Лагийн үнэрийг арилгахад 2-5 жил шаардлагатай

Ж.УРАНМАНДАЛ


Ачаалал нь хэтэрч, өмхий үнэр нь нийслэлийн иргэдийн эрүүл мэндэд заналхийлээд буй Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг энэ хаварт багтаан эхлүүлэх даалгаврыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх БХБ-ын сайд Х.Баделханд өгсөн. Үүний хүрээнд БХБЯ, нийслэлийн ЗДТГ болон Мэргэжлийн хяналтын газар, Ус сувгийн удирдах газар, Барилгын хөгжлийн төв зэрэг 10 гаруй байгууллагын төлөөлөл өчигдөр ажлын явцтай танилцлаа.

БХБ-ын сайд Х.Баделхан энэ үеэр “Төв цэвэрлэх байгууламжийн лагийн үнэрийг дарахаар олон ажил шат дараатай хийж буй. Энд 50-60 жилийн турш хуримтлагдсан 900 000 тонн лаг овоорсон. Дээр нь өдөр бүр 1000 шоо метр буюу 10 тонны даацтай машинаар 100 удаа зөөх хэмжээний лаг нэмэгдэж байгаа. Эхний ээлжинд өдөр тутам гарч буй шингэн лагийн үнэрийг саармагжуулж эхэлсэн.

Цаашид 60 жил болсон лагийг боловсруулж бордоо болгон, бүрэн устгана. Үнэр дарах ажил эхлэнгүүт өмхий үгүй болчих мэтээр иргэд ойлгож, хүлээлт үүсээд байна. Шат дараатай хийх ажил учраас өмхий лагийг бүрэн устгахад хугацаа хэрэгтэй. Дор хаяж хоёр жил, түүнээс цааш шинэ байгууламж барьтал таван жилийн хугацаа шаардлагатай” гэсэн юм.

Байгууламжийн өдөр тутмын үйл ажиллагаанаас гарч буй шингэн лагнаас өмхий үнэр их ялгардаг гэнэ. Тиймээс шинэ лагийг халдваргүйжүүлэх ажлыг хамгийн түрүүнд эхэлжээ. Энэ хүрээнд ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Ж.Дугаржавын гарган авсан үнэр дарах бэлдмэлийг ашиглаж байв.

Уг бэлдмэл лаган дахь өвчин үүсгэгч, ялзруулагч бактерийг устгаж, шимт хөрс болгох аж. 2016 онд 52, энэ жил 56 тонныг үйлдвэрлэсэн бөгөөд өнгөрсөн сараас цацаад өдгөө дуусаж байгаа гэнэ. “Нэг тонн бэлдмэл үйлдвэрлэхэд 7000 төгрөг зарцуулж байна” гэж доктор Ж.Дугаржав мэдээлсэн. Одоогоор лагийн талбайн 16 карт (нийт 44 карттай), хур лагийн овоолго болон өдөр тутам гарч буй шингэн лаганд уг бэлдмэлийг цацаж буй.

Төв цэвэрлэх байгууламжийн лагийг халдваргүйжүүлэх, үнэргүйжүүлэх хэт авианы тоног төхөөрөмжийг Герман улсаас авчирч суурилуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Эл төхөөрөмжийн тохируулгын ажил дууссан бөгөөд өчигдөр байгууламжийнханд хүлээлгэн өгсөн юм. Лагийг хэт авианы давтамжаар урсгал дунд нь ариутган, халдваргүйжүүлж, үнэр дарах ажиллагаатай.

Эл төхөөрөмж бохирдсон усыг боловсруулж лаг, ус хоёрыг ялгах үүрэгтэй. Ингэснээр цэвэрлэсэн усыг дахин ашиглах төдийгүй, лагийг хатаахад хялбар болж буйг байгууламжийн ажилтнууд хэлсэн. Лагийг байгалийн аргаар хатаах талбайг ОХУ-ын мэргэжилтнүүд 1986 онд байгуулжээ. Байгалийн аргаар нэг карт дахь лаг 5-6 жилийн хугацаанд хатдаг байсан бол шинэ төхөөрөмж суурилуулснаар 1-1.5 жилийн хугацаанд хатаах боломж бүрдэх нь.

Суурилуулсан тоног төхөөрөмжийн хүчин чадал ч ойрын хэдэн жилд ачаалалд өртөхөөргүй хангалттай гэдгийг мэргэжилтнүүд онцолсон. Дөрвөн долоо хоногийн хугацаанд туршилт хийхэд лагийн 90-95 хувь нь ялгарсан бөгөөд үнэрийг ч саармагжуулж чаджээ.

Үүний зэрэгцээ тус байгууламжид бичил биетэн үржүүлж, цэвэрлэгээний түвшнийг сайжруулах ажил хийж буй юм байна. Ийм үйл ажиллагаатай таван байгууламж байгаагийн эхнийх нь өдгөө засаж буй аж. Ирэх аравдугаар сар гэхэд бүгдийг нь шинэчилж дуусгах төлөвлөгөөтэй гэнэ.

Дулааны улиралд иргэдийн толгойны өвчин болоод буй өмхий үнэр нь зөвхөн Төв цэвэрлэх байгууламжийн лагийн талбайгаас  гардаггүй. 50-60 хувь нь нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс, шир, өлөнгийн үйлдвэрээс гаргадаг аж. Энэ талаар БХБ-ын сайд Х.Баделхан “Нийслэлийн хэмжээнд 24 өлөнгийн үйлдвэр бий. Тэдгээрээс өмхий ханхалж байна. Мөн арьс, ширний үйлдвэрүүдийн үнэр ч нөлөөлдөг. Засгийн газрын тогтоолын дагуу ирэх оны тавдугаар сарын 15 хүртэл тус үйлдвэрүүд өөрсдийн гэсэн урьдчилсан цэвэрлэх байгууламжтай болох ёстой” гэсэн юм.

Мөн нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Засгийн газрын шийдвэрээр Эмээлтийн үйлдвэр, технологийн парк байгуулж арьс, шир, өлөнгийн үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос гаргах ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Өнгөрсөн жилүүдэд эдийн засгийн хүндрэл, мөн хөрөнгийн асуудлыг бүрэн шийдээгүйгээс болж дорвитой ажил хийгээгүй. Цаашдаа энэ асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх шаардлагатай” хэмээсэн.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай