Уулыг “нүцгэлж”, Улаанбаатарт мод булшлахаа зогсоо

-Сонгон шалгаруулалтад байнга ялдаг 2-3 компани орон нутгаас нарсыг 10 мянган төгрөгөөр аваад, 350 мянган төгрөгөөр нийлүүлдэг-

Эрүүл орчны хэмжүүр гэгддэг нарс Улаанбаатарт ургах магадлал тун бага. Өмнөх жилүүдэд уулнаас авчирч суулгасан, өдгөө шилмүүс нь хатаж, хорчийсон нарснууд үүний гэрч. Хөрс, агаар, орчны бохирдлыг бууруулаагүй цагт хэчнээн сайхныг авчирч суулгалаа ч нэмэргүй, бүгд үхнэ гэдгийг мэргэжлийн хүмүүс нотолж байна. Ийм байхад нийслэлийг ногооруулна хэмээн уулын нарсыг үй олноор нь булга татан, Улаанбаатарт авчирч булшлах цаад шалтгаан нь юу вэ.

“Нэг наст цэцэг тарьж, төсвийн хөрөнгийг үрж байна” хэмээн бусдынхаа хийсэн ажлыг шүүмжилж байсан хүмүүс ичсэндээ мод тарихаас өөр аргагүйд хүрсэн нь нууц биш. Үүний уршгаар манай хотод цэцэг, зүлэг нүдний гэм болж, сул шороон хөрс цементэн талбай л  “дэлгэрэх” боллоо.

Уг нь бүйлс, гүйлс, монгол сакура гээд нийслэлд ургах боломжтой, мод, бут, сөөг ч өчнөөн байсаар атал уулыг “нүцгэлж”, хэдэн мянган нарсыг нь хуу хаман авчирч буй нь үнэн хэрэгтээ их хэмжээний ашиг харснаас үүдэлтэй. Мэдээлэл цуглуулах зорилгоор уулзсан эх сурвалжууд “Мөнгөтэй л холбоотой” хэмээж байлаа.

Өдгөө нийслэлийн нэг иргэнд 2.4-2.6 ам метр ногоон байгууламж ногдож буй. Энэ нь дэлхийн дунджаас хамаагүй доогуур үзүүлэлт. Тиймээс нийслэлийн удирдлага эл үзүүлэлтийг 2020 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлэх зорилго тавьж, 20 тэрбум төгрөгөөр санасан бодсоноо бүтээх тооцоог 2016 онд гаргасан юм. Ингээд мөнхийн ногоон мод тарих ажилдаа ханцуй шамлан орлоо.

Тооцооны дагуу зарцуулах төсөв ч 40 хувиар нэмэгдэв. Өнгөрсөн жил Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан 2000 орчим нарс суулгуулсан баримт бий. Гэтэл тэдгээр мод хатаад эхэлчихлээ. Зүүн дөрвөн замын дэргэдэх, Сөүлийн гудамжин дахь гээд тарьсан бүх мод хатаж байна. 2008 онд тарьсан, Гандантэгчэнлин хийдийн хашаан дахь нарснууд ч үхэж, шинийг тарьсан ч дахиад л ургах шинжгүй болчихов.

Өнөө жил Улаанбаатарыг “ногооруулахад” 7.5 тэрбум төгрөг зарцуулна. Талхлагдсан ногоон байгууламжийг сэргээхийн зэрэгцээ 16 байршилд нарс шилжүүлэн суулгахад энэ хөрөнгийг зарцуулах аж. Урьдчилсан байдлаар 1500 том мод тарих төлөвлөгөө гаргажээ. Тарих мод бүрийг 300-350 мянган төгрөгөөр тооцвол ойролцоогоор 500 саяар мод худалдан авах нь.

Түүнийг тарьж арчлахад зарцуулах хөрөнгийг нэмбэл нэг тэрбум хол давна. Өөрөөр хэлбэл, төсөвлөсөн хөрөнгийн 20-30 хувийг нарс мод тарихад зарцуулах аж. Тарьсан модод 2-3 жилийн дараа үхэж, төсвийн мөнгө тэдэнтэй хамт түлш болох нь нийслэлийн удирдлага болон холбогдох албаныханд огт падгүй бололтой.

“2007 оноос хойш нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нарс олноор тарьж эхэлсэн. Мөнхийн ногоон мод гэдгээр нь нийслэлийн удирдлага сонирхдог байж мэднэ. Тухайн үед нэг дүүрэгт нарс тарихад төсөв гэж 30-40 сая төгрөг өгдөг байсан. Тэр хөрөнгөөр тарьсан бүх мод хатсан. Гэтэл өдгөө тэрбум, тэрбумаар нь төсөвлөх боллоо. Үүнээс нарс тарих нь тун ашигтай бизнес гэдэг нь нотлогдоно. Сонгон шалгаруулалтад нь 2-3 компани байнга ялалт байгуулдаг.

Тэд Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дархан-Уул аймгаас нэг нарсыг 10 орчим мянган төгрөгөөр аваад, 350 мянган төгрөгөөр нийлүүлдэг. Ядаж байхад манайхан тарьсан модоо арчилж мэддэггүй, бас чаддаггүй. Мод тарих нь Улаанбаатарт тун ашигтай бизнес төдий л болчихоод байна” хэмээн хэд хэдэн эх сурвалж ярьсан юм.

Нийслэл дэх нарс модны амьдрах чадварыг судалсан нэгэн хүнтэй холбогдсон юм. Түүний судалгаагаар 2016 оноос эхлэн тарьсан нарснуудын амьдрах чадвар өдгөө 11-40 хувь байна гэж гарчээ. Энэ нь нарснууд хатаж байна гэсэн үг. Тэрбээр “Хатаж буй шилмүүст мод 2-3 жил ногооноороо байдаг. Хүмүүс үүнийг огт мэддэггүй. Түүнийг нь ашиглан холбогдох албаныхан “Наад хүмүүс чинь худлаа хэлж байгаа юм. Ургаж байгааг нь хараач” гэж сэнхрүүлдэг. Нарсыг сайтар ажиглаж, шилмүүсийг нь харах хэрэгтэй. Хэрэв үзүүр хэсгээрээ шарлаж эхэлсэн бол жил гаруйн дараа хатна гэсэн үг. Нийслэлд шилжүүлэн суулгасан нарсны 90 хувь нь үхэж байна” гэв. Түүний мэдээллийн дагуу 2016 оноос нарс тарьсан газарт очиж үзэхэд, 23 дугаар сургууль болон “Улаанбаатар” их сургуулийн хашаанд тарьсан нь л эрүүл ургаж байв.

Дээрх тайлбар, баримтууд цөм эх сурвалжтай гэдгийг дахиад онцолъё. Эх сурвалжуудын нэрийг нууцлахгүй бол элдэв дарамт очиж, ажлаас нь халах вий хэмээн бид болгоомжилсон юм. Учир нь нарс моддыг уулнаас авчирч, Улаанбаатарт булшилж буйг шүүмжилсэн БОАЖЯ-ны мэргэжилтнийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд ерөнхий менежер Т.Гантөмөр ажлаас нь халуулж дөнгөсөн байна.

Удирдлага руу нь 14 хоногийн турш алтан хошуу хүргэсний хүчинд, төрийн албаны шалгалт өгөөгүй байсан түүнийг ажилгүй болгоход ядах юм байгаагүй бололтой. Түүний дэвшүүлсэн санаа, хөндсөн асуудал нь иргэдэд чухал хэрэгтэй, харин дарга нарт халтай байсан юм. Тэрбээр мод шилжүүлэн суулгах үйл явцыг журамлах шаардлагатайг олон нийтэд сурталчилсан “гэмтэй”.

Ойгоос мод шилжүүлэн суулгахыг яаралтай зогсоож, холбогдох журмыг нь батлуулах шаардлага өнөөдөр тулгамдаж буй асуудал. Эс бөгөөс өнөө жил тарьсан мод нь хойтон хатан, нийслэлийн нэг иргэнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх төлөвлөгөө нуран унаж, нийтэд зориулсан хөрөнгийг цөөн хэдэн хүн хувааж халааслах нь. Эл журмыг боловсруулж, батлуулах шаардлагатай талаар экологичид 2007 оноос өнөөг хүртэл ярьж, хэлж буй.

Ингэснээр нарс мод ургахгүй байгаа шалтгааныг шинжлэх ухааны үндэслэлтэй батлах боломж бүрдэж, ургахгүй бол хариуцлага үүрүүлэх эзэн нь тодорхой болно. Мөн хүмүүсийн эрүүл мэндэд чимээгүй заналхийлж буй тоосжилт ч багасах юм. Харамсалтай нь, том толгойлж, халаасаа зузаатгахаар санаархаж буй хүмүүс журам боловсруулахыг эсэргүүцсэнээр нийслэл уулын модны оршуулгын газар болоод байна. 

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ “Нийслэлийн холбогдох албаныхан мод тарьж, бас арчилж мэдэхгүй юм. Шарилжийг жил бүр зулгаадаг. Энэ буруу. Үрээ таслахаас нь өмнө хайчлах хэрэгтэй. Ялзрал бий болгож, бохирдсон хөрсийг эрүүлжүүлэн, ашигтай ургамал ургах нөхцөлийг хогийн ургамал бүрдүүлдэг юм шүү дээ. Хөл газрын ургамлыг ингэж арчилбал 2-3 жилийн дараа л аяндаа ургахаа болино.

Түүнээс гадна хавар, намар мод тайрдгийг болих хэрэгтэй. Энэ бол туйлын буруу зүйл. Улиас модны унгирлыг мөн л хайчилж авах ёстой. Моддыг хожуул болтол тайрсны уршгаар хотын тоосжилт улам ихэсдэг” гэж ярьсан. Эрдэмтэн, судлаачдын зөвлөгөөг сонсож, үр дүнтэй ажил хийх цаг болсон баймаар. Сүүлийн гурван жилийн хугацаанд тарьсан нарсны 10 хүрэхгүй хувь нь л ургаж буй гэдэг нь ойгоос мод шилжүүлэн суулгах үйл ажиллагааг журамлах шаардлагатай болсныг нотлох биш үү.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

Илгээх

Энэ тухай