Л.Санжмятав: Наян насны төрсөн өдрөө хотынхонтойгоо тэмдэглэлээ

Гэрэл зурагчин, Улаанбаатарын унаган иргэн Л.Санжмятавын “Хот, хотынхон” үзэсгэлэн нийслэлийн амьдралд өнгө нэмж, хол, ойрын хүмүүсийг уулзуулсан сонирхолтой үйл явдал боллоо. Өдгөө 80 настай буурал дунд сургуулийн есдүгээр ангид сурч байхаасаа гэрэл зураг сонирхож, авч эхэлжээ.

Тэр цагаас нь тоолбол 65 жилийн турш төрөлх нутаг Улаанбаатарын байдал, хотынхны аж амьдралыг дуран авайд буулгаж иржээ. Монголын түүхийн нэгэн жарны өнгийг он өгсүүлэн “ярьж өгсөн” үзмэрүүдийнх нь тухай түүнтэй ярилцсан юм.

-Та 3000 гаруй кадраас шилж үзэсгэлэндээ дэлгэсэн гэсэн. Таны архивт өөр сонин сайхан зураг олон байгаа юм байна, тийм ээ?

-Аль ч байгууллагад ажиллаж байхдаа зураг аваад архивт нь тушаадаг байлаа. Хэдэн янзаар дарснаасаа шилж албанд өгөөд, үлдсэнийг нь тааруу гэлтгүй хадгалж байсан юм. Тэднээсээ сонгож дэлгэсэн дээ.

-Улаанбаатарын тухайн үеийн байдлыг өнөөгийнхтэй харьцуулж тавьсан тань их сайн мэдээлэл болжээ.

-Залуучууд үзээд гарахдаа ихэвчлэн “Баярлалаа ах аа, маш их мэдээлэл авлаа” гэх нь сайхан санагдах юм. Өнөөгийн хүүхдүүд сонирхож байна гэхээр зурагнуудыг дэмий хадгалаагүй юм байна гэж бодоод сэтгэл хангалуун байна. Хүүхдүүд хуучны зураг заагаад, одоо энд тийм барилга байгаа, эндээс нь харахад тийм байсан байна гэх зэргээр ярилцах нь гоё юм.

-Үзэсгэлэнгээ “Хот, хотынхон” гэж нэрлэсэн тань ч оносон санагдана. Тухайн үеийн хүмүүсийн эрхэлдэг ажлын онцлог, төрх, хувцаслалт, үс засалт гээд бүхнийг харж болж байна.

Эдгээр зургийг авч байхдаа өдийд үзэсгэлэн гаргаад хүмүүс бужигнуулж байх юм гэж бодож байсан болов уу?

-Үгүй. Юун тэр тухай бодох. Зургаа аятайхан аваад, хурдхан угаахаа л бодно. Ная хүрээд алхаж явах юм гэж ч санаагүй, бурхан минь. Амьдрал таашгүй гэж үнэн юм.

-Соёл, урлагийн алдартнуудын зураг олон байна. Тус бүртээ онцлог, бүгд өөр өөрийн түүх өгүүлэх шиг. Жишээ нь, их эрдэмтэн Б.Ринченгийн хөрөг зургийг хэрхэн авсан тухайгаа сонирхуулаач, та?

-Энэ тийм ч сайн зураг биш ээ. Гайгүй нь албаны фондод бий байх. Гэхдээ одоо үүнийг голох юм биш. Б.Ринчен гуайн зургийг ШУА-ийн ерөнхийлөгч Б.Ширэндэв гуайн өрөөнд нэг удаа авсан. Гэрт нь бас зориуд очиж байлаа. Хөргийг нь өөрийнхөөрөө аятайхан авах юмсан гэж дандаа бодож явдаг байлаа. Дөхөж очихоос жийрхэм мундаг хүн байлаа шүү дээ.

МУИС-ийн 20 жилийн ойгоор багш нартай бужигнаж байхад нь онцолж дартал сайн болсонгүй. Дараахан нь Төв музейн өмнө таарахаар нь мөн л зургийг нь авах гэлээ. “Энд болох юм бол зогсож л байя” гээд зургаа даруулсан л даа. Тэгтэл бас л санаагаа гүйцээж чадсангүй. Зориглоод “Гэрт тань очъё” гэхэд зөвшөөрдөг юм байна. Ороод үзэж тарсан. Гэргий нь гэж сайхан буриад бүсгүй цай унд болоод явчихлаа.

Шагайж эхэлмэгцээ сандарч эхэлсэн хүн юун эрдэмтний өөдөөс хараад цай ууж суух, тавган дээрээс нь ганц чихэр авч халааслаад гарч өгсөн. Намайг яагаа ч үгүй. Гэсэн ч хүндэлж, биширч явдаг байх тусмаа ойртож чаддаггүй юм билээ. Сонирхуулахад, Цэндийн Дамдинсүрэн гуайн энэ зургийг би одоогоос арваад жилийн өмнө угаалгаж охинд нь өгсөн. Их баярлаж байна лээ.

Охин нь монгол судлаач эрдэмтэн болсон шүү дээ. Том хүү нь нас барсан гэнэ. Бага хүү нь одоо Орост амьдардаг. Охин нь “Ингэж зураг авахуулж байснаа санаж байна. Авсан хүн та байсан юм уу” гээд их хүндэтгэлтэй хүлээж авсан.

-Сая нэг хүн жүжигчин Сэдэд гуайн зургийг хараад “Одоо ийм сайхан монгол өвгөд ховорджээ” гэж ярьж байна. Хараад байхад нээрэн, залуусын хэлдгээр ориг монгол эрчүүд цөөрөөд байх шиг. Та юу гэж бодож байна?

-Би ч гэсэн тэгж бодож байна. Төрх монгол, сэтгэл өөдрөг, цаанаа л нэг амгалан тайван, бат найдвартай харагдаж байгаа биз. Айл гэрийн түших багана, ноён нуруу гэж энэ л дээ.

-Ийм хүнийг гэрэл зургийн урлагт тэр бодгалиар нь мөнхлөх амаргүй биз?

-Амаргүй. Төрх, үйл хөдлөл, харцаар нь дамжуулж дотоод сэтгэлийг нь, өөрөөр хэлбэл, тэр хэн бэ гэдгийг гаргах хэрэгтэй болдог. Хөрөг зураг тийм байдаг.

-“Илгээлтийн эзэд” гэж гоё бүтээл юм. Инээд цалгиасан залуу нас юм даа. Хаана авсан юм бэ?

-Аж үйлдвэрийн комбинатын ажилчин бүсгүйчүүд. Илгээлтээр очсон залуус ийм урам зоригтой хүүхдүүд байдаг байлаа. Өчигдөр, энэ дунд нь зогсож байгаа бүсгүй ирж уулзлаа. Зурагтаар мэдээ харж байсан чинь өөрийнх нь зураг гараад ирсэн гэнэ.

Тэгээд намайг олж ирж, баяр хүргэсэн. “Тантай эргэж холбогдё. Залуу насыг минь мөнхөлсөн бүтээлийг тань авна аа” гэж байна лээ. “Би чамд хайртай” кинонд тоглодог Пүрэвмаа ирлээ. Хүүхэлдэйн театрын жүжигчин байхад нь зургийг нь авч байлаа.

-Гэрэл зураг түүх өгүүлдэг гэж үнэн юм. Энд байгаа олон зураг ихэвчлэн сэтгэлд гэгээ татуулсан түүх ярьж байна. Гунигийн тухай “хэлэх” бүтээл бий юү?

-АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу агсны шарилыг хөдөөлүүлэхийн өмнөх өглөөний байдлыг харуулсан зураг бий. Гэргий Нямаа нь өглөө 07.00 цагт хүнгүй байхад очиж хадаг тавьсан юм. Тухайн үеийн нам, засгийн бодлогод харшилна гээд хадаг тавиулахгүй байсан юм билээ.

Тэгэхэд нь нэгэн учир мэдэх албан тушаалтан хөгшнийг өглөө эрт орж, шашин зан үйлийн ёслол үйлэж болно гэсэн байсан. Үүнийг мэдсэн бас нэгэн дарга манай байгууллагад хэлэхэд, намайг явуулсан юм. Ийм цаг үе байсан нь түүхийн үнэн.

-Гоё зурагнууд хараад шууд бүтээлүүдийн тань талаар яриад эхэлжээ. Та өөрийнхөө тухай товч танилцуулах уу. Ажлын гараагаа хаанаас эхэлсэн юм бэ?

-“Найрамдлын зам” сониноос эхэлсэн. Ах нь намтраа товч ярья. Би 1938 онд Улаанбаатарт төрсөн. 1946 онд найман настайдаа хятад Ши Юйнз буюу Жүжгийн хүрээлэнгийн хашаанд байсан бага сургуульд орсон юм. Тэр нь одоогийн Бакула Рэнбүүчийн хийд байгаа газар. Есөн гудамж гэхээр дээхнэ үеийнхэн андахгүй. Манайх тэнд байсан юм.

Ах чинь эрлийз хүн. Аав маань хятад, ээж Завхан аймгийн уугуул. Тухайн үед монгол, хятад хүмүүс хоорондоо гэрлэж айл гэр болох нь олонтаа байлаа. Намайг хоёрдугаар ангид орох жил өнөөх сургууль нүүж, есөн гудамжны хоёр дахийн зүүн үзүүрт байсан пүүсийн байшинд орж, албан ёсоор нийслэлийн 13 дугаар бага сургууль болсон юм. Одоогийн 13 дугаар дунд сургуулийн суурь гэсэн үг. Би тэр бага сургуулийн анхны сурагчдын нэг.

1950 онд дөрөвдүгээр анги төгссөн. Тэндээсээ Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерын сургуульд орлоо. Таван жил сураад байтал сургуулийг маань улсаас татан буулгачихсан. Энх тайван амьдрал эхэлсэн тул цэрэг, дайн хэрэггүй гэж үзсэн юм билээ. Тэгээд би тавдугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч болсон түүхтэй. Офицерын сургуульд ерөнхий эрдмээс гадна цэрэгжилтийн хичээлээр зэвсэг техник ч судалж байлаа. Тэнд би эр хүн болсон юм.

-Эрт эр хүн болжээ.

-Тийм ээ. Их гоё сургууль байсан даа. Би их бахархдаг. Энэ онд 75 жилийн ой нь болно. Аравдугаар анги төгсөхөд намайг улсаас Москвагийн Өнгөт металл, алтны дээд сургуульд явуулсан юм. Нэг хичээлийн жил сураад амралтаараа ирээд байтал ээжийн минь бие муудлаа. Айлын ганц хүү юм чинь зайлшгүй ээжийгээ асарч тойлох хэрэгтэй болоод сургуульдаа буцаж явж чадаагүй.

Хэдэн сарын дараа ээжийн бие гайгүй болоход ажил хайсаар шинээр байгуулсан “Найрамдлын зам” сонинд гэрэл зурагчнаар орсон юм. Есдүгээр ангийн сурагч байхаасаа сонирхлоороо гэрэл зураг авдаг байсан минь амьдралын чухал үед хэрэг болсон.

Тэнд таван жил ажиллаад байхад манай сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Наваансүрэн гэж ухаантай хүн надад “Дүү минь МУИС сэтгүүл зүйн анги нээж байгаа юм билээ. Тийшээ ор, чи сурч чадна” гэлээ. Тэр хүний үгэнд орж 1962 онд оюутан болсон түүхтэй. Сэтгүүлч мэргэжил эзэмшлээ, гэрэл зургаа үргэлжлүүлэн нухсан. Хүнд салж болдоггүй дуртай ажил гэж байх юм.

Их сургууль төгсөөд Монголын радиод нэг жил ажилласан. 1967 оноос Монголын радио телевизийн улсын хорооны дэргэдэх МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн ерөнхий редакцын гэрэл зургийн сурвалжлагч болж 13 жил ажиллав. Тэгж байтал ажлын орчинд жаахан үл ойлголцол үүсээд, би гарахаас өөр аргагүй болсон юм. Хоёр жил ажилгүй байлаа. Эхнэрийнхээ цалингаар хүүхдүүдээ тэжээдэг.

Манай хүн Геологийн яаманд газрын зургийн хуулбар зураач байлаа. Тэнд 30 жил ажилласан сүрхий хөгшин бий. Хоёр жил ажилгүй суусны эцэст МАХН-ын Төв хороонд ажил байдал, амьдралынхаа талаар бичиж, ажил олж өгөхийг хүссэн юм. Тэгэхэд Боловсон хүчний хэлтсийн мэргэжилтэн Лувсанноров танилцаад “Олон хүүхэдтэй хүн ажилгүй байх хэцүү гэдгийг ойлгож байна. Цалин авч байвал хаа ч ажиллах адил. Үнэ, стандартын улсын хороонд гэрэл зурагчин хэрэгтэй гэсэн, чи Д.Бямбасүрэн дарга руу яв” гэхээр нь тэр өдрөө гүйгээд очлоо.

Тэгсэн Д.Бямбасүрэн “Би бас тавдугаар сургууль төгссөн шүү дээ” гээд инээсээр угтсан. Ингэж ажилтай болсон доо. Тэнд таван жил болоод, Урлагийн ажилтны холбоонд эрдэмтэн Э.Оюуны удирдлагад мөн таван жил ажилласан. Үүнээс хойш Урчуудын эвлэлийн хороонд гэрэл зурагчин байгаад тэтгэвэрт гарсан.

Гэртээ суудаг болсон ч зураг авсаар л байлаа. Шүд, эрүү нүүрний төвийн байранд долоон жил цайны газар ажиллуулахдаа орой үдшийн цагаар театр, урлагийн газар гоё арга хэмжээ болоход тэсэхгүй оччихсон шагайгаад л зогсдог байлаа шүү дээ.

-Соёлын тэргүүний ажилтан болсонд нь баяр хүргэе. Үзэсгэлэнгийн нээлтээр гардуулсан байна лээ.

-Баярлалаа. Өвгөн зурагчныг бүх талаар дэмжсэн Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны залуустаа маш их баярлалаа. Тэд шавдуулаагүй бол би зүтгэхгүй байсан болов уу. “Санжаа ах, одоо үзэсгэлэнгээ гаргачих, бид тусалъя” гэхээр нь төрсөн өдрөөрөө нээлээ.

Наян насны ойгоо хотынхонтойгоо тэмдэглэж байгаа юм. Энэ хүүхдүүд намайг “Соёлын тэргүүн”-д тодорхойлсон байна лээ. Яамныхан “Бидний сайн мэддэг уран бүтээлч байна, баяр хүргэе” гээд шагнажээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай