А.Төгөлдөр: Ухаантай хүн гэж яг таарсан бие галбиртай хүнийг хэлнэ

Өөрийн биеэ туршилтын лаборатори болгон эрүүл мэндийн манаанд гарч буй иогийн багш А.Төгөлдөртэй  хийсэн ярилцлагаа хүргэж байна.

(Дараах аялгууг сонсонгоо  ярилцлагаа уншихыг санал болгож байна.)

 

-Та иогийг юу гэж тодорхойлох вэ?

-Иог гэдэг хийж байгаа зүйлдээ "уусах, найрсах" юм гэдгийг надаас ч өмнө бодь хүмүүс нь тодорхойлчихсон байдаг. Би бодохдоо иог хийнэ гэх бус хийж буй зүйлдээ иог байна (уусаж хийж буй үйлтэйгээ нэг цогц болох) гэж хэлвэл илүү зохилтой санагддаг. Иог байсан үе маань миний 14 хоногийн сургалтанд сууснаар ч юм уу эсвэл сүүлийн гурав дөрвөн жил хичээллэж, багшилж байгаагаар хязгаарлагдахгүй. Багаасаа л трико өмсөөд чөлөөт бөхөөр хичээллэж байсан би бэртэл авсан ч фитннесийн багшаар ажиллаж дасгал хөдөлгөөнөөс хол байгаагүй. Хүний бие яавал эрүүл байх уу гэсэн асуултад эрэл хайгуул хийх явцдаа биеэ лаборатори болгох ёстой юм байна гэж ойлгосон. Хүнсний технологич мэргэжил эзэмшсэн маань мөн анагаахын чиглэлээр суралцаж байгаа маань ч нөгөө л эрэл хайгуулаа хийж яваа юм.  

-Та анагаахын шинжлэх ухаан болон хоолны технологич мэргэжлээр суралцсан, суралцаж байгаа. Эрүүл аж төрөх ёсны талаар шинжлэх ухаан юу сургадаг вэ? 

-Үнэндээ шинжлэх ухаан одоо хүртэл хүнийг бүрэн гүйцэд эрүүл байлгах жорыг дэлгэчихээгүй л байна. Гэхдээ эрүүл аж төрөхөд хоол, хөдөлгөөн хоёроос маш их юм хамаардаг гэдгийг  баттай хэлэх байна. Хоол хүнсний тал дээр  голчийг нь бариад явах л зөв шийдэл. Жирийн хүн тамирчин шиг өдөр бүр калорио нарийн тооцож дэглэм барих боломжгүй тул эхлээд 18 цагаас хойш хоол идэхгүй болчихсон байхад энэ нь 12 цаг хоол идэхгүй хагас мацаг барьж буй явдал. Ер нь их иддэг хүмүүс мацаг барих гэж яардаг. Би тэдэнд "бүү яар" гэдэг. Хүчээ нөөж, чимээгүйгээр гэхдээ тууштай явах хэрэгтэй. Тэгээд шинжлэх ухаан гэж туйлшралгүйгээр амьдралаас ургасан ухаанаа анзаараад үзээрэй. Шинжлэх ухаан хэдэн зуухан жилийн настай бол бидний өвөг дээдсийн минь сургаал хэдэн мянган жилийн настай.

Өглөөний хоолыг өөртөө

Өдрийн хоолыг найздаа

Оройн хоолыг дайсандаа өг

"Хоёр идэхгүй

Хоосон хонохгүй яв" гээд чухам бидний өвөг дээдэс гайхалтай онож хэлсэн байдаг шүү дээ.

-Иог байснаар танд гарсан өөрчлөлт юу вэ?

-Эхлээд сайхан унтаж сурдаг. Бие уян хатан болно. Хүний нүдэнд ил харагдахуйц өөрчлөлт бол 100 кг байсан би 23 кг хасаад л ирсэн. ХҮН ӨӨРЧЛӨГДДӨГ Л ЮM байна лээ. Тарган хүн тал бүрийн зовлонтой гэдэг. Үнэхээр өөрийнхөө лай ланчигийг бие дээрээ дүүрч явдаг байснаа турсан хойноо л ухаардаг. 

Хүн ер нь сэтгэлдээ багтааж шийдэх л юм бол юуг ч туулаад гардаг. Яг сарын дараа 16 кг хасна гэсэн төсөөлөлдөө үнэнч байж зүтгэсэний эцэст яг л  хасаж чадсан. Дараа нь тун удалгүй долоон кг хаяад өөрийнхөө байх ёстой жиндээ хүрсэн. 

-Жингээ хассан туршлагаасаа хуваалцаач?

- Нэгэн өдөр өөрийгөө өөрчлөх аз надад тохиосон. Найз нартайгаа харзны усанд орж байх зуураа бичлэг хийдэг байлаа. Хийсэн бичлэгээ орой нь ирээд үзэж байтал өөрийгөө яг хажуу талаас нь хөндлөнгийн хүний нүдээр харахнээ гүзээ суучихсан, гуя нь махандаа боогдчихсон, давхар эрүү ургачихсан, хөдөлгөөн нь удааширчихсан, өөрөө өөртөө үнэхээрийн арчаа муутай нэгнийг нь олж харсан юм. 

Тэр бичлэгийг үзсэн цагаас хойш цагаан гурил, чихэр, давс хоолойгоор давахаа байсан. Өглөө бүр эрт босч өлөн элгэн дээрээ 1 литр усаа уучихаад 30-40 минутын дараа өглөөний цайгаа ууна. Өглөөний цайнд ихэвчлэн овьёос хэрэглэж хажуугаар нь шинэ ногооны салат юмуу, ганц хоёр зүсэм хар талх иднэ. Цайгаа уснаас хойш 30 минутын дараа 4-5 ширхэг герман хар чавга идэж, нэг аяга ус уух жишээтэй. Энэ нь таны гэдсийг сайтар цэвэрлэж өгнө.  

Илүүдэл жингээ хаях бас нэгэн туршлага маань ус байлаа. Өлсөх мэдрэмж, цангах мэдрэмж хоёр ижил байдаг. Хэрэв байн байн өлсөж байвал ганц хоёр балга ус уусны дараа өлссөн мэт хуурамч мэдрэмж тэр даруйдаа арилдаг. Зөвхөн өглөөний усыг л хүчтэй залгилж ууна. Бусад тохиолдолд амны салстаар шимж уух нь биед амин шимээ хүртээдэг.
Өглөөний цайнаас өдрийн хоол хүртэл уснаас өөр юм үл зооглоно. Өдрийн хоолыг ихэвчлэн 11.30-12.30-ын хооронд буюу ходоодны шүүс ихээр ялгарсаны дараа иднэ.  

Нэгэн бяцхан туршлага хуваалцахад хоол идэх болгоныхоо өмнө түүхий ногоо буюу зууш идэж занших хэрэгтэй. Энэ нь таны ходоодны шүүсийг ихээр ялгаруулж, хоолны шингэцийг сайжруулна.
Хоол идэх үедээ өөрийнхөө сэтгэл зүйн мэдрэмжийг үргэлж ажиглаж бай. Хэрэв сөрөг энергитэй, уур бухимдал, хэрүүл уруултай бол уух зүйл, идэх юмаа түр хойш тавиад хэсэг хормын дараа үргэлжлүүлж болно. Учир нь таны сэтгэл зүйн төлөв шууд хоолонд чинь шингэдэг гэсэн үг. Тийм болохоор ямар ч идээ унд зооглохдоо эерэг дулаан байгаарай.
Мөн шарсан хуурсан бүх хоолыг хоолныхоо цэснээс авч хаясан. Нэг дор гударч иддэг байсан бол нэг нэгээр нь хүртэж иддэг болсон. Хоол хийсэн хүнд, материал болон ногоо ургасан хөрс, хураасан хүнд талархаж, бараг л тэр талархах мэдрэмжиндээ цадах шахам болчихдог. Сэтгэл цадаж байгаагийн илрэл гэхүү дээ.  



Бас наранд ургасан ногоог илүү түлхүү хэрэглэх нь биеийн эсийн бүтцийг эерэг зөв болгодог тустай. Биеийн дотоод хүчиллэг орчинг шүлтлэгт урвуулах шидтэй. За тэгээд оройн хоолыг 17.00 алдад идчихээд 18 цагаас хойш шүдэнд мэдрэгдэх юу ч идэхгүй. 19.00 цагаас хойш ус уухгүй. Оройдоо ихэвчлэн түүхий ногооны салат, жимс самар иддэг байлаа. Өдөр бүр наранд сууж, нарны энергийг биедээ шингээх бясалгал хийдэг байсан. Энэ их чухал шүү. 



Бэлтгэлийн хувьд 7 хоногт 3 удаа л хийдэг байсан. Мэдээж жин хасаж байгаа хойно булчингийн масс тодорхой хэмжээгээр унана. Кардио дасгалын эхэн үеийн эрчмээ багасгаад өөрөө сайн мэдэрч бэлтгэлээ зохицуулахад заавал ингэнэ тэгнэ гэсэн хатуу дүрэм байдаггүй. Тухайн хүн өөрийнхөө биеийн онцлогийг мэдрэх нь чухал.  Сарын дараа заавал 84 кг болно гэсэн зорилго маань яг л 84 болсон юм даа. Ер нь тэгээд хүн өөрийгөө ажиглаж, буруу дадал зуршлаа таньж, өөрөөсөө ичиж байж л жинхэнэ өөрчлөлт ирнэ. Бусдаар бол ухантсаар байгаад өөрчлөгдсөн ч юмгүй, хайран цаг, хөлсөө урсгасаар дуусна.  

-Та өдрийн хоолондоо ихэвчлэн юу иддэг вэ? 

-Миний иддэг хоол гэж үнэн үлгэрийн шүү дээ, хүмүүс сонсвол хөх инээд нь хүрэх вий. Хөргөгчиндөө барагтай л бол хүнс авахыг хүсээд байдаггүй. Хааяа даа жимс үр тариа авна. Тэрийгээ өглөө, оройдоо миксердэж ууна. Өдөр бол агшаасан бор будаа, жигнэсэн броклигоо ямар ч амтлагчгүй идчихнэ. Хоол хийхэд ердөө л 20 секунд. Ямар амттай гээч. Над мэтийн зав зайгүй хүнд үнэхээр амар хоол. Та нар завтай бол хүрэн манжингаа жигнээд идвэл амт ч янзын л даа. Хамгийн гол нь хөдөлгөөнтэй байх, энергээ олж авах ухамсартай байхад хоол асуудалгүй. Биеийн хүч, тамир алдана ч гэж үгүй. Зүс царай улам л гялалзаад байна. 

-Эрэгтэй иогийн багш ер нь цөөхөн байдаг юм билээ. Таныг зорьж зарим нь сонжиж олон хүмүүс ханддаг байх. Шавь нартаа юу дадуулахыг зорьдог вэ? 

-Янз бүрийн л шавь байдаг. Нэг удаа хичээлийн дараа нэг эгч асгартал уйлсан. Аргадаж тэвэрлээ. Уйл уйл, сэтгэлээ онгойтол уйл, бүх л эсээрээ уйл гэхэд минь бүр жоохон хүүхэд шиг ихэр татаад "урссан". 28 жил үйлдвэрт ажилласан тэрээр анх удаа иог, бясалгалын хичээлд сууж үзлээ гээд л мэгшихийг нь хараад хэчнээн их хайр хүрж байсан гээч. Миний хувьд шавь нараа тэгж ингэж өөрчилье гэж хүсэхээсээ илүү өөрөөрөө үлгэрлэх юмсан гэж боддог. 



-Таны иог хийж байгааг харахад бараг нугарч байна лээ шүү дээ. Толгой дээрээ  тогтоод л, агаар дээр бараг суугаад байна уу даа гэж харагдаж байсан. Яаж ийм богино хугацаанд олон жил хичээллэсэн хүмүүсээс ч илүү үр дүн гаргасан юм бэ?

-Үр дүнгийн төлөө би юм хийдэггүй юм. Иогийг хүчилж хийж болдоггүй юм. Ганц дасгал хөдөлгөөндөө анхаарах бус идэж буй хоолоо тохируулж, өөрийнхөө сэтгэл зүй, нойроо ажиглахыг хичээдэг. Хичээл зүтгэлээ гэж хэнийг ч ялгахгүй юм даа. Хэдэн жилийн өмнө нэгэн физиологич эрдэмтний гайхалтай үгийг сонсож байлаа. Ухаантай хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэсэн асуултанд тэрбээр илүүдэл жингүй, яг таарсан бие галбиртай хүнийг хэлнэ гэж хариулж байв. Энэ хариултын цаана асар олон нууц хадгалаастай. Гагцхүү эдгээрийн чинад нууцыг хүн бүр өөрийн бие, сэтгэл дээр туршин мэдэх учиртай. Бие махбодын гайхалтай үйл ажиллагаа, үндсэн зохицолыг танин мэдэх тусам амьдралд хандах хандлага тань өөрчлөгдөж, өөрийгөө хайрлах аян зам эхэлнэ. Хайш яйш идээ унд цэгцэрч, явдал мөр тэгширнэ. Шинжлэх ухааны үсрэнгүй хөгжил, гайхалтай нээлтээс хуваалцахад тархи бүхнийг удирддаг гэх үзэл онол улирч өөхөн хуримтлалаас ялгарах Лептин гэдэг бодис хоолны дуршлыг тархинд мэдээллэдэг аж. Тархи биш өөх чамайг удирдана гэсэн утга. Хүний бие гэдэг үнэхээр ухаалаг. Ханаж цадсан л бол дохио, зангаагаа үргэлж сануулна. Цадсан атлаа дахиад идсээр байх мунхрал байгаа цагт хүн төрөлхтөн өвчин эмгэгээсээ хэзээ ч хагацаж чадахгүй. Эрүүл мэнд, гоо сайхны талаар яриад ч нэмэргүй.

-Иог хүнийг гоо сайханд хөтөлдөг юм байна. Гоо сайхны талаар өөрийн бодлоос хуваалцаач? 

-Уян хатан байх нь гоо сайханлаг байгаа хэрэг гэж ойлгодог. Үзэсгэлэнтэй бүсгүй хэдий ч таг хатуу байна гээд төсөөлдөө. Мэдрэмж дорой, сэтгэл нь хөшүүн байна. Алхаа гишгээ нь ч хүртэл хайш яйш харагдана. Тэгэхээр уян байх эсэх нь яалт ч үгүй гоо сайхны нэгэн илэрхийлэл мөн. Гоо сайхны цаадах үнэн төрх юу вэ гэвэл эрүүл бие, ухамсар юм. Гоо эсвэл гоё гэдэг үгийн утга ийм учиртай. Гоё гэдэг хэлбэр төдий гүехэн дүр. Өөрийнхөө өвчин шаналалыг далдалж буй нэгэн хэлбэр. Харин гоо сайхан бол бүхэлдээ яруу найраг, уясал найрсал юм. Амьд урсгал юм. 

а  иогийн багш гэдгээр хязгаарлагдахгүй зохиолчдын эвлэлийн гишүүн , хоёр номтой яруу найрагч хүн байна лээ. Шүлэг яруу найраг бичсэнийхээ дараа энийг би хэлчихсэн юм байхдаа гэж хожим хараад гайхаж байсан үе бий юу?

-Би хоёр номтой. Гэхдээ надаас тасарсан л бол бүтээлүүд минь минийх биш болсон байдаг.  Тийм болохоор араас нь зууралдаж, хүнээс оноо хүлээж суудаггүй. 

(Тэрээр  яруу найргийн "Хоёр ганцаардлын дунд", "Янутури" гэгдэх хоёр номтой) 

-Миний асуугаагүй үлдээсэн нэмж хэлэх зүйл танд байна уу? Ярилцлагынхаа сүүлийн хормыг танд үлдээе. 

-Амьдрал зүгээр л бүжиг. Бүжиглээд, бүжиглээд явчих. Чухал царай, гунигт дүр гаргах хэрэггүй. 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

Илгээх

Энэ тухай