Д.Ачит-Эрдэнэ: Дэд бүтцээ барьснаар “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа үнэд орох боломжтой

Д.Ачит-Эрдэнэ: Дэд бүтцээ барьснаар “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа үнэд орох боломжтой

MICC брокер, дилерийн компанийн гүйцэтгэх захирал Д.Ачит-Эрдэнэтэй ярилцаж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг дотоод, гадаадын хөрөнгийн биржид бүртгүүлэх, иргэдэд эзэмшүүлэх тоо ширхгийг нь нэмэх талаар байр суурийг нь сонслоо.

-“Эрдэнэс Тавантолгой” компани 461 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан ч ногдол ашиг тараасангүй. Нэг хүнд 3000 төгрөг ногдсон учраас ийм шийдвэр гаргасан гэж удирдлага нь тайлбарлаж байгаа.

Иргэнд ногдох өгөөжийг өсгөхийн тулд нэмж хувьцаа тараах хэрэгтэй гэсэн санал гаргаж байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Уул уурхайн компани бусдаас ялгарах олон онцлогтой. Байнга ногдол ашиг тараадаггүй нь нэг онцлог нь юм. Эрчим хүчний төлбөр хураадаг ч юм уу, байнга бэлэн мөнгө урсаж байдаг компани бол жил бүр ногдол ашиг тараах боломжтой. Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ хэлбэлзэлтэй байдаг учраас уул уурхайн компани ашгаа нөөцөлж, дараагийн үнийн уналтыг эрсдэл багатай давж гарахад бэлтгэх хэрэгтэй болдог.

Үүнээс гадна уул уурхайн бизнес маш их хөрөнгө оруулалт шаарддаг. Тиймээс ногдол ашиг төдийлөн тараагаад байдаггүй. Мэргэжлийн хүний хувьд “Эрдэнэс Тавантолгой” ногдол ашиг тараагаагүй нь зөв гэж бодож байна. Яагаад гэвэл энэ компанид хэрэгжүүлэх ёстой, ихээхэн хөрөнгө оруулалт шаардсан төслүүд бий. Төслүүдээ хэрэгжүүлснээр хувьцааных нь үнэ өснө.

Уул уурхайн компанид хөрөнгө оруулсан хүмүүс ихэвчлэн хувьцааны ханшийн өсөлтөөс өгөөж хүртэхийг оролддог. “Эрдэнэс Тавантолгой”-гоос иргэдэд тараасан хувьцаагаа арилжиж үр ашгийг нь хүртээж, үнийг өсгөж чадаагүй байгаа. Ийм тохиолдолд нэмж хувьцаа өгөх нь буруу. “Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэдэд эзэмшүүлчихсэн 1.7 тэрбум ширхэг хувьцааг хөрөнгийн биржид бүртгүүлээд мөнгөжүүлэх нь зөв гэж би үздэг.

-Танайх “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны зах зээлийн үнийг тогтоох судалгаа хийсэн гэсэн. Энэ компанийн нэгж хувьцаа хэдэн төгрөгийн үнэтэй байх төсөөлөл харагдсан бэ?

-“Эрдэнэс Тавантолгой”-н нэгж хувьцааны нэрлэсэн үнийг 932 төгрөгөөр тогтоосон. Монголд “Эрдэнэс Тавантолгой” компанитай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг буюу коксжих нүүрс олборлож, экспортолдог дотоодын болон Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргасан 5-6 компани бий.

Эдгээрийн нөөц, нэгж хувьцаанд ногдож буй ашиг гэх мэт үзүүлэлтийг нь тооцоод, “Эрдэнэс Тавантолгой”-нхтой харьцуулан, төсөөлөл гаргасан. Олон үзүүлэлтийг нь харьцуулахад, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны үнэ 800-900 төгрөг байх нь зөв гэсэн дүгнэлт хийлээ. Өөрөөр хэлбэл, зах зээлийн үнэлгээ нь ийм байна гэсэн үг. Мөн олон улсын коксжих нүүрс олборлодог компаниудтай харьцуулж үзсэн.

Ингэхэд Монголд коксжих нүүрс олборлодог компаниудын хувьцаа хоёр дахин доогуур үнэтэй байгаа нь харагдлаа. Монголын компаниудын хувьцааны үнэлгээ нь нэгж хувьцаанд ногдох ашгийг тав дахин үржүүлсэнтэй тэнцэж байхад гаднын коксжих нүүрсний компаниудын хувьцаа 10-12 дахин үржүүлсэнтэй тэнцэж байна. Бид нэг зах зээлээс хамааралтай, дэд бүтэц сулаас хувьцааны ханш шалтгаалж байна гэж дүгнэсэн.

Тухайлбал, манайд нүүрс тээвэрлэх төмөр зам алга. Төмөр замтай бол тээврийн зардал хямдраад, компанийн ашиг нэмэгдэх жишээтэй. Австрали улсын уурхайнууд нүүрсээ Энэтхэг, Япон, Хятад гэх мэт олон орны зах зээлийн аль өндөр үнэ хэлсэнд нь далайн тээврээр хүргэн зарж байна. Төмөр замтай, түүгээрээ дамжуулж, олон зах зээлд нүүрсээ нийлүүлбэл “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа үнэд орох боломжтой.

-“Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний нөөцөө 11 их наяд төгрөгөөр үнэлээд балансдаа тусгачихсан. Үүнийг буруу гэж шүүмжлэх хүн таарч байна. Яагаад буруу вэ?

-Энэ бол алдаа. Нэрлэсэн болон зах зээлийн үнэ тэнцүү байх тохиолдол бараг байхгүй. Компанийн хөрөнгийн үнэлгээг нийт хувьцаанд хуваахад заавал 932 төгрөг гаргахын тулд балансдаа маш том биет бус хөрөнгө нэмчихсэн харагдаад байна. Нягтлан бодох бүртгэлийн зарчмаар тухайн компанийн хөрөнгөд жил бүр элэгдэл хорогдол тооцдог.

Лицензийн хугацаа нь 20 жилийн дараа дуусна гэвэл 11 их наядыг 20 жилд хуваана гэсэн үг. Ингэхээр “Эрдэнэс Тавантолгой” жилд 500 тэрбум төгрөгийн элэгдэл тооцохоор байгаа юм. Компани борлуулалтын орлогоос зардлыг хасаад жилд 500 тэрбум төгрөгийн ашигтай ажиллая гэж бодъё. Тэгвэл элэгдлээ тооцоод ямар ч цэвэр ашиггүй ажиллана гэсэн үг. Балансаа эргэж харах хэрэгтэй байх.

-Уул уурхайн компани нөөцийн үнэлгээг санхүүгийн тайландаа бүртгэдэггүй юм уу?

-Дэлхийн жишгээр бол бүртгэдэггүй. Хэрэв тухай лицензийг худалдаж авсан бол үнийн дүнг нь бүртгэж болно. Компани хөрөнгөө гаргаад худалдаад авчихсан учраас тэр. “Эрдэнэс Тавантолгой”-н лицензийг “Эрдэнэс Монгол” компани үнэгүй өгсөн. Тэгээд хувьцааных нь 85 хувийг эзэмшиж байгаа. Лизенцийг үнэлнэ гэдэг бол харьцангуй ойлголт. Үнэ нь хэд ч байж болно.

Элэгдэл хорогдол тооцох болдог нь бүртгэдэггүй, үнэлдэггүй гол зарчим нь юм. Компанийн хувьцааны үнэ нөөцөөс нь биш хэр үр ашигтай ажиллаж байгаагаас нь хамаарч тогтдог. Нэрлэсэн үнийг баталгаажуулах гээд хий хоосон юмыг үнэлж тавих нь буруу.

-Та зах зээлийн ханш нэрлэсэн үнэтэйгээ дөхнө гэж өөдрөг төсөөлөл хэлж байна. Тэгвэл хувьцааг нь хөрөнгийн биржээр арилжаад эхэлбэл ханш нь унана гэж эрх баригчид айгаад байх шиг.

УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг худалдаж авч байна гэсэн цуурхал сонссон хүмүүс зарна гээд “Урт цагаан” орчимд олноор цугларсан.

Үүнээс улбаалаад маш олон хүн хувьцаагаа зараад ханш нь уначихна, тэр нь улс төрийн эрх ашигт нь сөргөөр нөлөөлнө гэж бодоод байх шиг.

-Нөгөө талдаа хувьцааг нь арилжиж эхэлснээр гарах эерэг тал маш олон. МҮХАҮТ-аас “Топ-100” аж ахуйн нэгжийг шалгаруулахад “Эрдэнэс Тавантолгой” нэгдүгээрт орсон байна лээ. Нэг номерын аж ахуйн нэгжээ хувьцаат компани болгочихвол Монголын хөрөнгийн биржийн нэр хүнд өснө. Бирж зарах сайн бараатай бол жинхэнэ утгаараа ажиллаж эхлэх юм.

Хувьцааных нь ханш унаж болно. Ханш хэзээ ч нэг түвшинд байдаггүй. Өсөж, буурч байдаг нь биржийн зарчим. Ашигтай ажилладаг, асар их нөөцтэй компанийг биржид гаргавал сайн жишээ болно гэж харж байгаа. 1990-ээд онд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан улсын үйлдвэрийн газруудыг хувьчилсан.

Гэхдээ эдгээр компани алдагдалтай ажилладаг байсан. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг арилжих нь Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн хоёр дахь эхлэл болно гэж боддог.

-Ерөнхийлөгч Х.Баттулгын Тамгын газар “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг 100 хувь иргэдэд эзэмшүүлэх хуулийн төсөл боловсруулж байгаа. Хэрэв энэ компанийн хувьцааг бүгдийг нь ижил тэнцүү хэмжээгээр иргэдэд тараачихвал ямар нөхцөл үүсэх бол?

-Ийм жишиг дэлхийд байхгүй болохоор сайтар төсөөлөхгүй байна. Хувь нийлүүлэгчид нь хуралдаад Төлөөлөн удирдах зөвлөлөө томилдог, тэд гүйцэтгэх захирлаа томилдог жишигтэй. Асар олон хувьцаа эзэмшигчийн хэн нь компаниа ажиллуулах, удирдах вэ гээд өчнөөн ажил ундарч таарах байх. Хэрэв ийм зүйл болбол маш их хөрөнгийг хүмүүст хувааж өгнө гэсэн үг.

Нэг талаараа маш өгөөмөр зүйл болох байх л даа. Гэхдээ Хөрөнгийн биржид бүртгэгдсэний дараа нийгмийн даатгалын сан “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны тодорхой хувийг худалдаж авах замаар гурван сая хүндээ ирээдүйд нь хөрөнгө оруулж болох юм.

Төмрийн хүдэр олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч Бразилын “Вале” компанийн хувьцааны 10-аад хувийг нь Бразилийн нийгмийн даатгалын сан мөн ойролцоо хувийг нь Хөгжилийн банк нь эзэмшиж байдаг.

-Аливаа компанийн үр ашиг, хувьцааны өгөөж өсөхөд зөв засаглал чухал. “Эрдэнэс Тавантолгой”-н засаглалыг сайжруулахгүй бол үр ашиг нь дээшлэхгүй гэж бодож байна.

-Компани хувь нийлүүлэгчдийн ашгийн төлөө байгууллага. Хувь нийлүүлэгчдийнхээ нэгж хувьцаанд ногдох ашгийг нэмэхийн тулд олборлолтоо нэмэх үү, зардлаа танах уу, илүү үр ашигтай техник худалдаж авах уу гэдэг шийдвэр гаргах нь засаглалын шийдвэр. Компанийг хөрөнгийн биржид бүртгүүлээд, биржийн шаардлагынх нь дагуу бүх мэдээллээ олон нийтэд ил тод тайлагнаад явбал хувьцааных нь ханш өсдөг.

“Эрдэнэс Тавантолгой”-н засаглалыг сайжруулахын тулд хөрөнгийн биржид бүртгүүлэх нь юу юунаас чухал. Энэ компани хувь нийлүүлэгчийн ашгийн төлөө байгууллага гэхээс илүү төрийн бодлого хэрэгжүүлэгч мэт харагддаг. Ийм зөрчлийг арилгаж хувь нийлүүлэгчийн ашгийн төлөө ажилладаг компани болгох хэрэгтэй. Компани шиг ажиллахын тулд ТУЗ нь хараат бус байх шаардлагатай. Дэлхийн жишиг ийм л байдаг.

Томоохон компаниудын хөрөнгө оруулагчид мэдлэг туршлагатай хөндлөнгийн, бүр гадаадын хүнийг ТУЗ, менежментийн багтаа урьж ажиллуулдаг тохиолдол ч бий. Тэд гүйцэтгэх удирдлагынхаа цалинг хувьцаагаар олгох санал тавьдаг. Ашигтай ажиллаж, компанийн хувьцааны ханш өсвөл мөнөөх хүний цалин нэмэгдэнэ. Тэгэхээр маш сайн ажиллаж таарна. Хувьцааныхаа ханшийг өсгөх иймэрхүү хөшүүрэг хэрэглэх нь ч бий.

-“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг Монголын хөрөнгийн биржид даруй бүртгүүлэх хэрэгтэй гэж үзэж буй олон мэргэжилтэн бий. Нийгмийн хүлээлт ч маш өндөр болсон. Тэгвэл жаахан байзнах ёстой гэсэн байр суурьтай хүмүүс ч байгаа. Хүлээх шалтгаан бий юү?

-Аль 2011 онд “Эрдэнэс Тавантолгой”-г 15 тэрбум хувьцаатай компани байхаар зохион байгуулсан. Түүнээс хойш хүлээлт үүссэн. “Нөгөө хувьцаа яасан бэ” гэж сураглах харилцагч олон байдаг. Хувьцааг нь хөрөнгийн биржээр арилжаад эхлэх хэрэгтэй. Хувьцаагаа зарчих юм сан гэсэн хүмүүс ч бий. Авъя гэсэн хүмүүс ч байгаа. Засгийн газар сонгуулийн өмнө “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг нэгжийг нь 933 төгрөгөөр үнэлж авсан.

Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс авсан. 2016 оны сонгуулийн өмнө нийт иргэдээс ч худалдаж авлаа. Нэг талаас нь харахад арилжаа хийгээд байгаа биз. Уг нь хувьцааг хөрөнгийн биржид бүртгээд, арилжих эрхийг нь нээчихэд Засгийн газраас мөнгө гарахгүйгээр эдийн засгийн эргэлтэд орчих зүйл. Арилжихын тулд үнэлгээ хийлгэх шаардлагатай гээд нэлээд хойшлуулсан.

Үнэлгээ хийх ямар ч шаардлага байхгүй гэж би хувьдаа боддог. Хувьцааных нь арилжааг зогсоосон компанийн арилжааг дахин нээхдээ хамгийн сүүлд ханш нь хэдэн төгрөг байснаас эхэлдэг юм. Засгийн газар нэгж хувьцааг 933 төгрөгөөр худалдаад авчихсан учраас үүнийг хамгийн сүүлд тогтсон ханш гэж үзээд арилжааг нээчих үндэстэй. 933 төгрөгөөс

Г.АРГУУЖИН эхлээд арилжаад эхлэх хэрэгтэй гэсэн үг. Компанийн тухай хуульд 50-иас дээш хөрөнгө оруулагчтай бол хувьцаат компани хэлбэрээр зохион байгуулах ёстой гэж заасан. Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ордын 10 хувийг хөрөнгийн биржээр арилжина гэсэн заалт бий. Энэ хуулийн заалтыг ч биелүүлэх ёстой гэж бодож байна.

-“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг Хонконгийн хөрөнгийн биржид гаргана гэсэн саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан гаргаад байгаа. Гадаадын хөрөнгийн биржид хувьцааг нь гаргавал илүү үр ашигтай байх боломжтой юу?

-Олон улсын зах зээл Монголын компаниудад бага үнэлгээ өгч байгаа учраас хувьцаа нь төдийлөн үнэд хүрэхгүй болов уу. Хэрэв “Эрдэнэс Тавантолгой”-г Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлэх гэвэл монголчуудын дургүй оффшорын асуудал босож ирнэ. Гадаадынхан Монголын шүүх шударга биш гэсэн ойлголттой болчихсон.

Тиймээс “Эрдэнэс Тавантолгой”-г эзэмшдэг компанийг оффшорт бүртгүүлэхгүй бол хувьцааг нь худалдаж авахгүй. Английн хууль компанийн хувь нийлүүлэгчийн эрх ашгийг маш сайн хамгаалдаг. Тиймээс Английн хуулийн дагуу байгуулсан компанийн хувьцааг хөрөнгө оруулагчид авах дуртай. Английн хуулийг мөрддөг газруудад татваргүй буюу оффшор бүс байгуулсан байдаг юм. “Эрдэнэс Тавантолгой”-г оффшорт бүртгүүлэх нь хүмүүст таалагдахгүй.

Монголынхоо хөрөнгийн биржид хувьцааг нь гаргаад засаглал, дэд бүтцээ сайжруулаад, зах зээлээ өргөжүүлээд ажиллах хэрэгтэй. Хожим мөнгөний урсгал нь тодорхой, том компани болсных нь дараа гадаадын хөрөнгийн биржид давхар бүртгүүлж болно.

“Эрдэнэс Тавантолгой”-д төмөр зам тавих, баяжуулах үйлдвэр барих мөнгө хэрэгтэй байгаа. Үүнийг заавал хувьцаа зарахгүйгээр төслийн санхүүжилт хэлбэрээр шийдэж болно.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай