Харийн “овгор”-ууд унаган шавьжнуудад заналхийлж байна

Сүүлийн жилүүдэд манай улсын хилээр харийн “овгор”-ууд дуртай үедээ орж, гарах нь ихэсчээ. Яг л визгүй зорчигч шиг. Уг нь манайхан тэднийг анхааралдаа авч, хилийн дээс гишгүүлэхийг хориглоно гэж холбогдох хууль, журамд тусган, хэрэндээ болгоомжилж буй ч хил, гаалийнхныг амсхийх зуурт яаж ийгээд л ороод ирдэг гэнэ.

Жирийн иргэд тэднийг таньдаггүй, ямар далд санаатайг нь мэддэггүйгээс орон гэртээ төвхнөх боломж олгон, тэжээх нь олон аж. Гэтэл тэд хариуд нь “нутгийн индиан”-уудыг нууцаар дарамталж, ноёрхлоо тогтоохоор санаархдгийг судлаачид тандан, мэджээ. Судлаачдын хараанд өртсөн энэ этгээд бол харийн гэх тодотголтой шавьжнууд.

Манай улс Амьтны тухай хуульд “Улсын хилийн гаднаас зориудаар болон санамсаргүй байдлаар зөөвөрлөгдөн ирж, нутагшиж байгааг харь амьтан” гэнэ хэмээн тодорхойлоод, төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр энэ төрлийн амьтныг нутагшуулж, өсгөн үржүүлэхийг хориглосон. Өдгөө Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хорио цээртэй, хөнөөлт организмын жагсаалтад 39 зүйлийн шавьж буй. Эдгээр нь ихэвчлэн хоол хүнс, тэр дундаа бидний өдөр тутам хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнээр дамжин орж ирдэг байна. Цөөн тохиолдолд бусад эд, материалд нуугдан “айлчилдаг” аж. Ийм төрлийн шавьжнууд гурилын, цагаан будааны, төмсний, байцааны, нимбэгний гэх зэрэг тодотголтой байдаг нь зүгээр ч нэг оноосон хэрэг биш юм.

Сүүлийн жилүүдэд ийм урилгагүй зочид илүү олуулаа болж, ийш тийш аялах нь олширчээ. Үүний шалтгааныг судлаачид “Нийгэм, эдийн засгийн хөгжилтэй холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүний төрөл, зүйл олширсноос улбаатай” гэж судлаачид тайлбарлав. Тиймээс дэлхийн орнууд шалган нэвтрүүлэх боомт дээрх хяналт, шалгалтаа чангалж, харь зүйлийн амьтан, ургамал илрүүлдэг шинэлэг технологи нэвтрүүлж буй гэнэ. Ялангуяа биологийн олон янз байдлын конвенцод нэгдэн, Айчигийн зорилтыг биелүүлэхээр зорьж буй орнууд ийм арга хэмжээг эрчимтэй авч байна. Харин манайд удаашралтай, дэвшилт техник, технологи нэвтрүүлээгүй учраас харь зүйл шавьж ирж нутагших, тоо толгой нь өсөж үржих хамгийн таатай нөхцөл бүрдсэнийг “Монгол орны амьтан, ургамлын олон янз байдал, экологийн төлөв” сэдэвт сэтгүүлчдэд зориулсан сургалтын үеэр судлаачид хэлсэн юм.


..Харь зүйлийн шавьж гэдэг манайд шинэ ойлголт биш. Гэвч энэ төрлийн амьтаны судалгаа, шинжилгээ тун мууг судлаачид хүлээн зөвшөөрсөн юм. Монголд 30 гаруй зүйл ийм шавьж бүртгэгдсэн ч хэчнээн нь нутагшсан, тэд ямар амьтдыг дарангуйлж, хэчнээнийг устгасан бэ гэдэг нь бүрхэг...


Монголд элэгтэй, хамгийн түгээмэл орж ирдэг шавьжнуудын тоонд шош болон вандуйн үрч цох, цагаан будаа, эрдэнэшишийн шөвгөр хошуут цох, алимны мөлгөр цох, гурилын цог эрвээхэй, төмс, байцааны хивэн эрвээхэй, амтат гуаны ялаа, гүзээлзгэнийн хачиг, усан үзмийн филлоксер, хошоонгорын хөндийлөгч ялаа, гурилын жижиг жуулгавч ордог байна. Гурил, будаанаас ийм шавьж гарч ирсэн тухай нэг бус удаа дуулж байв.

НИМБЭГНИЙ БӨӨС
Биеийн хэмжээ нь нэг мм орчим урт. Дэлхийн хэмжээнд маш эрчимтэй тархаж байгаа зүйл. Нимбэгний төрлийн ургамлын шүүс сорж хооллодог. Сүүлийн жилүүдэд манай орны иргэд нимбэгний мод тарих зорилгоор тарьц, суулгацыг ихээр оруулж ирдэг болсноос ийм шавьж үүрлэх таатай нөхцөл бүрджээ.

Харин эрдэнэшиш, шош, вандуй, нимбэг хүртэл аюул тээгч болно гэж хэн санах вэ дээ. Тэр дундаа, C витаминаар баялаг, биеийн хор шүүдэг хэмээн хүмүүс өргөн хэрэглэх болсон нимбэгний бөөс дэлхийд маш эрчимтэй тархаж байгаа харь зүйлийн нэг гэнэ. Зарим шавьж Монголд дөнгөж хөл тавьж байхад нутагшаад хэдэн арван жил болсон нь ч бий аж. Тухайлбал, Энэтхэгт үйлдвэрлэсэн жигнэмэгээр дамжин ирж, анх 1980 онд Монголд бүртгэгдсэн хул шоргоолж өдгөө манай оронд хэдийнэ төвхнөжээ.

Харь зүйл шавьж орж ирэх нь, нутагших нь ямар урхагтай вэ. Энэ асуултад МУИС-ийн Биологийн тэнхимийн багш У.Айбек хариулсан юм. Тэрбээр “Ер нь хүмүүс аливаа амьтныг ашигтай, хортой гэж ялгахдаа зөвхөн өөрсдийнхөө эрүүл мэнд, эрхэлдэг аж ахуйд ямар нөлөөтэй вэ гэдгийг нэн түрүүнд боддогоос биш, байгальд ямар ач холбогдолтойг боддоггүй, сонирхдог ч үгүй” гэсэн юм. Түүний хэлсэн үнэхээр үнэн.

Магадгүй бид яг энэ зангаасаа болоод харь зүйлийн шавьжны хамгийн гол хөнөөлийг мэддэггүй байх нь. Тэр нь юу гэвэл, шинэ орчинд дасан зохицохдоо гарамгай энэ амьтад тухайн нутаг дахь унаган зүйлүүдийг шахан зайлуулж, хөнөөдөг аюултай байна. У.Айбек энэ тухай “Тэдний нэвтэрсэн шинэ орчинд байгалиас заяасан өрсөлдөгчид, түүгээр хооллодог идэштэн амьтан байдаггүй нь тоо толгой нь хурдан өсөх гол шалтгаан болдог” гэв. Өөрөөр хэлбэл, унаган амьтад тэднийг хэн бэ гэдгийг хараахан таньж амжаагүй байхад нь дайрч, хөнөөх оролдлогоо эхлүүлдэг аж. МУИС-ийн Биологийн тэнхимийн багш Н.Батсайхан үүнийг тун төстэй жишээгээр дэлгэрүүлэн тайлбарласан юм.

Манай улс Хустайн нуруунд тахь нутагшуулсан эхний жилүүдэд тахийн сүрэгт ямар ч амьтан заналхийлдэггүй, амар тайван байж. Чоно тахь барьсан тохиолдол нэг л удаа гарснаас хойш амар заяаг нь үзүүлэхээ байжээ. Үүнийг тэрбээр унаган болон харь зүйл амьтан бие биенээ таньж, мэддэг болсноос үүдэлтэй хэрэг гэж тайлбарласан.

Харь зүйлийн шавьж гэдэг манайд шинэ ойлголт биш. Гэвч энэ төрлийн амьтны судалгаа, шинжилгээ тун мууг судлаачид хүлээн зөвшөөрсөн юм. Монголд 30 гаруй зүйл ийм шавьж бүртгэгдсэн ч хэчнээн нь нутагшсан, тэд ямар амьтдыг дарангуйлж, хэчнээнийг устгасан бэ гэдэг нь бүрхэг. Байгальд огт ашиггүй, эсвэл туйлын ашигтай, ямар ч сөрөг нөлөөгүй амьтан байдаггүй гэдэг. Гэхдээ тухайн бүс нутагт он удаан жил нутагшсан унаган зүйлийг дарангуйлагчдыг өмөөрч, тэднээр устгуулж боломгүй.

Манай улс Биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөрийн хүрээнд дараах зорилтыг дэвшүүлжээ.
-2018 онд харь зүйлийн амьтан, ургамлыг бүртгэлжүүлж, мэдээллийн сан байгуулна.
-2020 он гэхэд түрэмгийлэгч харь зүйлийн тархалтыг хянах тогтолцоо, эрх зүйн орчныг сайжруулна.
-2025 онд харь зүйл нэвтрэн орох, түүний тархалтаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлж эхэлсэн байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай