ФОТО: Хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлсэн багт олгодог “Алтан цом” Монголд анх удаа “айлчиллаа”

Хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлсэн багт олгодог “Алтан цом” Монголд анх удаа ирлээ. Эл цомд зөвхөн ДАШТ-д түрүүлсэн багийнхан болон тухайн айлчилж буй орны Ерөнхийлөгч л гар хүрэх эрхтэй байдаг. Эл журмын дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга “Алтан цом”-ыг барьсан Монголын анхны хүн болов. ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооноос Италийн дархан Сильвто Гаццаниагийн урласан “FIFA world cup”-ыг 2006 оноос хойш улс орноор аялуулж байгаа билээ. 36.5 см өндөр, 5 кг алтны орцтой тус цом 2010 онд 84, 2014 онд 90 орноор аялж, 2.3 сая хөлбөмбөгийн хорхойтонтой “уулзжээ”.

Эл цомын ёроолд ДАШТ-д түрүүлсэн багийн нэрийг бичдэг, 2038 он хүртэл ашиглах боломжтой. “Алтан цом”-оос өмнө хөлбөмбөгийн хорхойтнууд “Алтан дагина” нэрээр илүү сайн мэдэх Грекийн ялалтын бурхныг дүрсэлсэн цомыг ДАШТ-д түрүүлсэн багт олгож байв. ДАШТ-ийг санаачилсан, ФИФА-гийн гурав дахь ерөнхийлөгч Жюль Римегийн нэрээр нэрлэсэн “Алтан дагина”-ыг бразилчууд ДАШТ-д гурав дахь удаагаа түрүүлэхэд үүрд хадгалуулсан юм. Гэвч 35 см өндөр, 3.8 кг жинтэй эл цом Бразилын хөлбөмбөгийн холбооны байранд хадгалагдаж байгаад 1983 онд хулгайд алдагдан, одоо хүртэл олдоогүй байгаа юм. Монголд тавтай морил, “Алтан цом”.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай