Хүүхдүүдийн биед эмийн туршилт хийж байна гэв

Монголын эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөлийнхөн Д аминдэмийн тусламжтайгаар сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх нэрийдлээр нийслэлийн гэр хорооллын 15 сургуулийн 8214 хүүхдийн биед эмийн туршилт хийж буй талаар өчигдөр мэдээлэв. Эцэг, эх, багш, сургуулийн эмч нараас ирүүлсэн гомдлын мөрөөр тус байгууллагынхан судалж үзэхэд хүүхдүүдэд эмийн туршилт, судалгаа хийсэн байж болзошгүй байжээ.

Тус зөвлөлийн тэргүүн Б.Алтанжолоо энэ талаар “2015 онд ЭМЯ, БСШУСЯ-ныхан “Эрүүл мэндийн үүсгэл” гэх компанид зөвшөөрөл олгож, туршилтын аминдэмийг долоо хоног тутамд нэг тун уулгаж байна. Хаана ажилладаг, хэн болох нь тодорхойгүй хүмүүс сургуулиудад очиж, хүүхдүүдийг хяналтдаа авч, аминдэм уулгаж байна.

Тэгэх бүртээ ядарч, сульдаж байна уу гэх мэтийн асуулттай судалгаа авдаг. Анх 10 000 хүүхдийг шинжилгээнд хамруулж, ямар нэг өвчингүй 8214-ийг нь сонгон авсан баримт нь бий. Гурван жил үргэлжлэх эл хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд эхнээсээ уушгины өвчин тусах болсон” гэлээ. Эл асуудлыг шалгуулахаар Засгийн газарт шаардлага хүргүүлэх болжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

Илгээх

Энэ тухай