Биедээ хар тамхи нууж авчраад баригдлаа

Биедээ хар тамхи нууж авчраад баригдлаа

Өмнөд хөршөөс Замын-Үүдээр дамжин энэ сарын 18-19-нд шилжих шөнө орж ирсэн дөрвөн хүнийг ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх газрынхан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт саатуулан шалгаж, их хэмжээний “мөс” биедээ нуусан байсныг тогтоожээ. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож байсан Г.Сарангэрэл ичимдэг эрхтэндээ уг мансууруулах бодисыг нуусан байсан агаад цагдаа, прокурорын ажилтнууд хойшлуулшгүй ажиллагаа явуулж, түүнийг “Өргөө” амаржих газарт аваачин, нарийн мэргэжлийн эмч, сувилагч нараар үзлэг хийлгэж, хар тамхийг нь гаргаж эд мөрийн баримт болгосон гэнэ.

Тэрбээр уг мансууруулах бодисыг бусдад худалдахаар явсан гэдгээ хүлээсэн сурагтай. Хар тамхитай тэмцэх газрынхан Гаалийн болон МХЕГ-тай хамтран “Бодис-2018” нэртэй арга хэмжээ зохион байгуулж буй юм. Үүний хүрээнд “мөс” хилээр оруулан, худалддаг хэд хэдэн бүлгийг илрүүлсний нэг нь Г.Сарангэрэл нар аж.

Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард мөн л хар тамхины хэрэгт саатуулагдан шүүхээр ял шийтгүүлсэн. Үүнээс өмнө буюу 2014 онд түүний хар тамхи худалдаж авдаг хүнийг нь тогтоохоор ажиллаж байхдаа Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй харилцаатай болохыг гар утасных нь хандалтаар цагдаагийнхан баталсан бөгөөд Г.Сарангэрэл ч “Цензургүй яриа” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө “Би Х.Тэмүүжинг сайн ах гэж боддог. Ажил дээр нь хүртэл очиж байсан” хэмээн ярьсан билээ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн сарын 17-ноос энэ сарын 19 хүртэлх хугацаанд ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх газрынхан хар тамхи хилээр оруулж ирж борлуулдаг 20-иод хүнийг саатуулан шалгаж байгаа аж. Түүнчлэн энэ оны нэгдүгээр улирлын байдлаар хар тамхины 61 хэрэгт холбогдсон 132 хүнийг мөрдөн байцаажээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай