Жендерийн мэдрэмжтэй бодлого ба зорилтот бүлгийн ирээдүй

Г.БАЯРЦЭЦЭГ, Л.ГАНЧИМЭГ


Англи хэлний багш болохоор “Дорнод” их сургуулийн I дамжаанд сурч буй Б.Жаргалтуяа найман хүүхэдтэй айлын дөрөв дэх нь. Тэднийх Дорнод аймгийн Баян-Уул суманд амьдардаг бөгөөд аав, ээж нь өндөр насны тэтгэвэртээ гарсан. АШУҮИС-д элсэж, эмч болох мөрөөдөлтэй байсан охин өнгөрсөн жил таван хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгөөд, тус бүрт нь 560-аас дээш оноо авч, болзлоо хангасан боловч төлбөр нь хэтэрхий өндөр учраас нутагтаа, өөр мэргэжлээр суралцахаас аргагүйд хүрчээ. Боловсролын зээлийн сангаас санхүүжилт авч, сургалтын төлбөрөө хийх гээд өнгөрсөн намаржин банкны үүд сахиад бүтээгүй тул Б.Жаргалтуяа одоо хүртэл сургуульдаа 1 850 000 төгрөгийн “өртэй” яваа.

Хоёр эгчийг нь их сургууль төгсгөх гэж байдгаа шавхсан аав, ээж нь өдгөө дөрвөн дүүг нь дунд сургууль завсардуулахгүй гэсэндээ тэтгэврийн зээл авсан учраас банкны шалгуурт тэд бүдэрсэн аж. Харин энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн “Оюутны хөгжлийн зээл”-ийн шинэ журмаар сургалтын төлбөрийн зээлийг арилжааны банкаар бус, Боловсролын зээлийн сангаар дамжуулан, хүүгүй, барьцаа хөрөнгө, хамтран зээлдэгч шаардахгүй олгодог болсон нь түүнд дахин итгэл найдвар төрүүлжээ.

Сайн багш болж, олон мундаг шавь төрүүлэх зорилго өвөрлөсөн Б.Жаргалтуяагийн хувьд сурлагын голч дүн нь 3.7 учраас санаа зовох зүйлгүй. Түүн шиг сурч мэдэх хүсэл мөрөөдөл дүүрэн ч сургалтын төлбөрөө шийдэж чадахгүй бүтэн жил тархиа “гашилгаж” явсан 16 оюутныхаа материалыг БСШУСЯ-нд хүргүүлэх гэж буйгаа “Дорнод” их сургуулийн захирал Э.Ундармаа ярив.

Эх сурвалж: БСШУСЯ-ны Дээд боловсролын статистик мэдээллийн эмхтгэл

“ТАВАН ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ЖИНХЭНЭ ЭЗДЭДЭЭ ОЧООГҮЙ”

Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд өнгөрсөн жил их, дээд сургуульд элсэгчдийн жендерийн байдалд анх удаа дүн шинжилгээ хийж, зөвлөмжөө БСШУСЯ, Жендерийн ажлын хэсгийнхэнд хүргүүлсэн. Жендер гэдэг бол зөвхөн хүйсийн асуудал биш учраас Монголд анх удаа хийсэн энэхүү томоохон судалгааны нэг гол зорилго нь зорилтот бүлгийнхэн буюу орон нутгийнхан, амьжиргааны баталгаажих түвшний I-VI ангилалд хамаарах өрхийн хүүхдүүд дээд боловсрол эзэмшихэд ямар бэрхшээл тулгарч буйг, тэдний суралцах боломжийг нэмэгдүүлэхэд баримталж буй төр, засгийн бодлого хэр оновчтой, хүртээмжтэй байгааг тодорхойлох байсан аж.

Бид өмнөх хоёр цувралдаа хүйсийн талаарх монголчуудын хэвшмэл ойлголт, амьдралын уламжлалт хэв маягаас үүдэлтэй сэтгэхүйн “хоцрогдол” болон мэргэжил сонголт хийгээд хөдөлмөрийн зах зээл дээрх жендерийн мэдрэмжгүй байдлын тухай хөндсөн билээ. Дээд боловсролын талаар төр, засгаас баримтлах бодлогод, элсэгчдийн сонгож буй мэргэжилд жендерийн мэдрэмжтэй хандсанаар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн албан тушаал, авч буй цалин, нийгмийн байр суурийн ялгаа зааг арилах боломжтойг эрдэмтэн, судлаачид болон холбогдох албаныхан хэлж буй. Жендерийн мэдрэмжтэй мэргэжил сонголтын тухай ярихад зайлшгүй хамаатуулж үзэх ёстой хэсэг нь зорилтот бүлгийн элсэгчид юм. Тиймээс бид энэ удаа уг асуудлыг онцлон хөндлөө.

Бусдаас дутахгүй сурлагатай, хүссэн мэргэжлээ эзэмших зорилготой ч амьжиргааны түвшин доогуур, төлбөрийн чадамжгүйн улмаас их, дээд сургуульд суралцаж, төгсөж чадаагүй хүн олон бий. Тэд бол өнөөх “мартагдсан” зорилтот бүлгийнхэн. Хэрэв “Дорнод” их сургуулийнхан Б.Жаргалтуяад үүдээ нээж, төлбөрөө төлөхийг нь тэвчээртэй хүлээн, өдий хүрээгүй бол тэрбээр ямар нэг байгууллагад ажилд орох, эсвэл сумандаа хэн нэгэнтэй гэр бүл зохиогоод үлдэх байсныг үгүйсгэх аргагүй.

“Ерөнхий боловсролын сургуулиа амжилттай төгсөж, их, дээд сургуульд элсэн орох үедээ “гээгддэг” хүүхэд олон бий. Эцэг, эх нь хөдөлмөрийн чадвараа алдсан, эсвэл өнчин өрөөсөн, хөгжлийн бэрхшээлтэй суралцагч биш л бол “Төлбөрөө төлөөд сур. Эсвэл боль” гэдэг хандлага манайд түгээмэл. Зорилтот бүлгийн элсэгчдийн тоог нэмэх зорилгоор олгож эхэлсэн “Оюутны хөгжлийн зээл” гэхэд л арилжааны банкуудын хэт өндөр шаардлагаас болоод төдийлөн үр дүнд хүрээгүй.

Үүний уршгаар орлого багатай болон орон нутгийн олон айл өрхийн хүүхэд дээд боловсрол эзэмшиж чадахгүй, төрийн бодлогын гадна үлдсэн нь судалгааны явцад ажиглагдсан. Өнгөрсөн хугацаанд банкууд таван тэрбум төгрөгийн зээл олгосон ч дөрөв нь жинхэнэ хүрэх ёстой эздэдээ очоогүй байсан” хэмээн дээрх судалгааны багийнхан хэлсэн юм.

ШИЛНИЙ ЦААНААС ДОЛООЛГОСОН “ЧИХЭР”

Багануур дүүргийн иргэн Г.Бат-Оргил өдгөө Тээврийн дээд сургуулийн III дамжаанд сурч буй. Бүтэн өнчин, дээрээс нь харааны болон сонсголын бэрхшээлтэй тэрбээр хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжээ зээлж, сургалтын төлбөрөө төлдөг. 2015 онд ерөнхий боловсролын сургуулиа А үнэлгээтэй төгссөн хүү тус сургуульд элсэн орохдоо төрөөс үзүүлэх буцалтгүй тусламжид хамрагдахаар хөөцөлдөөд бараагүй аж.

“Санхүүжилт дууссан” гэдэг шалтгаанаар ам руугаа “алгадуулсан” тэрбээр тэтгэмжээ зээлж, эхний жилийн төлбөрөө хийжээ. Хоёрдугаар дамжаанд байхад нь Боловсролын зээлийн сан байгуулагдаж, арилжааны таван банкаар дамжуулан таван хувийн хүүтэй “Оюутны хөгжлийн зээл” олгож эхэлсэн ч залхаан цээрлүүлэх зорилготой юм шиг олон шалгууртайгаас нь болоод энэ удаа бас л түүний “хувь дутав”. Ингээд тэрбээр дахин тэтгэмжээ зээлж сургалтын төлбөрөө хийгээд, хажуугаар нь авто угаалгын газарт ажиллан, ойр зуурын хэрэглээний зардлаа олж байгаа тухайгаа хэлэв.

2016 оны аравдугаар сард Боловсролын зээлийн санг нээх үеэрээ БСШУС-ын сайд Ж.Батсуурь “2016-2017 оны хичээлийн жилд 70 мянган оюутан сургалтын төлбөрийн зээл авах боломжтой. “Оюутны хөгжлийн зээл”-д зориулж 90 тэрбум төгрөг төсөвт суулгасан. Ирэх жил 100 тэрбумыг төсөвлөнө” гэж байсан. Гэвч өнгөрсөн хоёр жилд өнөөх 90 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр нь байсаар атал арилжааны банкууд ердөө таван тэрбумыг нь л 2511 оюутны сургалтын төлбөрт олгожээ.

Үлдсэн 85 тэрбумыг нь арилжааны банкууд зориулах ёстой хүмүүсээс нь “харамлаад”, жил эргэлдүүлэхдээ хэдий хэмжээний ашиг олсныг тооцвол бас л багагүй асуудал дэгдэх вий. Яаж ч бодсон улсын хэмжээнд сурч буй 155 мянган оюутантай харьцуулахад энэ бол үнэхээр чамлалттай үзүүлэлт.

“Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг яаж болгоно доо” хэмээн өдрийн бодол, шөнийн зүүд болж яваа олон аав, ээж Монголд бий. Гэтэл 2017-2018 оны хичээлийн жилд 1096 суралцагч л уг зээлийн шалгуурыг хангаж, сургалтын төлбөрөө шийдүүлсэн байгаа юм. Харин тэрхүү азтай хэсэг бүлгийнхний дунд Г.Бат-Оргил шиг, Б.Жаргалтуяа шиг зорилтот бүлгийн хүүхэд багтаагүй.

АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ ТАТАН ОРОЛЦУУЛАХ НЬ ЧУХАЛ

Энэ оны хоёрдугаар сард баталсан Засгийн газрын 46 дугаар тогтоолоор “Оюутны хөгжлийн зээл”-ийн журмыг өөрчилж, арилжааны банкаар бус, Боловсролын зээлийн сангаар дамжуулан олгох болсон. Ингэснээр сурах хүсэл эрмэлзэл дүүрэн олон оюутан хүүгүй, барьцаагүй, хамтран зээлдэгчгүй сургалтын төлбөрийн зээл авч, ажлын талбарт гараад зургаан жилийн хугацаанд эргүүлэн төлөх боломж бүрдсэн юм.

Боловсролын зээлийн санд энэ жил 75 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бөгөөд энэ нь 33-35 мянган оюутны сургалтын төлбөрт хүрэлцэнэ гэсэн тооцоо хийжээ. Харамсалтай нь, дээрх 155 мянган оюутны хэдэн хувь нь зорилтот бүлгийн өрхийн хүүхэд вэ гэдэг статистик БСШУСЯ-нд ч, ХНХЯ-нд ч байхгүй гэнэ.

“Сургалтын төлбөрийн зээлийг Боловсролын зээлийн сангаар дамжуулан оюутнуудад хүүгүй, барьцаагүй, урт хугацаатай зээл олгохоор боллоо. Гол шаардлага нь бакалаврынх 2.8-аас дээш, магистр, докторынх 3.2-оос дээш голч дүнтэй, элсэлтийн ерөнхий шалгалтад 600-гаас дээш оноо авсан элсэгчид зээл авах боломж нээлттэй. Гэхдээ сургууль болон хөтөлбөрөөр нь квот хувааж байгаа.

Нэгдүгээрт, тухайн сургуульд суралцагчдын тоо Монголын нийт оюутны хэдэн хувийг эзэлж байгааг харгалзана. Хоёрдугаарт, тухайн оюутны судалж буй хөтөлбөр нь манай улсын цаашдын хөгжилд хэр ач холбогдолтой вэ, тэргүүлэх чиглэлийнх мөн үү гэдгийг харгалзаж үзэх юм. Гуравдугаарт, төвлөрлийг сааруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор хөдөөгийн сургуулиудад арай илүү давуу эрх олгоно гэсэн бодлогын дагуу квотоо хуваарилж байна” хэмээн БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан ярилаа.

Их, дээд сургуульд сурдаг нийт оюутны 92.8 хувь нь Улаанбаатар хотод “бүгсэн” манайх шиг нөхцөлд элсэгчдийн босго оноог хот, хөдөөд ялгавартай тогтоож, зээлийн квотыг ч орон нутагт ахиу өгнө гэдэг нь сайн хэрэг. Малчин, тогтвортой ажлын байргүй иргэд, тэтгэврийн насныхан гэх мэт цөөнгүй өрхийн үр хүүхэд сургалтын төлбөр хэмээх дарамтын улмаас хүссэн мэргэжлээ эзэмшиж чадахгүй орхигдож байсан алдааг залруулах бодлого хэрэгжиж эхэлсэн тул чамлахаар чанга атгах нь зүйтэй биз.

Гэхдээ энэ бол зорилтот бүлгийнхэнд төрийн бодлого хүрч очих зөвхөн эхний алхам гэдгийг МУИС-ийн ШУС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн дэд профессор, доктор Н.Болдмаа сануулав. Тэрбээр “Хөдөө орон нутгийн болон бага орлоготой өрхийн хүүхдүүд рүү чиглэсэн дээд боловсролын бодлого их чухал. Францад гэхэд л их, дээд сургуулиуд нь тухайн жилийн элсэлтийнхээ төдөн хувьд зорилтод бүлгийн өрхийн хүүхдүүдийг хамруулна гэж заагаад, тэдэнд тэтгэлэг олгодог.

Европын сургуулиудын хамгийн авууштай тал нь аж ахуйн нэгж байгууллагуудтай их сайн хамтарч ажилладаг. Аж ахуйн нэгжүүд нь хэрэгтэй боловсон хүчнээ өөрсдийнхөө зардлаар сургаад, ажилд авдаг жишгийг амжилттай нэвтрүүлсэн улс бол Герман. Манайд ч бас төлбөрийн иймэрхүү уян хатан бодлого хэрэгтэй” хэмээн зөвлөсөн юм.

Монголд хэчнээн мундаг авьяас чадвартай, эрдэм мэдлэгтэй байлаа гээд тухайн сургуулийн зардлаар сурдаг оюутны тоо тун цөөн. Тэгэхээр нээрээ л их, дээд сургуулиудад элсэгчдийн 15 хувь нь зорилтот бүлгийнхэн байна гэх мэтчилэн төрийн бодлогоор чиглүүлээд өгчихвөл хаана, ямар авьяас билэг, эрдэм чадалтай, сурах чин хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүд байна, тэдгээрийг өөрсдөө хайж олохын төлөө ажиллах юм биш үү.

Нөгөөтэйгүүр, хувийн хэвшлийнхнийг дээд боловсролын бодлогод татан оролцуулж, их, дээд сургуулийнхантай холбоотой ажиллах, хүсээд байгаа боловсон хүчнээ өөрсдийн зардлаараа сургаад авдаг болох гарцыг ч эрэлхийлж яагаад болохгүй гэж. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал хэмээх хөгжлийн шинэ давлагаанд дэлхий нийтээрээ түрэгдэн нэгдэж буй энэ цаг дор монгол залуус явж явж “Сургалтын төлбөр байхгүй” гэсэн хөгийн шалтгаанаар эрдэм мэдлэгийн их уурхайгаас шанагадаж чадахгүй хоцорсоор байвал дэндүү хайран.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай