Сурагчид театрт хөл тавьж, шилдгүүдээ тодрууллаа

Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Улсын Драмын Эрдмийн Театр, Соёл, урлагийн их сургууль, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх, үзэгчийн соёлыг төлөвшүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох зорилгоор “БИДНИЙ ТЕАТР” жүжгийн уралдааныг Нийслэлийн дүүргүүдийн дунд зохион байгууллаа.

Уг  шалгаруулалт Нийслэлийн Улаанбаатар чуулгын концертын танхимд 2018 оны 5 дугаар сарын 9-н  явагдаж театрын урлагийн мэргэжлийн шүүгчид жүжиг тус бүрт үнэлгээ өгч шүүн явуулж дүнгээ гаргав.

Уралдааны ерөнхий шүүгчээр Улсын Драмын эрдмийн театрын найруулагч МУСТА Ч.Түвшин, Соёл, урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургуулийн Найруулах, жүжиглэх урлагийн тэнхимийн эрхлэгч М.Ариунжолоо, Улсын Драмын эрдмийн театрын Захиргааны албаны дарга О.Гэрэлсүх нар ажиллаж шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол болон туслах дүрүүд, шилдэг жүжгүүдийг тодруулсан.

Уралдааны шилдэг найруулагчаар Баянгол дүүргийн “Кихот ноён” жүжгийн найруулагч Б.Болдхүү тодорч Шилдэг туслах дүрүүдээр Баянгол дүүргийн сурагч н.Арилжмаа, Чингэлтэй дүүргийн сурагч н.Эрхэмзөнч, Шилдэг гол дүрүүдээр Налайх дүүргийн сурагч Э.Болорцэцэг, Сонгинохайрхан дүүргийн сурагч Н.Баярбаясгалан нар шалгарлаа. Монгол Улсын Соёл, урлагийн их сургуульд суралцах урилгыг Баянгол дүүргийн сурагч Э.Долгион, Хан-Уул дүүргийн сурагч О.Түмэнхүслэн нар  гардан авлаа.

Багийн нийлбэр оноогоор Хан-Уул дүүргийн жүжгийн баг “Парисын дарь эхийн сүм” жүжгээр Нэгдүгээр байр, Баянгол дүүргийн жүжгийн баг “Кихот ноён” жүжгээр Хоёрдугаар байр, Сонгинохайрхан дүүргийн жүжгийн баг “Зуны шөнийн зүүд” жүжгээр гуравдугаар байрт тус тус шалгарсан юм. Энэ удаагийн жүжгийн уралдаан хүүхэд багачуудад дэлхийн сонгодог зохиолуудыг таниулаад зогсохгүй соён гэгээрүүлэх өндөр ач холбогдолтой уралдаан байлаа. Уралдааныг зохион байгуулахад хамтран ажилласан болон уралдаанд оролцон нийт хүүхдүүддээ баярласан талархсанаа илэрхийлж байна гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай