П.Ганхуяг: “Биокомбинат”-ыг шинэчлэх 25 сая ам.доллароор шүлхийн вакцин үйлдвэрлэх боломжгүй

Мал нь өвчтэй байгаа цагт Монголын малчдын амьдрал, энэ салбар өөдлөхгүй. Цаашлаад уул уурхайгаас хараат бус, олон тулгуурт, солонгорсон эдийн засагтай улс болох зорилт маань ч замхарна. Үүнтэй холбоотойгоор мал сүргийг халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх бүхий л эм, био бэлдмэлийг улсдаа үйлдвэрлэж буй ганц байгууллага болох “Биокомбинат” ТӨААТҮГ-ын шинэчлэл хөндөгддөг.

45 жилийн “настай” уг үйлдвэрт зохих шинэчлэл хийчихвэл одоо гадаадаас авч буй шүлхийгээс сэргийлэх зэрэг ганц, хоёрхон төрлийн вакцин, бэлдмэлээ дотооддоо үйлдвэрлэж, хэрэгцээгээ бүрэн хангана. Мөрөөдөл төдий үлдэж, замхарч мэдэх ийм нэг хүлээлт 2010 онд Монгол, Унгарын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн хүрээнд тус улсын тусламжаар байгуулсан “Биокомбинат”-ыг 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр шинэчлэхээр тохирохтой зэрэгцэн бий болсон.

Энэхүү эхний хэлэлцээрийн хугацаа дуусаж, 2015 онд хоёр дахиа тохиролцож, дахин гэрээ байгуулсан ч өнөө хэр сураг алга. Сүүлд байгуулсан гэрээний хугацаа ч дуусаж буй гэнэ. Тиймээс Унгарын Засгийн газрын 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Биокомбинат”-ыг өргөтгөх, шинэчлэхэд шаардлагатай бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч, нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны дарга П.Ганхуягтай ярилцлаа. Тэрбээр Мал эмнэлэг, үржлийн газрын дарга юм.

-2015 онд байгуулсан хоёр хэлэлцээрийн хугацаа дуусах гэж буй талаар дууллаа. 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл аваад “Биокомбинат”-аа өргөтгөн, шинэчилж чадахгүй байгаа шалтгаан чухам юу юм бэ?

-Миний бие 2017 оноос уг асуудалд анхаарч, “Биокомбинат”-ыг өргөтгөх, шинэчлэхэд шаардлагатай бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч, нийлүүлэгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар ажиллаж байна. Ер нь яг юу хийх гээд буй нь тодорхойгүй байсан. Унгарын талын сонирхол нь 1973 оны хуучин барилга дотор нь технологийн шугамыг нь өөрчилж, шинэчлэхэд чиглэж байсан.

Бидний хувьд 40 гаруй жилийн “настай” хуучин барилгад алтаар засвар хийгээд ч нэмэргүй гэж үзээд байгаа юм. Одоогийн барилгын тоосго нь нурчихсан, аль ч талаасаа нурахад бэлэн болсон. Тиймээс ч барилга, байгууламжийг нь шинээр барих хүсэлтээ удаа дараа тавьсан. Үүнийг зөвшилцөх гэж нэлээд цаг зарцуулсан. Бүр тусдаа төсөвтэй төслийн нэгж хүртэл ажиллуулсан. Тус нэгжид ХААИС, “Биокомбинат”, ШУТИС, МУИС, Сангийн яам зэрэг байгууллагаас мэргэжлийн хүмүүс багтсан юм.

Тэд дөрвөн сарын хугацаатай ажиллаж, сонгон шалгаруулалтын хүрээнд юу хийх вэ гэдгээ Унгарын талтай тохирч, өргөтгөлийн барилгыг тусад нь барихаар болоод байна. Унгараас ч холбогдох хүмүүс ирж, газар дээр нь байгаль орчны үнэлгээ хийсэн. Ингээд тухайн барилга, байгууламждаа ямар технологи суурилуулахаа ч бүрэн тохирч, сонгон шалгаруулалтын бичиг баримтыг бэлэн болгож, Унгарын талд хүргүүлсэн.

Сонгон шалгаруулалтыг шуурхай зохион байгуулахыг аль аль талдаа зорьж байгаа. Салбарын сайдын зүгээс ирэх сард багтаан шавыг нь тавих чиглэл өгсөн. Харин дахин байгуулсан хэлэлцээрийн хугацаа энэ оны гуравдугаар сард дууссан. Гэхдээ уг зээлийн гэрээ дууссантай холбоотойгоор аль нэг тал нь цуцалъя гэх зэргээр хүсэлт гаргаагүй тохиолдолд хугацаа нь автоматаар нэг жилээр сунгагдах заалттай.

Монгол, Унгарын талын аль аль нь зээлийн гэрээний хугацааг хүчингүй болгоё, сунгая гэх мэт хүсэлт тавиагүй учраас сунгагдан, үргэлжилж буй гэж ойлгож болно.

-Унгарын тал хэзээ хариугаа өгөх ёстой вэ?

-Тэдний зүгээс бидэнд сонгон шалгаруулалтын баримт бичигт оруулах өөрчлөлттэй холбоотой 44 хуудас бүхий шаардлага, хүсэлт тавьчихаад байна. Түүнд нь шууд хариу өгөх, өөрчлөлт оруулах нь Үнэлгээний хорооны эрх, үүргээс давсан асуудал юм.

-Нөгөө талаас тавьсан хүсэлт, шаардлагын агуулгыг тодруулахгүй юу?

-Ерөнхийдөө бичиг, цаасны ажил гэсэн үг. Наад зах нь төлбөр, тооцоотой холбоотой саналууд бий. Цаашлаад маргаан гарахад аль улсын хуулийг баримтлах вэ гэхчилэн нарийн асуудал ч байна. Төлбөрийн нөхцөлийг манайх 30 хувь гэж байхад тэднийх 60 хувь гэх жишээтэй. Мөн сонгон шалгаруулалтад оролцож байгаа компани заавал баталгаа гаргахыг манай хуульд заасан байдаг. Тэднийх баталгаа гаргахгүйгээр оролцоно гэсэн. Энэ мэт асуудал бий.

-Манайхаас хариу өгсөн юм уу?

-Монгол Улсын хуулийг дагаж, мөрдөнө, сонгон шалгаруулалтын ерөнхий нөхцөлийг өөрчлөхгүй, бусад асуудлаар та бүхэнтэй санал солилцож болно гэсэн зарчмын байр сууриа илэрхийлсэн. Сангийн яаманд энэ тухай хүргүүлж, саналыг нь авсан. Сангийн яам ч Монгол Улсын хуулиа л дагаж, мөрдөх ёстой гэсэн чиглэл өгсөн. Хэдийгээр хөрөнгийг нь цаад тал 100 хувь гаргаж байгаа гэдэг утгаараа давуу эрхтэй байхыг үгүйсгэхгүй ч бид хуулийн дагуу л ажиллана.

Сангийн яам саналаа 15 хоногийн дараа ирүүлсэн учраас хугацаа алдсан тал бий. Юутай ч энэ тухайгаа Унгарын талд урьдчилсан байдлаар мэдэгдсэн. Эцсийн байдлаар буюу тэдний зүгээс тавьсан саналыг хүлээн авч, өөрчлөх боломжтой, боломжгүйг ирэх баасан гариг буюу энэ сарын 11 гэхэд хүргүүлнэ. Унгарын тал бидний саналыг хүлээн зөвшөөрвөл бичиг баримтаа дахин албан ёсоор боловсруулж, тамга, тэмдгээр баталгаажуулах юм.

Унгараас сонгон шалгаруулалтад оролцох хоёр буюу түүнээс дээш компанийн нэрийг бидэнд ирүүлэх ёстой. Гэрээний дагуу зөвхөн Унгарын компаниудын дунд сонгон шалгаруулалт зарлах учиртай. Улмаар бид Унгарын талаас санал болгосон компаниудыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулна. Ингэж чадвал ирэх сарын сүүлчээр Унгарын Гадаад хэргийн сайд манай улсад айлчлах үеэр гүйцэтгэгч компанитай албан ёсоор гэрээ байгуулах боломж бий. Мөн өргөтгөлийн шавыг тавьчихна.

-Чадахгүй бол яах вэ?

-Ажил удааширна. Унгарын талаас хүлээж авах боломжгүй санал тавиад байвал энэ ажил явахгүй гэсэн үг.

-Ингэхэд 2010 онд байгуулсан гэрээ яагаад хүчингүй болчихсон юм бэ?

-Уг нь сонгон шалгаруулалт зарлаж, оролцогч компанийг тодруулсан. 2011 онд сонгон шалгаруулалтыг дүгнэж, гэрээ байгуулах эцсийн шатанд нь “Биокомбинат”-ын тухайн үеийн удирдлага ашиггүй гэж үзээд цуцалсан.

-Хоёр тал ойлголцож, бүх зүйл саадгүй бүтвэл бид ямар үйлдвэртэй болох юм бэ?

-1-2 жилийн хугацаанд үйлдвэрийн барилгаа барина. Ингэснээр мялзан, цэцэг болон вирусийн гаралтай бусад өвчний эсрэг нэг ширхэг ч вакцин гадаадаас худалдаж авахгүй байх боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, 15-20 сая тун хуурай, 10-15 сая тун шингэн вакцин үйлдвэрлэх хүчин чадалтай, технологийн хувьд шинэ үйлдвэртэй болно.

Бүтээгдэхүүнээ олон улсын чанарын түвшинд шалгах лабораторийг үйлдвэрийн дэргэд байгуулна. Мөн тус үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг 6-8 сарын хугацаагаар олон улсад сургаж, дадлагажуулна.

-Шүлхийн вакцин үйлдвэрлэхгүй юм уу?

-Боломжгүй. 25 сая ам.доллар нь шүлхийн вакцин үйлдвэрлэх шугам нээх, аюулгүйн нөхцөлийг нь хангахад хүрэлцэхгүй. Шүлхийн вакцины үйлдвэрлэл маш өндөр өртөгтэй.

-Санаснаар болдог бол шүлхийн вакциныг өөрсдөө үйлдвэрлэчих юм сан. Ийм вакцин үйлдвэрлэнэ гэвэл уг үйлдвэрийн өртөг хэр зэрэг нэмэгдэхээр байгаа юм бол? -Мэдэхгүй. Ер нь л 25 сая ам.долларт яаж ч бодсон багтахааргүй байгаа.

-Энэ мөнгөний сураг анх гарахад шүлхийн вакцинаа дотооддоо үйлдвэрлэдэг болох нь гэж ярьж байсан санагдах юм?

-Анхны гэрээний хүрээнд ч шүлхийн вакцин үйлдвэрлэх талаар ярьж байгаагүйг би сайн санаж байна. Шүлхийн вакцин үйлдвэрлэх боломжгүй гэсэн л чиглэлтэй байсан. Энэ удаагийн зээлээ авчихвал дараа нь шүлхийн вакцин үйлдвэрлэхээр өргөтгөх боломжтой талаар Унгарын холбогдох хүмүүстэй ярьж байгаа.

-Шүлхийн вакцин худалдан авахад жилд хэд орчим төгрөг төсөвлөдөг юм бэ?

-Энэ жил нийт 4.5 тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт тусгасан. Үүгээр нийт 7.1 сая тун вакцин худалдан авч, 15 сая малд тарина. Өмнөх жилүүдэд 3.5, 3.8 тэрбум төгрөг зарцуулж байсан. Уг өвчний тухайн жилийн тархалт, вакцинжуулах малын тоо, толгойноос шалтгаалж хөрөнгийг нь төсөвт суулгадаг.

-Манайд шүлхий зэрэг гоц халдварт өвчнийг дарж чадахгүй байгаатай холбоотойгоор янз бүрийн яриа гарах юм. Та мэргэжлийн хүний хувьд юу хэлэх вэ?

-Асуудал бий бий. Олон улсын түвшинд шүлхийтэй гурван аргаар л тэмцдэг. Вакцинаар зөвхөн урьдчилан сэргийлдэг юм. Шүлхийн гурван хэвшил нь дотроо 40 гаруй дэд хэвшилтэй. Тэдгээрээс тухайн газар нутагт дэгдсэн хэвшилд нь тааруулж вакцинаа тарих ёстой. Нөгөө талаас бид сүүлийн жилүүдэд вакциныг Хятад, Энэтхэг, Франц гээд олон улсаас худалдан авсан.

Тэр бүрт чанарын шалгалт хийж байж авсан байдаг юм билээ. Энэ шат болгонд цагдаа, тагнуул зэрэг байгууллага шалгадаг. Өнөөдрийн байдлаар вакцины чанар муу гэсэн албан ёсны нэг ч дүгнэлт байхгүй. Олон улсын лавлагаа лаборатори ч тэр, дотоодод ч ийм дүгнэлт гараагүй. Вакцин чанаргүй байна гэдэг мэдээллээс болж малаа тариулахгүй гээд нүүгээд явж байгаа малчин зөндөө бий. Үүнээс болж шүлхий даамжирч байгаа.

2017 оноос эхлэн манай байгууллага Засгийн газрын тогтоолоор ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны харьяа Холбооны мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах төвтэй шууд гэрээ хийж, шүлхийн вакцин худалдан авч байгаа. Оросууд ч давхар хяналт тавьдаг. Манайх мөн уг вакцины дархлаа тогтоодог идэвхийг нь сар бүр шалгаж байгаа. Идэвх нь 86 хувьтай гарсан. Энэ бол хөндлөнгийн байгууллагуудын шалгасан дүн.

Ер нь аль ч төрлийн вакцин 100 хувь хамгаалдаггүй. Идэвх нь ихдээ 90 орчим хувьтай байдаг. Оросууд бидэнд өвөл вакцин өгөх тун дургүй, бүтээгдэхүүнийх нь нэр хүндэд халдаж байна гэдэг. Оросын Элчин сайдын яамнаас ч манайд мэдэгдэх хуудас ирүүлсэн. Вакцины чанартай холбоотой хардлага, сэрдлэг нь хоёр улсын Засгийн газрын харилцаанд ч сөргөөр нөлөөлөхөд хүрч байна. Ингэж ярьж, бичиж байгаа хүмүүсийг шалгуулна. Тарилгын явцад алдаа гарч байгааг үгүйсгэхгүй.

Вакциныг Буянт-Ухаад мэргэжлийн хяналтынхны хамт шалгаж, хүлээн авдаг. Ингээд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн агуулахад хийгээд зориулалтын машинаар аймгуудад хүргэдэг. Бүх аймагт вакцин хадгалах зориулалтын байр бий. Харин тэндээс сум, малчны суурин хүртэл асуудалгүй хүргэж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй.

Тиймээс ч сая Засгийн газраас үүрэг болгосны дагуу өвөл нэг ч малд вакцин тарихгүй байхаар шийдвэрлэсэн. Хоёрдугаарт, хорио цээр, ариутгал халдваргүйтэл маш чухал. Үүнийг бүрэн утгаар нь хийж чадахгүй байна. Би өөрийгөө хамгаалж байгаа юм биш. Шүлхий агаар дуслын замаар халддаг. Салхиар дамжина гэсэн үг. Өвсөнд вирус нь 214-220 хоног хадгалагддаг. Малчны хувцсаар ч дамжина.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай