ФОТО: Боловсролын салбарын хамгийн том үзэсгэлэн болж байна

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд мэргэжлээ зөв сонгож, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх зорилготой “Боловсрол шинэчлэл-2018” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр “Мишээл экспо” төвд боллоо. Олон улсын болон дотоодын их дээд сургуулиуд, хэлний төвүүдийн нэгдсэн эл үзэсгэлэн 10 дахь жилдээ болж байгаа бөгөөд 04 дүгээр сарын 23-ны Ням гариг хүртэл үргэлжилнэ. 

Боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх, их дээд сургууль, коллежид элсэгчдэд шалгалтаа өгөх, бүртгүүлэх гэх мэт дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг нэг дороос авах боломжтой үзэсгэлэнд гадаадын зургаан орны 10 гаруй сургуулиуд болон дотоодын улсын болон хувийн хэвшлийн нийт 80 гаруй их дээд сургууль, хэлний төвүүд оролцож байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ, “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 2018 оны хичээлийн жилээс их, дээд сургуульд элсэх суралцагчийн мэдлэг чадвар, хандлагын түвшинг тодорхойлох чиглэлд ихээхэн анхаарч ажиллаж байна. Их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийн ирээдүйн чиг хандлага, төгсөгчдийн ажлын байрны зах зээлийн эрэлт хэрэгцээг үндэслэн элсэлтийн үндэсний хэмжээний босго оноог 480 байхаар тогтоож тушаал гаргасан. Хэдийгээр залуучууд дээд боловсрол эзэмшиж байгаа нь сайшаалтай ч нөгөөтэйгүүр дипломтой ажилгүйчүүд олноор бий болоход нөлөөлж буй статистик дүн, мэдээ байна. Тиймээс хөдөлмөрийн зах зээлийн сөрөг үзүүлэлтийг багасгах зорилгоор Элсэлтийн шалгалтын босго оноог нэмж, их, дээд сургуульд элсэгчдэд тавих шаардлагыг өндөрсгөлөө. Мөн энэ хичээлийн жилээс элсэх элсэгчид Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан Оюутны хөгжлийн зээлийг Боловсролын зээлийн сангаар дамжуулан хүүгүй, барьцаагүй авах шинэ журам хэрэгжиж эхэлнэ. Элсэлтийн ерөнхий шалгалтандаа 600-аас дээш оноо авсан суралцагчид, голч дүн нь 2,8-аас дээш оюутнууд энэхүү зээлд хамрагдах боломжтой. Өөрөөр хэлбэл оюутан, сурагч та бүхнээс ихээхэн зүйл шалтгаалах цаг үе ирээд байна” гэлээ.

Мөн тэрээр 2018 оноос их, дээд сургуулийн Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг гаргах, мэдээлэх үйл ажиллагааг автоматжуулах, ил тод, нээлттэй зохион байгуулах, боловсролын үнэлгээнд шалгуулагчийн шалгалтын материалыг газар дээр нь шууд засах шинэ технологийг нэвтрүүлэх ажлыг салбар яамнаас үе шаттай зохион байгуулж буйг онцлоод оюутан залууст мэргэжлээ зөв сонгож, эх орондоо хэрэгтэй мэргэжилтэй боловсон хүчин болж улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулахыг уриалсан юм.  

Боловсролын үзэсгэлэнд ирснээр та:

  1. 50-100 хувийн тэтгэлэгтэй гадаадын их дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг авах, хэрхэн амжилттай хамрагдах талаар зөвлөгөө авах
  2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд болон их дээд сургуулиудтай холбож өгөх
  3. Төрийн болон банкны зээлээр их дээд сургуулиудад суралцах мэдээлэл авах
  4. Ерөнхий боловсролын 9, 12-р анги төгсөгчдийг нэгдсэн журмаар хамруулж, мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг болох
  5. Төрийн болон төрийн бус өмчийн их дээд сургууль, коллежуудын танилцуулга мэдээллүүдийг нэг дороос авах
  6. Оюутан, сурагчид, эцэг эхчүүдэд зориулсан төрөл бүрийн аргам хэмжээнд хамрагдах
  7. Боловсролын салбарын хөгжлийн чиг хандлагын мэдээллийг нэг дороос авах боломжтой юм.

“Боловсрол шинэчлэл-2018” үзэсгэлэнг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Нийслэлийн боловсролын газар, Боловсролын зээлийн сан, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбоо, Монголын их дээд сургуулиудын консорциум, Монголын хувийн их дээд сургуулиудын холбоо, “Мишээл экспо” компанитай хамтран зохион байгуулж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай