ЕБС-ийн сурагчид "Бидний театр" жүжгийн уралдаанд авьяасаа сорино

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, нийслэлийн Соёл, урлагийн газар, Улсын драмын эрдмийн театр, Соёл, урлагийн их сургууль, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран нийслэлийн 9 дүүргийн дунд театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх, үзэгчийн соёлыг төлөвшүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох зорилго бүхий “Бидний театр” жүжгийн уралдааныг зарлаад байна.

“Бидний театр” жүжгийн уралдаанд есөн дүүрэг тус бүр нэг жүжгийг бэлтгэн оролцох бөгөөд УДЭТ-аас сонгосон есөн найруулагч жүжгүүдээ тайзнаа амилуулах юм. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдаас жүжгийн багийг бүрдүүлж байгаагаараа энэхүү уралдаан ихээхэн онцлогтой. Дүүрэг бүрийн хамгийн шилдэг гэсэн авьяаслаг сурагчдаас бүрдсэн жүжгийн баг өөрийн дүүргийг төлөөлөн бусад дүүргүүдтэй өрсөлдөнө. Жүжгийн уралдаан 2 үе шаттай явагдах бөгөөд нэгдүгээр шат, дүүргийн ерөнхий боловсролын сургууль тус бүрээс 100 хүүхдэд тухайн жүжгээ үзүүлэх үзлэгийн шатыг зохион байгуулна. Хоёрдугаар шат, нийслэлийн Улаанбаатар чуулгад 2018 оны тавдугаар сарын 8, 9-ний өдөр явагдах бөгөөд театрын урлагийн нэрт зүтгэлтнүүд жүжиг тус бүрт үнэлгээ өгч шүүн явуулна. Тус уралдаанаар шилдэг жүжиг 1, 2, 3 дугаар байр, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол болон туслах дүрүүд, шилдэг найруулагчийг тус тус тодруулах юм.

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз уралдаанд оролцож буй жүжгүүдийг телевизийн контент болгохоос гадна театрын урлаг, үзэгчийн соёлын асуудлаар нэвтрүүлгүүдийг бэлтгэн үзэгчдийн хүртээл болгон ажиллана. Дүүрэг тус бүрийн зохион байгуулалтыг Засаг даргын тамгын газрын Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, соёлын ордон, төвүүдтэйгээ хамтран зохион байгуулан ажиллаж байна гэж нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай