Монголын спортод хос морьтой эрхэм

Энэ удаагийн ярилцлагын зочныг маань спортынхон “Сахал” хэмээх хочоор нь сайн мэднэ. Монголын хөлбөмбөг, волейбол, хоккейн спортын алдарт тамирчин, дасгалжуулагч Л.Доржсүрэн гуай үндэсний шигшээ багт есөн жил зүтгэхдээ УАШТ-ээс алт, мөнгөн медаль тус бүр хоёрыг хүртэн, 1972 онд дэд аварга болохдоо 32 гоол оруулсан амжилтаар шилдэг довтлогчийн шагнал хүртжээ.

Хоккейгоор “Залуу үе” сэтгүүлийн нэрэмжит тэмцээн (Тухайн үед УАШТ-ийг зохиодоггүй байсан тул хамгийн том тэмцээн байв)-д дөрөв түрүүлж, хоёр удаа шилдэг хамгаалагчаар шалгарсан юм. Монголын шилдэг дасгалжуулагчийн шагналыг хоёр удаа (1996, 2000 онд) хүртсэн тэрбээр лигийн тэмцээнд хамгийн олон буюу 11 удаа түрүүлсэн “Эрчим” багийг байгуулан, 1994 оноос 2010 хүртэл дасгалжуулсан юм.

Азийн хөлбөмбөгийн холбооноос олгодог “Мөнгөн од” шагналаар энгэрээ мялаасан Монголын гуравхан хүний нэг (нөгөө хоёр нь түүний шавь И.Отгонбаяр, Д.Гансүх) тэрбээр Ч.Владимартай хамтран Монголын хөлбөмбөгийн холбооны логог бүтээж, Монголд анхны лигийг зохион байгуулах, МХБХ-г Азийн хөлбөмбөгийн холбоонд элсүүлэхэд гар, бие оролцож явсан эрхэм. Монголын хөлбөмбөгийн холбооны тэргүүн дээд шагнал “Алтан титэм“-ийг хүртсэн гуравхан эрхмийн нэг түүнтэй ярилцлаа.

-Өчигдөр (энэ сарын 19) өндөрлөсөн Сансрын нисэгчдийн нэрэмжит ахмадын тэмцээнд хэчнээн баг өрсөлдөв. Та өөрөө оролцов уу?

-Би одоо “Эрчим” клубийнхээ насанд хүрэгчдийн багийн зөвлөх, ахмад тамирчдын багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна. Гурван насны ангилалд дөрвөн баг оролцуулснаас хоёр нь түрүүллээ. Би 2009 оноос хойш тэмцээнд өрсөлдөөгүй. 70 настай ч тоглож болмоор л санагддаг.

Гэхдээ өөрөөсөө айгаад байдаг юм аа (инээв). Тоглож байхдаа багийнхныгаа загнаад байдаг муу зуршилтай. Олон жил дасгалжуулагчаар ажиллахаар бусдын алдааг түрүүлж хардаг, тэрийгээ шууд илэрхийлчихдэг гэмтэй болчихдог юм байна. Би ахмадын УАШТ-ий зургаан түрүүтэй.

-Хөлбөмбөгийн спорттой амьдралаа холбосон дурсамжаар тань ярилцлагаа үргэлжлүүлье. Хурдан морь унаж явсан хүү хэрхэн хөлбөмбөгчин болов?

-Би Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт орших Олон нуур гэдэг газар мэндэлсэн, эхээс арвуулаа. Гурван настай байхад манайх Төв аймагт шилжиж ирсэн юм. Дөрөвдүгээр анги төгсөтлөө хурдан морь унаж өссөн нь намайг тэсвэр хатуужилтай, өлчир болгон хүмүүжүүлж, өнөөгийн амжилтад их нөлөөлсөн.

16 настайдаа буюу 1966 онд “Замчин” нийгэмлэгийн тамирчин болж, спортын гараагаа эхлүүлж байлаа. 1970 онд цэргийн албанд татагдан “Алдар” нийгэмлэг (өдгөө спорт хороо болсон)-ийн багт таван жил зүтгэсэн. Цэргээс халагдахдаа улирчихсан хэрэг. Цэргийн алба хаасныхаа дараа Багшийн дээд сургуульд дасгалжуулагчийн мэргэжлээр сурсан. Тэгээд л арваннэгдүгээр сургуульд биеийн тамирын багшаар очин, ажлынхаа хажуугаар “Алдар” нийгэмлэг болон үндэсний шигшээ багт тоглодог байлаа.

Би улсынхаа шигшээд найман жил (1971-1978) зүтгэсэн. Тухайн үед шигшээгийн тамирчдыг тогтмол бэлтгэл хийлгэдэггүй, томоохон тэмцээний өмнө цуглуулдаг байлаа. Жилд олон улсын нэг юм уу, хоёр л тэмцээнд өрсөлдөнө. Монголын анхны шигшээ багийн зарим тамирчинтай хамт тоглож явснаараа бахархдаг. Үүний сацуу хоккейн талбай байгуулж, цөөнгүй тамирчин бэлтгэн, эл спортыг Монголд хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсандаа олзуурхдаг.

Миний мундаг гэж юу байх вэ. Сайхан хамт олны дунд, спортод элэгтэй, тамирчнаа ойлгодог, дэмждэг арваннэгдүгээр сургуулийн захирал асан Г.Нацагдорж, Т.Тангад, “ДЦС-4”-ийн дарга Ц.Баярбаатар нарын удирдлагад ажиллаж явсны л буян. Би хөлбөмбөгийн шигшээ багт тоглосон гурав дахь үеийнх нь төлөөлөл. Одоо ч орчлонгийн жамаар бурхан болсоор цөөхүүлээ үлдлээ дээ. Цагаан сар, наадмаар заримдаа уулзан, зүтгэж явсан залуу насаа дурсдаг юм.

-Та хөлбөмбөгөөс гадна хоккей тоглодог байсан юм билээ. Их ажлын хажуугаар спортын хоёр төрлөөр бэлтгэл хийх амаргүй. Тэр бүхнийг хэрхэн амжуулав?

-Хүн ер нь болгоё, бүтээе гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй байхад ямар ч бэрхшээлийн ард гардаг юм шүү дээ. Манай баг (“Алдар”)-ийнхан зуны улиралд хөлбөмбөг, хүйтрэхээр хоккей тоглодог байсан болохоор хүндрэл харьцангуй бага. Нөгөө талаар арваннэгдүгээр сургуулийн удирдлага намайг дэмждэг, ойлгодог байсан нь нуруун дээрх ачааг маань их хөнгөлсөөн.

Би хөлбөмбөгөөр БНСУ (1973), ОХУ (1975)-тай хийсэн нөхөрсөг тоглолтод оролцон, УАШТ-ээс хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн. 1972 онд мөнгөн медалиар энгэрээ мялаахдаа 32 гоол оруулж, шилдэг довтлогчийн шагнал хүртсэн. Хоккейгоор “Залуу үе” сэтгүүлийн нэрэмжит тэмцээнд дөрөв түрүүлж, хоёр удаа шилдэг хамгаалагчаар шалгарч байлаа. Тухайн үед Монголын хоккейн холбоог байгуулаагүй байсан болохоор УАШТ зохиодоггүй, хамгийн том нь тэр тэмцээн байсан юм.

-1979 онд “Найрамдал” багийг байгуулсан. Дасгалжуулагчийн гараагаа тэгж эхэлж байв уу?

-Тэгсэн. Хөлбөмбөг тоглохын хажуугаар багийнхныгаа дасгалжуулдаг байлаа. Бид УАШТ-ээс идэрчүүдийн ангилалд алт, мөнгө, насанд хүрэгчдийнхээс мөнгө, хүрэл медаль хүртсэн. Олон улсын болон нэрэмжит тэмцээнд олон удаа түрүүлсэн л дээ. Тэгж байтал 1993 онд “ДЦС-4”-ийн багт тоглож байсан шавь нар “Манай баг шилдэг бүрэлдэхүүнтэй ч сайн дасгалжуулагчгүй болохоор гавьтай амжилт гаргаж чадахгүй байна. Та биднийг дасгалжуулаач” гээд урьсан.

Би ч зөвшөөрч, “Найрамдал”-аас хэдэн тамирчин дагуулаад очлоо. Тэнд дасгалжуулагчаар уригдаж очсоныхоо дараа Сансрын нисэгчдийн нэрэмжит тэмцээнд оролцохоор болов оо, бид. Бэлтгэл дээр сууж байтал нэг шавь маань “Багш аа, баг маань цахилгаан эрчим хүчний байгууллагын дэргэдэх юм чинь хэдүүлээ “Эрчим” гэж нэрлэе” гэхээр нь зөвшөөрсөн.

Надад нэрний өөр санаа байгаагүй л дээ. Өөр өөр багт тоглодог, тодорхой орон зайтай тамирчдыг нэгтгэн, атгасан гар мэт болгох амаргүй. Олонх нь миний шавь, зан ааш, тоглолтын арга барилыг нь андахгүй болохоор багийнхныгаа нэгтгэхэд ямар нэг хүндрэл гараагүй ээ. Тэгж “Эрчим” багийг байгуулаад, дараа жил нь УАШТ-д түрүүлсэн юм.

-“Эрчим”-ийг байгуулсан түүхээсээ хуваалцана уу. Өдгөө Монголын хамгийн шилдэг клубийн нэг болсон нь анхны суурийг зөв тавьсантай холбоотой нь мэдээж.

-Спортыг ойлгодог, тамирчдаа дэмждэг удирдлагын доор ажиллаж явсандаа олзуурхдаг. УАШТ-д түрүүлсний дараа “ДЦС-4”-ийн дарга Ц.Баярбаатар намайг дуудан, клуб байгуулах хүсэлтэйгээ хэлсэн юм. Тэгэхээр нь би клубийнхээ дүрэм, журмыг бичлээ. Тэгж 1994 оны арваннэгдүгээр сарын 16-нд МҮОХ, Биеийн тамирын спортын улсын хорооны хамтарсан 06 тоот тогтоолоор “Эрчим” клубийг байгуулсан түүхтэй.

Тэгэхэд клубийн эрхлэгчээр намайг, ахлах дасгалжуулагчаар Баярсайхан, дасгалжуулагчаар Оюундэлгэр, Ариунаа нарыг томилж байлаа. Манай клуб 1995 онд волейболын багтай болсноор үйл ажиллагаагаа улам тэлсэн юм. Би зуны улиралд хөлбөмбөг, хүйтрэхээр волейболын багаа дасгалжуулдаг байв. Багийн амжилтад бүрэлдэхүүн, ахлагч их чухал. Хэнийг нь ямар байрлалд тоглуулах, бэлтгэлийг хэрхэн хийлгэхээс их зүйл шалтгаална.

“Эрчим”-ийн волейболчид насанд хүрэгчид, идэрчүүдийн ангилалд тус бүр дөрөв түрүүлсэн нь давтахад бэрх амжилт. Би хөлбөмбөг, хоккей, волейболын 800-гаад шавьтай. Тэднээс 12 нь ОУХМ, 150 гаруй нь спортын мастер цолтой. Хөлбөмбөгийн спортын А үсэг заасан шавь нараас З.Баттулга “Эрчим”, И.Отгонбаяр “Сэлэнгэ пресс”, Д.Гансүх, С.Пүрэвсүх “Хоромхон”, М.Отгонбаяр “Хангарьд” багийг дасгалжуулж байна.

-Хөлбөмбөгийн лигийг санаачилсан хоёр хүний нэг нь та. Монголын хөлбөмбөгийн спортын хөгжилд томоохон нэмэр болсон лигтэй болох санаа хэрхэн төрөв?

-Манай улсын сагсан бөмбөг 1994, волейбол 1995 онд лигтэй болж багийн спортоос хөлбөмбөг л үлдчихээд байв. Монголын хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Владимар бид хоёр дотнын найз. 1996 онд эмнэлэгт хэвтэж байх нь ээ надтай уулзаад лигийн тэмцээн зохиоё, дүрэм журмыг нь бичээд өгөөч гэсэн юм. Тэгэхээр нь бичээд, оролцохоор бүртгүүлсэн багуудад танилцуулж, санал хүсэлтийг нь харгалзаж байгаад шинэчилж билээ.

Тэр дүрэм, журам одоо ч надад бий. Анхны лигт долоон баг оролцоход манайх (“Эрчим”) түрүүлж байлаа. “Эрчим” маань дараа жил нь мөнгөн медаль хүртэн, 1998 онд түрүүлсэн. 1999 онд дэд аварга болоод дараа жил нь аварга болсон. Ер нь л дараалан түрүүлж чадахгүй байв. Бид 2002, 2007, 2008, 2012, 2013 онд түрүүлсэн амжилтаа сүүлийн гурван жил батлаад байна. Манай багийнхан МХБХ-ны цомыг зургаа, супер цомыг таван удаа өргөсөн.

Монголын хөлбөмбөгийн спортын түүхэнд лигийн тэмцээнд 11 түрүүлсэн төдийгүй гурав дараалан аварга болсон баг байхгүй. Өнгөрсөн жил гурван удаа завсаргүй түрүүлэхэд нь магнайгаа хагартал баярлаж билээ. Ерөөсөө тэгэхийг юу юунаас илүү хүсэж байсан юм. Би клубийнхээ ахлах дасгалжуулагчаар 1994-2010 онд тасралтгүй ажиллаад шавь Д.Батнасандаа хүлээлгэн өгсөн. Одоо манай клубийг миний шавь З.Баттулга дасгалжуулан, би зөвлөж байгаа.

-Та Ч.Владимар агсантай хамтарч МХБХ-ны логог зохиосон юм билээ. Та хоёрын загварыг дахиж өөрчилсөн үү?

-Найзтайгаа хамт Монголын хөлбөмбөгийн спортын түүхэнд цөөнгүй зүйлийн анхдагч болсны нэг нь тэр л дээ. Логоны ард “Mon­golian football federation” гэж бичсэн маань “Монголын хөлбөмбөгийн холбоо” болсныг эс тооцвол бараг өөрчлөгдөөгүй ээ. Ч.Владимар гарын дүйтэй, сайхан зурдаг байв. Логонд морины толгойг дүрслэх санааг би гаргасан юм.

Хөлбөмбөгийн спорт шатар шиг нарийн нүүдэл, гярхай ухаан шаарддагийг нь бэлгэдээд тэгсэн юм. Би тухайн үед үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байлаа. Бид Зүүн өмнөд Азийн наадамд оролцохоор болоход логотой болох зайлшгүй шаардлага гарсан. Монголын хөлбөмбөгчид олон улсын тэмцээнд анх удаа өрсөлдөхөөр болсон нь тэр. Тэгээд л бид хоёр МХБХ-ны логог зохиосон юм. Зүүн өмнөд Азийн наадамд хүч сорьж явахдаа бас нэг зүйлийн анхдагч болж байлаа, бид.

-Энэ тухайгаа тодруулахгүй юү?

-Тэр тэмцээнд өрсөлдөхдөө БНХАУ-д 4:0, Японд 4:1-ээр хожигдон, сүүлчийнхээ тоглолтод Гуамыг 3:1-ээр хожсон юм. Олон улсын тэмцээнээс анхны хожлоо авлаа гээд бөөн баяр бололгүй яах вэ. Түүхэн үйл явдал л даа. Тэмцээний үеэр Азийн хөлбөмбөгийн холбооноос бидний амжилтыг өндрөөр үнэлж, МХБХ-г гишүүнээр элсэх санал тавьсан юм. Мэдээж уухайн тас зөвшөөрөлгүй яах вэ.

Гэтэл гишүүнээр элсэх хураамж болох 500 ам.доллар төлөх шаардлагатай болов. Замын зардлаа арайхийж бүрдүүлж очсон бидэнд тийм их мөнгө яаж байх вэ. Арга мухардаад байхад Түмэнбаяр гэдэг залуу өнөөх мөнгийг хувиасаа гаргаж өглөө. Энэ тухай хүмүүс тэр бүр ярьдаггүй. Хөлбөмбөг, хоккей тоглодог, спортод элэгтэй жирийн нэгэн залуугийн тийм том тусыг хэзээ ч мартаж болохгүй. Тэгж МХБХ Азийн хөлбөмбөгийн холбоонд 1993 онд элссэн түүхтэй.

-Та Монголын шилдэг хоккейчдын нэг. Тамирчид маань өнгөрсөн жил бэндигийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, шайбтай хоккейн “Asian challenge cup”-д түрүүлээд байгаа нь хоккейн спорт Монголд хөгжиж буйн илрэл мөн үү?

-Биш ээ. Тэгж бодож байгаа хүмүүс эндүүрч байна. Тамирчдын амжилтыг үгүйсгэж болохгүй. Гэхдээ Монголд хоккейн спорт хөгжиж байгаа гэдэгтэй би лав санал нийлэхгүй. Спортын хөгжлийг тамирчдын амжилтаар хэмжих нь өрөөсгөл. Монголд хоккейгоор хичээллэдэг хэдхэн тамирчин байгаа нь харамсалтай, чамлахаас аргагүй зүйл.

-Хүүхдүүдээс тань спорттой амьдралаа холбосон нь бий юү?

-Манайх спортлог гэр бүл. Хань минь сагсан бөмбөгийн спортын мастер цолтой. Бид хоёр “Алдар”-ын тамирчин байхдаа танилцсан юм. Би дөрвөн хүүхэдтэй байсан, уг нь. Том охин маань зуурдаар бурхан болчихсон. Том хүү маань туялзуур сэлэмний үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ганбаатар шүү дээ. Дунд хүү сагсан бөмбөгийн ОУХМ Эрдэнэбат. Бага охин Бурмаа талбайн теннисээр хичээллэдэг байсан ч эрдэм номын мөр хөөсөн. Одоо 20-иод ач, зээтэй сайхан амьдарч байна аа.

-Багадаа Төв аймагт шилжиж ирсэн гэсэн. Төрсөн нутагтаа очдог уу?

-Ерөөсөө очиж байгаагүй. Уг нь төрсөн нутагтаа очихоос илүү жаргал гэж юу байх вэ. Энэ зун очиж, төрсөн буурин дээрээ хөрвөөх санаа байгаа, амжих нь уу, яах нь уу. Ээж, бид хоёр нэг газар мэндэлсэн гэдэг юм. Манай ээжийн талынхан Их Монгол Шаравжамц аваргын удамтай юм шүү дээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай