Дөрвөн зуу шахам инженер, техникчийг удирддаг мужаан

Жирийн нэгэн мужаан залуу онол, номыг нь үзсэн инженерүүдийг удирдаж, мэргэжлийн арга зүйгээр ханган, гүний уурхайн дэлхийн түвшний мэргэжилтэн болсон гэвэл та итгэх үү. Үүгээр ч барахгүй газрын гүн рүү нэвтрэх босоо ам, хөндлөн хонгил ухахад зөвлөж буй гадаадын эскпертүүд ч түүний мэдлэг, туршлагаас хуваалцаж, саналыг нь сонсдог гээд бод. Дөчин насны босго даваагүй хэрнээ эрхэлсэн ажил, эх орондоо эзэн нь болж яваа түүний намтрыг сонсвол та монгол залуусын ухаан, авьяас чадварт эргэлзээгүй итгэнэ.

“Өглөө ажилдаа гарахдаа “Залуус аа, дайраад байх уу” гэхээр манайхны нүдэнд оч гэрэлтээд “Тэгье ээ, Цоомоо” гэж хэлээд босоцгоодог юм. Ажлаа мэдэж, мэдэрч, амтанд нь шимтсэн залуус эрч хүчтэй, бас сэтгэл өндөр болдог. Уурхайд алхам тутам эрсдэл тулгардаг. Ажилчдаа уриалчихаад араас бүү яар, алгуурхан хий гэж санаа зовох үе ч бий. Уурхайгаас гарч ирдэг хамгийн том баялаг бол уурхайчин юм” гэж намуухан хэрнээ цаанаа бахархангуй өгүүлэх энэ залууг Эрдэнэбилэгийн Үүрийнцолмон гэдэг.

Тэрбээр Оюутолгойн гүний уурхайн босоо болон хөндлөн малталтыг гүйцэтгэж буй Канадын хөрөнгө оруулалттай “Рэдпаф Монгол”, үндэсний бүтээн байгуулагч “Хасу мегаватт”-ын хамтарсан “Даян контракт майнинг” компанийн ахлах мэргэжилтэн. Э.Үүрийнцолмон “Оюутолгой” төслийн гүний уурхайн хөндлөн малталтын хэсгийг ахлан ажилладаг.

Түүний удирдлагад 360 инженер, техникч мэргэжилтэй залуус хоногийн 24 цагт ээлжээр ажиллаж, газрын гадаргаас 1300 метрийн гүнд хонгил малтдаг юм. Оюутолгойн хэвлийд бүрэлдсэн зэс, алт, мөнгөний арвин их нөөцийг олборлохын тулд Улаанбаатараас Дархан-Уул аймаг хүртэлх зайтай дүйх буюу 200 км хонгил ухах төлөвлөгөөтэй. Энэ л төлөвлөгөөний эхлэлийг тэрбээр хамт олонтойгоо тавьсан агаад одоо ч үргэлжлүүлсээр явна.

Хүний амьдрал эрээнтэй бараантай нь орчлонгийн жам. Сурлагаараа гоц гойд биш ч муу дүн авч эцэг, эхийнхээ чихийг халууцуулаад байдаггүй, өөрийнх нь хэлснээр “алтан дундаж” явсан Э.Үүрийнцолмон их, дээд сургууль төгсөж, ажил амьдралаа залгуулах чанадын хүсэлтэй байжээ. Гэсэн ч амьдралын боломжоос шалтгаалаад энэ хүслээ биелүүлж чадаагүй аж. Дунд сургууль дүүргэсэн шавилхан бор хүү амь зуух орлого залгуулахын тулд мужааны дамжаанд суралцсан байна.

Ингээд Даланзадгадад мужааны цех ажиллуулдаг гартаа уртай нагац ах нараа түшжээ. Тэнд жил гаруй ажиллахад нэг л боломгүй, олж байгаа хэдэн төгрөг нь амьдралд хүрэлцэх янзгүй байж. Тэгээд Говь гурван сайханд нутаглаж, байгалийн цогцолборт Ёлын амны байгаль хамгаалагчаар олон жил ажиллаж буй аав, ээжийгээ бараадан малчин болов.

Хөдөөгийн малчин хөх эр нэг өдөр Даланзадгадаар сэлгүүцэж явтал “Айвенхоу майнз” гэж компани Оюутолгойд хайгуул хийж байгаа, аймгийн төвд нь оффис нээсэн, тэнд танил эгч нь ажиллаж буйг олны амнаас сонсчээ. Тэгээд л туугаад очтол “Мужаан авна” гэсэн ажлын зар байж. Ажилд орох анкет бөглөчихөөд гэрээ зорив. Гурван сарын дараа нэгэн явуулын хүнээс “Чамайг ажилд авахаар болжээ. Ирж уулз гэж байна” гэсэн сайн мэдээ сонсчээ. Явуулын хүний дуулгасан мэдээ түүнийг хэзээ ч төсөөлөөгүй амьдралд хөтөлсөн юм.

“Эхнэрээ, дөрвөн ханатай гэртэй нь Даланзадгад нүүлгэж авчирчихаад л Оюутолгой руу явж байлаа. Бид гэрлээд гурван сар болж байсан. Аав, ээж минь тийм ч чадалтай хүмүүс биш. Айл болоход дөрвөн ханатай жижиг гэр төхөөрч өгсөн” хэмээн Э.Үүрийнцолмон намуухан ярих зуурт “Рэдпаф Монгол” компанийн дэд захирал Б.Баярцэнгэлийн өрөөнд залуухан бүсгүй орж ирлээ. Бүсгүй “Цоомоо ах аа, бид хоол идэхээр гарлаа. Танд хэрэгтэй зүйл бий юү. Явахаар бол ажлын өрөөний хаалгыг түгжээрэй” гээд түлхүүр орхив. Бүсгүйн ярианы өнгөнөөс түүнийг ихэд хүндэлдэг нь илт.

“Хамт олон тань таныг их хүндэлдэг үү” хэмээн асуухад “Төдийгөөс өдий хүртэл өөрийн хичээл зүтгэлээр өнөөгийн зэрэгт хүрсэн болохоор манайхан намайг их хүндэлдэг шүү” гэв. Тэр ерөөс элдэв чамирхалгүй цөөн үгтэй, илүү дутуу хөдөлгөөнгүй төлөв нэгэн. Магадгүй түүнийг хаа нэгтээ сагсуурч явахыг хэзээ ч харахгүй мэт мэдрэмж төрнө. Гэхдээ ажил дээрээ ам хуурайгүй зааварчлах, заримдаа нударгаараа ширээ тулаад босоод ирэх үе бишгүй гэнэ.

Бид өрөөнд нь тухалсан Б.Баярцэнгэл “Рэдпаф Монгол” компанид Э.Үүрийнцолмонтой зэрэг шахам жолоочоор ажилд орж байжээ. Тэд нэг нь компанийнхаа дэд захирал, нөгөө нь уурхайн дарга болно гэж хэзээ ч төсөөлөөгүй. Ажил хийж, амьдралаа дээшлүүлэх чин хүсэл өвөртөлж, биеэ түшиж “зүтгэсэн” залуус өдгөө бусдынхаа тэргүүнд гарчээ.

20 настай мужаан хар хүү Э.Үүрийнцолмон алх, хөрөөтэй “барилдах”-аар Оюутолгойд 2003 онд анх очжээ. “Айвенхоу майнз”-ын геологийн өрөмдлөгт шаардлагатай модон хэрэгсэл, ахуйн тавилга гээд өчнөөн зүйл урласан аж. Оюутолгойн далд уурхайн босоо амыг ухахаар “Рэдпаф Монгол” компанийнхан 2005 онд эзгүй говьд хөл тавив. Энэ үед Э.Үүрийнцолмон тус компанийн анхны есөн монгол ажилчны нэг болж уурхайчнаар элссэн байна.

“Газрын гүн рүү 1300 метр ухна гэж анх сонсоход үлгэр домог шиг санагдаад, нүдээ магнай дээрээ гартал гайхаж, үнэндээ итгээгүй. Эзгүй хээр машинаар нэг чингэлэг чирч аваачаад нэгдүгээр босоо амыг ухаж эхэлж байлаа. Гэхдээ гараараа 1300 метр ухчихсан юм даа” хэмээн тэрбээр ярив. Гараараа гэхээр жорлон ухаж байгаа юм шиг хүрз, царилаар “нүхэлсэн” мэтээр төсөөлөв дөө. Арай түрүү үеийн гар ажиллагаа ихтэй техник, технологиор ухсанаа гараараа гэж ёжилсон хэрэг.

Түүнтэй Жамбаа гэх мужаан залуу хамт ажиллаж байжээ. Бор-Өндөрийн уурхайд аав нь ажилладаг Жамбаа уул уурхай, тэр тусмаа гүний уурхайн талаар ямар ч ойлголтгүй Э.Үүрийнцолмонгийн дэргэд бараг л архаг уурхайчин байж. “Үнэхээр дайчин, юмыг сэдэж санаж хийхдээ гаргуун, ажилсаг эр байж билээ. Жамбаагаас би маш их зүйл сурсан” гэж тэрбээр бага залуудаа гар нийлэн ажиллаж явсан нөхрөө дурслаа.

Найз нөхөд, хамт олны дэмээр уул уурхай, мэдээж далд уурхайн малталтын талаарх түүний мэдлэг сөөм сөөмөөр ахижээ. Америк гаралтай, Канадад амьдардаг зөвлөх тэдний компанид ажиллахаар 2008 онд Оюутолгойд ирсэн нь түүнд олз болов. Уул уурхайн асар туршлагатай Жесси Корниш гэх америк эр түүнд таван жил багшилжээ. Э.Үүрийнцолмонг буруу хийвэл толгой түрийгүй загнах нь холгүй юм болж, сайн ажиллавал урам нэмэн магтдаг эр уул уурхайд түүний нүдийг нь нээсэн ачтан. “Үнэхээр туршлагатай, тооцоотой муугаар хэлбэл өмхий санаатай өвгөн байж билээ. Хип хоп маягаар хувцасладаг тэр өвгөн монголчуудын хэлдгээр гурван нүүдлийн цаадахыг харна” гэж тэрбээр багшийгаа ёргиод авсан.

Тэр одоо бусдаас сурсан мэдлэг, туршлагаа монгол залуустаа дамжуулж яваа. Оюутолгойн хэвлийн 1300 метрийн гүнд 40 орчим тусгай зориулалтын техник ашиглан, хонгил ухдаг. Э.Үүрийнцолмон бүгдийг нь чадварлаг жолоодож сураад зогсохгүй олон хүнд зааж сургажээ. “Миний сургасан өчнөөн залуу манай компанид ажиллаж байгаа. Техникийн анхан шатны мэдлэгтэй хүнийг сургаад авчихдаг юм” гэж хээвнэг өгүүлэх нь хэзээний туршлагатай уурхайчин болсныг нь илтгэнэ.

Хүнд машин механизмуудыг тусгай программын тусламжтай удирддаг аж. Тэрбээр гүний уурхайн хонгил малтахад ашигладаг программыг бүгдийг эзэмшсэн гэнэ. Үүгээр зосгохгүй маркшейдер, геологийн мэдлэгтэй ч болжээ. “Хонгил ухаж байхад геологийн тогтоц нь янз бүр байдаг. Газрын даралт нь ч өөр. Тэр болгонд тохирсон бэхэлгээ хийх хэрэгтэй. Тэгэхээр геологи, маркшейдерийн наад захын мэдлэггүй бол ажил явахгүй” гэж ажлынхаа нарийн ширийнийг хуучлав. Тэрбээр “Оюутолгойд гадаадын зөвлөхүүд ажилладаг. Мэдэхгүй, чадахгүй зүйл тулгарвал тэднээс асууж зөвлөлдөг. Өдөр бүр сураад л явж байна” гэж үргэлжлүүллээ.

Э.Үүрийнцолмонг “Рэдпаф Монгол” компанийн удирдлага гадаадын уурхайнууд хэрхэн ажилладгийг харуулах зорилгоор Канадаар аялуулжээ. Тэрбээр 20-иод хоног аялж, олон уурхайн үйл ажиллагаатай танилцсан байна. “Манайхан шиг залуус ажилладаггүй юм билээ. Дандаа хөгшин бурхинууд л “үзээд” байдаг нь анзаарагдсан. Гэхдээ гараар ажиллуулдаг техник, технологитой харагдсан. Техник технологи, арга ажиллагаа, чанарын хувьд манай уурхайн жишигт хүрэх газар байгаагүй. Бидний малтсан хонгилын хэлбэр хийц бол гайхалтай шүү дээ” гэж өөрсдийгөө дөвийлгөөд авахаа мартсангүй.

“Оюутолгой” төсөлд 14 мянга орчим монгол залуу ажиллаж байгаа. Тэд дэлхийд жишиг болсон уурхайд ажиллаж, мэдлэг, туршлага хуримтлуулж байна. Ингээд бодохоор “Оюутолгой”-д ажиллаж буй монгол залуус тун удахгүй гадаадад уригдаж ажиллана гэсэн мөрөөдлийн мэт яриа бодит болоход ойртсон ч юм шиг. Саяхан “Рэдпаф Монгол” компанийн цахилгаанчдыг Энэтхэгийн нэгэн уурхай урин ажиллуулж, заавар зөвлөгөө авчээ. Оюутолгойн залуусын ур чадвар дэлхийд үнэлэгдэж эхэлсний жишээ энэ.

Э.Үүрийнцолмон “Манай компани “Оюутолгой”-гоос зарласан гүний уурхайн малталтын тендерт ялагдсан бол Англи руу явж ажиллах байсан. Тийм яриа хэлэлцээ хийхээр зэхэж байлаа. Дэлхийн аль ч уурхайд очоод ажилласан мэдлэг, туршлагаараа хэнд ч гологдохгүй олон мэргэжилтнийг “Оюутолгой” төсөл бэлтгэсэн” гэж ярилаа. “Танд гадаадаас ажиллах санал тавибал явах уу” гэж асуутал “Гадаадын зөвлөхүүд шинэ уурхайд очиж, илүү зүйл сурах хэрэгтэй гэдэг л юм. Одоо газрын гүнээс дээш нь босоо цооног өрөмдөх тохиолдол гарч байгаа гэсэн.

Намайг хаана ч хүлээн зөвшөөрөх мэргэжлийн гэрчилгээ, батламж, ажлын намтар бий. Гэхдээ заавал явах хэрэг байна уу. Монголд гүний уурхайн малталтаар мэргэшсэн монгол хүн байх хэрэгтэй биз дээ” гэж эрс шулуухан хариуллаа. Газрын гүн рүү “гараараа” нэвтэрсэн, олон км үргэлжлэх хөндлөн хонгил ухаж байгаа түүнийг нэгэн анд нь ном бичээч гэж ятгажээ. “Бодоод үзсэн чинь арай болоогүй юм шиг санагдсан” гээд тэр инээмсэглэв.

Англи хэлээр хэр ярьдаг вэ гэж лавлавал “Ажлын талаар бол ус цас шиг ойлголцоод байдаг юм. Харин амьдрал ярихаар л түг таг болчихдог” гээд инээлээ. Учир нь тэр англи хэлийг сургууль соёлоор сураагүй нэгэн. Ажил хөдөлмөрийн талбарт, алх, жоотуугаа барьж явахдаа сурсан гэдгээ хэлж буй нь энэ.

Шаргуу хөдөлмөр, хичээнгүй зангийнхаа үрээр хэнээс ч дутахгүй мэдлэг, туршлага хуримтлуулсан уурхайчин эр дөрвөн ханатай гэрээ дөрвөлжин цагаан амины орон сууцаар сольж, сардаа “Приус-20” маркийн машин аваад уначих хэмжээний цалин авч, эхнэр гурван хүүхдийн хамт Даланзадгаддаа хангалуун сайхан амьдарч байна. Энэ бол “Эзэн хичээвэл заяа хичээнэ” хэмээсэн монгол ардын мэргэн сургаалын бодит дүр.

Өөрийгөө үл голон, өөдөө тэмүүлэн хичээн суралцаж, өөдлөн дэвжих асар их боломжийг ашиглаж, 20-иод жил уйгагүй зүтгэснийх нь шагнал юм. Нөгөөтэйгүүр Монголын уурхайчин залууст дэлхийн дэвжээнд “барилдах” ур чадвар, мэдлэг туршлагыг олгож байгааг эс тооцоход “Оюутолгой” төслийн манай улсын эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийн бодит илэрхийлэл нь Э.Үүрийнцолмонгийнх. Түүн шиг инженер, техникч олон залуу “Оюутолгой”-гоос чамгүй өндөр цалин авч, амьдрал ахуйгаа товхийтэл өөд нь татаж байгаа билээ.

Тэднийх энэ зун Улаанбаатар руу нүүхээр шийджээ. Э.Үүрийнцолмон хориод жилийн өмнө амьдралын аар саархан гачаалд боогдоод биелүүлж чадаагүй хүслээ гүйцээж, их сургуульд сурахаар зорьсон нь тэр. “Би энэ намраас Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Уул уурхайн сургуулиар жаахан явна аа” гэж өгүүлэх мужаан эр хар туршлагаар олж авсан мэдлэг, чадвараа онолтой хослуулахаар шийджээ.

“Усан доогуур 20 мянган бээр аялсан нь” гэдэг шиг Оюутолгойн гүнд олон км хонгил малтаж, алт, мөнгө, зэсийг авдар авдраар нь олборлосон тухай хэдэн арван жилийн түүхийг багтаасан зузаан номыг Э.Үүрийнцолмон хэзээ нэгэн өдөр бичих биз. Ном нь “Оюутолгой” төслийн, бас гүний уурхайн “мужаан”-ы түүх байх нь дамжиггүй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (20)

Илгээх

Энэ тухай