Ч.Улаанхүү: Хир даг болсон шинельтэй нөгөө дэслэгч чинь 1990 онд мандаж өгдөг байгаа

 

Анх уулзсан хэрнээ нэг л дотно санагддаг, бусдад сайхан сэтгэгдэл төрүүлдэг, цаа­наа л нэг гоё хүмүүс байдаг даа. Ч.Улаанхүү хэмээх энэ эрхэм тийм нэгэн аж. Сэтгэл татам сайхан инээмсэглэлтэй, аядуу намдуухан яриа хөөрөөтэй тэрбээр Монгол Улсын 110 дахь генерал. Гавьяа­ныхаа амралтыг эдлээд дуртай зүйлээ хийж, хойч үеийнхэндээ мэддэг чаддагаа зааж сургаж, зөвлөсөөр яваа энэ хүн амьдралынхаа  хагас зуу гаруй жилийг цэрэг, армитай холбосон юм билээ. Зочны минь ярилцлагыг болгооно уу.

-Та 2014 онд АНУ-ын “Гавьяаны загалмай” одонгоор шагнуулсан юм билээ. Тэр ямар учиртай шагнал вэ?

-2006, 2007 онд Стратегийн судалгааны хүрээ­лэнгийн захирлаар ажиллаж байхдаа би нэг жил хагасын хугацаанд  Америкийн төвийн командлалын үндэсний ахлах төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэсэн юм. Азийн бүсийн улсуудыг хариуцдаг байгууллага  л даа. Намайг ажиллаж байх үед 64 орны төлөөлөгч бай­лаа. АНУ-ын байгуулсан Нийтийн терроризмын эсрэг эвсэлд манайх нэгдсэн учраас 2003 оноос хойш энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа. Тэр утгаараа 2014 онд АНУ-ын Засгийн газраас Мон­го­лын энхийг сахиулагчдад шагнал гардуулсан юм.

-Монголчууд хүний газарт энхийг сахиулах ямар хэрэгтэй юм бэ гэсэн үзэл бодолтой хүн цөөнгүй. Энхийг сахиулах ажиллагаанд оролцохын ашиг тус, давуу тал нь юу юм бэ?

-Монгол Улс аюулгүй байдлаа улс төр, дипло­матын арга механизмаар хангана гэж Үндсэн хууль­даа заасан. Манайх жижигхэн армитай. Хоёр их хөрш­тэйгөө байлдах чадварын хувьд авч үзвэл учир ду­тагдалтай. Тиймээс өөр арга механизмаар хангаж, НҮБ-ын энхийн ажиллагаанд илүү бүтээлч оролцох замыг манай төр сонгосон нь зөв гэж боддог. 

-Өмнөх нийгмийн үед Дархан хотод Зенитийн пуужингийн анги, нийслэлд агаарын довтолгооноос хамгаалах Монголын нэг, Зөвлөлтийн хэд хэдэн дивизионтой хороо байжээ. Тэр утгаараа агаарын хамгаалалт сайн байсан гэсэн үг. Тэгвэл терроризм гэдэг аюул хил хязгааргүй болчихсон энэ цаг үед агаарын хилд ямар нэгэн муу зүйл боллоо гэхэд түүнийг таслан зогсоох, илрүүлэх хүчин чадлын хувьд манайх хэр бол?

-Энэ талаар хуульд заасан байгаа. Агаарын хил зөрчигдсөн нөхцөлд ямар арга хэмжээ авах, зөр­чиг­чийг албадан буулгах гэхчилэн заалтууд бий. Гэтэл үүнийг илрүүлэх радиолакацийн боломж, га­лын идэв­х­тэй хэрэгсэл, зэвсэг, техникийн байд­лаас шалт­гаалаад учир дутагдал бий. Гэхдээ тодорхой хянал­таа зохих ёсоор нь хийж чадаж байгаа.

-Энд тэндээс харвасан пуужин зэрэг агаа­рын хил зөрчигч техникийг пуужингаар л харвах уу?

-Пуужинг пуужингаар устгана гэдэг нь их на­рийн зүйл л дээ. Яагаад гэвэл, пуужингийн ойх тал­бай онгоцныхоос бага. Манайх пуу­жинг пуу­жин­гаар онох оролдлогыг 1982 оноос эхэлж хийсэн түүх­тэй. Тухайн үед  би Зенит пуу­жингийн галын нэгдүгээр дивизионы захирагч байлаа. Манай анги тэр­хүү оролдлогыг Зөв­лөл­тийн Телемба буудлагын тал­байд  хийсэн юм. Пуу­жин­гийн хү­чин чадал нь 800-1000 м/секундийн хурдтай, 0.20-иос 0.30 ам метрийн ойх талбайтай нисэж байгаа агаарын бай гэсэн үг. Өөрөөр хэлбэл, уртаашаа нэг метр, өргөөшөө 20-30 см асар өндөр хурдтай агаарын байг радиолакацийн станцаар илрүүлэн, бариад пуу­жин чиглүүлэх стан­цын сууринаас харвасан пуу­жингаар ононо, устгана гэсэн үг. Ердөө 10-14 секун­дэд л болох үйл явц шүү дээ. Өндөр хурдтай нисэж яваа пуужин-байг анхны сумаар ононо гэдэг маш их чадвар юм.

-Таныг онцгой овсгоотой, мэргэн, ганц л они­лоод  байгаа онодог зенитчин байсан талаар сонссон.

-Манай пуужинчид анхны су­маар агаарын бай­гаа сөнөөж, Зөвлөлтийн пуужинчдыг гайхаш­руулж байсан түүх бий. Пуужин харвах тухай маш товч­хон хэлье. Энэ ажлыг буудагч, чиг­лүүлэгч офицер, гар дагаврын операторууд, харва­хын тоотуудын хамтын ажиллагаагаар хийдэг. Мөн пуужинг ажил­ла­гаанд бэлтгэдэг онцгой үүрэг­тэй, мундаг ур чад­вар­тай инженер техникийн ажилт­нуудыг дурдах ёстой. Пуужингийн галт дивизион зургаан харвах суурьтай. Агаарын дайсныг цагт нь илрүүлж, заалт хийгээд, буудагч нь устгах ту­шаа­лыг чиглүүлэгч офицерт  өгдөг. Би буудагч байлаа. 

-Байгаа онох, эсэх нь буудагчаас шалт­гаал­даг юм байна. Тэгвэл байгаа онох үед хашхи­р­маар, дуулмаар, бахархмаар болдог байх даа.

-Тэр ч ёстой ярих юм биш, хачин сайхан мэдрэмж.

-Саяхан Сирид болсон үйл явдлаас жишээ та­таад асуухад, зэвсэглэлээр хөөцөлдөх асуу­дал дэлхий нийтийн айдас, том гүрнүү­дийн “хообий” шахуу болжээ. Ингээд зогсох­гүй туур­га тусгаар нэг улс руу цэргийн хүчээр дайрч, дайн дэгдээж, пуужин харваж дураараа авирладаг боллоо. Нийтийн эрх ашиг гэсэн хал­хавч­тай ийм үйлдэл бол дарангуйлал, харгис­лалын нэг хэлбэр болов уу. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ, генерал хү­ний хувьд?

-Товчоор хэлбэл, маргаантай, хямралтай асууд­лыг зэвсгийн хүчээр шийдэх концепцоос тэр­гүү­лэх гүрнүүд татгалзахгүй байна. Хэв­лэлтэд шил­жүү­лэ­хээр бэлэн болгосон “Агаарын цэргийн офи­цер мэр­гэжилтнүүдэд зориулсан товхимол”-доо би энэ та­лаар буюу сүлжээ төвтэй дайны талаар хөндсөн. За­луу офицер, боловсон хүчнүүдэд санаа, сэдэл бол­гох зорилгоор гаргаж байгаа юм.

-Эл товхимолд удирдлага, хариуцлага, зорилго гэж чухам юу болохыг хүртэл тайлбарлажээ. Энэ талаар бид бараг өдөр бүр ярьдаг, тун энгийн, ойлгомжтой зүйл мэт боловч том агуулгатай ухагдахуун. Манай улстөрчдийн зорилго УИХ-ын гишүүн, дарга л  болох мэт харагддаг.

-Тэгээд тэр хүслээ биелүүлж аваад, сэтгэл нь амардаг байх. Гэхдээ бүгдийг нь тэгж хэлж болохгүй л дээ. 

-Тэгвэл  улс төрийн томилгоогоор ирсэн мэргэжлийн бус хүмүүс ажил “алдаг”  гэдэгтэй та санал нийлэх үү?

-Улс хөгжихгүй байгаагийн нэг том шалтгаан нь энэ шүү дээ. Тухайн салбарыг удирдах хүн хамт олноо судалж, тодорхой зүйлүүдийг өөрөө мэ­дэр­сэн, мэдсэн байх ёстой. Хэн нь ямар үед хэрхэн ажиллаж байсан, шийдвэрлэх мөчид ямар шийд­вэр гаргадаг, зан чанарын хувьд ямар вэ гэхчилэн өөрөө тэр тогоонд нь байсан хүний хэмжээнд мэ­дэх­гүй, судлаагүйгээс болж бусдын буюу хэн нэ­гэн тал зассаных нь үгэнд автах магадлалтай. Энэ бол сул тал. Жишээ нь, Ёндон, Жадамбаа сайд гэ­хэд салбартаа олон жил зүтгэсэн учраас хуурай за­мын,  пуужингийн, агаарын цэрэгт хэн гэдэг хүн ман­лайлж байна, энэ ажлыг цаашид аваад явчих нь хэн бэ гэдгийг бодит амьдралаас харж, мэдсэн учраас чамбай, ухаалаг шийдвэр гаргадаг байлаа. Харин гэнэт л томилогдоод ирсэн хүн бусдын хэлсэн, ярь­сан сур­гаар л салбарынхнаа дүгнэнэ. Яг энэ шалт­гаа­наар боловсон хүчний бодлого үндсэндээ алдагдсан.

-Өнөөгийн нийгмийн байдлыг иргэн хүнийхээ хувьд хэрхэн харж байна вэ?

-Социализм гээд бараантуулж харахгүй л бол удирдлагын, хууль зүйн, эдийн засгийн гээд бүхий л хүрээндээ бодлоготой, системтэй, зорилттой бай­сан. 1990 оны үйл явдлыг хувьсгал гэхэд хэцүү юм аа. Хувьсгал мөн гэсэн ч аргын хувьд, ялангуяа удир­дах түвшнийхэн тэр чигтээ огцордог нь бу­руу бай­сан юм болов уу. Бүхэл бүтэн улсаа дан жулд­рай хүүхдүүдэд даатгаад орхисныг буруу л гэж боддог.  Нэг жишээ хэлье. 1989 оны хоёрдугаар са­рын дун­дуур Налайхад манай пуужинчин дайчид Зөв­лөлт­ийн цэргийнхэнтэй ажил, мэргэжлийн тэмцээн хий­сэн юм. “Улаан од” сонины редакц руу утасдаад тэр үйл явдлыг сурвалжлуулах болсны дагуу нэг залуу ирлээ. Жижигхэн биетэй, шинелийнх нь даг дайр болсон зах ардаа овоорч, сэгсийсэн үсэнд нь дарагдчихсан дэслэгч байна. Налайх руу явах замдаа би түүнд “Хоёр орны найрамдлыг бэхжүүлэх арга хэмжээнд оролцох хүн байж наад үс, зүс, шинелиэ хар” гээд жаахан зэмлэнгүй хэлсэн. Эсэргүүцэж, янз бүр болоогүй л дээ. Тэгээд сурвалжилга хоёрду­гаар сарын 20 хавиар гарах ёстой байсан ч таг чиг. Хүлээгээд л байлаа. Аргаа бараад “Улаан од” руу утасдлаа. Нөгөөх сурвалжлагч нэг тийш сурвал­жилгаар яваад, завгүй байсан учраас удахгүй гар­гана л гэнэ. Тэгж тэгж гуравдугаар сарын дун­дуур нэг мэдээ гарчээ. Уншлаа, монгол, орос пуужинчид уралдсан талаар сурвалжилга бэлтгэсэн болов уу гэж бодтол дэндүү товчхон мэдээ байх юм. Үүнээс үүдээд би тэр сурвалжлагч залууг ажилдаа сэтгэлгүй ханддаг юм байна гэж бодсон. Тэгтэл 1990 онд нөгөө залуу чинь улс төрийн шу­гамаар их мандаж, дэвшээд Төрийн тэргүүн болт­лоо явсан шүү дээ. Тийм л хүмүүст ирээдүйгээ даатгаад Улс төрийн товчоо бүхэлдээ огцорсон нь харамсалтай.

-Монгол хүний жудаг мууджээ гэдэгтэй та санал нийлэх үү?

-Нээрэн л монгол хүний жудаг жаахан муудсан байна. Ичиж, эмээхээ больж. Энэ чинь л жудаггүйн шинж.

-Та ер нь яаж яваад цэргийн хүн болчихов?

-Дунд сургууль төгсөөд гадаад явна гэсэн ганц­хан мөрөөдөлтэй байлаа. Куба улс руу явахын хүслэн.

-Яагаад заавал Куба гэж?

-Хамгийн хол газар руу л явна гэж байхгүй юү. 1964 онд манай сургуулийг төгссөн Садив Куба яв­чихжээ. Тэгэхээр нь би яагаад болохгүй гэж, тийм зам байдаг юм байна гэж бодсон. Хуваарь ирлээ. 90 хүүхдээс 45 нь их, дээд сургуулийн, үлдсэн нь трак­тор, комбайнчин, барилгачны курст явсан. Гадаа­дын сургуульд дан онц төгссөн хүүхдүүдийг авч бай­на. Тэр дунд цэргийн сургуулийн ганц хуваарь бай­с­ан ч хүүхдүүд нэг их тоосонгүй. Тэгэхээр нь би ангийн багшдаа “Би цэргийн сургуульд явна” гэчихлээ. Удалгүй Гомбо захирал намайг дуудав. Их сайхан хүн байж билээ. Тэрбээр намайг цэргийн биш, баг­шийн сургуульд орохыг зөвлөсөн. Эсэргүүцэж чадалгүй “За” гэчихээд дотроо болохоор гадаад л яв­на гэсэн хэвээрээ өрөөнөөс нь гарлаа. Намайг есдүг­ээр ангид байхад захирал багш А бүлгийн Лхагва­сүрэнтэй хамт тавдугаар ангийн 20 хүүхдийг ха­риу­цуулсан юм. Бид бүгд дотуур байрных. Янз бүрийн ааш авиртай хүүхдүүд байгаа шүү дээ. За­римдаа хэн нэг нь хичээлээ тасална, зарим нь хул­гай хийнэ, хоорондоо гар зөрүүлнэ, орондоо шээх нь ч бий. Би тэдний ая эвийг олох тодорхой оролдлого хийж байсан шиг байгаа юм. Захирал багш бид хоёрыг ажиглаад л байж л дээ. Тэгээд л багш болбол зүгээр гэж зөвлөсөн юм билээ.

-Тэгээд Кубад биш ч гэсэн хүссэнээ гүйцэлдүүлж гадаадад сурчээ. Нэг биш, бүр хоёр удаа хилийн чанадад цэргийн эрдэмд боловсорсон гэл үү?

-Дунд сургуулиа төгсөөд, ЗХУ руу явж, Киевийн артиллерийн инженерийн дээд сургуулийн коман­дын ангид сурсан. 1969 онд төгсөж, офицер болсон. 1984-1986 онд Ёндон сайдын үед Москвад Зэвсэгт хүчний жанжин штабын академид сурсан. 1981 онд АИХ-ын депутатаар сонгогдож, төр барилцаж явлаа. 

-Таныг ажиллаж байх хугацаанд Батлан хамгаалахын сайд хэдэн удаа солигдсон бэ. Тэднээс ажлаа мэд­дэг, удирдах арга барил, чадвараараа ман­лайлж таны сэтгэлд хамгийн их хоногшсон нь хэн бэ?

-Би цэрэгт 42 жил алба хаахдаа 15 сайдын нүүр үзсэн. Хэдийгээр энгийн байгууллагад ажил­лаж бай­сан ч гэсэн Төв хороо, Засгийн газрын шийд­вэ­рээр томилогдсон Ж.Авхиа гуай маш их нэр хүнд­тэй, зангарагтай сайд байсан. Ээжийн минь та­лын хүн учраас ингэж ярьж байгаа юм биш. Тэр­бээр ажлаа мэддэг, дөрвөн жилийн хугацаанд олон зүйл шинэчилсэн, дайчин, шударга, хатуу шаардлагатай хүн байсан. Үүнээс нь болоод доод талын хүмүүс нь адлах маягтай элдэв зүйл ярьсаар огцруулсан юм шүү дээ. Түүнээс гадна Ш.Жадамбаа сайдыг би шударга, үнэхээр хөдөлмөрч, зөв хүн гэж хэлнэ. 1994 онд Жадамбаа сайдтай 14 хоног хилээр явсан юм. Үүрийн гэгээнээс шөнө дөл хүртэл нэг ч минут амрахгүй, заримдаа бүр хоол ундгүй ажиллаад л, давхиад л, шалгаад л явж билээ. Гэнэтийн шалгалт хийнэ. Үнэ­хээр мундаг сайд байсан.

-Эх орон гэдгийг хилийн зурвасаар төсөө­лөх хүн байдаг. Эх орон гэж таны хувьд юу вэ?

-Эх орон бол ард түмний бүтээн босгосон үнэт зүйл юм. Хил хязгаартай, тусгаар тогт­нол­той тэрхүү үнэт зүйлээ дээдлэн, эрхэм­лэх учиртай. Тэгэхийн тулд жудагтай, хариуц­ла­гатай, хайртай байх ёстой. Эх оронч л юм бол улсаа залилах, хөрөнгөжих гэсэн санаагүй бай­хыг эрхэмлэх хэрэгтэй. Ялангуяа дээр сууж байгаа хүмүүс.

-Та хэдэн хүүхэд, хэдэн ач зээтэй вэ. Таныг залгамжлах цэргийн хүн гарсан уу?

-Би хүү, охинтой. Ач, зээ тав байна. Зээ­н­цэр­тэй болсон. Хүү минь цэргийн хүн, хошууч цолтой.  

-Армитай холбосон амьдралынхаа яв­цад баяр, гуниг, гашуун гээд олон үйл явд­лын гэрч болж, догдолсон, гунисан, эмзэглэ­сэн, бухимдсан, гутарсан байх. Сэтгэлээс тань гардаггүй хамгийн баярт мөчөө дурсаач.

-Төр, засгийн буянаар би Америкийн цэр­гийн командлалд жил гаруй үүрэг гүйцэтгэ­сэн. Цэргийн хүн болсны гавьяа, хариуцлага гэж боддог. Энэ бол миний нэг баярт мөч байсан. Ингэхийн тулд би бие дааж англи хэл сурсан. Баярламаар өөр нэгэн дурсамж бол ген­ерал болсон явдал.

-Цэргийн дээд цол хүртэх тухайгаа хэнээс анх сонссон бэ?

-БХЯ-ны сайд энэ талаарх мэдээг утсаар дуулгаад “Цэргийн оёдлын үйлдвэрт очиж, хувцсаа хийлгэ” гэсэн. Тэгээд л гараад давхисан даа. Хоногийн дотор оёж бэлэн болгодог юм билээ. Цолоо хүлээж авах үедээ “Аав аа, ачийг тань хариуллаа” гэж тэнгэрт буй аавдаа хэлсэн. Аав минь намайг генерал бо­лохоос дөрвөн жилийн өмнө 1992 онд өөд болсон юм. Цэргийн дээд цолыг би дан ганц өөрийн хүчээр хүртээгүй гэж боддог. Үүнд хамт олон, армийн буян бий. 40 гаруй жил ханилсан эхнэр Б.Цэгмидийн минь тус дэм асар их. Намайг генерал болгосон хань минь гурван жилийн өмнө тэнгэртээ харьсан.

-Тэгвэл бухимдсан, гутарсан үе хэзээ бол?

-Генерал болсон хүн ажиллах урам, хүсэл зо­рил­готой байна биз дээ. Тэгж байтал засаг, төр со­лигдоод АН гарлаа. Дорлигжав сайд болсон. Ар­ван­хоёрдугаар сарын 19-нд гэнэт тушаал гаргаад на­майг ажлаас чөлөөлчихдөг юм байна. Надтай хамт генерал Жүгдэрнамжил, хурандаа Тайванхүү на­рыг нэг тушаалаар чөлөөлсөн. Нөгөө хоёр маань шууд л гарчихсан. Би жаахан гөжүүдлээд сай­дад  өргөдөл гаргаж “Намайг гадаадад, эсвэл до­тоодод англи хэлний дамжаанд сургаж өгнө үү” гэж бичсэн ч зөвшөөрөөгүй л дээ.  Түүнээс хойш би өөртөө бие дааж англи хэл сурахаар андгайлсан. Хоёр жилийн хугацаанд ямар нэгэн хэмжээгээр сурсан. Англи хэлнээс орчуулсан хэд хэдэн ном бий. Армийн төлөө чин сэтгэл зүрхээ зориулж байсан хүн гэнэтхэн ха­лагд­чихаар эмзэглэдэг л юм билээ. Энэ талаараа шү­лэг бичсэн. Ер нь сэтгэл “донсолсон” үедээ би цаас, үзэг нийлүүлчихдэг юм.

-Та тэгэхээр “айхтар” элдэвтэй хүн байх нь. Шүлэг бичнэ, орчуулга хийнэ, ном товхимол гаргана. Өөр ямар нөөц авьяас байгаа бол?

-Би их оролдлоготой “дурак” л даа, муугаа мэ­дэхгүй. 2007 онд тэтгэвэртээ суугаад олон та­ван юм бодолгүй л БХИС-даа багшилсан. Урьд нь 1996-2000 онд Батлан хамгаалах удирд­ла­гын академийн захирлаар ажиллаж байсан. Ми­ний аав 1936 онд анх цэргийн албанд татагдаад Улаан­хуаранд бага даргын сургуульд суралцаж бай­сан гэж хуучилдаг байсан. Дүү минь ЦНДС-ийг төг­сөж офицероор ажиллаж байсан, хүү маань ч тэр сур­гуульд сурсан юм. Тэ­гээд л энэ ээл­тэй га­зарт ажил­лая гэж бодсон хэрэг. 2008 онд сур­гуу­лийн­хаа докторантурт элсэж, эрд­мийн ажил хийж эхэл­сэн. 2011 онд “Дайны бус цэр­гийн ажиллагаанд орол­цох бүрэлдэхүүнийг сур­гаж бэлтгэх нь” сэдвээр цэргийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Одоо су­ргуу­лийнхаа профессорын багийн гишүүн, докто­ран­ту­рын ангид аюулгүй байд­лын асуудлаар хи­чээл зааж байна. Ажлынхаа чөлөө, заваар орос, англи хэл­нээс орчуулах ажилдаа шамдах санаатай явж байна даа.

Ийнхүү хийхээ төлөвлөж, нарийн хуваарь гар­гасан энэ хүн үнэхээр дайчин, мэрийлттэй, зүгээр суудаггүй, зөгий шиг хүн аж. Өч төчнөөн ном гар­гасан, Фредерикийн “Генералуудад илгээх заавар­чилга”, Сун Цыгийн “Дайны урлаг”, Н.Бонапартын “Дайны зарчмууд” зэрэг цэргийн урлагийн сонгодог гарын авлага болсон зохиол орчуулсан, хэдэн арван дуу, шүлгийн эзэн юм байна. Өдгөө хэвлэлтэд шил­жүүлэх нэг товхимол, удахгүй “өлгийдөх” өөр нэгэн номтойгоо “ноцолдохын”  зэрэгцээ БХИС-д багшилж буй. Гавьяаныхаа амралтыг эдлээд, “тарвалзаад” суух насандаа юм юм оролдож, хийж, бүтээж буй түү­нийг, ургаж, цэцэглэж буй ургамалтай зүйр­лэ­мээр санагдлаа. “Ургадаг” генерал маань бас их егөө­тэй, хошин шогийн мэдрэмжтэй юм билээ. Түү­ний бичсэн зарим шүлэг нэлээд “чимхсэн” өнгө аяс­тай. Жишээлбэл, ажлаасаа халагдсан тухайгаа

“Баатар Батын Дорж, жанжин Лхаг­ва­сүрэн, Ёндонгоор бардамнаж, бас Жарантайн Авхиа, Шагалын Жадам­баа­гаар бахархаж явахдаа бага дар­гын мөрдэс даагаагүй нэгэн тооноор бууж ирээд Бат­лан хамгаалахын хоймрыг зайдагнана гэж зүү­дэлсэнгүй” гэж егөөдсөн бол Цагаан са­рын зол­голт хийхээр ажил цалгардуулдаг байд­лыг шүүмжлэн 2005 онд

“Жаран насны зоо тэнийсэн надаар

Жанжин штабыг мануулж орхичихоод

Цэл залуухан, гял цалхан дарга нар

Цагаан сарын золгоондоо мордов оо” гэж бич­жээ. 2009 онд тэргүүний багшаар шалгарсан түүнд хүмүүс баяр хүргэж, жигтэйхэн догдолж, хөөрч байтал нэг мэдэх нь ээ хоёрдугаар байрт орчихсон байжээ. Учрыг мэдэх нь ээ, ажилласан жил цөөн гээд ухраачихсан аж. Үүнд эмзэглэсэн тэрбээр “Түрүүлсэн ажнай хүүхэдгүй бол тав ухраана. Наадмын комисс. Тэргүүлсэн багш хөгширсөн бол нэг ухраана.  Сургуулийн комисс” гээд “чимхчихэж”.

Ийм нэгэн хүнтэй элдвийг хөөрөлдсөн яриагаа энэ хүргээд өндөрлөв. Санаж сэдэхэд цаг хугацаа, нас, зүс хамаардаггүйн үлгэр дуурайл болсон нөхөр генерал танд арвин амжилт хүсэн ерөөе.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (26)

Илгээх

Энэ тухай