Хотын малчдын 66 хувь нь нүүгээгүй байна

Нийслэлийн бүс нутагт анх 2000 онд шүлхий өвчин гарчээ. Түүнээс хойш харьцангуй тайван байснаа өнгөрсөн онд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт долоон удаа шүлхий дэгдэж, 21-28 хоног хорио цээрийн дэглэм тогтоосон. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссоос захирамж гаргаж, Улаанбаатар хотын зөвшөөрөгдөөгүй бүс дэх малтай иргэдийг нийслэлээс гаргах ажлын хэсгийг өнгөрсөн наймдугаар сард байгуулсан.

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн болон хориглосон бүс нутгийг заагласан байдаг. Тухайлбал, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүрэгт мал аж ахуй эрхлэхийг хориглосон. Харин Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн зарим хорооны нутагт ийм ахуй эрхлэхийг зөвшөөрдөг. Гэтэл өдгөө зөвшөөрөгдөөгүй бүсэд 602 өрхийн 16 704 толгой мал байгаа аж.

Мал маллахыг хориглосон бүс дэх айлуудыг Сонгинохайрхан дүүргийн XXI дүгээр хороонд байрлах Ногоон толгой, Нарийны ферм, Баянзүрх дүүргийн XX хорооны Арцатын ам гэх гурван газар руу нүүлгэн суурьшуулахаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газар, МХГ зэрэг 29 байгууллага хамтран ажиллаж буй юм. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хотын хэмжээнд байгаа бүх малд шүлхийн вакцин тарьсан байна. Өнгөрсөн жилээс хойш улсын төсвөөс уг ажилд зориулж, нэг тэрбум гаруй төгрөг зарцуулсан аж.

Төлөвлөгөөний дагуу энэ сарын 1 гэхэд мал бүхий иргэдийг хотоос гаргаж дуусах ёстой байсан. Гэвч энэ сарын 2-ны байдлаар 11 115 мал зөвшөөрөгдөөгүй бүсэд байсан хэвээр, дөнгөж 3239 малыг л гаргаад буйг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв. Жишээлбэл, Сүхбаатар дүүргийн XV хороонд малтай 13 айл бий бөгөөд өнгөрсөн пүрэв гаригийн байдлаар нэг ч айл нүүгээгүй байсан юм. Тухайн хороонд амьдардаг Баатарынд очлоо.

...Дэд бүтцийн ажил эхлээд 14 хонож буй бөгөөд ирэх долоо хоногт бүрэн дуусгахаар ажиллаж буй гэнэ. Уг нь батлагдсан хугацаа нь ирэх сарын 20-ноос долдугаар сарын 10-нд дуусгахаар төлөвлөсөн ч малчдын шаардлагын дагуу хугацаанаасаа сар гаруйн өмнө амжуулж буйг ажлын хэсгийнхэн онцолсон...

Тэднийх таван үнээ, таван бяруутай. Мал нь гэр хорооллын айлуудын бараг хашаан дотор бэлчээрлэдэг тухай тэрбээр ярьсан. Яагаад нүүгээгүйг нь лавлахад “Манай хорооныхон биднийг өнгөрсөн сарын 28, 29-нд амралтын өдөр автобусаар авч явж, суурьшуулах гурван байршлын газартай танилцуулсан. Эхнэр бид хоёр ярилцаад Арцатын ам руу нүүх шийдвэр гаргаад байна. Гэсэн ч тэнд ганц ч худаг байхгүй, гэрэл цахилгаан ч үгүй юм билээ. Тийм газар очлоо гэхэд мал харангатаж үхнэ биз дээ. Нийслэлээс худаг гаргаж өгнө гэсэн. Хэзээ ч барьж өгөх юм билээ” гэсэн юм. Мөн “Нүүх зардал гэж 78 мянган төгрөг өгсөн. Гэтэл бид малын хашаа, эд хогшлоо аваад нүүхэд “Портер” машинаар бараг 10 удаа зөөх хэрэгтэй болно. Тэгэхээр ойролцоогоор 500-600 мянган төгрөгийн зардал гарах юм шиг байна. Уг нь манайхны малаас шүлхий илрээгүй, эрүүл байсан шүү дээ. Орон нутгаас авч ирж буй малаас болж шүлхий дэгддэг. Эхнэр бид хоёр үнээгээ сааж, сүүгээ ойр орчмын айлуудад борлуулдаг юм. Гэтэл хол нүүчихээр сүүгээ яаж зарж, борлуулах юм, бүү мэд. Гэхдээ төрийн шийдвэр гарчихаад байхад нүүхгүй гэж зөрж байгаа юм биш шүү, нүүнэ. Гол нь дэд бүтцийн асуудлаа шийдэж өгөх хэрэгтэй байна” гэсэн юм.

Тус хорооны 13 өрх хамт нүүхээр төлөвлөөд байгаа бөгөөд малаа хамтарч туухаар ярилцсан гэсэн юм.

Ногоон толгой дахь гэрэлтүүлгийн ажлын явц

Шилжүүлэн нүүх газар нь одоогоор цахилгаангүй, гэрлийн шонг нь дөнгөж суулгасан, худаг гаргасан байгаа талаар мэргэжилтнүүд хэлж байсан юм. Энэ тухай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн Даваасүрэн “Дэд бүтцийн ажил 90 хувьтай байна. Ногоон толгойн цахилгааныг энэ долоо хоногийн эхээр залгахад бэлэн болсон. Үлдсэн хоёр байршлыг ирэх долоо хоногт цахилгаантай болгоно. Гурван байршилд есөн худаг гаргахаар төлөвлөсөн.

Үүний дагуу Арцатын аманд гурван газар өрөмдөөд, ус гаргачихсан байгаа. 50 өрхийн дунд нэг худаг ажиллуулахаар тооцож буй. Улаанбаатар хотын суурьшлийн бүсэд 650 өрхийн дунд нэг худаг ногддог шүү дээ. Тэгэхээр нүүх айлуудад илүү давуу тал бий болж байна гэсэн үг. Мөн улсаас тоолуурыг нь хүртэл үнэгүй тавьж өгч байна. Иргэд зөвхөн шонгоос гэр рүүгээ цахилгаан дамжуулах утсаа л авна.

Гэтэл иргэд “Гэрлийн утсаа бид авах юм байна” гэж дэвэргэж буй тал бий” хэмээв. Дэд бүтцийн ажил эхлээд 14 хонож буй бөгөөд ирэх долоо хоногт бүрэн дуусгахаар ажиллаж буй гэнэ. Уг нь батлагдсан хугацаа нь ирэх сарын 20-ноос долдугаар сарын 10-нд дуусгахаар төлөвлөсөн ч малчдын шаардлагын дагуу хугацаанаасаа сар гаруйн өмнө амжуулж буйг ажлын хэсгийнхэн онцолсон.

Малчин өрхүүдийг буулгах гурван байршил тус тусын онцлогтой аж. Тухайлбал, Ногоон толгойн чиглэлд авто замтай учир зарим малчин зам дагуу малаа бэлчээрлүүлэхгүй гэж буй. Тийм санал бүхий иргэд Арцатын ам, Нарийны фермийг сонгох боломжтой. Мөн бага насны хүүхэдтэй, сургууль шаардлагатай өрхөд зориулж Сонгинохайрхан дүүргийн XXI хороонд байрлаж буй Нарийны фермд шинээр сургууль барьж буй аж. Ирэх онд ашиглалтад оруулах гэнэ.

Улсын ихэнх нутгийг “эзлээд” буй шүлхий өвчнөөс иргэдээ хамгаалж энэхүү ажлыг шуурхай хийж буй. Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд хоёр дүүргийн найман голомтод долоон удаа шүлхий дэгдэж, 21-28 хоног хорио цээрийн дэглэм тогтоосон тухай дээр дурдсан. Тухайн үед дэглэм тогтоогоод байсан бүс нутагт төрөх цаг нь болсон эх, гадаад руу сургуульдаа явах гэж байсан хүүхдийг ч гаргаагүй хорьсныг тод санаж байна.

Тэд тухай бүртээ хохироод л үлдсэн. Улсын хөрөнгө төсөв ч ихээхэн зарцуулсан. Тиймээс “Манай мал зүгээр, бусдын мал л шүлхийтдэг” гэсэн явцуу бодлоосоо салж, хэзээ, хаанаас ч гарах боломжтой байгаа өнөө үед бусдын болон өөрсдийн эрх ашгийн төлөө нүүдэл хийх ёстойг албаныхан санууллаа. Түүнчлэн энэ сард багтаан зөвшөөрөгдсөн газар руу нүүхгүй бол зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авна гэсэн юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай