хурлыг хаяж гарсан байна. Бандера болон түүний ойрын хамтран зүтгэгчид маргааш өдөр нь баривчлагдав. Тэд гурван жил Заксенхаузены хорих лагерьт хоригджээ. Гэхдээ тэнд Бандера тусгай хангамжтай нөхцөлд хоригдож байсан гэдэг. Хэрэв Украины үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллагийн Берлин дэхь, Рот дах салбар фашистуудтай хамтарч ажиллаж байсан бол Украины бандерчууд оросуудтай ч, германчуудтай ч тэмцэж эхэлжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны явц эргэн Улаан Арми давшилтаа эхлэн фашистуудыг Украины нутаг дэвсгэрээс хөөн зайлуулахад бандерчууд Зөвлөлтийн цэрэгтэй дайтаж эхэлжээ. Хорих газраас суллагдсан Бандерад Украинд эргэж ирэх ямар ч боломж олдсонгүй. Тэрбээр байгууллагынхаа үйл ажиллагааг алсаас удирдах болов. Ингээд 1947 онд тэрбээр Украины үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллагыг нэгтгэн Украиныг Зөвлөлтөөс чөлөөлөх асуудлаар баруун Берлинд зөвлөгөөн зохион байгуулжээ.

Тэрбээр Украиныг чөлөөлөх арми гэдгийг байгуулахын төлөө зүтгэн Абверын тусгай сургуулийг дүүргэсэн дайчдыг Украин руу илгээн эсэргүүцлийн бүлгэмүүдийг хэдэн арваар нь бий болгож байв. Тэдгээр бүлгэмүүд нь харгис хэрцгийгээрээ алдаршин, оросуудтай хамтарсан болгоныг хүүхэд хөгшид гэлтгүй хүйс тэмтэрч байлаа. Энэ дайн арав гаруй жил үргэлжилсэн бөгөөд Бандерагийн үхлээр төгссөн гэж хэлж болно. Степан Бандераг устгах гээд Америкийн тагнуулын алба ч, Оросын ДХЯ ч хэд хэд оролдсон боловч тэрбээр аюулыг мэдрэн зугтаж чаддаг байв.

Тэрбээр баруун Берлинд байх нь тун аюултай болсон тул Мюнхэн руу шилжжээ. 1950 оны эхээр түүний гэр бүлийг Украины ойд бандерчуудын хамт нуугдаж байхад нь Герман руу оргуулж гаргасан аж. 1959 оны аравдугаар сарын 15-нд Степан Бандера үргэлж болгоомжтой, хянуур байдаг Степан Бандера бие хамгаалагч нараа гэрийн гаднаас буцаан орц руугаа оржээ. Замдаа захаас худалдаж авсан тортой улаан лоолио нэг гартаа барин нөгөө гартаа түлхүүрээрээ гэрийнхээ хаалгыг онгойлгож байтал шатан дээр нэг эр зогсож байжээ.

Хэдий Бандера биендээ гар буутай явдаг байсан ч ямар нэгэн үйлдэл хийж амжсангүй. Танихгүй эр тусгай буугаар түүнрүү цианид калийн уусмалаар шүршиж орхисон байна. Хөрш айлынхныг дээр гарч ирэхэд Бандера шатан дээр амьтай хэвтэж байсан гэдэг. Тэрбээр эмнэлэг орох замдаа нас барсан аж. Түүнийг Зөвлөлтийн ДХЯ-ны нууц ажилтан Богдан Сташинский гэгч украин эр алсан байлаа. Өнөөдөр тусгаар тогтносон Украин улсын нийслэл Киев хотын гудамжаар жил болгоны нэгдүгээр сарын 1-нд орчин үеийн бандерчууд бамбар барин жагсдаг болжээ. 1930 онд фашизм яг л ингэж эхэлсэн.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай