С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг дахиад 30 хоног хорихоор шийдвэрлэв

С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг дахиад 30 хоног хорихоор шийдвэрлэв

“Оюутолгой” төслийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гарган, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт шалгуулж буй ЗГХЭГ-ын дарга болон Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг хорьж мөрдөх хугацаа өчигдөр дууссан юм.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Прокурорын газраас тэдний цагдан хорих хугацааг дахин сунгуулах тухай саналаа Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн аж. Үүний зэрэгцээ тус шүүхийн шүүгч С.Батжаргалаас татгалзах саналаа Ерөнхий шүүгчид нь НПГ-ын хяналтын прокурор өгсөн байна.

Бидэнд олдсон мэдээллээр шүүгч С.Батжаргал нь сэжигтнүүдийг батлан даалтад гаргах захирамж гаргасан атлаа түүндээ гарын үсэг зурж баталгаажуулалгүй, алга болсон нь ёс зүйгээ зөрчсөн үйлдэл гэж прокурор нь үзсэн сурагтай.

Тиймээс Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг цагдан хорих хугацааг сунгах, эсэх тухай шүүх хурлыг шүүгч С.Батгэрэл даргалан явуулсан юм.

Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10.2-т заасан “Хэргийн ээдрээ түвэгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр нэг сар хүртэл хугацаагаар сунгах ба яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар ногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сар, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар ногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй” гэх заалтыг үндэслэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сарын хугацаагаар сунгахаар шийдвэрлэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай