ФОТО: Монголын мөнгөн тэмдэгтийн түүх, эртний улсуудын зоосны үзэсгэлэн гарлаа

Монголын нутагт байсан эртний улсуудын зоос, хувьсгалаас өмнө төлбөр тооцоонд хэрэглэж байсан гадаад төлбөрийн зоос, ембүү, гулдмай, Богд хаант Засгийн үед гаргаж байсан “Бага болзоот” хэмээх мөнгөн тэмдэгт, ардын хувьсгал ялсны дараа гаргахаар зэхэж байсан Данзангийн хэмээх доллар, БНМАУ-ын 1925-1983 онд хамрах гүйлгээний зоос болон цаасан мөнгөн тэмдэгтүүд үзэсгэлэнгийн шилэн хоргонд үзэгч олны хараа булаана. 

Энэ бол Монголбанк, Монголын зоос судлалын холбоо, Монголын Үндэсний музей хамтран “Олон Улсын музейн өдөр”-ийг тохиолдуулан толилуулж буй “Монголчуудын төлбөрийн хэрэгсэл-Эртнээс Эдүгээ” үзэсгэлэн юм.
Монгол нутагт төрт улс үүсч бий болсон цагаас эхлэн зоос, мөнгөн тэмдэгт хэрэглэж ирсэн арвин түүхтэй. Энэхүү түүхээ хүүхэд, залуус, олон нийтийн боловсрол, танин мэдэхүйг нэмэгдүүлэх зорилгоор эл үзэсгэлэнг  өнөөдөр Монголын Үндэсний музейд нээлээ.

Монголын эртний улс болох Хүннү, Түрэг, Уйгар, Хятан улсын үеийн гүйлгээний зоос одоогийн байдлаар илрээд байна. Монголын эзэнт гүрний хаад өөрийн нутаг болон эзэлсэн улс, хотын ард иргэдэд зориулан зоосон мөнгийг олон төрлөөр, их хэмжээгээр алт, мөнгө, зэс, хүрэл зэрэг металлаар цутгуулж байсан нь өнөө цагт түүхийн гэрч, үнэт баримт болон үлджээ. Ингэхдээ нутгийн иргэд зоос мөнгөний уламжлалыг даган хэрэглэж дассан хэллэг, шашин шүтлэг, хээ угалзыг өөрчлөлгүй тусган, хааны нэрийг хүндэтгэн өргөсөн нэрийн хамт хааны удмын тамгатай оруулж монгол, араб, түрэг, хятад зэрэг бичгээр дэлдүүлэн гүйлгээнд гаргаж байв.

Үзэсгэлэн энэ сарын 28-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай