Банзалтай хөвүүн

-Тэрбээр эмэгтэй хүн шиг хувцаслаад медаль “түүчихдэг” байжээ -

Дора 1938 онд хөнгөн атлетикийн төрөлд Европын аварга болж, өндрийн харайлтад дэлхийн дээд амжилт тогтоов. Түүнийг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимп хүлээж байлаа. Гэтэл гэртээ харих гэж явах замд нь Дораг Германы цагдаагийн байгууллагынхан саатуулжээ. Хаанаас нь ч харсан эрэгтэй хүн гэхээр энэ тамирчин эмэгтэй сэжиг төрүүлсэн аж. Дорад эмнэлгийн шинжилгээ хийгээд эрэгтэй хүн хэмээн үзсэн байна.

Хүйстэй нь холбоотой хэл ам ирээдүйн тамирчин бүсгүйг хорвоод мэндэлсэн өдрөөс нь л дэгджээ. Эцэг, эхийг нь түүнд ойртуулалгүй нуусанд тэдний санаа зовж, хүүхдийн маань бие зүгээр байгаа даа хэмээн түгшиж эхлэв. Шинэ төрсөн хүүхэд эр үү, эм үү гэдгийг эмч нар тодорхойлж чадахгүй байлаа. Эцэст нь асрагч эмэгтэй хариуцлагыг өөртөө үүрч хүүхдийг “охин” гэж бүртгэсэн байна.

Охин арван сартайдаа уушгины хатгаа тусч, эцэг, эх нь эмч дуудав. Өвчнийг нь үзэх далимдаа хүйсийг нь анзаарахыг эцэг нь эмчээс хүсчээ. Эмч үзчихээд “Тэртээ тэргүй та нар юу ч хийж ч чадахгүй юм чинь охин л гэж бай” хэмээн хэлэв. Ингээд эцэг, эх хоёр нь дахин хүйс тогтоолгох гэхээ байж, хүүхэддээ “Дора” гэдэг нэр өгч, эмэгтэй хүүхэд шигээр өсгөж торинууллаа.

Өсвөр нас хүрэхийн үест өөрийгөө үеийн охидоосоо арай л өөр болохыг Дора мэдэрч эхэлсэн байна. Хөх нь томрохгүй, дуу хоолой нь улам бүдүүрээд байх нь тэр. Гурван ч охин өсгөж хүмүүжүүлсэн эцэг, эх нь хүйсийн талаарх асуудлыг хөндөхөө ер болив. Тэд Дорадаа даашинз өмсгөсөөр, үсэнд нь тууз уясаар л байлаа. Эмэгтэй хүн гэгдэж яваа ч эрэгтэй хүний шинж чанар илт харагдаад буйг нуух аргагүй болж байгаагаа охин эцэг, эхдээ хэлж чадахгүй явжээ. Дора ангидаа шилдэг тамирчин нь байсан болохоор биеийн тамирын багш түүнийг ихээхэн дэмждэг.

Харин эцэг, эх нь охиноо тамирчин болгох дургүй. Тэд хоёул заводад ажилладаг учраас хар ажлын туршлагатай тул Дораг тамхины үйлдвэрт оруулж, савлагч хийлгэв. Гэтэл тэндхийн спортын клубийн дасгалжуулагчийн хараанд охин өртжээ. Тэгээд түүнийг мэргэжлийн түвшинд бэлтгэл хийхийг санал болголоо.

Ингээд Дора өндрийн харайлтаар дагнан хичээллэв. 1936 онд тэрбээр улсынхаа аварга болов. Урьд нь гаргасан амжилтынхаа ачаар Германы шигшээ багийн олимпод оролцох тамирчдын нөөцөнд багтаж, улмаар 1936 онд Берлинд болсон олимпын тоглолтод өрсөлдлөө.

Германы шигшээ энэ тоглолтод Дорагаас гадна Гретель Бергманн, Эльфрида Каун гэсэн хоёр тамирчныг өндрийн харайлтын төрөлд оролцуулсан байна. Гэтэл еврей үндэстэн Бергманныг гэмтлийн улмаас, үндсэндээ бол гарал үүслийнх нь шалтгаанаар тэмцээнд оруулсангүй. Түүний оронд Дора оролцсоныг “Берлин-36” гэдэг кинонд үзүүлдэг аж. Ер нь бол Дора олимпод оролцох эрхээ авсан хөнгөн атлетикийн гурван тамирчны нэг байв.

Олимп эхлэхийн өмнө нацистын хэвлэл спортыг ихээхэн сурталчилж, Каун, Дора нарыг сэтгүүлчид шилэгдэж шигшигдсэн тамирчин хэмээн нэрлэж, медальт байранд орно гэж урьдчилан таамаглаж байв. Дора өөрөө болохоор хэвлэлийнхнээс зугтана. Охин тэгэх мөртлөө их айхтар будаж шунхдаж, бусдыг хуурч яваагаа далдлах үүднээс бэлхүүс, өгзгөө тод харуулсан бариу даашинз өмссөн байв.

Тоглолтын үед Дора бусад охины хамт олимпын тосгонд байрлав. Тэрбээр бусдын дэргэд нүцгэн байхыг цээрлэж, тэр ч бүү хэл дотуур хувцастайгаа хүний нүдэнд өртөхгүйг хичээнэ. Энэ байдлыг нь тамирчид ихээхэн хачирхана. Дораг эрчүүдээс хэн ч шохоорхохгүй байх нь шигшээ багийнхны нь гайхлыг төрүүлдэг байсан аж. Каун болохоор түүний эр хүн шиг төрх байдалтай нь үүнийг холбож үзнэ. Тэмцээндээ л анхаарлаа чиглүүлэх тул Дора ямар хүйстэй байх нь үнэндээ тамирчдын сонирхлыг төдийлөн үл татна.

Бэлтгэл сургуулилалт үр дүнгээ өгч Германы шигшээ баг Берлиний олимпод амжилттай оролцлоо. Өндрийн харайлтад Каун хүрэл медаль хүртэж, дөнгөж 17 нас хүрч байсан Дора 1.58 метр өндөр дээгүүр харайж дөрөвдүгээр байр эзэлж, Лена Рифеншталийн “Олимп” кинонд дүрсээ үлдээв.

Хоёр жилийн дараа Хөнгөн атлетикийн холбоо Дораг Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцуулахаар Вена хот руу илгээжээ. Энд эмэгтэйчүүдийн аваргыг анх удаа тусад нь шалгаруулж, Дора 1.70 метр дээгүүр харайсан амжилтаар дэлхийн дээд амжилт тогтоов. Ийнхүү Европын аварга болж, алтан медалиар энгэрээ мялаалгалаа.

Венад ялалт байгуулаад Дора 1940 онд олимпод бэлтгэхээр Кёльнд буцаж ирлээ. Харамсалтай нь, Дэлхийн II дайн эхэлснээс энэ олимп болоогүй билээ. Дораг нэгэнтээ галт тэргээр явж байхад нь түүгээр зорчиж явсан хүмүүс “Эмэгтэй хүн шиг хувцасласан хачирхалтай эрэгтэй хүн явж байна” гэж цагдаа дуудчихжээ.

Тэгээд бичиг баримтаа үзүүлэхийг Дорагаас шаардав. Тамирчин бүсгүй юу ч бодолгүй медалиа үзүүлж, биеийн байцаалтаа ч харуулав. Гэтэл түүний бүдүүн дуу, үсэрхэг гар нь цагдаа нарыг сэжиглэхэд хүргэжээ. Ингээд охиныг эмнэлгийн үзлэгт оруулахаар шийдлээ. “Үүнийг чинь би эсэргүүцвэл яах вэ” хэмээн Дораг хэлэхэд “Тэгвэл илүү хатуу арга хэмжээ л танд ногдоно доо” гэж цагдаа хариулсан байна.

“Цавинд нь байгаа том сорив анхны шинж тэмдгээр хүйсийг нь тогтоох боломжийг үгүйсгэсэн. Хоёр дахь бүх шинж тэмдэг нь энэ өвчтөн эр хүйстэн болохыг харууллаа” гэж эмнэлгийн шинжээч дүгнэв. Дораг гадаад шинж байдал нь өөрчлөгдсөн хүйстэй эрэгтэй хүн хэмээн энэ шинжилгээгээр тогтоов. Тэрбэр эр хүйстний ч, эм хүйстний ч шинжийг хадгалсан хүн байв. Чухам тиймээс түүнийг эхээс мэндлэх үед нь асрагч эмэгтэй хүйсийг нь тодорхойлж чадаагүй аж.

Эрэгтэй хүн биш хэмээн нотлохыг Дора хичээсэнгүй. Цаашдаа бусдаас нууж, хааж, эмэгтэй хүний дүр эсгэх шаардлагагүй болсон тул санаа нь амарч урт гэгч нь амьсгаа авчээ. Хэл ам дэгдсэн ч гэлээ нацистууд нөхцөл байдлыг нуусангүй. Болсон явдлыг спортын ертөнц тэр аяараа мэдэж, Дора хэлмэгдлийн золиос болсонгүй. Дорад эрүүгийн хэрэг үүсгэж, 1939 оны гуравдугаар сарын 10 хүртэл байцааж, шалгав. Спортын сайд Чаммер унд Остен эмнэлгийн шинжилгээ дахин хийхийг шаардлаа. Охиныг тусгай лабораторид аваачиж шинжлээд “эр хүн” гэж үзлээ.

Дора эмэгтэй тамирчин гэгдэж явахдаа өөртөө олз ашиг олоогүй тул түүнийг бусдыг хуурч мэхэлсэн гэж шийтгэл хүлээлгэх үндэслэлгүй гэж шүүхийн тогтоолд өгүүлсэн байна. Тэгэхдээ Дорагийн спортын цол хэргэмийг нь хурааж, “тамирчны дүрэм, журам зөрчсөн” гэсэн албан ёсны үндэслэлээр уралдаан тэмцээнд оролцохыг нь хоригложээ.

Эцэг Ратьен нь болохоор Дораг эр хүн гэж үзэхийг эсэргүүцэв. Түүгээр ч барахгүй нэрийг нь солихгүй, ямар ч тохиолдолд Дора эрэгтэй хүний хувцас өмсөж, эр хүний хийх ажил хийхгүй гэж хэлсэн байна.

Гэлээ ч Дора 1939 оны нэгдүгээр сарын 11-нд албан ёсоор эр хүн болж, нэрээ Генрих болгож солилоо.

Хоёр сарын дараа Прокурорын байгууллага Дораг буруутгаж байсныг цуцалж, түүнд шинэ баримт бичиг олгож, хөгжлийн бэрхшээлтэйг нь илтгэх нотолгоо өгчээ. Генрих Дэлхийн II дайнд жагсаалын цэргээр оролцож ирээд Берлин хотдоо эцэг, эхийнхээ ажил үйлсийг үргэлжлүүлжээ. Тэрбээр охин гэгдэж явсан үетэйгээ хамт спортыг үүрд орхисон байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай