71 дэхь Канны кино наадам

Н.Энхтүвшин


Өнөөдөр Францад 71 дэх удаагийн Канны кино наадам нээлтээ хийлээ. Хорвоо дээр төсөөлөхийн аргагүй олон кино наадмууд байдаг. Кино Продюсеруудын Эвлэлүүдийн Олон Улсын Холбоо 1977 оноос кино наадмуудын үйл ажиллагааг явуулах зөвшөөрлийг олгох эрхийг авсан билээ. Энэ байгууллагын тооцоолсноор бол одоогоор 50 гаруй олон улсын кино наадмууд явагддаг аж. Үнэн хэрэг дээрээ яг хэдэн кино наадам байдгийг хэн ч хэлж чадахгүй. Харин дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн кино наадмууд гарын таван хуруунд багтах бөлгөө. Тэдэн дотроос хамгийн нэр хүндтэй нь Канны кино наадам.

Анхны Канны наадам 1939 оны есдүгээр сарын 1-нд нээхээр төлөвлөгдсөн ч Гитлер Франц руу дайрсан тул уг арга хэмжээ хойшлогдон долоон жилийн дараа буюу 1946 оны есдүгээр сарын 26-нд анхны кино үзлэгээ эхлүүлсэн байдаг. Ер нь Канны кино наадам бий болсон түүх сонирхолтой. Анхны олон улсын кино наадам Венецийн кино наадам байдаг.1932 онд анх зохион байгуулагдсан уг наадам жилээс жилд хүчирхэх фашист дэглэмийн шахалтад урлаг гэхээс илүү улс төрийн ач холбогдлыг илүү чухалчилдаг байв.

1939 онд “Алтан арслан” шагналыг бүгдийн тааварлаж байсан алдарт Жан Ренуарын “Агуу санаархал” бүтээл бус харин дарангуйлагч Муссолинигийн хүүгийн найруулсан “Нисгэгч Лучано Серра” хэмээх кино хүртсэн нь уран бүтээлчдийн тэсвэрийг барсан байдаг. Ингээд эрх чөлөөг эрхэмлэдэг киночид маань улс төрөөс ангид бие даасан кино наадам байгуулах шаардлагатайг ухамсарлан уг саналыг дэмжих айлтган гуйх бичиг Францын төр засагт барьжээ. Хэдий улс төрийн байдал маш хурцадмал байсан ч Францын засгийн газар уг саналыг дэмжсэн байдаг. Ингэж Венецийн кино наадмын түүхийн хар зурвасын ачаар Каннын наадам үүссэн түүхтэй. Хаана, ямар хотод хийх тал дээр багагүй асуудал үүссэний эцэст үзэсгэлэнтэй, нарлаг Канн хотыг сонгосон байна.

Эхний жилүүдэд Канны наадам Венецтэй адил есөн сард явагддаг байсан бол 1951 оноос италийн наадмаас түрүүлж байхын тулд таван сард болгон өөрчилсөн юм. Каннын наадмын дүр төрх 1950-иад оноос эрс өөрчлөгдөж эхэлсэн билээ. Хэрэв эхний жилүүдэд кино наадам Канн хотын Өвлийн казиногийн их танхимд явагддаг байсан бол 1952 онд кино наадамд зориулсан ордон баригдан ашиглалтад оржээ. Гол хаалганы 24 гишгүүртэй өргөн шатыг 1000 хавтгай дөрвөлжин метр час улаан хивс дэвсэн, зочдоо хүлээн авчээ. Энэ уламжлал одоо ч хэвээрээ бөгөөд үүнээс хойш улаан хивсний ёслол хэмээгч ойлголт манай Монголд хүртэл түгэн дэлгэрсэн дээ. Уг наадмын гранпри шагнал болох Алтан даль модны навч ч шууд бий болоогүй бөгөөд 1954 онд Парисын үнэт эдлэлийн дархан Сюзанн Лазоны санаачилгаар Канн хотын бэлэг тэмдэг болсон даль модны  хэлбэр дүрстэй болжээ.

Канны наадмыг “снобист” (дээдсийн байх гэж оролдсон) уур амьсгалтай хэмээн хэлэх нь цөөнгүй. Магадгүй ихэнхдээ ухааны өндөр чадамжтай бүтээлүүдийг шигшиж авдагт нь тэр буй биз. Хэрэв Оскарын шагналт киног найман настай балчираас наян настай хөгшин ойлгож шимтэн үздэг бол Каннын наадмын шилдэг бүтээлийг үзэгч “тархиныхаа багтаамжаар” л хүлээж авдаг билээ. Өөрөөр хэлбэл Каннын наадмын үзэл баримтлал бол цэвэр урлагийг дэмжих явдал юм. Гэхдээ сүүлийн үед уг наадмын зохион байгуулагчид нийтэд зориулсан кино бүтээлийг, хэрэв мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн бол, анхааралдаа авах болсон аж.

2015 оны наадамд Жорж Миллерын “Галзуу Макс: Уур хилэнгийн зам” оролцсон явдал үүнийг нотлох буй зээ. Канны кино наадам нэрт мастеруудад ч, шинэ залуу уран бүтээлчдэд ч адилхан нээлттэй. Тиймээс оролцож буй бүтээлүүдээр нь дэлхий кино урлагын чиг хандлага, хөгжлийг тодорхойлж болох юм. Кино наадамд оролцох бүтээлүүдийг оролцогч орон өөрсдөө шилж явуулдаг байсан бол 1972 оноос энэ зарчим өөрчлөгдөн бүтээлүүдийн наадмын удирдлагууд сонгодог болсон юм. Энэ зарчимыг хожим бүх олон улсын кино наадам дагах болсон билээ.  

Каннын кино наадам хэд хэдэн уралдааны програмтай мөн шагналтай билээ. Алтан даль модны навч гран при шагнал гардуулах шилдэг бүрэн хэмжээний уран сайхны кино, баримтат кино шалгаруулах гэсэн үндсэн программаас гадна шилдэг дебют бүтээлийг шалгаруулдаг “Онцгой харц” программ буюу Алтан камер шагнал, богино хэмжээний кино бүтээлийг шалгаруулах программ, дэлхийн кино урлагийн сургуулиудын оюутнуудын бүтээлийг шалгаруулах Синефаундэшн программ г.м. олон шагналууд байдаг.

Энэ удаагийн Каннын кино наадам юугаараа онцлог вэ. Уг наадмын ерөнхий захирал Тьери Фремо өнгөрөгч дөрөвдүгээр сард уралдаанд оролцох нийт 40 бүтээлийг нэрлэсэн бөгөөд арга хэмжээг Ираны найруулагч Асгар Фархадын “Хүн болгон мэднэ” (Everybody knows) гэдэг сэтгэлзүйн триллер нээх болсныг мэдэгдсэн юм. Хайр дурлал, гэр бүлийн амаргүй харилцааны тухай өгүүлсэн эл бүтээлд Холливудын одод Пенелопа Крус и Рикардо Дарин нар тоглосон аж. 

Сүүлийн жилүүдэд Канны кино наадмыг эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихгүй байна гэдэг шүүмжлэлд өртөх болсон юм. Эл шүүмжлэл шүүгчдийн бүрэлдэхүүнийг сонгоход нэлээдгүй нөлөөлсөн бололтой. 71 дэх удаагийн наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг Австралийн жүжигчин, Холливудын супер од Кейт Бланшет тэргүүлэх болсон байна.

Тэрбээр 71 жилийн түүхтэй Канны кино наадмын шүүгчдийг ахалж буй ердөө 11 дэхь эмэгтэй болж байгаа аж. Дашрамд дурдахад Алтан даль модны навчыг эмэгтэй найруулагч ганцхан удаа хүртсэн байдаг. Мөн анх удаагаа Канны наадам эмэгтэй жүжигчдийн эрлэг болсон продюссер Вайнштенгүй болж байна. Уг наадмын удирдлага түүний нэрийг зочны хувьд ч хассан аж. Үүнээс үзэхэд жендерийн асуудалд кино наадам багагүй анхаарч буй бололтой.

Наадмын удирдлага энэ жилээс эхлэн уралдаанд оролцож буй бүтээлүүдийг хэвлэл мэдээллийнхэн болон шүүмж судлаачдад урьдчилж үзүүлдгийг болиулсан аж. Шалтгааныг тайлбарлаагүй нь тухайн салбарынхны дургүйцлийг гэхээсээ илүү гайхшралыг төрүүлж буй аж. Одоо яая гэхэв. 40 гаруй кино бүтээлийг 11 хоногийн турш бусдын адил нэг танхимаас нөгөө танхим руу гүйж үзэх л болж. Мөн улаан хивсний ёслолын үеэр зочид, оролцогчдыг гар утсаараа сельфи хийхийг хориглосон байна.

71 дэхь удаагийн Канны кино наадмын албан ёсны зурагт хуудсаар Жан-Люк Годарын 1965 оны “Галзуу Пьеро” киноны баатруудын үнэсэлдэж буй хэсгийн зураг тодорчээ. Францын найруулагчийн бүтээлээр ийнхүү хоёр дахь удаагаа Канны кино наадам гангарах нь тэр. 2016 онд түүний “Үзэн ядалт” киноны хэсгийн зураг уг наадмын албан ёсны зурагт хуудас болсон билээ. 

Дэлхийн шилдэг найруулагчдийн нэг Ларсон Фон Триер Каннд эргэж ирсэн явдал энэ удаагийн кино наадмын бас нэгэн онцлох үйл явдал болж буй нь мэдээж. 2013 онд уран бүтээлч Канны наадамд “Уйтгарлал” (“Мelancholy”) нэртэй киногоороо оролцсон агаад хэвлэлийн бага хурлын үеэр бүтээлийнхээ тухай ярихдаа Гитлерийг хүндэлдэг талараа цухуйлгаснаар уг наадамд цаашид оролцох эрхээ хасуулсан юм. Канны наадам урьд өмнө нь ч хожим ч хэнийг ч ийнхүү хар дансанд оруулж байгаагүй билээ. 

Ларсон Фон Триер яахын аргагүй Канны наадмаар дэлхийд танигдсан уран бүтээлч. Түүнийг анх уг наадамд толилуулсан “Христын дайсан” (“Antichrist”) киног үзэж байсан дөрвөн үзэгч хэтэрхий илэн далангуй хүчирхийллийн хэсгээс болж танхимд ухаан алдаж унаж байсан гэдэг. Зарим нь Ларсоны бүтээлийг гоо зүйгүй хэтэрхий харгис хэмээн үзсэн бол нөгөө хэсэг нь суут бүтээл гэж дүгнэсэн аж.

Олонд дулдуйдагч биш жинхэнэ уран бүтээлч гэсэн уриандаа Канн тэр удаа ч гэсэн үнэнч үлдэн түүнийг дэлхийд данстай найруулагчаар тодруулсан билээ. Энэ жил Канны наадам түүний “Жекийн барьсан байшин” гэдэг бүтээлийг уралдаанаас гадуурх үзлэгт  оролцохыг зөвшөөрчээ. “Тэнэмэл хүү эргэн ирэв” гэж энэ тухай барууны  хэвлэлийнхэн шуугьж байна.

Дэлхийн киночдын чансааг сорьсон уг наадам энэ сарын 19-ийг дуустал үргэлжилнэ. Гол гол сенсац, онцлох үйл явдлууд биднийг өмнө хүлээж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай