Хүүхдүүдэд зориулаад 100-н дэлгүүр барьсан гэвэл жуулчид итгэх үү

Нийслэл хотынхоо гудамж талбайн албан ёсны нэршлийг хүмүүс мэдэхээсээ мэдэхгүй нь их.  Хоорондоо хэлж заншсан нэг нэртэй, цаасан дээр буусан өөр нэг хаягтай тул гадаад жуулчдад зам заах гэж зүдэрдэг талаар манай сонины сэтгүүлч  Жуулчдын луужин ажиллахаа больжээ нийтлэл бичиж байсан билээ. 

Тэгвэл хотын гудамж талбайн нэршлийг Англи, Монголоор тайлбарлан байршуулсан нь  мартсаныг сануулж, мэдэхгүйг таниулах ач холбогдолтой ажил болжээ. 

Гэвч бичих гэж буй зүйлээ сайн судлаагүйн улмаас "Хүүхдийн зуу"-гийн түүхийг гуйвуулсан гэж нутгийн оршин суугчид шүүмжлэлтэй хандаж байна.

Социализмын үед тухайн газар амьдарч байсан М.Саруул-Эрдэнэ Хүүхдийн дэлгүүр, Хүнсний 100-р дэлгүүр хоёр нийлээд Хүүхдийн Зуу болсон тухай "Нутгийн Индиан"-ы хувиар ийн хуучиллаа.  

   

"Хүүхдийн зуу бол яг миний өссөн газар. Өссөн газрын минь нэршлийн тайлбарыг олж уншлаа. Ер нь дөхжээ. Гэхдээ л үүх түүх ямар хурдан гуйвж болохын жишээ болсон байна. Дээхэн үед хүүхдийн дэлгүүр,  "Зуудугаар дэлгүүр" байсан учраас энэ хавийг Хүүхдийн 100 гэх болсон гэж. Дэлгүүр, сургууль, эмнэлэг гээд улсын байгууллагуудыг дугаарладаг байсан нь үнэн. Гэвч, Хүүхдэд зориулсан дэлгүүр социализмын үед 100-д хүрэх ямар ч боломжгүй юм. Манай ээж жишээ нь Номын гуравдугаар дэлгүүрийн худалдагч байлаа. Улаанбаатарт номын хэдэн дэлгүүр байсан бэ гээд сая ээжээс асуусан таван дэлгүүр байсан гэж ярьдаг.  Харин Хүнсний дэлгүүр бол 100 хүрнэ. Хүүхдийн дэлгүүр, Хүнсний 100-р дэлгүүр хоёр нийлээд Хүүхдийн Зуу болсон" гэв. 

Ахмад үеийнхэн нь нутаг усныхаа нэрийг үр хойчдоо цээжлүүлэхийн тулд аман хууч яриа, домог хүртэл ярьж өгдөг. Орчин үед ч бас  гудамж талбайнхаа нэршлийг залуусдаа тогтоолгож байх нь зүйн хэрэг ч тайлбарлана гэдэг ГУЙВУУЛАХЫН нэр биш баймаар юм даа. 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай