“Спэйшл майнз” туслан гүйцэтгэгчээ золигт гаргах бололтой

 Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг, Цагаан цахирын алтны үндсэн ордод үйл ажиллагаа явуулдаг “Спэйшл майнз” компанийн баяжуулах үйлдвэрт гуравдугаар сарын 5-нд цианидын уусмал асгарсны улмаас ажилчид нь химийн бодист хордсон гэсэн оноштойгоор бүтэн сар, үүний дотор Хордлого судлалын үндэсний төвд 20 шахам хоног эмчлүүлсэн билээ.

Тус компанийнхан эхний үед химийн хорт, аюултай бодис алдсанаа нуухыг оролдож, тэр нь бүтэлгүйтэхэд ажилчдаа хордоогүй хэмээн мэлзсэн. Мөн баяжуулах үйлдвэрийн шахуурга “өөрөө” ажиллаж, цианидын уусмалыг 30 минутын турш шахсан явдлыг “Үйлдвэрлэлийн үед гарч л байдаг багахан алдаа” хэмээн тайлбарлаж буй. Түүгээр ч зогсохгүй МХЕГ-аар “Ус, хөрснөөс авсан дээж дэх цианид зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс илүү гараагүй” гэсэн дүгнэлт гаргуулж, аймгийн Цагдаагийн хэлтэст хүргүүлсэн гэх.

“Спэйшл майнз” компани цианид алдсан нь гуравдугаар сарын 5-нд болсон явдал. Харин дээрх дүгнэлт гуравдугаар сарын 30-ны огноотой. Даруй 25 хоногийн дараа гарсан гэсэн үг. Гэтэл цианид нь агаарт дэгдэмтгий, амархан задардаг, асар тогтворгүй нэгдэл. “Цианидын хий агаараас хөнгөн болохоор амархан ууршдаг. Цусан дахь цианидын хагас задралын хугацаа нь ойролцоогоор нэг цаг ба тиоцианид (цианидаас бага хоруу чанартай) болон хувирч шээсээр ялгардаг.

Тиоцианидын цуснаас ялгарах хагас задралын хугацаа нь өвчтөний бөөрний үйл ажиллагаанаас хамааран хэлбэлздэг. Бөөрний үйл ажиллагаа хэвийн хүний тиоцианидын ялгарах хагас задралын хугацаа нь дөрвөн цаг орчим” гэж мэргэжлийн хүн хэлсэн. Мөн “Цианид богино хугацаанд үйлчилдэг, биеэс гадагшлах хугацаа нь ч хурдан болохоор цианидын хордлогыг оношлоход хүндрэлтэй. Үүссэн нөхцөл байдалд үнэлгээ хийх шаардлагатай. Үүний тулд тухайн хүний ажлын байр, осол гарсан газар, өвчний түүхийг харах хэрэгтэй” гэсэн.

Гэтэл ослын газарт хэмжилт, шинжилгээ хийх нь бүү хэл бодит байдлыг нүдээрээ ч хараагүй мэргэжлийн байгууллагынхан ийм дүгнэлт гаргасан нь итгэл үнэмшил төрүүлэхгүй байна. Хэрэг явдлаас сар шахмын дараа хаягдлын далан, хавь ойрын худагт хийсэн шинжилгээнийхээ дүнгээр хариуцлагагүй байдал, найдваргүй компанийг өмгөөлнө гэдэг байж боломгүй. Ялангуяа уг ослын улмаас хүн эрүүл мэндээрээ хохирчихоод байгаа энэ үед ийм өрөөсгөл дүгнэлт гаргаж болно гэж үү. Учир нь “Цианид зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү гараагүй” гэдэг үгэнд нийтийн анхаарлыг хандуулж, хэдий хугацааны дараа, хаанаас авсан дээжийг хэрхэн шинжилснийг нь ялгаж салгахгүй хүмүүст “Спэйшл майнз”-ын уурхайд цианид асгараагүй юм байна гэсэн ойлголт төрүүлээд буй.


МХЕГ-аас гаргасан дүгнэлт, “Спэйшл майнз” компанийн уурхайд болсон явдлын талаар МХЕГ-ын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч У.Өлзийцэцэгтэй ярилцлаа.

-Танайхаас “Спэйшл майнз” компанид “Цианид зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй” гэсэн дүгнэлт гаргаж өгчээ. Хаанаас авсан дээжийг шинжилсэн бэ?

-Үйлдвэрийн орчны хөрс, хаягдлын далангийн хяналтын цооногоос авсан.

-Дээжийг хэзээ авсан бэ. Очиж авсан юм уу?

-Орон нутгийн байцаагч маань авч явуулсан. Шинжилгээний хариу гуравдугаар сарын 30-нд гарсан байна. Үүнийгээ Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн.

-Мэргэжлийн байгууллагууд ослын газарт анхны үзлэг, хэмжилтийг хэзээ хийсэн бол?

-Танилцуулгыг нь харахад аймгийн Онцгой байдлын албаныхан гуравдугаар сарын 9-нд анх хэмжилт хийсэн юм билээ. Тэгэхэд ажлын байран дахь цианидын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс ихгүй гарсан.

-Цианид амархан задарчихдаг гээд байгаа шүү дээ.

-Тогтворгүй нэгдэл учраас амархан задардаг юм.

-Осол гарсан тухай мэргэжлийн байгууллагуудад мэдэгдэлгүй 3-4 хоночихсон. Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Цагдаагийн газрынхан тухайн үед ослын газарт ажиллаж, нөхцөл байдлыг нүдээр харж чадаагүй. Асгасан цианидаа цэвэрлэж янзлаад, ажлын байран дахь цианидын үзүүлэлт хэвийн хэмжээндээ орчихсон хойно очсон гэсэн үг. Химийн хорт, аюултай бодис ашигладаг аж ахуйн нэгж алдаж асгаснаа мэдсэн даруйдаа мэргэжлийн байгууллагад хандах үүрэгтэй юм билээ шүү дээ?

-Тийм үүрэг бий. Гэхдээ барилга, байгууламжийн дотор бага хэмжээний, 100 грамм ч юм уу химийн бодис асгахад өөрсдөө түүнийгээ саармагжуулж, цэвэрлээд, 15 хоногийн дотор тайлангаа Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын албанд ирүүлэхийг Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журмаар зөвшөөрдөг.

-Энэ тохиолдолд бага гэж ямар хэмжээг хэлэх вэ?

-Түүнийг нь яг таг заагаагүй.

(Б.Даваацэрэнгийн “Химийн хорт бодисын эрсдэлийн үед авах арга хэмжээ” илтгэлд “Хүн, хүрээлэн буй орчин, эд хөрөнгөнд эрсдэл үүссэн үед аюултай байдал үүссэн гэж үзнэ. Ийм байдал үүсвэл голомтыг нэн даруй орхиж, ОБЕГ болон түргэн тусламж дуудна” гэжээ. Мөн уг илтгэлд цианидыг онцгой хортой бодис хэмээх ангилалд багтааж “Өндөр хортой химийн бодис нь төв мэдрэлийн системийг гэмтээх аюултай ба нэгдлүүд нь карцероген, нөхөн үржлийн устгагч хортой бодис, мутаци үүсгэгч хүчин зүйл зэрэг архаг өвчин үүсгэгчийг агуулдаг” гэж тодорхойлжээ. Түүнчлэн бодисыг 100 мл хүртэлх хэмжээгээр асгарсан үед бага хэмээн үзэж, ажилтан өөрөө арга хэмжээ авч болно гэсэн байна)

-Таван тоннын саван дахь циадидын уусмалыг нэг тоннын сав руу хэсэгчилж шахдаг шахуурга “өөрөө” ажиллаж, ямар ч хяналтгүйгээр 30 минут шахсан байгаа. Үүнийг бага хэмжээ гэж үзэх боломжтой юу?

-Боломжгүй л дээ. 30 минут гэхээр нэлээд их асгарсан байж таарна.

-Ямар маркийн, хэр хүчин чадалтай шахуурга байсан юм бол. Та нар харсан уу?

-Мэдэхгүй байна. Би үйл ажиллагаа явуулснаас нь хойш очоогүй. Өмнө нь цианид хэрэглэх зөвшөөрөл авах гэж байхад нь Үндэсний

зөвлөлийн шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд орж очсон. Цианид ашиглах зөвшөөрлийг их нарийн шалгуураар өгдөг юм шүү дээ.

-Хэрэглээнд хязгаарласан хорт, аюултай бодисыг ашиглах нарийн шалгууртай зөвшөөрөл авсан компани аюулгүй байдлыг бүх талаар хангаж, найдвартай тоног төхөөрөмж ашиглах, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг дээд зэргээр мөрдөж ажиллах ёстой байх. Гэтэл хаа хамаагүй газар тэсэлгээ хийснээс болж хорт бодисын шахуурга ажиллаж, үүнийг мэдэхгүй 30 минут болно гэдэг байж болох зүйл, байдаг л нэг жижиг доголдол мөн үү?


...-Химийн хорт, аюултай бодис ашигладаг компани бүх эрсдэлийг тооцох ёстой. Газар хөдлөхөд яах вэ гэдгээ хүртэл бодолцож, аюулгүй байдлыг хангах ёстой юм билээ.

-Тийм.

-Гэтэл тэсэлгээний доргилтод шахуурга нь ажилласныг юу гэж үзэх вэ?

-Шаардлага хангахгүй байна л гэсэн үг. Тийм доргилтод ажиллаж байгаа юм чинь найман баллын газар хөдлөхөд юу болох вэ...


-Бага юм биш л дээ. Бид бол хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаагаа мөрдөж ажиллаагүйгээс ийм юм болсон гэж харж байгаа. Тэр өдөр туслан гүйцэтгэгч “Давхар тэсрэлт” гэдэг компани хаягдлын далан өргөтгөх гэж тэсэлгээ хийсэн юм билээ. Тус компани тусгай зөвшөөрөлтэй хэдий ч тэсэлгээ хийх хугацаа, хэрэглэх тэсрэх бодисын хэмжээ гэх мэтийг тусгасан зөвшөөрлийг манайхаас аваагүй. Газар гэсээгүй үед тэсэлгээ хийсэн нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг зөрчиж байгаа юм. Тэнд товчлуур дарагдсан нь өндөр хэмжээний доргилт өгснийх. Тэгж хаягдлын даланг өргөтгөх хэрэг байсан уу. Тэсэлгээг зохих зөвшөөрөлгүй, зураг төсөл, тооцоо судалгаагүй, хууль бусаар хийсэн. Тиймээс тэсэлгээний компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг манайхаас УУХҮЯ-нд хүргүүлээд байна.

-Химийн хорт, аюултай бодис ашигладаг компани бүх эрсдэлийг тооцох ёстой. Газар хөдлөхөд яах вэ гэдгээ хүртэл бодолцож, аюулгүй байдлыг хангах ёстой юм билээ.

-Тийм.

-Гэтэл тэсэлгээний доргилтод шахуурга нь ажилласныг юу гэж үзэх вэ?

-Шаардлага хангахгүй байна л гэсэн үг. Тийм доргилтод ажиллаж байгаа юм чинь найман баллын газар хөдлөхөд юу болох вэ.

-Тийм өндөр эрсдэлтэй үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрийн тоног төхөөрөмж баталгаагүй, шаардлага хангахгүй байгаагаас осол гарсан гэж үзье. Ийм тохиолдолд хүлээлгэх хариуцлага бий юү?

-Тоног төхөөрөмж баталгаагүй гэж буруутгах хэцүү. Тоног төхөөрөмжийг анх суурилуулахдаа ТЭЗҮ, зураг төслийнхөө дагуу л хийсэн байх. Тухайн үед мэргэжлийн байгууллага, улсын комисс “Ийм тоног төхөөрөмжөөр баяжуулах үйл ажиллагаа явуулж болно, шаардлага хангаж байна” гээд тоног төхөөрөмж, үйлдвэрийг хүлээгээд авчихсан. Тиймээс бид одоо шаардлага хангахгүй тоног төхөөрөмж байна гэж дүгнэж чадахгүй.

-МХЕГ-ын дүгнэлтэд хүний эрүүл мэнд хохирсон талаар огт дурдаагүй байна билээ?

-Үнэнийг хэлэхэд хордсон гээд байгаа хүмүүс юунаас хордсоныг нь тогтоож чадахгүй байгаа. Цус, шээснээс сорьц авч, юунаас хордсоныг нь тогтоох боломжтой ч манай улсад ийм хүчин чадалтай лаборатори байхгүй. Уг нь ийм тохиолдолд шинжилгээг гадаад руу явуулдаг юм. Гэтэл гурав хоногийн хугацаа алдчихсан. Цианидаар хордсон байлаа гэхэд арван хэдэн цагийн дотор задраад хөлс, шээс, шүлсээр гадагшилчихдаг. Тиймээс энэ хүмүүс хордсон уу, үгүй юу гэдгийг хаана ч тогтоох боломжгүй болсон.

Орон нутгийн эмнэлгээс тухайн үед ямар оноштой Улаанбаатар руу шилжүүлснийг тодруулахад “Химийн бодисын хордлого” гэсэн оноштойгоор явуулсан гэсэн. Сүүлдээ тэр нь хоолны хордлого ч гэж оношлогдох шахсан шүү дээ. Онош нь ерөөсөө тогтоогдоогүй. Хордлого судлалын үндэсний төвд яг юунаас болсныг нь тогтоохгүйгээр хордлого тайлах эмчилгээ хийсэн. “Энэ хүмүүст яг ямар онош тавьсан бэ. Химийн бодисын хордлого уу, угаарын хийнийх үү, хоолных уу гэдгийг тодорхой болгож өгөөч” гэсэн бичиг явуулахад “Шинжилж тогтоож чадахгүй” гэсэн.

-Цаг алдалгүй цусыг нь авсан байлаа ч Монголд тодорхойлж чадахгүй гэсэн үг үү?

-Тодорхойлох лаборатори байхгүй. Химийн бодисын хэрэглээ улам нэмэгдэж байгаа, наад зах нь уул уурхайн салбарт цианид хэрэглэхгүй байхын аргагүй байхад дотооддоо шинжилгээгээ хийгээд, юу болсныг тодорхой болгочих лабораторитой болох хэрэгтэй байна.

Энэ удаа хүн хордлоо, дараагийн удаа үхэлд хүргэхийг хэн байг гэх вэ. Аюултай шүү дээ. Дээрх ярианаас өмнө нь төдийлөн тодорхой болоогүй хэд хэдэн асуудал ил болсныг уншигчид маань анзаарсан биз ээ. “Спэйшл майнз” компани зураг төсөл, тооцоо судалгаагүй, зохих зөвшөөрөлгүйгээр хаягдлын далангаа өргөтгөх гэж байсан юм байна. Тэр ажлыг нь хийсэн туслан гүйцэтгэгч “Давхар тэсрэлт” гэдэг компаниа золигт гаргаж тусгай зөвшөөрлийг нь цуцлуулаад, өөрсдөө хариуцлагаас сугарч үлдэхээр оролдож буй бололтой.

Ийм ажлыг туслан гүйцэтгэгч компани толгой мэдээд хийчихнэ гэдэг юу л бол. Тэгэхээр холбогдох байгууллагууд “Спэйшл майнз” компанийн гамшгийн эрсдэлийн болон байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ, ТЭЗҮ, холбогдох бусад бичиг баримтын хэрэгжилтийг шалгаж, хууль, дүрэм, журмыг хэр мөрдөж ажилладгийг нь хянахад илүүдэхгүй болов уу.

Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт “Спэйшл майнз” компанид хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэсэн. Эл хэргийг хариуцан ажиллаж буй Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Г.Батаатай холбогдож, шалгалтын явц ямар байгааг тодруулахад “Спэйшл майнз” компанитай холбоотой дүгнэлтийг МХЕГ-аас ирүүлсэн. Манайхаас нэмэлт дүгнэлт гаргуулах хүсэлт хүргүүлчихээд байгаа. Эцсийн дүгнэлтийг хүлээж байна” гэв.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай