IQ биш, EQ үнэд хүрсэн шалтгаан

Эх сурвалж: Мэдрэмжийн боловсролын төв


Зураг зурах дуртай, ирээдүйд юм дуулгах авьяастай гэж итгэдэг нэгэн шавь нь анги өгсөх тусам сэтгэлдээ битүүхэн зовиуртай байх болсныг багш анзаарчээ. Өсвөр насны хүүд “толгойгоо ганзагалан” уйтгарлах хоёр шалтгаан буйг гадарлах багш нь нэгийг сэтгэв. Нэгдүгээрт, хүүгийн ээж сургуульд нь жижүүр хийдэг. Хоёрдугаарт, тэрбээр математикийн хичээлдээ тааруу, бас дургүй. Тиймээс багш нь түүнийг тооны хичээлээс чөлөөлж, дүнгийн “дарамт”-аас гаргахаа амласны сацуу ирээдүйн амьдралд нь итгэл найдвар, гэрэл гэгээ, зүг чиг болохуйц үнэтэй зөвлөгөө өгсөн байна.

“Чи тооны хичээлд дургүй, тааруу дүн авлаа гээд энэ нь муу юм биш. Харин чиний гарцаагүй анхаарч хөгжүүлэх ёстой гол зүйл бол зураг зурах. Чи ирээдүйд сайн зураач болно. Бас жижүүр хийдэг гээд ээжээсээ ичих хэрэггүй. Хорвоо дээр муухай ажил гэж байхгүй. Гадаадын олон оронд жижүүрийг ариун цэврийн мэргэжилтэн гэдэг бөгөөд тухайн ажлын байран дээрээ хэнд ч зохих шаардлагаа тавих эрхтэй хүн гэж хүндэтгэдэг” хэмээн урам хайрлажээ. Үүнээс хойш 21 жилийн дараа буюу саяхан шавь нь багшийгаа хайсаар олж уулзахдаа үнэхээр л нэртэй зураач, гар урлалын мастер болсон байлаа.

Энгийн юм шиг хэрнээ эгэл бус энэхүү үйл явдал 1990-ээд оны дунд үеийн Монголд болж өнгөрснийг хэлэх нь зүйтэй. Дээрх жишээгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл бид эрдэм боловсролд хандах хандлагаа өөрчлөх цаг болсон тухай л юм. Тэр тусмаа хүүхдүүдийнхээ сэтгэн бодох чадварыг хэрхэн хөгжүүлэх тухай, яаж онц сургах, ямар ямар олимпиадад уралдуулан, аварга болгох талаар эцэг, эхчүүд, багш нар бултаараа хамтран анхаарч буй өнөө цагт үүнийг зайлшгүй хөндөх учиртай.

“Чи онц сайн сурахгүй бол цэвэрлэгч, үйлчлэгч л болно шүү” гэх мэтээр хүүхдийн сэтгэхүйд бусдыг ялгаварлах сэдэл өгөөд сууж байдаг багш нар ч бишгүй. Гэтэл Харвардын их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар хүний амжилтын ердөө 20-25 хувь нь IQ өндөртэй, эсэхээс шалтгаалдаг гэнэ. Угтаа EQ (Emotional quotient) буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадамжаас амжилтын 75-80 хувь нь шалтгаалдаг аж.

Сэтгэл хөдлөлийг ойлгож, хүлээн авсны үндсэн дээр эргэцүүлэн, асуудал шийдвэрлэхэд ашиглах, түүнчлэн учир шалтгаан, утгыг нь тайлах, цаашлаад хянах удирдах гэсэн дөрвөн талаас нь EQ-г онолчид тайлбарладаг. Товчхондоо бол өөрийгөө мэдэж хянах, зорилготой, сэтгэлийн хатуужилтай байх, аливаа зүйлд эерэг хандах, бусдыг таньж ойлгох чадварууд нь бүтээмжийг нэмэгдүүлдэг байна.

Эх сурвалж: Мэдрэмжийн боловсролын төв

Хэчнээн мундаг их, дээд сургууль төгссөн байлаа ч монгол залуусын олонход тулгардаг гол бэрхшээл нь өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах чадвар дутмаг байдгийг ажил олгогчид хэлдэг. Харамсалтай нь, энэ чадварыг хоёр, гурван сарын сургалтад суугаад олж авна гэж эндүүрдэгт манайхны алдаа оршдог гэнэ. Ялангуяа юм болгон асар хурдтай хувьсан өөрчлөгдөж буй өнөө цагт хөдөлмөрийн зах зээлд илүү авьяас чадалтай, илүү бүтээлч санаачилгатай, аливаад дасан зохицох, хөрвөх чадвартай хүний нөөц чухал гэдэг. Тэгэхээр бид зөв юм руугаа онож хошуурахгүй, хадуураад яваа гэсэн үг байх нь.

“EQ буюу сэтгэл хөдлөлийг удирдах чадвар бол хүнд байх ёстой бүх мэдлэг чадварын анхдагч нь гэж үздэг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ эхийн хэвлийд байхаас нь үүнд анхаарах ёстой юм. Тийм ч учраас манайх эцэг, эхчүүдэд EQ боловсролын тухай ойлголт өгөх ном сурах бичиг хийж байна. Жишээ нь, хоёр настай хүүхдэд айдсын мэдрэмж хамгийн ихээр төрдөг учраас тэр үед хүрэлцэхүй, сонсохуй, харааны мэдрэмжээр нь дамжуулан айдсыг хэрхэн дарж, тэнцвэртэй хэмжээнд байлгах аргыг суулгаж өгдөг. Үүнийг гадаадын олон орон сургуулийн өмнөх боловсролын тогтолцоондоо тусгаж өгсөн байдаг.

Цаашлаад, 12 настайд нь эр зоригийн мэдрэмж хамгийн ихээр төрдөг учраас энэ үед нь хүүхдийг өөртөө итгэлтэй болох талаас нь хөгжүүлэх хэрэгтэй байдаг. Монголчуудын хүүхэд хүмүүжлийн уламжлалд уг нь иймэрхүү чадваруудыг суулгадаг байсан боловч орчин үеийн боловсролын тогтолцоонд энэ нь хэдийнэ алдагдсан” хэмээн Мэдрэмжийн боловсролын төвийн захирал Л.Энхтуяа ярилаа. Олон жил боловсролын байгууллагад ажилласан тэрбээр хэсэг багштай хамтраад, EQ чадварыг өнөөгийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд хэрхэн суулгаж өгөх талаар сургалтын төлөвлөгөө гаргажээ.

Наад зах нь I-V ангийн хүүхдүүдэд хүмүүжил, ёс суртахууны тухай ойлголт өгөхийн тулд иргэний боловсрол, хүн байгаль, хүн орчин гэх мэт хөндий хоосон нэршил бүхий хичээлүүдээр дарахын оронд амьдралд ойр байдлаар оюун ухаанд нь суулгах хэрэгтэй гэж тэд үзэж буй. Тухайлбал, иргэний боловсрол хичээлийг цаг ашиглах, ажил хөдөлмөр, хувцаслах соёл, дэг журам, олон нийтийн газар биеэ авч явах чадвар гэх мэтээр хүний амьдралын өдөр тутам хийдэг зүйлстэй холбон заах нь илүү үр өгөөжтэй аж.

Түүнчлэн мэдрэмж зан төлөв буюу өөрийгөө илэрхийлэх чадвар, уран сэтгэмж буюу урлагийн төрлүүдийг ойлгох, чөлөөт цаг гэж юуг хэлэх, тэр дундаа баяр ёслолуудын ялгаа, утга учир юунд оршдог, үзвэр үйлчилгээний соёл, спортын ач тус, амралт зугаалга гэх зэрэг ойлголтуудыг энэ насны хүүхдүүд мэдвэл зохих ёстой гэж үздэг байна. Тэд боловсруулсан сургалтын хөтөлбөр төлөвлөгөөгөө яам, агентлагийнханд дуулгах гэсэн боловч одоохондоо анхаарч, ойшоох хүн гараагүй гэнэ. Гэхдээ эцэг, эхчүүд, багш нарт мэдээлэл өгч, олон нийтийн сэтгэл зүй, хандлагыг өөрчлөхийг зорьж явна.

EQ чадвар, мэдрэмжийн боловсролд баримталдаг гол зүйл нь бүх юм чухал, хүн болгон эрхэм гэсэн зарчим аж. Өөрөөр хэлбэл, хүн болгон адил тэгш, зүрх сэтгэлийн дуудлагаараа сонгож чадвал мэргэжил бүхэн сайхан, өөрийгөө олсон хүнд гарц хэзээд байдаг, сайтар анзаарч харвал амьдралд гэрэл гэгээтэй зүйл нь сүүдэртэй бараанаасаа хавьгүй их гэдгийг ойлгосон цагт хүмүүс нэгнээ үл ялгаварлаж, бусдыг ойлгох, хүндлэх, хайрлах сэтгэл дүүрдэг гэсэн үг.

Үүнд л IQ болоод EQ хоёрын ялгаа оршдог байх нь. Гэр бүлийн хүчирхийлэл, хүйсийн дарангуйллын тухай нэгэн хэлэлцүүлгийн үеэр “Хайрын дархлаа” ТББ-ын тэргүүн, гэр бүл судлаач Т.Бямбатогтох “Хүчирхийлэлд боловсролын түвшин ямар ч хамаагүй. Боловсролтой хүмүүс харин ч хамгийн хорлонтой хүчирхийлэгчид байдаг. Тиймээс EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг хүмүүстээ суулгах нь чухал” хэмээсэн нь үүний нэг нотолгоо гэлтэй.

“IQ муутай өндөр настай хүн байж болно, харин EQ муутай насанд хүрсэн хүн гэж байх ёсгүй” гэдэг үг зүгээр ч нэг гараагүй болов уу. Сэтгэл хөдлөлөө удирдах чадварт суралцсан хүн илүү их амжилтад хүрдэг тухай дээр хэлсэн. Тэгвэл эсрэгээрээ ийм чадварт суралцаагүй хүний араатанлаг шинж давамгайлсаар сүүлдээ хүчирхийлэгч, дарангуйлагч ч болж мэдэх учраас нийгэмд учруулах хор хөнөөл нь мөн их гэж үздэг байна.

Харин манай БСШУСЯ-ныхан “Бид бүх шатны боловсролын бодлогодоо өөрчлөлт хийж, хувь хүний хөгжил, хүмүүжил төлөвшилд анхаардаг болж байгаа” гэдэг ч өдгөө дэлхий дахины боловсролын гол чиг хандлага болох сэтгэл хөдлөлөө удирдах чадамж, хүн хоорондын харилцааны асуудалд төдийлөн анхаарах хүртлээ гүнзгийрээгүй л байгаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

Илгээх

Энэ тухай