Хэн дуртайд нь олдохгүй хайгуулын лиценз

-Ирэх долоо хоногоос хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлнэ-

Т үр хугацаанд зогсоод байсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг ирэх долоо хоногоос олгож эхлэхээр төлөвлөөд байгаагаа Ашигт малтмал, газрын тосны газрынхан дуулгалаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнгөрсөн оны аравдугаар сард тушаал гаргаснаас хойш хайгуулын нэг ч лиценз нэмж олгоогүй. Хайгуулын тусгай зөвшөөрлийг энэ удаад зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгоно.

Ашигт малтмалын тухай хуулийг 2018 оны төсвийн тухай хуультай уялдуулж, хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгохоор болсон. Өөрөөр хэлбэл, хайгуулын тусгай зөвшөөрөл авахдаа төлсөн мөнгийг нь төсөв рүү татах зорилгоор ийм арга сонгосон хэрэг. Төсөвт хөрөнгө төвлөрүүлэхийн тулд лиценз олголтод ийм бодлого баримтлах лообийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийсэн нь үнэн.

“Сонгон шалгаруулалтад оролцож их мөнгө төлсөн аж ахуйн нэгжид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бодлого буруу. Энэ бол төсөвт ахиухан хөрөнгө төвлөрүүлөх гэсэн нэг өнцгөөс харсан бодлого. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход уул уурхайн бодлого нь түрүүлж явах ёстой. Гэтэл татварын бодлого болгож хувиргаад байна” гэсэн байр суурь илэрхийлэх УИХ-ын гишүүн ч таарч байна.

Төсвийн тухай хуулиар энэ жил ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон төлбөрөөс 25 тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэг өгчээ. Ашигт малтмал, газрын тосны газрынхан сүүлийн хагас жилд лицензээ “борлуулж” дээрх хэмжээний мөнгийг цуглуулах гэнэ.

Хэн их мөнгө төлнө, түүний гар дээр хайгуулын тусгай зөвшөөрлөө тавина гэсэн хардлагыг Ашигт малтмал, газрын тосны газрынхан няцааж байгаа. Хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийг үнэлэхдээ хэр мөнгө төлснийг нийт онооны 45 хувьд дүйцүүлэх гэнэ. Тухайн талбайд хайгуул хийх эрх авахаар хүсэлт гаргасан компани бусад өрсөлдөгчөөсөө хамгийн их мөнгө төлсөн байлаа гэж бодъё. Тэгвэл 100 онооныхоо 45-ыг авна гэсэн үг.

Мөнгөнөөс гадна уул уурхайн мэргэжлийн компани, мэргэшсэн боловсон хүчинтай байх гэх мэт шаардлагыг хангах нь. Уул уурхайн салбарт олон жил ажилласан, мэргэжлийн компани байлаа гээд мөнгөгүй бол хайгуулын тусгай зөвшөөрөл авч чадахгүй. Мөн их мөнгө төлсөн өрсөлдөгчдөө ялагдах магадлал тун өндөр. Тэгэхээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олголтод мөнгөний хүчин зүйл яах аргагүй том байр суурь эзлэх нь тодорхой боллоо.

Засгийн газар тендер зарлаж, бараа материал худалдан авч, ажил үйлчилгээ хийлгэдэг. Ингэхдээ хамгийн хямд үнэ санал болгосныг нь сонгодог тогтсон гэмээр уламжлалтай. Тэгвэл хайгуулын лиценз олгохдоо хамгийн их мөнгө төлсөн аж ахуйн нэгжийг сонгож, авдартаа тав, арван төгрөг цуглуулах нь дамжиггүй боллоо.

Ашигт малтмал, газрын тосны газрынхан түр зогсоогоод байсан лиценз олгох ажлаа эхлүүлэхээр нэгдүгээр сараас хойш ажиллажээ. Тэд сонгон шалгаруулалт зарлах талбайгаа тогтоохоор бүх аймгийн удирдлагаас санал авсан байна. Мөн бүх яамны холбогдох мэргэжилтнүүдийн саналыг сонссон аж. Сүүлийн дөрвөн сар үргэлжилсэн ажлынхаа үр дүнд 8.6 сая га талбайд сонгон шалгаруулалт зарлах зураг гаргажээ.

Монгол Улс 400 орчим мянган га талбайд улаан буудай тариалдаг. Тэгэхээр тариалангийн талбайгаас 20 дахин том газар нутагт хайгуул хийлгэх зураг гаргасан гэсэн үг. Журмын дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайгаа Засгийн газраар батлуулах учиртай. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох зургаа танилцуулж, батлуулах юм байна.

Хайгуулын талбайнхаа зургийг батлуулчихвал сонгон шалгаруулалтаа зарлах эрхтэй болно. Ашигт малтмал, газрын тосны газрынхан 14 хоног тутамд сонгон шалгаруулалт зарлана гэсэн төсөөлөлтэй байгаа аж. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар есөн гишүүн бүхий сонгон шалгаруулалтын комисс байгуулаад буй.

Тус комиссынхон журмын дагуу сонгон шалгаруулалт зарласнаас сарын дараа лиценз эзэмших эрх бүхий аж ахуйн нэгжийг шалгаруулна. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэс тухайн талбайд сонгон шалгаруулалт хийхэд төлөх төлбөрийн босго дүнг тогтоох юм. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд босго дүнгээс өндөр үнэ хэлж өрсөлдөнө гэсэн үг.

Сонгон шалгаруулалтаар лиценз олгохоор хөрөнгө мөнгөтэй, туршлагатай компаниудад давуу байдал үүсэх нь дамжиггүй. Уул уурхайн бизнест хүч үзэх сонирхолтой залуу компани, мэргэжлийн геологичдод хайгуулын тусгай зөвшөөрөл авах хаалга бараг хаагдсан гэхэд болно. Геологичид, эсвэл ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулахаар зэхэж буй туршлага багатай аж ахуйн нэгжийн эзэд “Уул уурхай бол мөнгөтэй хүний тоглоом” гэсэн өнцөгтэй бодлогыг шүүмжилж байгаа.

Сонгон шалгаруулалтад гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компаниуд ялж, ирээдүйд Монголын уул уурхайн салбарт тэд ноёрхоно гэж учир мэдэх хүмүүс болгоомжилж буй. Тиймээс монгол залуус болон геологичдодоо уул уурхайн салбарт хүч үзэх боломж олгох зорилгоор тэндэд хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлөөр олгох эрх зүйн баримт бичгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан боловсруулж байгаа гэнэ. Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байх зарчим баримталж буй нь энэ бололтой.

Ашигт малтмалын газарт танил талтай, авлига өгөх чадалтай болгон хайгуулын тусгай зөвшөөрөл авч, түүнийгээ дамлан худалдаалж ашиг олдог бизнес 2010 оны үед цэцэглэсэн. Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрлийг хамаа замбараагүй олгож байв. Тухайн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зогсоож, заримыг нь цуцалсан юм. Ингээд дахин олгож эхлэхдээ хэн нэгэнд давуу байдал олгохоос сэргийлж, хайгуулын лиценз авах өргөдлийг цахимаар авч эхэлсэн.

Гэвч энэ нь төгс шийдэл байсангүй. Аж ахуйн нэгжүүд мэдээллийн технологийн мэргэжилтнүүд хөлслөн, өргөдлөө хайгуулын лиценз хүссэн цахим талбарт хамгийн түрүүнд байрлуулах арга сэдэж эхэлсэн юм. Түүнчлэн мэдээллийн технологийн салбарынхан мэргэжлийн давуу байдлаа ашиглахаар компани байгуулан хайгуулын лиценз хүссэн өргөдөл өгөх болсон. Тэд мэргэжлээ ашиглан хамгийн түрүүнд өргөдөл өгөөд тусгай зөвшөөрөл авч, цааш нь дамлан худалдах зорилготой байв. Үнэн хэрэгтээ цахимаар өргөдөл авах хувилбар нь лицензийн наймааг зогсоож чадаагүй. Эцэст нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авах өргөдөл өгөх цахим талбар гацсанаар энэ хувилбар төгсгөл болсон.

Ашигт малтмал, газрын тосны газрын өмнөх дарга Б.Баатарцогт уул уурхайн “Asia mining” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Цахимаар өргөдөл авахаар нийт 2084 компани бүртгүүлснээс 2020 нь дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани байсан. Гэхдээ эдгээрийн 517-г 2017 онд шинээр, 260-ыг нь 2016 онд, 282-ыг нь 2015 онд байгуулсан компани байлаа.

\Үүнээс гадна ердөө 800 гаруй нь л уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн компаниуд гэсэн үг. 1000 орчим нь гадаад худалдааны чиглэлээр ажилладаг гэж бүртгүүлсэн компани байсан. Энэ мэдээлэл хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар цахимаар оролцож буй компаниуд ямар зорилготой вэ гэдгийг тодорхой харуулж байгаа биз” гэж ярьсан байдаг. Цахим талбар лицензийн наймааг зогсоох хувилбар биш байсан гэдгийг түүний яриа ч ийн баталдаг.

Газрын хэвлийдээ ашигт малтмалын асар их нөөцтэй гэгддэг Монгол Улс юутай ч хайгуулын лиценз олгох шинэ хувилбарыг туршиж эхлэхээр боллоо. Ямар алдаа завхрал бий болгох, ололт амжилт авчрах нь одоогоор тодорхойгүй. Төсвийн орлогыг тав, арван төгрөгөөр нэмэгдүүлэх хувилбар гэдэг нь нэгэнт тодорхой. Сонгон шалгаруулалтыг хүн хийнэ.

Тиймээс хайгуулын тусгай зөвшөөрлийг авлига өгсөн компани авах магадлалтай гэсэн хардлага одооноос тэнэж эхэллээ. Ашигт малтмалын орд илрэх магадлалтай талбайн хайгуулын тусгай зөвшөөрлийг авах ширүүн өрсөлдөөн үүсэх учраас энэ мэт хардлага газар авах нь дамжиггүй.

Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өссөн. Тухайлбал, сүүлийн жилүүдэд нүүрсний үнэ хоёр дахин өсөөд байна. Зэс, алтны ханш ч өндийсөн бөгөөд цаашдаа өсөх таамаглалтай байгаа. Тиймээс гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид ашигт малтмалын хайгуул хийх ихээхэн сонирхолтой болжээ. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлбэл нэг тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт манай зах зээлд орох төсөөллийг Монголын бизнесийн зөвлөлөөс саяхан танилцуулсан.

Манай улс түүхэндээ хайгуулын 16 мянган тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Үүнээс 1683 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл болсон. 10 хувь нь ашигт малтмалын орд олсон гэхээр уул уурхайн хайгуул маш эрсдэлтэй бизнес гэдгийг нь харуулна. Одоогоор аж ахуйн нэгжүүд хайгуулын 1638 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Хэн дуртайг нь эрсдэлтэй бизнест хөл тавиулахгүй байх, мэргэжлийн тоглогчдыг дэмжих бодлого гараанаас хөдлөх нь.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай