Ц.Оюунгэрэл: АН үзэл санааны хувьд шинэчлэгдээгүй, өмнөхөөсөө ухарсан

Ц.Оюунгэрэл: АН үзэл санааны хувьд шинэчлэгдээгүй, өмнөхөөсөө ухарсан

УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Та орон нутагт нэлээд ажиллах шиг боллоо. Жорлонгоо өөрчлөх сургалтаа хийгээд явна уу?

-Тэгсэн. “Жорлонгоо өөрчилье” сургалтаа 20 аймагт хийчихлээ. Шүлхийгээс болоод Өвөрхангай аймагт л очоогүй. Энэ сард багтаж очихоор төлөвлөсөн.

-Сургалтаа ямархуу хэлбэрээр зохион байгуулдаг юм бэ?

-2017 оны арваннэгдүгээр сарын 19-нд, Дэлхийн жорлонгийн өдрөөр “Жорлонгоо өөрчилье” номоо гаргасан. Ингээд аймаг болгоноос нэг хүн сургаж, “Нутгийн шийдэл” сангийн зөвлөх болохыг фэйсбүүк хуудсаараа урьсан. Энэ дагуу 40 хүн ирж, сурсан. Тэд орон нутагтаа зар түгээж, сургалтад суух хүмүүсээ зохион байгуулж, бид очдог. Жорлонгийн янз бүрийн технологи, сонголтын талаар мэдээлэл өгч, одоо байгаагаа өөрчлөхгүй бол яагаад болохгүй вэ гэдгийг ойлгуулахыг зорьж явна.

Үүний тулд одоогийн хууль, эрх зүйн орчин, эдийн засгийн байдал ямар байвал зохилтой талаар ч ярилцдаг. Мөн хувь хүн, хамт олон санхүүжилтээ яаж босгох вэ гэдгийг ч орхиогүй. Эцэст нь жорлонг яаж бизнес болгохыг заадаг. Эдгээрийг лекц, практик хослуулан бүтэн өдрийн турш хамгийн багадаа 60, ихдээ 160 хүнд заалаа.

-Цаашид юу хийх вэ?

-Эхний 3000 хүнд үнэ төлбөргүй сургалт хийх л төсөв бидэнд байсан. Одоо 2600 хүнд заачихаад байна. Өвөрхангай, Хархоринд нийт 200 хүнд хичээл заах болов уу. Улаанбаатарын 200 залууд бас заана. Цаашдаа манай бүх сургалт төлбөртэй болно. Багш, унаа, хоолны зардлыг захиалагч тал бүрдүүлнэ гэсэн үг. Захиалга ч ирчихээд байна. Захиалгат сургалтаа ирэх арваннэгдүгээр сарыг дуустал хийх боломжтой.

Цааш нь үргэлжлүүлэх боломжтой ч төслийнхөө хаалтыг Дэлхийн жорлонгийн өдрөөр хийнэ. Үүнээс өмнө захиалгат сургалтаа аль болох олон хийх сонирхолтой байгаа. Энд нэг зүйлийг онцлоход жорлонг өөрчлөхөд бизнесийн салбарынхан оролцохыг иргэд хүсэж байсан. Гэвч бизнесийнхэн патент, стандарт нь батлагдсан жорлон барина гэвэл хэт үнэтэй, эсвэл хэт муу нэг, хоёрхон л сонголт байгаа юм.

Тиймээс хичээл дээр ярьсан сайн жорлонгуудаа стандарттай болгохыг хүсдэг. Үүнд нь туслах зорилгоор манай сан ирэх сарын 5-наас наймдугаар сарын 5-ны хооронд 15 ширхэг жорлонг стандарттай болгохын тулд барьж, хэмжилт хийж, бэлдэнэ. Уг ажилд Английн Крэнфилдийн их сургуулийн, жорлонгийн асуудлаар докторын ажил хийж байгаа хоёр оюутан ирж, туслах юм.

Мөн Монголоос 15 оюутан оролцоно. Ямар жорлонг, яаж турших зөвлөлдөх уулзалт ирэх сарын 5-15-нд хийхээр төлөвлөсөн. Ингээд долдугаар сарын 5-наас жорлонгоо барьж эхэлнэ дээ. Жорлон барилцах оюутнуудад тэтгэлэг олгох юм.

-Таныг хөдөөгүүр явж байхад нийгэм, улс төрийн амьдралд нэлээд “буцаллаа”. Та ч бас тодорхой зарим асуудлаар байр сууриа нийгмийн сүлжээгээр дамжуулан илэрхийлсэн.

Цаазын ялыг сэргээх тухай Ерөнхийлөгчийн санаачилгыг яагаад дэмжихгүй байгааг тань тодруулах гэсэн юм.

-Ерөнхийлөгчөөр энэ хүнийг сонгогдоосой гэж багт нь ажиллаж байсан болохоор түүнээс эсрэг байр суурь илэрхийлэнгүүт зарим хүн намайг шүүмжилж л байна. Ерөнхийлөгч олон хүнээс янз бүрийн байр суурь сонсож байгаа нь лавтай. Төрийн тэргүүнд хүний эрхийн чиглэлээр зөвлөж, ойр ажиллаж буй хүмүүс цаазын ялыг сэргээхийг ятгаж буй юм байна гэж ойлгосон. Би ч ятгах гэж байр сууриа илэрхийлсэн. Монгол Улс цаазын ялгүй 100 гаруй орны нэг болсонд бахархдаг.

Цаазаас олон улс татгалзах болсон хамгийн том шалтгаан нь уг ялыг буруу хэрэглэдэгтэй холбоотой. Үүгээр гэмгүй хүнийг цаазлах боломж олгодог. Алдааг залруулах ямар ч боломжгүй. Алдаа гаргадаггүй төр байхгүй л дээ. Гэхдээ хүний амьтай дүйцэхүйц алдааг төр гаргаж болохгүй. Хүн цаазалж, гүйцэтгэх ажил хийж байгаа хүмүүс чинь төрийн л эрэг шураг шүү дээ.

-Цаазын ялыг сэргээх ёстой гэсэн Ерөнхийлөгчийн байр суурь улам лавшраад байх шиг.

-Ерөнхийлөгч өө, цусанд битгий дурлаач, хүний аминд бүү шунаач, цагаан мөртэй байгаач гэж хэлмээр байна. Эцсийн эцэст Ерөнхийлөгчийн гарын үсгээр л хүнийг цаазалдаг. Шүүгч “Цаазаар авсугай” гэсэн тогтоол уншдаг ч “Цаазла” гэж гарын үсэг зурдаг хүн нь Ерөнхийлөгч. Нөгөө талаас цаазыг гүйцэтгэдэг хүн нь жирийн л төрийн албан хаагч байдаг.

Гэр бүлээ тэжээх гэж яваа, хэзээ ч хүний аминд хүрэхгүй гэж бодож явсан, жирийн албан хаагч л буу барьдаг. Хүний амь хороосныхоо төлөө мэдрэлийн эмгэгтэй болсон, архинд орсон, сэтгэл зүйн дарамтаас салж чадалгүйгээр гэр бүл нь салсан, тэр ч бүү хэл амиа хорлосон хүн цөөнгүй байдаг юм гэсэн. Үүнийг улсын нууц гээд тас дарчихдаг. Хамгийн аймшигтай нь сүүлийн 20 гаруй жилийн турш хүний эрхийн байгууллагаас манай улсыг шүүмжилж ирсэн зүйл нь Монголд цаазаар авах ялын бүх процедур нууц байдагтай

холбоотой. Яг гэмтэй хүнээ цаазалдаг уу, эсвэл гэмгүй хүнийг оронд нь буудчихдаг, эсэхийг хэн ч мэдэхгүй гэж тэдгээр тайланд дурдсан байдаг. Ерөнхийлөгч тэдгээр тайлантай танилцах хэрэгтэй.

-Цаазын ялыг сэргээж, бага насны хүүхэд хүчирхийлсэн, хүний санаанд оромгүй гэмт хэрэг хийсэн хүмүүст хатуу шийтгэл ногдуулна гэж байгаа шүү дээ.

-Маш хатуу дэглэмтэй шорон, гянданд удаан хугацаагаар, насаар нь хорих замаар л үүнийг шийдэх ёстой. Цаазын ялгүй 120 орчим оронд ч жигшүүрт хэрэг гарч л байгаа. Тэнд ингэж л шийтгэдэг. Манайд насаар нь хорих ялыг сайн хэрэгжүүлж, хамгийн гол нь ийм харгис гэмт хэрэг хийсэн хүнийг өршөөл, магадлангаар сулладагийг болиулах хэрэгтэй. 20 жилийн ял авчихаад 10 жилийн дараа гараад ирдэгт л хүмүүс бухимдаад байгаа юм.

Цаазын ялгүй тогтолцооныхоо хүрээнд ялыг чангатгах боломж бий. Үүнийг ашиглахгүй, шууд л хүний амь хорооно гэж улайраад байгаа нь буруу. Бид хэлмэгдсэн хүмүүсийн үр сад шүү дээ. Төр хэлмэгдүүлэхдээ алдаагаа засах боломжгүйгээр буудчихсанд л хамаг учир байгаа юм. Ийм алдаа гаргаад 100 жил ч болоогүй байна. Тэднийг өнөөдөр ч цагаатгаж дуусаагүй.

-Олон улсын болон дотоодын эрх зүйн хүрээнд цаазын ялыг сэргээх боломжтой юм уу?

-Боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. НҮБ Цаазын ялын эсрэг конвенцыг хатуу зохицуулалттайгаар баталсан нь дэлхийн бүх улсад үүнийг ашиглаж сөрөг хүчнээ устгадагтай холбоотой. Сөрөг хүчнээ нам дарж авсан нь хаан суух зорилго агуулдаг. Авлига, хар тамхины хэрэг байна уу, хамаагүй хүмүүсийг бөөнөөр нь цаазлах хэрэг зориуд гаргаж ирдэг. Улмаар сөрөг хүчин, өрсөлдөгчөө бөөнөөр нь цаазалж, хаан болдог.

Тоталитар дэглэм ингэж л тогтдог юм. Манай улс ч үүнийг тойроогүй. ХХ зуунд дайраад л гарсан. Сонгосон Ерөнхийлөгчөө алдаа гаргуулмааргүй байна. Тиймээс танай сониноор дамжуулан “Гарын үсгээ хүний амь бүрэлгэх зарлигт гарын үсэг зурах гэж битгий яар, хэзээ ч битгий зур. Хүний аминд хүрээгүй Ерөнхийлөгч гоё байдаг” гэж Х.Баттулга Ерөнхийлөгчид хэлье.

-Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч хүний хорьж шалгаж байна. Орчин цагийн хэлмэгдүүлэлт байх вий гэсэн бодол танд төрж байна уу?

-Үнэнийг хэлэхэд, хэргийг нь сайн мэдэхгүй. Нотлох баримтад тулгуурласан уу, улс төрийн бүлэглэл үүсгэж хорив уу гэдэг нь ойлгогдохгүй юм. Улс төрийн зорилгоор онилсон баривчилгаа хийхийг би эсэргүүцэж ирсэн. Онилно гэдэг нь хэн нэгнээс юу ч хамаагүй гаргаж ирж, дуулиан үүсгэдэг. Улмаар баривчилдаг. Ерөнхий сайд нараас гадна тодорхой алба хашиж байсан хүмүүсийг бөөнөөр нь хорьсноос харахад онилсон баривчилгаа шиг харагдах юм. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад түүний эргэн тойрны хүмүүсийг бүгдийг нь онилж баривчилдаг байсан.

Тухайлбал, одоо Г.Дэнзэнд үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож ч чадахгүй, шүүж ч чадахгүй болчихлоо шүү дээ. Онилж баривчилсан учраас тэр. Ийм бохир тактик ашиглаад байгаа юм. Сүр дуулиантай баривчлах тусам заавал юм олно гээд зүтгэчихдэг. Анх “казиногийн” гэх хэрэгт ч ийм л тактик ашигласан. Тухайн үед би “Эрх чөлөө” төвийнхөө шугамаар тэр холбогдсон гурван гишүүнийг өмөөрч байлаа. Тэднийг шалгаад юу ч олдохгүй болохоор татварын хэргээр ялласан. Гурвуулаа шоронд орж, нэг нь нас барсан.

Ийм л заваан зүйл рүү яваад байна уу гэдэг хар төрөх боллоо. Нотлох зүйлгүй бол тэднийг суллах ёстой. Онилсон баривчилгаа хийчихээд яаж ч чадахгүй бол Монгол Улс дахиад л муухай харагдана, хүний эрх зөрчдөг орнуудын жагсаалтад орно. Биднийг дэмжигч олдохоо болино. Нийгмийн сүлжээгээр “Шоронд хий, цаазла” гээд шуугиад байна. Муу эр дайнд хөөрнө гэдгийг санах хэрэгтэй. Ингэж уулгалан дайрч байгаа хүмүүсийн дунд нэг нь тооцоо бодчихсон явдаг.

Муу зүйлийг тойроод эргэцүүлэн бодохгүйгээр хашхиралдаад дайрчихвал аливаа улс ангал руу гулсахад маш амархан. Тийм байдлаас өндийхөд 100 жил шаардана. Хувийн явцуу эрх ашигтаа ард түмний дуу хоолойг ашиглуулахгүй байхын тулд эргэцүүлэн бодох чадвараа битгий гээгээсэй. Оюутолгойн гэрээг байгуулаагүй бол Монгол Улс өнөөдөр ямар байхыг би төсөөлж чадашгүй нь.

Тэндээс татварт төлсөн мөнгийг бид зээлж л хэрэглэх байсан шүү дээ. Цагаатгах нотлох баримтыг олноор нь жагсаачихаад байхад тоохгүй атлаа буруутгах талынхыг нь олохгүй хэрнээ хайгаад, улайраад буй нь буруу тийшээ халтирах магадлал өндөр болсны нэг илрэл.

-С.Баярцогтыг баривчлагдахаас нь өмнө нам нь түүнээс нүүр буруулчихсан. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Тэр бол маш гэнэн, ичмээр явдал. Ерөөсөө л ардчиллынхаа үнэ цэнийг мэдэхгүйгээр шийдвэр гаргасан. Уг нь “Хүний гэм буруутай, эсэх нь шүүхээр нотлогдоогүй байхад гэм буруутайд тооцож болохгүй” гэсэн заалтыг АН Үндсэн хуульд оруулж өгсөн юм шүү дээ. Би үүгээр нь бахархдаг. Урьд манай Үндсэн хуульд тийм заалт хэзээ ч байгаагүй.

Тэр үед нам нь сая АН шийдвэр гаргасан шиг л ханддаг байсан. Эхнэр, нөхөр нь явалдлаа, эсэргүүний үр хүүхэд, хэрэгт холбогдлоо гээд л намаас хөөдөг байсан биз дээ. Аав минь хурал дээр үг хэлснийхээ төлөө намаас хасагдахдаа тулж байсан гэдэг. АН-ын ардчилсан үнэ цэнэ нь аажмаар алга болж байгаагийн илрэл нь тэр шийдвэр. Үнэт зүйлээ намдаа эргэж авчрахгүй бол АН ардчилсан бус болчихвол гишүүд нь хаачих билээ.

-Та одоо намдаа төлөөллийн, шийдвэр гаргах түвшний аль нэг байгууллагад харьяалагдаж байна уу?

-АН-ын даргаар С.Эрдэнэ сонгогдсоны дараахан түүний татварын бодлогыг эсэргүүцсэн. “60 тэрбум”-ын схем манай намд орж ирлээ” гээд хэвлэлийн бага хурал хийж байсныг минь санаж байгаа биз дээ. Би тэр л байр сууриндаа байгаа. Хэт өндөр татвар намд тогтоох нь цаашид төрийг худалдахын эхлэл.

Тиймээс тэр татварын тогтолцоог нуран унатал намыхаа өндөр татвар төлөх, дэнчин тавьдаг ямар нэг албан тушаал руу зүтгэхгүй. Манай намд тэр татварыг төлөх хэмжээний орлоготой гишүүн тийм ч олон биш. Өндөр татвар тулгаж байгаа нь “Та нар хулгай хий, авлига ав” гэж хэлж байгаатай агаар нэг.

-Дотор нь орохгүй бол шийдвэрийг нь өөрчилж чадахгүй байх л даа. Үндэсний бодлогын хорооны гишүүн л УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхтэй гээд дүрэмдээ оруулчихсан шүү дээ.

-Дарамтад орсон хэдий ч татвараа төлсөн гишүүд маань эрх мэдлээ ашиглаж шийдвэрийг нь өөрчлөх боломжтой. Намаа татварын бодлогоор дамжуулан нураачихмааргүй байна.

-Та ер нь намаа хэр шинэчлэгдсэн гэж хэлэх вэ?

-Аягүй сайхан шинэчлэгдсэн бол С.Баярцогттой холбоотойгоор тийм инээдтэй шийдвэр гаргахгүй байсан. Үзэл санааны хувьд шинэчлэгдээгүй, ухарчихсан юм байна гэдэг нь харагдсан.

-“60 тэрбум”-ын гэх хэргийг илчилсэн Г.Доржзодовтой холбоотой байгаа юу?

-Холбоотой байгаа. Г.Доржзодов нийгэмд болохгүй байгаа, намуудын дотор аль эрт бугшсан зүйлийг шүүхийн өмнө хэлэлцэж болохуйц баримтаар гаргаж ирсэн анхны гэрч. Түүнд яаж хандаж байгаагаар нь Монголын улс төр цэвэрших, эсэх нь харагдана.

-Түүний аюулгүй байдал, амьдрал хэвийн болсон уу?

-Үгүй. Манайханд хоёр дутагдал бий. Нэгдүгээрт, гэрчийн гаргаж тавьсан нотлох баримтыг хуулийнхан үнэлж, хэрэг болгож чаддаггүй. Хоёрдугаарт, гэрчээ иргэд нь хайрлахгүй байна. Нэг ч хүн, хувийн хэвшлийнхэн түүнийг ажилд авч, хүлээн зөвшөөрөөгүй. Бүгдээрээ хуулийнхнаас айдаг, “но”-той юм байна гэмээр л амьдарч байна. Гурван сая хүнээс надаас өөр найз түүнд олдохгүй байгаа нь хачирхалтай төдийгүй ичмээр явдал.

-Соёлын хосгүй үнэт үзмэрийг хил давуулдаг, алддаг явдлын талаар манай сонин нийтэлсэн. Та сайд байхдаа энэ чиглэлд ямар бодлого баримталж байсан бэ?

-2012 онд сайд болоод гаргасан анхны тушаал минь музейн сор үзмэр тодруулахтай холбоотой байсан. Аливаа музей өөрийн гэсэн сор үзмэртэй байх ёстой, тэр нь хүнд харагдаж байх ёстой, хааш нь ч хөдөлгөхгүй, гадагш ер явуулж болохгүй гэсэн агуулгатай тушаал гаргасан. Тэр хосгүй үзмэр алга болчихвол музей үгүй болсонтой адил.

Тэр шийдвэр одоо ч хүчинтэй. Хуультай зөрчилдөхгүй. Хуулиар үзэсгэлэнг гадаадад гаргахдаа заавал даатгуулсан байх, ийм тийм шийдвэр үндэслэж гаргана гэх зэргээр музейгээс гаргах түвшнийг нь өндөрсгөсөн. Намайг сайд байхад хуучны эд өлгийн зүйлс хилээр гаргахыг ер зөвшөөрөөгүй. Археологи, палентологийн дөнгөж гарсан олдворыг гадаадад аваачиж сэргээн засварлах, судлуулах зорилгоор л явуулж байсан. Урьд нь ч ингэж л байсан.

Харин орчин үеийн зургаа гадаадад гаргахыг дэмжсэн. Үнэ цэнэтэй үзмэр авъя гэсэн бүх хүсэлтэд татгалзсан хариу өгч байв. “Даатгалыг нь дийлэхгүй ээ, гэмтээчихвэл засаж чадахгүй ээ” гээд эелдэгхэн татгалзаж болно доо. Бид соёлтой харамлаад байвал үзмэрүүд маань улам л үнэ цэнэтэй болно. Сайд нар солигдсоноор тэр бодлого өөрчлөгдсөн байхыг үгүйсгэхгүй.

Харин би гадагш гараад мартагдсан үзмэрүүдээ татаж авахад хамаг цагаа зарцуулсан. Тав, зургаан жил эх орондоо ирээгүй Чингис хааны болон үлэг гүрвэлийн үзмэрүүдийг бүгдийг нь авчирсан. Хулгайд алдагдсаныг нь ч авчирсан.

-Ер нь үнэтэй үзмэрүүд гадаадад гараад алга болчихдог юм уу?

-Надаас өмнөх сайдын үед үзэсгэлэнд гаргаад 20 гаруй жил болоод мартагдчихсан үзмэр байсан. Гэхдээ би бүгдийнх нь араас явж чадаагүй л дээ. Өөрт байгаа мэдээллийнхээ хүрээнд археологийн 130 гаруй үзмэртэй, багц үзэсгэлэнг оруулж ирсэн. Чингис хаантай холбоотой үзмэрүүдийг гэхэд л ганцхан жил гаргана гэчихээд таван жил авчраагүй байсан.

Тэдгээрээс солигдчихож гэсэн ганц үзмэр байсан. XIII зууны үеийн сэлэмтэй холбоотойгоор тийм гомдол гарсан. Монголын экспертүүд жил бүр үзэсгэлэнгээ очиж шалгах үедээ газар унагаад тэр сэлмийг хугалчихсан юм билээ. Буцааж наахдаа өөр загварт тохируулж эвлүүлсэн гэж байсан. Наасан, наалгасан хүмүүстэй нь холбогдуулан тухайн үед акт гаргасан байдаг.

-“UB comedy”-гийн Б.Идэр-Од таны хүү гэдгийг хүмүүс мэднэ. Тэр таны талаар нэг тоглолтдоо онцолсон. Хүүгийн тань тодорхойлолт үнэнд хэр ойр байсан бэ?

-Миний хүү ерөөсөө худлаа хэлээгүй байна лээ. Би их өрөвдмөөр байдалд орсон шүү дээ (инээв). Ямар ч байсан хүүгийнхээ тэр тоглолтоос хоёр зүйл ойлгосон. Утсан дээрээ хүүгийнхээ нэрний ард зүрх ч юм уу, нэг онцгой зүйл нэмж хадгалах хэрэгтэй юм байна гэж бодсон. Бас пицца хийх хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Ойрд хөдөөгүүр яваад пицца хийж өгөх зав гарахгүй байна л даа. Сурч байгаад хийж өгнө өө.

Ер нь бүх айлын хүүхэд өөрөө хүн болчихсон юм шиг боддог байх. Гэхдээ бүх л ээж, аав өвдөхөд нь асарч, тойлж хүн болгодог шүү дээ. Хэдийгээр эцэг, эхийн хуралд би очдоггүй байсан ч гэртээ тэр хүүхдийг чинь хүмүүжүүлсэн юм шүү. Нэг ч удаа загнаагүй, зодоогүй гэдэг бол харин үнэн. Хүнээс үг сонсож чаддаг, ачаалал даадаг, бусадтай эвтэйхэн харилцах гээд олон зүйл заасан учраас л өнөөдрийн Идэрээ хүн болж төлөвшсөн юм шүү дээ. Түүнийг хүмүүжилтэй хүү гэж харж байгаа бол хэн нэг хүн хүмүүжүүлсэн л байж таарна аа даа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

Илгээх

Энэ тухай