ФОТО: Өнөөдөр С.Зориг агсаны мэндэлсэн өдөр тохиож байна

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөнд түүний ар гэрийнхэн, Монголын ардчилсан холбоо болон нийслэлийн дүүргүүдийн ардчилсан намын төлөөлөгчид, иргэдийн төлөөлөл цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэн дурслаа. 

1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 36 насандаа бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан С.Зориг амьд сэрүүн байсан бол өнөөдөр 56 нас хүрэх байлаа. Энэхүү аймшигт хэрэг гарснаас хойш даруй 19 жил 5 сар 18 хоног улиран оджээ.

Хэрэг илрэхгүй байсаар 18 жилийн дараа С.Зоригийн аллагын хэргийн үйлдэгчдийг илрүүлсэн хэмээн  Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 18-23 жилийн ял оноосныг олон түмэн эргэлзээтэй хүлээж авсан билээ. Тэд хэрэг үйлдсэн хэмээн ял авсан хүмүүсийн цаадах захиалагчийг нь нэхсээр байгаа бөгөөд улс төрийн зорилготой хүн амины хэргийн гол эзнийг олох ёстой хэмээн хууль хяналтын байгууллагуудыг шүүмжилдэг. Жирийн иргэдээс гадна УИХ-ын хэд хэдэн гишүүн ч ийм шаардлага тавьсаар байгаа.

Өнөөдөр ч С.Зоригийг хөнөөсөн хэргийг захиалсан, зохион байгуулсан үйлдлийг хууль хяналтынхан шалгаж байна. Өчигдөр уг хэрэгтэй холбоотой шинэ мэдээллийг Нийслэлийн прокурорын газраас хийлээ. Уг мэдээлэлд "С.Зоригийн амь насыг хөнөөсөн эрүүгийн хэрэгт уг хэргийг захиалсан, зохион байгуулсан үйлдлийг шалгаж байх явцад шинээр цугларсан нотлох баримтуудаар түүний хамтран амьдрагч Б.Булганд 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, НПГ-аас яллагдагчаар татсан" гэж мэдэгдсэн юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай