“Увс нуур” галынхан 20 жилийн ойгоо тэмдэглэнэ

Монголын спортын салбарыг “Увс нуур” галын бөхчүүдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх аваргаас авахуулаад өнөө цагийн үндэсний бөхийн өнгийг тодорхойлж буй улсын аварга С.Мөнхбат, арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь гээд олон хүчтэн эл галд бэлтгэлээ базаан, монгол түмнээ баясгасаар байгаа. Увс нутгийн төдийгүй улсынхаа нэрийг тив, дэлхийн дэвжээнд дуурсгаж буй “Увс нуур” галынхан 20 жилийн ойгоо тэмдэглэхээр төлөвлөжээ.

Тэд ойн хүрээн дэх арга хэмжээгээ “Оргилд тэмүүлсэн он жилүүд” сэдэвт эрдэм шинжилгээ бага хурлаар маргааш эхэлнэ. Монголд анх удаа үндэсний бөхийн спортын талаар хэлэлцэх эл хуралд Дархан аварга Х.Баянмөнх “Дэлхийн болон Монголын уламжлалт бөхийн үүсэл хөгжлийн түүхэн замнал, Монгол бөхийн хөгжлийн шинэ үе”, Гавьяат дасгалжуулагч Л.Ням “Монгол бөхийн хөгжилд байгаль-нийгмийн хүчин зүйлсийн нөлөөлөл”, доктор, дэд профессор Ш.Эрдэнэцэцэг “Монгол бөхийн соёл”, бөх судлаач, докторант А.Буянтогтох “Монголын язгуур бөх бух ноолдооны үүсэл хөгжил, ач холбогдол”, хувцасны дизайнер, бөх судлаач Б.Цогзолмаа “Монголын үндэсний бөх соёлын өв тээгч мөн”, спортын сэтгүүлч, орчуулагч С.Түвдэнням “Дэлхийн болон олимпийн дэвжээнд Увс нутгийн бөхчүүдийн үзүүлсэн амжилт, чансаа”, сэтгүүлч, бөх судлаач С.Баяндорж “Үндэсний баяр наадмын барилдаанд Увс нутгийн бөхчүүдийн  оролцоо, амжилт”, улсын начин Д.Жанчивдорж “Монгол бөхийн хөгжилд “Увс нуур” галын гүйцэтгэсэн үүрэг, удирдлага, зохион байгуулалт сэдвээр” илтгэл тавьж, санал бодлоо солилцоно.

Мөн ойн хүрээнд Увс нутагт мэндэлсэн олимп, дэлхийн аваргуудын нэрэмжит самбо, жүдо, чөлөөт бөхийн тэмцээнийг энэ сарын 27-29-нд Спортын төв ордонд зохиох юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай