Ж.Гомбожав: Сонгуулийн тогтолцоог өөрчлөх, намыг төрийн дээр гаргах заалт Үндсэн хуульд оруулах гэж байна

Энэ удаагийн парламент бүрдсэн даруйдаа Үндсэн хуулийг өөрчлөх ажил эхлүүлж, 2016-2020 онд хэрэгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж шийдвэрлэнэ” хэмээн заасан.

Түүнээс хойш хоёр жил өнгөрч, тэд ч “эцэг” хуулийг өөрчлөх ажилдаа зүтгэсээр яваа. Өнгөрсөн хугацаанд 1500 гаруй иргэн оролцсон зөвлөлдөх санал асуулга, 327 мянган хүнийг хамруулсан олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Мөн иргэд, судлаач, эрдэмтэд, улс төрийн намуудаас ирүүлсэн таван сая гаруй санал хүлээн авсан гэсэн тоо гаргасан.

Эдгээр саналыг багцлан тусгасан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг ажлын хэсэг танилцуулаад байна. “Ажлын хэсэг төсөл дээр ажиллаж буй боловч одоо бага сага засвар л хийхээс зарчмын том өөрчлөлт оруулахгүй, гол багана нь боссон” гэж эх сурвалж хэлсэн.

Харин төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжсэн эхний жилүүдэд хууль тогтоох байгууллагад ажиллаж, “эцэг” хуулиас эхлээд ардчилсан Монгол Улсын анхны хуулиудыг батлах ажилд оролцож явсан АИХ-ын дарга, УИХ-ын дэд дарга асан, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч Ж.Гомбожав уг төсөлд санал нийлэхээргүй зүйл нэг биш байна хэмээв.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бараг бэлэн болсон гэх. Та тэр төсөлтэй танилцав уу?

-Д.Лүндээжанцангаас өнгөрсөн долоо хоногт төсөл авсан. Санаанд нийцэхгүй зүйл нэлээд байна билээ.

-Тухайлбал юу байна вэ?

-Манай Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны гишүүдийн олонх санал нийлэхгүй байгаа хоёр гол зүйлийг эхлээд ярья. Нэгдүгээрт, “УИХ-ын сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно” гэсэн заалт байна билээ. Уг нь манай Үндсэн хуульд сонгуулийн тогтолцооны тухай хэн ч уншаад ойлгохоор биччихсэн заалт бий.

“УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн нь сонгуулийн тогтолцоо нь мажоритар байна гэдгийг заасан хэрэг. Гэтэл энэ заалтыг үгүй болгож, сонгуулийн тогтолцоог сонгож, шийдэх эрхийг УИХ-д авах нь. Үүний цаана хувь тэнцүүлсэн тогтолцоог дахин босгож ирэх зорилго байгаа.

Үндсэн хууль зөрчсөн гээд хувь тэнцүүлсэн тогтолцоог халсан болохоор энэ өөрчлөлтийг оруулж байгаад дахиад үүнээ хийх юм байна. Намын жагсаалтаар УИХ-ын гишүүн сонгодог хувилбар руу орох нь буруу.

-Хувь тэнцүүлсэн тогтолцоо нь сонгогчдын саналыг гээдэггүй гэх мэтийн сайн талтай гэдэг шүү дээ.

-Бид үүнийг туршаад үзчихсэн шүү дээ. Түрүүчийн дөрвөн жилд 28 хүнийг жагсаалтаар оруулж, төрд гаршгүй хэдэн нөхрийг оруулж ирээд юу боллоо. Улс төрийн намууд боловсон хүчин, үзэл бодол, зохион байгуулалтын хувьд түүхийгээрээ, төлөвшөөгүй байгаа ийм нөхцөлд хувь тэнцүүлсэн систем тохирохгүй гэж би хардаг.

-Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын эсэргүүцэж буй хоёр дахь асуудал нь юу вэ?

-Улс төрийн намыг төрийн дээр гаргах, эрх мэдэл, гүйцэтгэх үүргийг нь нэмэх заалтууд байна. Тухайлбал, “Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулснаас хойш Ерөнхийлөгч 72 цагийн дотор уг шийдвэрийг батламжилна” гэжээ. Өөрөөр хэлбэл энд парламентын хяналт алга.

Уг нь өнөөгийн хүчин төгөлдөр байгаа хуульд олонх болсон намтай Ерөнхийлөгч зөвшилцөөд Ерөнхий сайдыг томилох, нэгэнт Ерөнхий сайд болсон хүн танхимаа бүрдүүлэх заалт бий шүү дээ. Гэтэл түүнийг байхгүй мэтээр ийм өөрчлөлт хийж буй нь “Үндсэн хууль дахь заалтыг эд ойлгохгүй байна уу, ойлгуулахгүйн тулд зориуд ажиллаад байна уу” гэх эргэлзээ төрүүлэв. Одоо намын дарга Ерөнхий сайдаар ажиллаж байгаа. Энэ бол улс төрийн болон эдийн засгийн эрх мэдэл нэг хүний гарт төвлөрч буй хэрэг.

Ийм нөхцөлд дээрх заалтыг Үндсэн хуульд оруулчихвал Ерөнхий сайд үзэмжээрээ, ямар ч хяналтгүйгээр сайд нарыг томилдог болно. Ингэснээр эдийн засаг, улс төрийн бүлэглэлийн төлөөний хүмүүс сайд болох үүд хаалга улам чөлөөтэй болох нь л дээ. Үүнд нь УИХ ямар ч хяналт тавих эрхгүй байх нь. Дэлхийн олонх оронд Засгийн газрын гишүүдийг томилоход парламент хяналт тавьдаг нь санамсаргүй зүйл биш.

Мөн “Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар парламент дахь олонх, цөөнхийн бүлгийн тэгш төлөөлөл оролцуулсан Хянан шалгах түр хороог УИХ байгуулна” гэж байгаа юм. Хянан шалгах түр хороонд намын томилолтоор ажиллах нь байна шүү дээ. Энэ бол шууд утгаараа төрийн бүтцэд нам орж ирэх зөвшөөрлийг Үндсэн хуульд тусгаж буй хэрэг. Бид 1992 онд Үндсэн хуулийг батлахдаа намын нөлөөллийг төрд байхгүй, тодорхой хүрээний гадна орхих зорилго тавьсан. Өнөөдөр Үндсэн хууль хэрэгжихгүй завхраад байгаагийн гол шалтгаан нь төрийн дээр нам гараад суучихсантай холбоотой.

Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна гэж тунхагласан боловч бодит эрх мэдлийг нам барьж байна. Намын Удирдах зөвлөл яаж шийднэ, тэр дагуу л УИХ дахь намын бүлэг, гишүүд ажилладаг. Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн эрх үүргийг намын бодлогоор зохицуулж байна. Нам, төр хэт холилдсон энэ дутагдлыг одоогийн өөрчлөлтөөр нэмж лавшруулж, намын эрх мэдлийг Үндсэн хуулийн аргаар нэмэгдүүлэхээр байгаа юм.

-“Дордуулсан долоон өөрчлөлт”-ийн тавыг нь сэргээж байгаад сэтгэл хангалуун байна уу?

-Уг нь энэ долоон өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг 2000 онд ҮХЦ гаргачихсан, аль хэдийнэ хүчингүй болчихсон юм байхгүй юу. ҮХЦ дуугарахгүй яваад байгаагаас болоод хүчингүй болчихсон заалтууд хэрэгжээд байгаа юм.

Уг нь ҮХЦ-ийн шийдвэр гарсан юм чинь заавал ингэж өөрчлөлт оруулах хэрэг байхгүй л юм сан. 17-18 жил ингээд явчихсан болохоор УИХ-аар хэлэлцээд шийдчихвэл бүр баталгаатай л болох байх. Үүн дээр санал байхгүй.

-Цэцийн гишүүн санал гаргахад л долоон өөрчлөлт хүчингүй болж, эх заалт нь сэргэх боломжтой гэдэг бил үү?

-1999 оны арванхоёрдугаар сард “дордуулсан долоон өөрчлөлт”-ийг оруулсан. Удалгүй ҮХЦ-д маргаан үүсгээд хүчингүй болгочихсон. Гэтэл манай нам (МАН) 2000 оны УИХ-ын сонгуулиар 72-уулаа сонгогдохдоо нөгөө долоон заалтыг буцаагаад, үг, үсэг, цэг таслалын өөрчлөлтгүй, яг тэр хэвээр нь П.Жасрай гуайн бланкан дээр хэвлэж оруулж ирээд баталчихсан.

ҮХЦ-ийн үйл ажиллагааг зохицуулдаг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд “Хэрэв эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хууль болон бусад шийдвэрийн заалтыг шууд буюу агуулгаар нь дахин сэргээвэл Цэцийн аль нэг гишүүний санаачилгаар хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Энэ заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа юм.

Бид энэ талаар ҮХЦ-д олон удаа хандсан. ҮХЦ-д ирсэн асуудлыг гишүүддээ хуваарилж, хариуцуулдаг. Долоон өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн асуудлыг П.Очирбат хариуцаж байсан юм. Ч.Хурц бид хоёр түүнд “Чи үүнийг хариуцаж байгаа юм чинь санаачилга гарга” гэхэд “Манай хоёр хууль УИХ-аар хэлэлцэгдэж байгаа. Түүнд саад болдог болов уу, яадаг бол” гээд хөдлөөгүй.

Энэ асуудлыг ингэж гацаасан хүн маань ҮХЦ-ийн гишүүн байхдаа өөрт нь боломж байхад хийгээгүй байж, гишүүн биш болчихоод өнгөрсөн намар “Энэ долоон заалтыг л өөрчлөх ёстой” гэж ярьж байна билээ. Манай улстөрчид иймэрхүү л байх юм даа.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд олон нийтийн таашаалд нийцэх заалт цөөнгүй байх шиг байсан?

-Би бол наана нь олон нийтэд таалагдах хэдэн заалт оруулж байгаад цаагуур нь өөр юм хийх гээд байна уу гэж хардаг. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх, намын нөлөөллийг төрд илүү оруулах гэсэн хоёр зүйлийг Үндсэн хуульд оруулахын тулд наана нь хэдэн жижиг будаг шунхны засвар хийжээ. Тиймээс ардчилсан Үндсэн хууль тогтоогчид үүнийг эсэргүүцэж, ойрын үед шаардлага тавина.

Олонд таалагдахын тулд бүх зүйлийг Үндсэн хуулиар зохицуулах гээд чихчихсэн харагдсан. Энэ төсөлд тусгасан өөрчлөлтүүдийн олонхыг Төсвийн, УИХ-ын, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн, Төрийн албаны тухай хуулиар зохицуулж болохоор юм билээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн хурал таслах, хүний өмнөөс санал өгөхийг Үндсэн хуулиар зохицуулах шаардлага байна уу.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “дуудсан цагт хуралдаа ирэх ёстой, хүний өмнөөс санал өгч болохгүй” гэсэн заалт байгаа шүү дээ. Хууль зөрчсөн хүнд хариуцлага хүлээлгэх Ёс зүйн байнгын хороо нь ч УИХ-ын бүтцэд бий. Хуульд хариуцлагын тогтолцоо хангалтгүй байгаа бол Дэгийн тухай хуульд л 2-3 заалт нэмчих хэрэгтэй. Юун төлөө байнгын ажиллагаатай парламенттай билээ.

Ер нь бүх зүйлийг хуульчилна гэдэг амар биш. Ёс зүйгээр зохицуулах зүйл гэж бий. Төрийн хүнд бол хамгийн чухал нь ёс зүй. Дэлхийн гол гол хуульчид ч ёс зүй л гэж ярьдаг юм. Ёс зүй гэдэг нь хүмүүжил, төлөвшилтэй холбоотой.

Уг нь Үндсэн хуульд өөрчлөлт хийж гэмээнэ төрийн тогтолцоог үндсээр нь өөрчлөх, парламентын засаглалтай байх уу, Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламент нь хэдэн танхимтай байх вэ гэдгийг шийдэж болох байлаа. Ийм том өөрчлөлтөө дагаж, жижиг өөрчлөлт хийх хэрэгтэй. Би бол Үндсэн хуульд нэгэнт гар хүрэх гэж байгаа бол шүүх засаглал, орон нутгийн засаг, захиргаа, төрийн эрх мэдлийн хуваарилалт гээд олон зүйлийг дорвитой өөрчлөх ёстой гэж боддог.

Үүнийг л хийхгүй бол хоёрын хооронд зүйл өөрчлөх хэрэггүй. Манай Үндсэн хуулийн нэг алдаа бол Ерөнхийлөгчид их эрх мэдэл өгчихсөн. Сонгодог парламентын бус холимог засаглалтай, УИХ, Ерөнхийлөгч хоёрын эрх мэдлийг хольж хутгачихсан. Ядаж л үүнийг нэг талд нь гаргах ёстой.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг олон нийтийн саналд тулгуурлаж хийнэ. Санал асуулга, хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэж, төсөл боловсруулсан гэж яриад байгаа шүү дээ.

-Тэр чинь жүжиг. Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль гээчийг батлахдаа Үндсэн хуульд хулгайгаар халдах заалт оруулчихсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг 2010 онд баталсан. Түүний 5.3 дахь заалтыг өөрчлөөд, хэлэлцүүлэг хийсэн.

Орон даяар зохион байгуулсан гээд байгаа хэлэлцүүлэгт нь иргэд оролцоогүй шүү дээ. Хэдэн хүн нэг аймгаас нөгөө аймагт очиж, Засаг даргын Тамгын газар, ИТХ-ынхныг нь цуглуулан, эндээс өгсөн чиглэлийн дагуу ярилцсан дүр эсгээд, архи ууж, боодог идэж яваад ирсэн.

-Д.Лүндээжанцан гишүүн “Төслийн гол нуруу боссон. Үүнээс цааш зарчмын том өөрчлөлт орохгүй” гэсэн. Энэ хэвээр нь УИХ-аар хэлэлцүүлбэл яах вэ?

-АИХ-ын 430 депутатаас 253 нь амьд байгаа. Тэдний 50-иад нь сонсгол муутай, хөл өвддөг, бие муугаас ирж чадахгүй байх. 200-гаад нь хүрээд ирэхтэйгээ. Энэ чигээр нь хэлэлцээд эхэлбэл бид өөрөөр ярина. ҮХЦ-д хандана.

Манай намын зарим гишүүн ч надтай санал нэг байгаа. Бид ойрын үед намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзана. Хэрвээ энэ төслийг хэлэлцэх юм бол төр үймэх нөхцөл бүрдэж ч мэднэ. Зориуд хэлэлцүүлээд үймээн самуун дэгдээх зорилготой бүлэг байгааг үгүйсгэх аргагүй. Гадуур ингэж ярьж, хардаж байна. Ингэж үймүүлэх хэрэг байна уу, үгүй юү.

-Д.Лүндээжанцан гишүүн та нар 1992 оны Үндсэн хуулийг батлалцсан хүмүүс. Түүнтэй энэ талаар ярилцсан уу?

-Д.Лүндээжанцан Ардчилсан Үндсэн хуулийн эх баригч шүү дээ. Б.Чимидийг Улсын бага хурлаас, Д.Лүндээжанцанг АИХ-аас Үндсэн хуулийн эх баригчаар томилсон. Тэгэхэд би АИХ-ын дарга байлаа. Би сая уулзахдаа “Чи Үндсэн хуулийн эх баригч шүү дээ. Тэгээд одоо ингэж өөрчилж болж байгаа юм уу. Чи хулгайчийн заль хэрэглэж Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж байна.

Сонгуулийн тогтолцоог өөрчлөх, намыг төрийн дээр гаргах заалт оруулчихаад Үндсэн хуулийн зарчим өөрчлөөгүй гэж хэлж болдог юм уу. Би огт өөрчлөхгүй гэж байгаа юм биш. Өөрчилбөл өөрчилсөн шиг өөрчил. Шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулсан ч яах вэ” гэж хэлсэн. Д.Лүндээжанцан “Наадах чинь хэлэлцүүлгийн явцад өөр болно. Батлагдахгүй ч байж магад” гэж байна билээ. Тэгж болохгүй шүү дээ.

-Шинээр боловсруулах гэснээс МАХН-ынхан Үндсэн хуулийн төсөл боловсруулаад яваад байна. Түүнийг сонирхов уу?

-Үндсэн хуулийг хууль санаачлах эрх бүхий гурван субъект санаачлаад, ҮХЦ-д хянуулах ёстой. ҮХЦ үүнийг хэлэлцэж болно гэсэн зөвшөөрөл өгсөн цагт УИХ-аар хэлэлцэнэ. Н.Энхбаяр хууль санаачлах эрхтэй гурван субъектын нэг биш мөртлөө төсөл боловсруулаад, иргэдээс гарын үсэг цуглуулаад яваа сурагтай. Энэ бол засаг, төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдсан гэсэн хэрэг.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай