“Балдорж цом”-оор гольфын шинэ улирал эхэллээ

Гольфын хэрэгсэл, цохиур агссан тамирчид энд, тэндгүй өрсөлдөн, тоглолтын талбайд байсхийгээд л “Nice ball” гэх үг сонстох нь тэмцээн өрсөлдөөнтэй, сонирхолтой өрнөж буйг илтгэнэ. Манай улсад гольфын шинэ улирал эхэлснийг зарладаг түүчээ тэмцээн болох Монголын гольфын холбооны тэргүүлэгч гишүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж агсны нэрэмжит “Балдорж цом”-ын төлөө тамирчид хүч сорьж байгаа нь энэ.

БАЛДОРЖ сан, Монголын гольфын холбоо, “Заан Тэрэлж” гольфын клуб хамтран зохион байгуулдаг, 11 дэх удаагийн тус тэмцээнд 39 эрэгтэй, гурван эмэгтэй тамирчин оролцов. Жил жилийн тэмцээнийг өрсөлдөөнтэй, үзүүштэй болгодог, түүгээр ч үл барам цөөнгүй түрүү хүртсэн, БНСУ-ын тамирчид энэ удаа хүндэтгэх шалтгааны улмаас оролцож чадаагүй ч Монголын шилдгүүдийн өрсөлдөөн тун ч ширүүн өрнөсөн юм.

Тэрэлжийн “UB-2” амралтын газрын дэргэдэх гольфын ногоон талбай шинэ ногооны өнгөнөөс зэгсэн тод харагдана. “Би жил бүр энэ тэмцээнд ажил, төрлөө зохицуулаад заавал оролцохыг хичээдэг. Шинэ улирлын нээлтийнх гэдгээс илүүтэй Балын маань нэрэмжит тэмцээн учраас ач холбогдол өгдөг юм. Монголын цаг агаар, байгаль гольф тоглоход хамгийн тохиромжтой гэдэг. Үүнийг Бал анзаарч, Тэрэлжийн энэ хэсэгхэн газрыг гольф тоглоход аятай болгох гэж хөрөнгө оруулж, “Заан Тэрэлж” клуб байгуулсан нь Монголд энэ спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна” хэмээн тамирчин Ч.Буд онцолсон.

Ц.Балдорж агсантай хамтран Монголд гольфын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, мэргэжлийн клуб үүсгэн байгуулж байсан тэдэнд энэ тэмцээнийг зохион байгуулах, бас оролцох хүндтэй шалтгаан олон бий. Амьд мэнд хэрнээ амьгүй мэт дорой аж төрдөг хүн байдаг. Гэтэл одоо бидний дунд байхгүй мөртлөө үйл хэрэг нь өнөө хэр үргэлжилж, үзэл бодол нь мөнх үлдсэн хүн ч бий. Тэмцээний үеэр тамирчид Ц.Балдорж агсны тухай дурсамж дэлгэн, “Бал маань тэгж билээ, тэгдэг байсан” хэмээн андыгаа, спортын зүтгэлтнээ дурсана. Амьдралд мөнх оршино гэж үүнийг л хэлэх болов уу.

“Балдорж цом”-ыг хаврын эхэн сард зохиодог тул зарим жил хүйтэн, цасан болон шороон шуургатай өдөр болох нь энүүхэнд. Тэр нь тамирчдад хүндрэл бус, харин ч эсрэгээрээ тэмцээнийг улам сонирхолтой болгон, тэсвэр хатуужлыг нь шалгадаг гэнэ. Энэ удаагийн тэмцээний өмнөх шөнө бороо орон тоос дарж, “За, та хэд тэмцээнээ зохио” гэсэн шиг өглөө түр гийв. Чийг үнэртэн, намуухан, тогтуун салхитай, дулаахан байсан нь тамирчид хүч сориход тааламжтай орчин, нөхцөл бүрдүүлжээ.

Ц.Балдорж агсан нэрэмжит тэмцээнээ анх санаачлахдаа л нээлттэй ангиллаар зохиож эхэлсэн нь зөвхөн Монголын төдийгүй гадаадын тамирчдын анхаарлыг ихэд татжээ. Тиймдээ ч “Балдорж цом”-ыг зохиосон цагаас хойш гадаадын гольфчид идэвхтэй оролцсоор өдий хүрсэн юм.

Ингэснээр Монголын гольфчид бусад орныхноос туршлага судлах, суралцах, ур чадвараа ахиулах боломж олгон, өнөөгийн амжилтад нь ташуур болж яваа хэмээн спортынхон үнэлдэг юм билээ. 13 жилийн турш гадаадынхантай өрсөлдсөнөөр манай тамирчдын ур чадвар эрс ахисан нь цохилт, техникээс нь харагдав. Дээр нь залуу оролцогч олноор ирсэн байлаа.

Гольфын спортыг ойлгоход тун энгийн. Гол зорилго нь бөмбөгийг 18 нүхэнд буюу мэргэжлийн хэллэгээр “Birdie”-д аль болох цөөн цохилтоор оруулах явдал. Ердөө л энэ. Эхний цохилтоо хамаг хүчээрээ гүйцэтгэж “Green” буюу ногоон талбай дээр, эсвэл ойролцоо нь буулгахад хэрэг бүтлээ гэсэн үг. Тэгсэн цагт бөмбөгийг нүх рүү оруулахад техникийн асуудал л үлдэнэ. Харин үүнд суралцахын тулд бэлтгэл болоод туршлага хэрэгтэй.

Оноо хасах байх тусам ялалтад ойртож, нэмэгдэх бүр түрүү байраас холддог дүрэмтэй. Тухайн тоглогч гурав, эсвэл дөрвөн цохилтоор (Яг хэд байх нь талбайн хэмжээнээс хамаарч өөр байдаг) бөмбөгийг нүхэнд оруулах ёстой. Цохилтын тоо үүнээс хэтэрсэн тохиолдолд өгөх илүүдэл оноог “Bogey” хэмээн нэрлэдэг. Харин бөмбөгийг өгөгдсөн нормын дагуу нүхэнд цохиж оруулбал “Par”, цөөн цохилтоор оруулбал “Birdie”, “Eagle”, “Albatross” хэмээн нэрлэдэг хасах оноо авна.

Зарим тоглогч салхины баримжаа, цохилтын хүчээ буруу тооцоолсны улмаас “Swing” буюу алсын цохилт хийхдээ бөмбөгөө “Green”-ээс хол, тээр тэнд цөлөх нь энүүхэнд. Тэр хэрээр оноо нь нэмэгдэн, амжилт нь ухарч, бартаан дундаас бөмбөгөө нүх рүү ойртуулахад улам хэцүү болно.

“Заан Тэрэлж” клубийн гольфын талбай ой мод, бут сөөг, жалга сондуул гээд саад, тотгор ихтэй. Тамирчид цохисон бөмбөгөө хаана унасныг олох амаргүй. Үүний зэрэгцээ угийн сониуч зантай гайхал хэрээнүүд бөмбөг шүүрч зугтан, тэмцээн будлиулна. Тэмцээний үеэр залуу тамирчин Б.Энхзаяа лав таван бөмбөгөө хэрээнд шүүрүүлнэ лээ. Цохисон бөмбөгийг нь олох, цохиур хэрэгслийг нь барих үүрэгтэй хүн бол кэдди юм. Үндэсний бөхөөр бол засуул гэсэн үг.

Ихэвчлэн хүүхэд, залуус кэддигийн үүрэг гүйцэтгэдэг. Туршлагатай кэддиг гольфчид андахгүй. “Тамирчид туршлагатай кэддитэй байхыг илүүд үздэг. Амжилтад нь тодорхой хэмжээгээр нөлөөлдөг учраас тэр. Туршлагатай кэдди цохисон бөмбөгийг чухам хаана буусныг нь түрүүлж олж тогтоогоод, дэргэд нь цохиур, хэрэгслийг нь бэлтгэхээс гадна хэдэн оноотой яваа, газрын байрлалаас хамаарч бөмбөгөө хэрхэн цохих талаар зөвлөгөө өгдөг.

Түүнийх нь дагуу цохиод амжилттай гүйцэтгэсэн тохиолдол цөөнгүй” хэмээн тамирчид ярьсан. Гольфыг өөрөө өөртэйгөө тоглодог спорт гэдэг. Тамирчин өөрийгөө хянаж, өөртөө босго тогтоон, өөртэйгөө өрсөлддөг учраас тэр. Үүний зэрэгцээ амжилтад нь олон зүйл нөлөөлдөг юм байна.

Гольфын спортоор амжилт гаргахад ур чадвараас дутахгүй мэдрэмж чухал юм билээ. Тамирчдын цохисон бөмбөг бутанд, элсэнд, чулуун дотор гээд хаана ч унах эрсдэлтэй. Хөтлөгч, жүжигчин Э.Гантулгын эхнэр, “The voice of Mongolia” шоунд оролцож буй Б.Золжаргал бөмбөгөө жалганд оруулчихаад цохиж гаргах гэж нэлээд юм болно лээ.

“Patt” буюу хөнгөн цохилтыг чадмаг гүйцэтгэдэг тэрбээр тэмцээнд нөхрийнхөө хамт өрсөлдсөн юм. Тэднээс гадна “Балдорж цом”-д Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, эдийн засагч Д.Жаргалсайхан тэргүүтэй улс төр, нийгмийн томоохон зүтгэлтнүүд оролцсон нь тэмцээнийг улам сонирхолтой болгосон юм.

Зургаан цаг гаруй үргэлжилсэн тэмцээнд 78 оноогоор Ж.Анарбат түрүүлж, шилжин явах цомыг анх удаа өргөн, “Заан Тэрэлж” клубийн тамирчин Ч.Буд 80 оноогоор удаалав. Эмэгтэйчүүдийн ангилалд Б.Энхзаяа манлайлсан бол “Handicap”-ын төрөлд -4.4 үзүүлэлтээр Б.Жавхлан алтан медаль хүртэн, -4-өөр Ч.Гантулга, Ж.Билигсайхан нар оноо тэнцэн, хоёр, гуравдугаар байрыг хуваалаа. “Nearest to pin” буюу нэг цохилтоор нүхэнд хамгийн ойр цохих төрөлд Ч.Буд, 248 метр цохисон амжилтаар Б.Маргад “Long shot”-д бусдыгаа тэргүүлэв.

Шагнал гаруулах ёслолын үеэр Монголын гольфын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Пүрэвбаатар “Монголд томоохон 20 цуврал тэмцээн болдог. “Балдорж цом” тэдгээрийн салхийг хагалдгаараа онцлогтой. Улирлын эцэст цуглуулсан оноогоор нь байр эзлүүлдэг юм. Тамирчид чансааны оноо цуглуулах, жилийн өнгөө шинжих зорилгоор эл тэмцээнд оролцдог уламжлалтай. Ер нь жил жилийн тэмцээнд 10-аас цөөнгүй эмэгтэй гольфчин хүч сориулахыг зорьдог.

Өнөө жил өрсөлдөх мэдүүлгээ өгсөн зарим тамирчин оролцож чадсангүй. Бид эмэгтэй болон өсвөрийн тамирчдаа дэмжих, амжилт, ур чадварыг нь ахиулахын тулд нэлээд олон ажил зохион байгуулахаар төлөвлөсөн. Өнгөрсөн жилээс өсвөр үеийн УАШТ-ийг зохиож байгаад олон хүн талархаж буйгаа илэрхийлсэн. 2017 онд холбооныхоо дэргэд таван тамирчны бүрэлдэхүүнтэй шигшээ багтай болсон. Манай холбоонд бүртгэлтэй 90, гольфын спортыг сонирхон хичээллэдэг 200 гаруй хүн Монголд бий” гэж онцолсон бол Ж.Анарбат “Тэмцээнд долоо бил үү, найм дахь удаагаа оролцоод түрүүллээ. Өмнө нь ямар нэг шагнал хүртэж, шилдгээр шалгарч байгаагүй. Заавал түрүүлье гэхээс илүүтэй жилийнхээ өнгийг шинжин, бэлтгэлээ хэр байгааг тандахын тулд оролцдог. Өнөө жил ч бас сайхан өрсөлдье гээд хүч сорьсон юм. Түүнээс биш түрүүлэх, ямар нэгэн төрөлд шилдгээр шалгарах тухай бодоогүй ээ. Аваргын цом их хүнд юм байна аа, сайхан санагдаж байна. Энэ жилийн амжилтын салхиа сайхан хагаллаа, булган сүүлтэй байх болтугай. Би ахаараа гольф заалган, 10 гаруй жил хичээллэж байна. Манай аав бас гольф тоглодог. Цөөнгүй тэмцээнд гурвуулаа оролцсон. УАШТ-ий цөөнгүй медальтай ч олон улсын тэмцээнд өрсөлдөж үзээгүй. Амжилтаа ахиулж, гадаадын шилдгүүдтэй тоглохыг хүсдэг” гэв.

Яргуй цухуйн, дулаан орноос усны шувууд ирэхээр хаврын улирал айлчилсныг мэддэг шиг Монголд гольфын шинэ улирал эхэлснийг зарладаг түүчээ тэмцээн ийнхүү 11 дэх жилдээ боллоо.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай