Ойрд “үзэгдээгүй” сайн жишиг нэвтрүүллээ, тэд

Яг нэг сарын өмнө нийслэлийн иргэд ихээр бухимдаж байв. Төмөр болон авто замын нэг түвшний огтлолцлыг салган, Нарны зам, цаашлаад Маршалын гүүр хүртэлх хөдөлгөөний ачааллыг 30-40 хувиар бууруулж, Улаанбаатарын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зам, гүүрийн бүтээн байгуулалтын хүрээнд хөдөлгөөн хязгаарлах болсон учраас тэр. Тухайн үед автомашиныг улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор нь ангилан хөдөлгөөнд оролцуулах санал гаргасан хотын удирдлагыг олон нийт шүүмжилж, эл зохицуулалтыг болиулсан билээ.

Ингэхдээ “Нэг жил, зургаан сар зам дээрээ түгжрэх нь”, “Хотын удирдлага аливаа ажлыг ямар ч төлөвлөлт, зохион байгуулалтгүй хийдэг”, “Зам хаахаар Энхтайваны гүүрээр явах аргагүй болно”, “Төмөр замын гармын урд амьдардаг хүмүүс баларна” хэмээн бухимдаж байв. Тэгвэл ийн шүүмжилж байсан хүмүүс буруу боджээ. Учир нь холбогдох албаныхан урьд өмнө “үзэгдээгүй” жигтэйхэн сайн зохион байгуулалт хийв. 

“ЗЦА-ны дэргэдэх” хэмээн нэрлэгдэх болсон эл гүүрийг барихын тулд төмөр замын 407 дугаар км-ийн гармын урд хэсгийн хөдөлгөөнийг хаагаад нэг сар, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хажуугийн авто замын нэг эгнээг хашаалаад долоо хоног өнгөрсөн ч тухайн хэсэгт түгжрэл үүссэнгүй нь үүнийг нотолно. Зөв зохион байгуулалт хийсний үр дүнд хөдөлгөөний ачаалал жирийн үеийнхээс ч буурч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Төв талбай хүрэхэд 10-15 минут явдаг болжээ. 

Үүний зэрэгцээ өглөө, орой бүр түгжрэлтэй байдаг Нарны болон Дунд (“Натур”-ын) зам сэлүүхэн байдаг болов. Тухайн орчимд амьдардаг хүмүүс ч үүнийг хүлээн зөвшөөрнө. Хавдар судлалын үндэсний төвөөс Дунд замаар зүүнээс баруун тийш чиглэсэн хөдөлгөөний ачаалал мэдэгдэхүйц багаслаа. Энхтайваны гүүрний ачаалал ч дээрх замуудынхтай ижил өмнөхөөсөө багассаныг уншигчид анзаарч буй биз.

Өнөөдрийн байдлаар нийслэл дэх хөдөлгөөний ачаалал ихтэй гурван хэсгийн (407 дугаар км-ын гармыг оролцуулаад) зам хаалттай байна. Яармагийн гүүрийг Улсын баяр наадмаас өмнө бүрэн ашиглалтад оруулах төлөвлөөгөөтэй учир Ажилчны гудамж хүртэлх 250 метр замыг хаан, шинэчилж буй тул хөдөлгөөнийг нь хаасан юм.

Улмаар Нисэх, Яармаг орчмоос хотын төв рүү явж буй хүмүүс Таван шарын уулзвараар дамжин өнгөрч байна. Ингэснээр тухайн хэсгийн ачаалал хэр зэрэг нэмэгдэхийг тооцож, орц, гарц нээн, хөдөлгөөн зохицуулагч ажиллуулснаар иргэд хотын төв рүү саадгүй ирж байх жишээтэй. Мөн I хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу холбогдох боломжтой шинэ зам тавьж байгаа учраас хөдөлгөөн хориод байгаа. Ийнхүү зам хаасан ч иргэд, жолооч нарт бэрхшээл учирсангүй.

Үүнийг нийслэлийн удирдлага, Замын цагдаагийн алба хаагчид өнгөрсөн намраас эхлэн аливаа бүтээн байгуулалтын ажлыг иргэдэд чирэгдэлгүй байдлаар хэрхэн хийх вэ гэж толгойгоо гашилгаж, олон санаачилга гаргасны гавьяа гэж хэлж болно. Тэд учирч болох эрсдэлийг урьдчилан тооцож, хөдөлгөөний ачааллыг ихэсгэхгүйн тулд хэд хэдэн туслах зам тавьж, ашиглалтад оруулсан нь талархал хүлээж буй юм. 

Үр дүнд нь “Баянмонгол” хороолол орчимд амьдардаг хүмүүс өчнөөн холоор тойрч бус, нэг км хүрэхгүй зай туулаад Нарны зам руу ордгийг тэр хавиар явсан хүн бүр мэддэг болсон биз. Цаашид хотын удирдлага болон холбогдох албаныхан хэт төвлөрөл үүсгэж буй шалтгааныг судалж, нэг дор шавалдуулан барьсан орон сууцны хотхон, хорооллын орц, гарцыг нь нэмэгдүүлэх чиглэлээр төлөвлөгөө гаргаж байгаа юм билээ. Тэдний төлөвлөгөө ажил хэрэг болбол замын хөдөлгөөн улам сийрэгжих нь дамжиггүй.

Хотын удирдлага, тэр дундаа нийслэлийн Автозамын хөгжлийн газрынхан хот төлөвлөлтийн алдааг засаж байгаа бол Замын цагдаагийн албаныхан дүрэм зөрчдөг жолооч нарыг бусдад садаа болж, зохиомол ачаалал үүсгэхээс сэргийлэх зорилгоор хаалттай замуудын ойролцоо өдөр, шөнөгүй ээлжээр ажиллаж буй. Үүнийхээ хажуугаар хаалттай замуудаас шалтгаалан ачаалал үүсэж магадгүй уулзваруудад ч тэд ажиллаж байгаа юм. Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн тэдэнд дэм болохоор гэрлэн дохиог алсаас тохируулж, уулзвар бүрийг хянаж байгаа юм билээ. 

Тус төвийн дарга Д.Одбаяр энэ талаар “Бид хотын гол гудамж замуудад суурилуулсан 52 хөдөлгөөн мэдрэгчийг ашиглан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний нягтрал, замын түгжрэлийн тухай тоон мэдээллийг цуглуулж, хөдөлгөөн зохион байгуулалт хийж байна. Мөн энэ талаарх мэдээллийг телевиз, радиогоор цаг тутам мэдээлж, иргэдэд ачаалал багатай зам сонгохыг зөвлөж байгаа” гэсэн юм. Товчхондоо төрийн байгууллагын ажлын уялдааг сайжруулбал иргэдээ бухимдуулахгүй, бүтээн байгуулалтын явцад бэрхшээл тулгарахгүй гэдгийг нийслэлийн удирдлага болон холбогдох албаныхан баталчихлаа.

Өнгөрсөн жилүүдэд холбогдох албаныхан төв замыг л сайжруулахаар зүтгэж, үүндээ хэт анхааран, туслах болон хотын захын хэсгийг “мартчихсан” дутагдалтай. Хотын зүүн захаас баруун руу очихын тулд зөвхөн төв замаар зорчдог байсан цаг саяхан. Тэгвэл өнөөдөр иргэд, жолооч нар олон сонголттой болж, дурын замаараа зорчиж байна.

Өөрөөр хэлбэл, орц, гарцыг сайжруулж, туслах зам олныг барьснаар хөдөлгөөний ачаалал буурахыг нотоллоо гэж дүгнэж болно. Үр дүнд нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал 10, зарим хэсгийнх нь 30 хувиар буурчээ. Таван жилийн өмнө хүмүүс ажилдаа очихын тулд өдөрт дунджаар хоёр цаг түгжрэлд зогсдог байсан гэх.

Тэгвэл 2016 онд 1-1.2 цаг болж буурсан бол өнөө жил 40-60 минут зарцуулж буй аж. Энэ бол хамгийн их ачаалалтай замуудаар зорчиход зарцуулах хугацаа гэдгийг дурдъя. 2016 онд Зуун айлаас Баянбүрд хүрэхийн тулд 20-30 минут зарцуулдаг байсан бол “Авто плаза”-гийн уулзварыг өргөтгөснөөр түүгээр дамжин өнгөрөх хугацаа хоёр дахин багасчээ.

Түм түжигнэсэн “завгүй” хотын иргэдэд авто зам ачаалалгүй байх нь хамгийн чухал. Тиймээс авто замын сүлжээг сайжруулж, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх ажил жил бүр өрнөх нь тодорхой. Өмнөх жилүүдэд замын эвдрэлийг засаж, шинэ бүтээн байгуулалт эхлүүлэхдээ хөдөлгөөн хязгаарлан иргэдийг бухимдуулдаг байсны уршгаар нийслэлчүүд бүтээн байгуулалтыг эсэргүүцдэг болсон нь нууц биш. Тэгвэл Улаанбаатарын одоогийн удирдлага сайн жишиг нэвтрүүллээ.

Б.Индра: Яармагийн гүүрийг Улсын баяр наадмын өмнө ашиглалтад оруулна

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас дараах зүйлсийг тодрууллаа.

-Энэ онд нийслэлийн авто замд ямар өөрчлөлт гарах вэ?

-Улс, нийслэлийн төсөв, Авто замын болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, гадаадын зээл тусламжаар 63 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ. Шинээр 33.8 км авто зам тавьж, 3185 метр урт гүүр барихаар төлөвлөөд буй. Мөн туслах болон хороолол доторх холбоос замуудыг шинэчлэхийн зэрэгцээ замын байгууламжийн засвар арчлалт, гүүр, хоолой, ус зайлуулах шугам, тэмдэг, тэмдэглэгээ, хайс, тоноглолын ажлуудыг хийх юм.

Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын ажлын хүрээнд Туул голын гүүрийг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчилж байна. Гүүрийн суурийн тулгуур шонгийн өрөмдлөгийн болон арматур зангидах ажил эхэлсэн. Нийтдээ 60 шон босгох юм.

Одоогоор 11-ийг нь өрөмдөж, цутгалт хийгээд байна. Налайх хүрэх авто замыг эсрэг чиглэлийн дөрвөн эгнээ болгож сайжруулна. Ингэснээр Улаанбаатар хотын зүүн бүсийн авто замын ачаалал буурч, хөдөлгөөний, аюулгүй байдал сайжирна. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ хүртээмжтэй болж, шатахуун зарцуулалт нь багасан, нийслэлийн төсөв хэмнэгдэнэ.

-Яармагийн гүүрийг Улсын баяр наадмаас өмнө ашиглалтад оруулна гэсэн. Үнэн үү?

-Өнөөдрийн байдлаар гүүрийн барилгын гүйцэтгэл 70 хувьтай байна. Цаг агаарын болон бусад хүчин зүйлээс шалтгаалан ажил саатахгүй бол шинэ гүүрийг Улсын баяр наадмын өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа.

-Зам, гүүрийн бүтээн байгуулалттай холбогдуулан хөдөлгөөн хязгаарлаж буй. Иргэдэд чирэгдэл учруулахгүйн тулд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Бид бүтээн байгуулалтын ажил эхлүүлэхдээ иргэдээс саналыг нь асуусан. Тээврийн хэрэгслийг улсын дугаарынх нь тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах санал гаргасан ч дэмжээгүй. Тиймээс ЗЦА-тай хамтран, хөдөлгөөний зохицуулалт хийхээр болсон юм. Мөн тэдний саналыг тусган, зарим хэсэгт шинэ зам тавилаа. Туслах замуудыг цаашид олшруулна.

Мөн замын тусгаарлах хэсгийг сэтэлж, буцаж эргэх нөхцөл бүрдүүлсэн. Одоогоор хэд хэдэн хэсэгт зам хаалттай байгаа. Тухайлбал, Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд Ажилчны гудамжны замыг ирэх есдүгээр сар хүртэл хаана. Энэ хугацаанд гүүр, тийш орох, гарах замын ажлыг хийнэ. Зам хаалттай байх үед бид хөдөлгөөнийг сийрүүлэх бүх арга хэмжээг авна. Энэ мэтээр бүтээн байгуулалтыг иргэдэд чирэгдэлгүй байдлаар хийхээр төлөвлөсөн.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай